Түүнд дурсамж, хүлээлт, итгэлээс өөр юу ч үлдээгүй. Хайр сэтгэл байхгүй, халамж бүр ч хүлээлтгүй, орь ганцаараа нэгэн. Тэрбээр сүүлийн 26 жилийн турш өвлийн жаварт хацраа хайруулан, чихээ дарж тэмтчиж алхахдаа, зуны нартай, бороотой, ялдам өдрүүдийг тэсэн ядан хүлээхдээ, гурван охиноо хэзээ залгах бол, хэзээ ирж үнсүүлэх бол гэж хором бүр чих тавьж, сэтгэлээ чилээсээр өнөөдрийг хүргэжээ.
Тэр одоо элэгний хорт хавдартай. Бүр “Эмчилгээгүй, долоо хоногийн настай” гэх оноштой эмнэлгээс гараад удаагүй байна. Түүнийг хүнд өвчтэй гэдгийг хүүхдүүд нь мэдсэн ч “Асарч чадахгүй, дахиж битгий холбогдоорой” гэж хэлээд утсаа салгасан гэнэ. Энэ үг, өгүүлбэр түүнийг “Би хүүхдүүдийнхээ аав нь шүү дээ” гэх олон сар, жил тээсэн хамгийн жаргалтай бодол, сэтгэлээс, хүн байхын утга учраас нь бүрмөсөн салгасан байж болох юм. Түүний сэтгэл урагдаж, гол нь харлаад гомдох, харуусах, уйлахын завсар яаж ч чадахгүй арга нь багадаж байгаагаа үгээр илэрхийлж ядна. Ингэхдээ тэрбээр дэмий л “Би хорвоогийн олон өнгийг харсан. Дугуйн спорт намайг сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй болгосон. Би юунд ч, хэзээ ч сэтгэлээр унадаггүй, харамсдаггүй” хэмээн өөрийгөө тайтгаруулж, хэлсэн үгэндээ хүрэхийн тулд уйлахгүй байхыг хичээж байлаа. Тэр ийнхүү итгэл, сэтгэл алдарч, хүүхдүүддээ гомдохын дээдээр гомдож, харамсаж, үймэрч суухдаа “1993 оноос хойш хүүхдүүд минь над дээр нэг ч удаа ирээгүй. Хааяахан намайг амьд эсэхийг мэдэж сурагладаг. Гэхдээ яах вэ. Буянаараа л болог доо. Бямбаа байна уу, Дорж байна уу, сохор байна уу, өвчтэй, зовлонтой байна уу хамаагүй. Эцэг хүний хатуу судар байдаг юм. Эцгийн буян заяаг гомдоовол хэцүү л байх даа. Би өөр юу хэлэх вэ дээ” гэсээр гүнзгий санаашрав. Тэр санасандаа заавал хүрдэг, хүрэхийн төлөө хүлээдэг, тэвчдэг, итгэдэг, хайрладаг, гомддог, нэхэл хатуутай аав шиг санагдсан юм. Түүнийг Уулын спортын мастер С.Бямбасүрэн гэдэг. Тэрбээр “Би хүүхдүүддээ гомдохгүй байхын аргагүй байгаа биз дээ. Хааяа залгахаар нь гэдэн хөдлөөд, заримдаа хүрээд ирж магадгүй гэж бодоод “Өнөө, маргаашгүй үхэх нь” гээд хэлчихдэг юм. Гэсэн ч над дээр өнөөдрийг хүртэл ирээгүй л байна даа” хэмээсээр турж, эцсэн биеэ улам хураагаар, мөрөө хавчин суулаа.
-ДАРХАН-УУЛ АЙМАГТ СУРСАН НЬ-
Дугуйн спортын мастер С.Бямбасүрэн 1958 онд хуучнаар Дархан хотод төржээ. Тэрбээр 1966 онд Дархан-Уул аймагт сургуульд орохоор ирсэн гэнэ. Түүнийг тус аймагт ирэхэд нь холбооны цагаан байшингаас өөр барилгагүй, Бурхантын хөндий хэмээх цэлгэр тал угтсан гэх. Дархан-Уул аймагт 1961 онд одоогийн “Хараа” зочид буудлын суурийг тавьснаар тус аймгийн түүх эхэлдэг байна. Түүнийг Дархан-Уул аймгийн сургуульд орох жил тал талаас, нутаг нутгийн хүүхдүүд цугларсан байжээ. Тэрбээр хөдөө адуу малтай ноцолдож, хурга, ишиг хариулж явсан болоод ч тэр үү бие бялдар сайтай, тэнхээтэй, хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Түүнийг бага, дунд, ахлах ангийн биеийн тамирын багш нар нь “Бөх, хөнгөн атлетикийн тамирчин, теннисчин болгоно” гээд булаацалддаг байсан гэнэ. Тэрбээр хөнгөн атлетик, ширээний теннис, цанын спортын нэгдүгээр зэрэгтэй. Гэхдээ тэр дугуйн спортыг илүү сонирхож, хичээллэж эхэлсэн байна. Яагаад гэвэл түүний ээжийнх нь хамаатан Б.Баатар гэж хүн Монгол Улсын дугуйн спортын шигшээ багийн тамирчин байжээ. Тэднийх Хүйтний голд нутагладаг байж. Зуны амралтаар Б.Баатар ах нь дугуйтайгаа Дархан-Уул аймгаас талх, ёотон аваад ирдэг байсан гэнэ. Тухайн үед тэрбээр хүүхэд байсан болохоороо Дархан-Уул аймгийг их хол гэж төсөөлөн сэтгэдэг байж Ингээд С.Бямбасүрэн гуай 14 настайдаа дугуй унаж сурах мөрөөдөлтэй болж, ахынхаа өгсөн дугуйг унаж сураад, гудамжныхаа хүүхдүүдийг уруу татаж эхэлсэн гэнэ.
Тэрбээр 1976 онд аравдугаар ангиа төгсөөд, 1977 онд гурван жилийн цэрэгт явсан аж. Ирээд цахилгаан станцад ажиллаж, 1992 онд осолд оржээ. Тухайн үед түүний хариуцлагагүй байдлаас гадна диспетчер нь хоёр утас салгах ёстой байтал нэгийг нь салгаж, 380 хүчин чадалтай кабель дэлбэрч, манарсан цагаан юм түүний өөдөөс пургисан гэдэг. Тэрбээр тухайн үед 10 орчим минут ухаангүй болж, зургаан метр шигдэгдэж, хувцас, нүүр царай, үс нь түлэгдсэн байжээ. Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс буруу хараад зогсож байсан учир хоёр метр шидэгдэж, хувцас нь түлэгдээд л өнгөрсөн гэнэ. Тэрбээр тухайн үед дарга нартаа хэлээгүй, тоогоогүй өнгөрүүлснээсээ болж эрүүл мэндээрээ хохирсон байна.
Осолд орсноос хойш хашааны гадаа ирсэн хүнийг танихгүй ч хардаг байсан гэнэ. Харин 1995 онд дөрөв дэх хагалгаанд орсон ч огт хараагүй болжээ. Түүнийг нүдийг хэт яагаан туяаны улмаас харвасан учир эмчилгээгүй хэмээн оншилсон гэнэ. Түүнийг огт хараагүй болсных нь дараа зургаан жил хамт амьдарсан хань нь “Хараагүй хүнтэй амьдарч чадахгүй” гээд гурван охиноо аваад орхиод явжээ. Түүний эхнэр Дархан-Уул аймгийн гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин байж. Өдгөө түүний эхнэр Улаанбаатар хотод гурван охиныхоо хүүхдүүдийг харж байгаа сурагтай. Тэрбээр өөрөө дээд боловсрол эзэмшээгүй ч гурван охиноо дээд боловсролтой болгохын тулд группынхээ мөнгийг хүрэл илүүчилдэг байсан гэнэ. Түүний том нь МУБИС-ийн Түүх, газар зүй, аялал жуулчлалын анги төгссөн. Дундах нь Техникийн менежмент компьютерийн сургууль, бага нь МУИС-ийн Санхүүгийн сургууль төгсөж, мэргэжлийнхээ дагуу ажиллаж, амьдарч байгаа аж. Гэвч тэд төрүүлсэн эцэгтээ хэрхэн ханддаг, яаж гомдоодог тухай дээр өгүүлсэн билээ.
-ХАРААГҮЙ Ч ГЭЛЭЭ ЭЭЖИЙГЭЭ 10 ЖИЛ АСАРСАН НЬ-
С.Бямбасүрэн гуай айлын өргөмөл хүү бас өргөмөл дүүтэй. Түүний төрүүлсэн ээжийг Сувдаа гэдэг байжээ. Анагаах ухааны их сургуульд байхдаа түүнийг төрүүлсэн гэнэ. Ээж намар хичээлдээ явах болж, хүүг харах хүнгүй болсон тул эмээ нь түүнийг өргөж авсан ээж Сүрэнхорлоод өгсөн түүхтэй аж. Түүний өргөж авсан ээж нь гурав дутуу төрж, үрийн зулай үнэрлэж чадаагүй байжээ. Ингээд хүүтэй болсон цагаасаа тэрбээр "Хүүхдэдээ хойд эцгийн гар харуулахгүй" гээд хүнтэй ханилаагүй, ухамсарт бүх амьдралаа өөрийнх нь болоод дүүгийнх нь төлөө зориулсныг санаа алдан ярьж суусан юм. Түүнийг өсгөсөн ээж нь 90 насалж, гурван жилийн өмнө бурхан болжээ. Тэрбээр ээжийгээ ядарсан цагаас нь эхлээд 10 жил дүүтэйгээ хамт асарсан гэнэ.
Тэрбээр 1982 онд спортын мастер болжээ. Монголын бүх ард түмний долоо, наймдугаар спартикадад Дархан-Уул аймгийг төлөөлж оролцсон гэнэ. Дархан-Уул аймгийн дугуйн спортын шигшээ багт 1981-1989 он хүртэл найман жил дараалан уралдсан тамирчин түүнээс өөр байхгүй аж. Түүний хувьд Спортын мастер цол авахаас илүү авсан цолоо хамгаалах нь илүү чухал байжээ. Тэр дугуйн спортыг сонирхож байхдаа тус спортын тухай маш олон онолын ном уншсан гэнэ. Түүний үерхэж байсан охин нь Герман Улсад сурахаар явахад нь дугуйны тухай ном орчуулаад явуулахыг захижээ. Гэтэл түүнээс дугуйн спортын талаар гурав, дөрвөн сэтгүүл хагас дутуу орчуулгатай ирж байсан гэнэ. Түүнийгээ оросын номтой харьцуулж уншаад тодорхой хэмжээний мэдлэгтэй болж байж. 1970-аад оноос хойших Дархан-Уул аймгийн дугуйн спорт түүнтэй салшгүй холбоотой гэнэ.Тэбээр Дархан-Уул аймагт 10 түрүүлж, цахилгаан цехээс 52 хүнийг дугуй унаж сургаж байсан. Тэрбээр 1989 оноос уралдахаа больж, аялалд явж эхэлжээ. Тухайлбал, 1989 оны Халх голын 50 жилийн ойн нэрэмжит аялалд Дархан-Уул аймгаас 10 хүнтэй шигшээ баг бүрдүүлж, явж байж. 1991 онд Шугам сүлжээний байгууулагын дарга дугуй сонирхдог байсан болохоор наймаа хийж, Монголд анх 100 дугуй оруулж ирж, Биеийн тамирын тэргүүний ажилтан болсон гэдэг. Тэгээд дугуйнуудаа ажилчдадаа 30 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулж, тараасан гэдэг. Тэр үед С.Бямбасүрэн гуай эхнэртээ дугуй авч өгөөд Дархан-Уул аймгийн хосын тэмцээнд хоёр түрүүлж байсан гэдэг. Тэрбээр 11 аймаг, 63 сумаар 10800 гаруй км дугуйгаар аялсан байна.
ХОРТ ХАВДАР ГЭХ ХОЁР ҮГЭНД ЯЛАГДАХГҮЙ
Тэрбээр элэгний хорт хавдартай, олон хоног эмнэлэгт хэвтжээ. Хүчтэй тариагаа дийлэхгүй ухаан алдаж унаад, дүү нар, найз нөхдөө сандаргасан гэнэ. Ингээд удалгүй давхар архаг цус багадалттай, тариандаа эсэргүүцэл үзүүлж чадахгүй учир мөн л ухаан алдаж эмч нарыг цөөнгүй удаа сандаргасан гэнэ. Эмнэлэгт байхдаа тэрбээр ангийнхандаа “Би эмнэлгээс амьд гардаг юм бол өөрийгөө заавал эмчилнэ. Дахиж эм, тариа хэрэглэхгүй” гэжээ. Тэрбээр өдгөө эмийн ургамал ууж өөрийгөө эмчилж байгаа аж. Өндийж чадахгүй байсан тэрбээр гэртээ ганцаараа учир босож гал түлж, хоол цайгаа хийчихээр болжээ. Тэрбээр “Ямар нэгэн өвчинтэй хүн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэрэглэж байгаа эм, тариа ургамлаа шүтэж уух ёстой. “Би үхнэ” гэж бодохын оронд өөртөө итгэлтэй зоригтой байх нь чухал юм байна” гэсэн юм.
Тэр бусдын адил орчлонг хардаг байхдаа Монгол Улсын спортын мастер болж байсан үеэ хэзээ ч мартдаггүй гэнэ. Мөн анхны үрээ хараад “Аргагүй аав боллоо” гэдгээ мэдэрч байсан цаг үе түүний амьдралдаа харсан хамгийн нандин зүйл байсан гэнэ лээ. Харин тэрбээр хараагүй болсон цагаас хойш дасан зохицох гэж таван жил тарчилсан гэдэг. Аяга, тавгаа унагаж хагалсаар байгаад дуусгасан, дандаа хүн дагаж, дагуулж явах хэрэгтэй болсон ч тэрбээр амьдрахын тулд, хараагүй болсон гээд үхэхгүйн тулд тэмцсээр 63 нас хүрээд байгаа нь энэ хэмээн ярьж суулаа. Тэрбээр охидоо санаад дотроо бол өндийж чадахгүй болтлоо бэтгэрсэн байгаа ч түүнийгээ ил гаргаж хэлэхгүй, хэн нэгнээс өчүүхэн ч сэтгэл горьдохгүй, жижигхэн гэртээ "том" амьдарч байна лээ. Төрсөн нь үнэн тул тэврэлдээд уулзахын ерөөлт өдрийг тэр хэр удаан хүлээж чадахаа мэдэхгүй ч хүлээсээр л сууна...
АМЬДРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ БА ХҮЛЭЭЛТ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |