• Өнөөдөр 2024-11-09

Дэлхийн шилдэг баритон дуучин Э.АМАРТҮВШИНГИЙН аав Л.ЭНХБАТ: Морь цоллож байсан хүү минь дэлхийн дуучин боллоо

2023-07-08,   3171

ДУУРИЙН ТАЙЗНЫ ДЭЛХИЙН “ОД” МУГЖ Э.АМАРТҮВШИН

      Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилууд МУГЖ Э.Амартүвшингийн хоолойгоор амилж, энэ цаг үеийн элитүүд түүнийг сонсож, дуурийн урлагийн гайхамшгийг мэдэрдэг болоод удаж байна. Гайхамшигтай цараа, сонсголонтой хоолойтой тэрбээр дуулаачийн ур чадвараа дэлхий дахинд гайхуулж чадлаа. Өдгөө тэрбээр дэлхийн дуурийн дуучдын мөрөөдөл болсон алдартай театруудын тайзнаа илүү олон гол дүр бүтээхээр завгүй хөдөлмөрлөж буй. Монголын сонгодог урлагийг дэлхийд сурталчлан таниулж байгаа дэлхийн одын бидэнд дуулгасан ээлжит баярт мэдээ бол дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан явдал юм. Тэрбээр өдгөө дуурийн урлагийн эх орон Италид ажиллаж, амьдарч байна. Ийнхүү түүний дуулсан дэлхийд алдартай зарим тайзыг танилцуулъя.

2009 он. Уран бүтээлийн гараа УДБЭТ

2011 он.П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан

2012 оны зургадугаар сар. “The Placido Domingo’s Operalia” тэргүүн байр

2015 оны зургадугаар сар “Cardiff singer of the World” уралдаан

2016 оны тавдугаар сар. Анхны бие даасан тоглолт "Энхбатын Амартүвшин"

2017 оны нэгдүгээр сар. Италийн алдарт “Сан Карло” театрт

2017 оны долдугаар сар. Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад

2018 оны гуравдугаар сар. "Bravo" Хүндэт шагнал хүртлээ

2018 оны долоодугаар сар. Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккод

2018 оны аравдугаар сар. "Массимо" театрт

2019 оны хоёрдугаар сар. Италийн Торино хотын “Театро Рэжио”-д

Э.АМАРТҮВШИНГИЙН ААВ Л.ЭНХБАТ: Хүүгээ дуулахыг сонсоод бахархахгүй байхын аргагүй шүү дээ

        Э.Амартүвшин 1986 оны гуравдугаар сарын 23-нд Сүхбаатар аймагт төрсөн. Эцэг эхээс гурвуулаа. Айлын дундах хүү билээ. Түүний өвөө Монгол Улсын манлай уяач хүн байжээ. Тэрбээр багадаа хурдан морь унаж, Сүхбаатар аймгийн Халзан суманд хөдөөгийн хүүхдүүдийн адил монгол ахуйтай ойрхон өсөж, хүмүүжсэн гэдэг. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Дуурийн тайзнаас буух цагтаа хөдөө гарч, малчин болно” хэмээсэн байдаг. Мөн тэрбээр ичимхий хүүхэд байсан учир ганцаараа хонь хариулж явахдаа шавайгаа ханатал дуулчихдаг, онгорхой нүхтэй сав руу тонгойж цуурайтуулан дуулдаг байсан гэдэг. Ийнхүү түүний бага нас болоод аавынх нь баярын сэтгэгдлийг хуваалцахаар Л.Энхбаттай холбогдож цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Хүү нь дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ, баяр хүргэе. Та хүүтэйгээ холбогдсон уу?

      -Баярлалаа. Үнэхээр их баярлаж, хүүгээрээ бахархаж байна. Үгээр ч илэрхийлэхийн аргагүй шүү дээ. Хүү минь холбогдож энэ тухай хэлсэн. Сэтгэл өег сайхан байна.

-Таны хүү багаасаа дуулах дуртай байжээ. Таны болоод ханийх нь талд дуучин хүн байсан уу?

       -Миний хүү багаасаа дуулах дуртай байсан. Би ч хүүгээ дуучин болохыг нь мэддэг байлаа. Есдүгээр ангидаа “Дуулахуй” хэмээх уралдаанд орж, СУИС-ийн дуулаачийн ангийн урилгатай ирсэн. Тэгээд  аравдугаар анги төгсөх жилээ тайлан тоглолт хийж, Ц.Ерөө багшийн шавь болсон түүхтэй. Тэр цагаас хойш дуурийн урлагтаа үнэнчээр зүтгэж өөр төрлийн дуу ч дуулдаггүй байсан. Миний ээжийн талд дуучин бий. Ардын жүжигчин Ч.Шархүүхэн миний ээж хоёр хамаатнууд. Манай ханийн талд ч дуучин бий. Гавьяат жүжигчин Н.Отгон хадам ээж хоёр үеэлүүд болохоор хүү минь хоёр талдаа дуучны удамтай.

-Та хүүгээ дуучин болохыг нь яаж мэдэж байсан юм бэ. Багадаа ямар зан төлөвтэй, юу сонирхдог хүүхэд байв?

        -Хүү минь зорилгодоо хүрэх эрмэлзэлтэй. Аливаа зүйлийн цаана заавал гарч байж санаа нь амардаг шаргуу, хөдөлмөрч зан чанартай хүүхэд байсан. Тэр зан чанар нь хүүг минь дэлхий алдартай дуучин болголоо гэж бодож байна. Хүү минь багадаа хурдан морь унах дуртай, хөөрхөн марзайлдаг байлаа. Дунд сургуульд байхдаа аймгийн 60 жилийн ойгоор хурдан морь цоллож байсан.

-Хүү нь хэзээ эх орондоо ирэх вэ?

     -Өнгөрсөн оны есдүгээр сард Итали явсан. 2023 он хүртэл гэрээтэй юм билээ. Хэсэгтээ ирэхгүй байх.

-Бид дэлхийн шилдэг дуучны тоглолтыг үзэх гэж тэсэн ядан хүлээх нь дээ. Танд хүүгийнхээ тоглолтыг үзэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

       -Тэгэлгүй яах вэ. Хүүгээ Монголдоо ирээд тоглолт хийхийг нь бушуухан үзмээр байна. Хүүгийнхээ сайхан дуулахыг хараад сэтгэл их хөдөлнө шүү дээ.

-Хүү нь яагаад Дуурийн урлагийг сонгосон юм бол?

      -Хүүгээ оюутан байхад нь “Залуучууд шиг зохиолын дуу дуулаач” гэхээр "Би зохиолын дуу дуулахгүй" гэдэг байсан юм. Миний хүү төрөлхийн дуулах авьяастай. Үүнээс гадна маш хөдөлмөрч хүн. Их хөдөлмөрлөснийх нь үр дүн гарч байна. Мөн сайн багшийн шавь болсон азтай хүн шүү. 

-Та хүүгээ бэлтгэл сургуулилт хийж байхад хамт байж үзсэн үү?

      -Хамт байж үзээгүй. Ер нь гэртээ байнга хоолойн дасгал хийж байдаг. Хүү минь гаргасан амжилтдаа бялуурч онгирдоггүй гүдэсхэн хүн. Нутгийн ах дүүс, хамт олон, найз нөхөд, хамаатан садан бүгд залгаж бидэнд баяр хүргэж байна. Хүүгээ сайн явахад  бид хамт сайхан явж байна даа.

МУГЖ Ц.ЕРӨӨ: Би шавийнхаа өмнөөс онгирмоор санагддаг. Э.Амартүшин бол гарцаагүй дэлхийн дуучин

     Э.Амартүвшин 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлагад суралцаж төгссөн. Тэрбээр  2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж, 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулж байв. Түүний ажил, амьдралын гарааг нь амжилттай эхлүүлсэн багш Ц.Ерөөтэй холбогдож бахархалт шавийнх нь талаар ярилцлаа.

-Э.Амартүвшин шавь нь дэлхийн шилдэг дуучдын нэгээр шалгарлаа. Таны хөл газар хүрэхгүй баярлаж суугаа даа?

     -Тиймээ. Бид хоёр утсаар ярьсан. Э.Амартүвшин “Баритон хоолойтой дэлхийн шилдэг дуучны шагналыг  энэ сарын 29-нд Дубайд албан ёсоор гардуулах юм билээ. Гэхдээ 28-нд тоглолттой болохоор очиж чадахгүй. Тэгэхээр шагнал өгөх эсэхийн мэдэхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “Дэлхийн дуучин болно гэдэг их сайхан хэрэг шүү дээ. Баяр хүргэе, миний хүү” гэсэн. Би шавийнхаа өмнөө их баярлаж байна. Гэхдээ тоглолтой гээд очихгүй болохоор нь өгөхгүй байх юм биш байгаа гэж санаа зовох юм.

-Та хоёрын багш, шавийн барилдлагатай болсон түүх сонирхолтой юм билээ. Та энэ тухай ярьж өгвөл?

     -Хүүхдийн ордонд “Дуулахуй” уралдаан болдог байсан юм. Ес, аравдугаар ангийн хүүхдүүдийг сайн дуулбал СУИС, болон Хөгжим бүжгийн консерваторт сурах эрхийн бичгээр шагнадаг байлаа. Э.Амартүвшин есдүгээр ангид байхдаа тус уралдаанд орж, шагнал авч чадаагүй юм. Тухайн үед оролцсон бүх хүүхдэд гарын бэлэг гардуулсан. Тэгэхэд би Э.Амартүвшинд бэлэг өгч таарсан юм. Тэгээд  “Чи дуулах дуртай юу” гэхэд “Тиймээ” гэсэн. Тэгэхээр нь “Чи амралтаараа над дээр ирж бэлдэж байгаад СУИС-д орно шүү” гээд утасныхаа дугаарыг өгсөн юм. Гэтэл дараа жил аав нь утасдаж, хүүхдээ бэлдүүлэхээр болсон юм. Тэгж бид хоёр багш, шавь болж байлаа. Тэгээд Э.Амартүвшин миний удирдлагаар таван жил сурсан. Э.Амартүвшин төрөлхийн авьяастай хүмүүсийн нэг. Бид хоёр багш, шавь болох хувьтай байж дээ.

-Э.Амартүвшин дуучин таны шавь болохдоо ямар зан төлөвтэй хүүхэд байв. Түүнээс хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    -Хичээлээ огт тасалж байгаагүй, дасгалаа хийгээд л суудаг байсан. Хүний хэлснийг сайн ойлгодог, аливааг зөв хийх гэж хичээдэг, үг авдаг хүүхэд байсан. Намайг зовоогоогүй сурсан хүүхдүүдийн нэг. Э.Амартүвшин даруу төлөв зантай, өөрийгөө сурталчилж онгирдоггүй юм. Өөрийгөө ажлаа хийж байна л гэж бодохоос биш алдар цуутай нэгэн боллоо гэж огт боддоггүй байх. Тийм болохоор би шавьдаа их баярладаг юм. Анх ямар зан төлөвтэй хүүхэд ирсэн тэр л янзаараа байгаа. Хүн бүхэнтэй ижил харьцдаг хүүхэд шүү дээ. Намайг 2018 онд Италид урьж, тоглолтоо үзүүлсэн. Хүүг минь тайзан дээр гарахад гаднын улсууд ямар сайхан хүлээж авдаг гэж санана. Би өмнөөс нь онгирмоор санагдсан шүү. Үнэхээр бахархалтай. Тэгээд надад хэлэхдээ “Багшаа таныхаа заасан зүйлийг цааш нь үргэлжлүүлж явна даа. Танаар үргэлж бахархдаг шүү” гэсэн. Э.Амартүвшинд оролцоогүй тэмцээн, гараагүй тайз гэж үгүй биз ээ. Гарцаагүй дэлхийн дуучин шүү дээ.

-Багшийн эрдэм шавьд гэж ярьдаг шүү дээ. Та энэ тухай юу гэж боддог вэ?

    -Би дуурийн театрт 30 жил буцалсан. Пүрэвбат, Хайдав, Банди, Загдсүрэн, Уртнасан зэрэг агуу дуучидтай хамт ажиллаж, тэднээр заалгаж, сурч байлаа. Мундаг уран бүтээлчдээс сурсан, мэдсэн зүйлээ хүүхдүүддээ зааж байгаа. Тэгэхээр чадлынхаа хэрээр хүүхдүүддээ зааж сургаж, нэмэр тус болохыг хичээж явлаа. Тэднийхээ амжилттай явааг харах, дэлхийн дуучин болохыг нь үзэх сайхан байна.

 


Дэлхийн шилдэг баритон дуучин Э.АМАРТҮВШИНГИЙН аав Л.ЭНХБАТ: Морь цоллож байсан хүү минь дэлхийн дуучин боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-01 12:49:51
    zochin: Delxii daxinaa olon ulsiin teatriin taiznaa olon saixan duuriin duug duulj baigaa Amartuvshindee olon saixan amjiltuudiig xusie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188