Түүний хэнээс ч айж бэргэлгүй тун зоримог, дайчин, шийдэмгий барилдаан Ослогийн дэлхийн аваргыг чимж, таван барилдаанаас дөрөв ялснаар дэлхийд данстай бөх боллоо. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны тамирчин бол “Женко” клубын залуу тамирчин, спортын мастер Долгоржавын Отгонжаргал байлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румыний туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр (10:0) ялсан. Олимп, дэлхийн аваргын найдвар Д.Отгонжаргалын ээжтэй түүний бахдам амжилт, нөр их хөдөлмөрийн талаар цөөн хором ярилцлаа.
-Таны охин Д.Отгонжаргал ДАШТ-ээс хөнгөн жинд медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Охиныхоо барилдааны тэсэн ядан үзэв үү?
-Баярлалаа. Харин тиймээ охиныхоо барилдахыг хүлээж, тэсэн ядан суулаа. Барилдааныг нь 00:00 цагт үзсэн. Хэлэх ч үг олдохгүй юм. Бие муутай болохоор эмээ ууж байгаад л үздэг. Үнэхээр сайхан байна шүү. Хамаатан садан, найз нөхөд, таньдаг бүх хүн холбогдож “Сайн охин төрүүлж, өсгөсөнд баяр хүргэе” гээд ярьж байна. Охиноороо бахархаж байна даа.
-Охин нь ДАШТ-ээс хүрэл медаль авчихаад юу гэж байна вэ?
-Тэмцээнийхээ дараа ярьсан. “Охин нь эх орондоо алтан медальтай ирж чадсангүй. Хүрэл авчихлаа” гээд уйлсан. Тэгэхээр нь “Хүн ялж, ялагдаж байж аварга болдог юм. Дараагийн удаа заавал алт аваарай” гэж тайвшруулсан.
-Д.Отгонжаргал хэдэн оноос чөлөөт бөхөөр хичээллэж байгаа вэ. Бөхийн удамтай юу?
-Охин минь 2013 оноос Т.Сүхбаатар багшийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэсэн. Миний аав Завхан аймгийн Цагаанхайрхан сумын хүн. Залуудаа сум, аймгийн наадамд барилддаг байсан. Завхан аймгийн наадамд түрүүлсэн байлаа. Гэвч цэрэгт байхдаа хүн тээвэрлэж яваад зам тээврийн осол гаргаж, хүн амиа алдаж цолоо авч чадаагүй. Тийм болохоор би өөрийгөө бөхийн удамтай гэж боддог. Манайх долоон хүүхэдтэй. Хоёр нь бөхөөр хичээллэж байна. Миний охин баруун гартаа нөж атгаж төрсөн болохоор бөх болох нь гэж боддог байсан.
-Тухайн үед та их баярлаж байжээ. Танаас өөр хүн энэ тухай мэдсэн үү?
-Ээж бид хоёр мэддэг. Ээж минь охин ч гэсэн бөх болох юм гэдэг байсан. Би “Бурхнаас надад бөх заяажээ” гэж боддог. Надад тийм мэдрэмж төрдөг байсан.
-Таны охин ямар мэргэжлээр сурч байгаа вэ?
-Охин маань 46 дугаар сургууль төгсөж, "Идэр" дээд сургуулийн аялал жуулчлалын ангид орсон. Одоо хоёрдугаар дамжааны оюутан.
-Таны охин бэлтгэл, хичээлээ хэрхэн зохицуулдаг вэ?
-Охин маань Буянт ухаа цогцолборт бэлтгэлээ хийдэг. Бид чадахынхаа хэрээр охиноо дэмждэг. Охин минь чөлөөт бөхөд аминаасаа илүү хайртай. “Багшаас нь чөлөө авъя” гэхэд огт зөвшөөрдөггүй байсан. Хүн тэсвэр хатуужилтай байж амжилт гаргадаг гээд аливааг хойшлуулдаггүй, шаргуу зантай. Багаасаа хотын зүүн хойд захаас баруун урд зах хүртэл явж бэлтгэлээ хийж байна. Нэг ч удаа шантарч байгаагүй. Бид өмнөөс нь санаа зовж харанхуйд айж эмээх вий гээд дүүг нь хамт хичээллүүлж байгаа.
-Таны охин ямар зан төлөвтэй хүүхэд вэ. Тэмцээнд явахдаа юу гэж хэлсэн бэ?
-Хүнд тусархуу, муу ааш зан байхгүй, дөлгөөн тайван хүүхэд. Тэмцээнд явахдаа “Охиныхоо хойноос цай сүүнийхээ дээжийг өргөөд, дээлийн минь захыг мушгиад сууж байгаарай. Охин нь медальтай ирнэ” гэж хэлээд явсан. Миний охин хэлсэндээ хүрсэн, чадсан. Цаашид ч чадах болно.
-Таны охин чөлөөт цагаараа юу хийх сонирхолтой вэ?
-Миний охин байнгын бэлтгэлтэй байдаг. Илүү зүйл сонирхдоггүй. Хичээлээсээ илүү бэлтгэлдээ анхаардаг.
-Ярилцсанд баярлалаа.
Д.ОТГОНЖАРГАЛЫН ээж Д.ДОЛГОРЖАВ: Охин минь нөж атгаж төрсөн болохоор “Бурхнаас надад бөх заяажээ” гэж боддог |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |