• Өнөөдөр 2024-05-17

Математикийн шалгалтдаа 800 оноо авч, тэтгэлэг хүртсэн Э.ЭНХЧИМЭГ: Миний мөрөөдөл гадаадад сурах

2021-09-02,   2576

       -Би 10 дугаар анги хүртлээ бүх томьёогоо жирийтэл нь нэг дэвтэр дээр буулгаад түүнийгээ харж бодлогоо боддог байсан. Сүүлийн хоёр жил томьёоны дэвтрээ хөтлөөгүй-

            Элсэлтийн ерөнхий шалгалтад математик, гадаад хэлээр хамгийн өндөх оноо авсан 504 хүүхдийг нэгдүгээр курст нь олон улсын хэлний бэлтгэл хөтөлбөрөөр сургаад, ирэх жил хэлний бэлтгэлдээ тэнцсэн 50 хүүхдийг дэлхийн шилдэг их, дээд сургуульд харин үлдсэн 450 сурагчийг гадаадын сургуульд сургах тэтгэлэг олгохоор болсон. Тэдний нэг болох Өвөрхангай аймгийн Мэргэд лаборатори сургуулийн 12Б ангийн сурагч Э.Энхчимэгтэй баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Тэрбээр математикийн шалгалтаа 100 хувийн гүйцэтгэлтэй биелүүлж, 800 оноо авч,  аймгийнхаа сурагчдийг тэргүүлсэн билээ.

-Математикийн шалгалтдаа 800 оноо авсанд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ манай сайтын уншигчидтай хуваалцана уу?

     -Баярлалаа. Элсэлтийн ерөнхий шалгалт өгсний дараа цахимаар шалгалтын дүнг урьдчилсан байдлаар танилцуулдаг юм билээ. Гэртээ ирээд цахимаас өөрийнхөө шалгалт өгсөн танхимыг хүлээж маш их сандарсан. Гэтэл 100 оноо гээд гараад ирсэн. Манай гэрийнхэн бөөн баяр. Намайг тэвэрч, үнсээд, би баярлаж дэвхэцсэн шүү. Үнэхээр гоё мэдрэмж байсан. Математикийн шалгалтдаа 800 оноо авсандаа үнэхээр их баяртай байгаа. Шалгалтаа амжилттай өгөхийн тулд би маш их хичээж, өөрийгөө дайчилсан. 

-Элсэлтийн ерөнхий шалгалтаа хэдий хугацаанд бэлдсэн бэ. Өдөрт хэдэн цагийг зарцуулж байв. Ковидын үед хүндрэл, бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?

      -12 дугаар ангид орсноосоо хойш өдөрт 5-6 цагийг шалгалтдаа зарцуулсан. Ковидийн үеийн нөхцөл байдлаас болоод  хичээлдээ өмнөх шигээ явж чадахгүй, байнга утас, компьютерээр хичээлээ үздэг байлаа. Гэрээсээ хичээлээ давтахаар бусад зүйлд цалгардаж, сатаардаг юм билээ. Хичээлээ үзэх гэж утсаа аваад л өөр бичлэг үзээд суучих үе зөндөө. Математикийн хичээлээ н.Ажрахгүйсүх багшаараа заалгаж, онлайнаар Б.Насанбаяр багшийн сургалтад сууж бэлдсэн. Хэрэв цар тахал гараагүй бол надад хот руу яваад багшийн сургалтад хамрагдах боломж гарахгүй байх байсан. Мөн ковидоос болоод ЭЕШ хойшлогдсон нь илүү сайн бэлдэх боломжтой болсон гэж бодож байна.

-Ямар мэргэжил сонгохоор шийдсэн бэ?

       -Мэргэжлээ сайн сонгоогүй байгаа. МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутнууд ерөнхий суурь хичээлээ үзээд, хоёрдугаар ангиасаа мэргэжлээ сонгох боломжтой байдаг юм билээ. Тэгээд МУИС-ийн Бизнесийн сургуулийг сонгосон. Бодсон, эргэлзэж байгаа хэд хэдэн мэргэжил байгаа. Гэхдээ сайн бодож байгаад өөрт таалагдсан мэргэжлээ сонгоно гэсэн бодолтой байна. 

-Шалгалтад бэлдэхдээ ямар ном ашиглаж байв?

      -Шалгалтад 10,11,12 дугаар ангийн агуулгууд ихэвчлэн ирнэ гэсэн болохоор эхлээд сурах бичгээ нэг нэгэнгүй хараад  “Мат ЭЕШ”, математикийн тестүүд, “ 6000 тест” “МУИС-ийн шар ном”-оос тест боддог байсан. Бас өнгөрсөн оны ЭЕШ-үүдээ сайн бодох хэрэгтэй юм  шиг санагдсан.

-Математикийн хичээлээс хамгийн хэцүү сэдэв чиний хувьд юу байв?

      -Тригонометрийн хичээл жаахан хэцүү. Цээжлэх томьёо ихтэй. Гэхдээ хичээвэл хэцүү зүйл байхгүй. Чадахгүй байгаа зүйлдээ жаахан л цаг гаргахад бодог юм. 

-Хэцүү гэж бодсон сэдэв, хичээлээ хэрхэн өөрийн болгодог вэ?

     -Хичээлээ үзнэ. Томьёогоо заалгаад, цээжилнэ. Гол нь бодлого их бодох хэрэгтэй.  Ер нь математик гэлтгүй ямар ч хичээлийг сайн сурахын тулд практик дээр туршиж хэрэглээд байвал мартдаггүй юм шиг санагддаг. Англи хэл дээр үзсэн шинэ үг дүрмээ ашиглаад өгүүлбэр биччихвэл дараа нь мартахааргүй болчихсон байдаг шүү дээ.

-Физик, хими, математикийн хичээл томьёотой холбоотой байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн амархан тогтоож, ойлгодог вэ?

      -Би 10 дугаар анги хүртлээ бүх томьёогоо жирийтэл нь нэг дэвтэр дээр буулгаад түүнийгээ харж бодлогоо боддог байсан. Сүүлийн хоёр жил томьёоны дэвтрээ хөтлөөгүй. Тэр нь надад хэрэгтэй санагдсан. Би дэвтэртэй байхдаа томьёогоо цээжилдэггүй, хэрэг болохоороо дэвтрээ гаргаж ирж бодлогоо бодчихдог байсан. Сүүлийн үед томьёо эрж хайж, өөртөө төвөг удахгүйн тулд цээжилдэг болсон.

-Хэдэн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бэ?

     -Математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлээр ЭЕШ өгсөн. Математикийн хичээлийг  Ажрахгүйсүх, Насаа багш, нийгмийн хичээлийг Цэрэндолгор багш, харин англи хэлний хичээлийг Оюу-Эрдэнэ, Ууганаа багш, Есөө ахын удирдлага дор бэлдсэн. Багш нартаа бүгдэд нь “Маш их баярлалаа” гэж хэлмээр байна. Миний энэ амжилт багш нарын минь уйгүй хөдөлмөр, зүтгэлийнх билээ. 

-Өмнө нь математикийн хичээлээр ямар амжилт гаргаж байсан бэ. Хэддүгээр ангиасаа олимпиадад оролцож байв?

     -Багаасаа олимпиадын хүүхэд байсан. Математик сонины олимпиадад гурав, дөрөв, тав, зургаа, долоо, наймдугаар ангид байхдаа тус бүр дэд байр эзэлж байсан. Олон улсын Кенгуру математикийн олимпиадад тав, зургаа, долоо, наймдугаар ангидаа хүрэл медаль, нэгдүгээр зэрэг аваад, есдүгээр ангидаа гуравдугаар зэрэг авсан. Ирээдүйн мянгат математикийн уралдаанд хүрэл, сэтгэх чадварын олимпиадад алт. Банзрагчийн нэрэмжит говийн бүсийн олимпиадад хүрэл авч байсан. Ахлах анги хүртлээ тасралтгүй олимпиадад ордог байж байгаад 10 дугаар ангиасаа хойш хэл сурах воллейболын секцэд явах гэх мэт өөрийгөө өөр зүйлд сорьж үзэхийг илүүтэй  хичээх болсон.

-Математикийн хичээлээс өөр хичээлээр олимпиадад оролцож байв уу?

      -Мэргэд лаборатори сургууль япон хэл заадгаараа онцлогтой. Миний хамгийн дуртай хичээлүүдийн нэг.  “Олон улсын япон хэлний түвшин тогтоох шалгалт”-ны N3 зэрэгтэй. 2018 онд “Наран бүрэн дунд сургуулийн япон хэлний гуравдугаар олимпиад”-д N5 түвшинд мөнгө, N4-т тусгай байрт орж байсан. Мөн “Ханзны дөрөв. тавдугаар наадам”-д тусгай байр, япон хэлний илтгэлийн тэмцээнд мөн тусгай байр эзэлсэн. 2017 онд Япон Улс руу аялах эрхээр шагнуулж байсан. Миний амьдралд маш том эргэлт болсон гэж боддог. Япон явснаас хойш миний амьдралыг харах өнцөг хүсэл мөрөөдөл өөрчлөгдсөн. Тиймээс японд суралцах мөрөөдөлтэй.

      Бас шүлэг, эсээ бичих сонирхолтой. Цэцэрлэгт байхаасаа тэмцээн уралдаанд орж, дуулдаг, бүжиглэдэг, шүлэг уншдаг байлаа. Дунд сургуульд байхдаа  “Утга зохиолын туг” гээд шүлгийн тэмцээнд түрүүлсэн. Түүнээс хойш илүү сонирхох болсон доо. Сүүлийн үеийн амжилтаасаа дурдвал 12 дугаар ангидаа Дорнод аймгийн “Хан-Уул” цогцолбор сургуулиас зохион байгуулсан онлайн олимпиадын   үндэсний бичгийн төрлөөр тэргүүн байр, уран зохиолын төрлөөр дэд байр эзэлсэн. Тэгээд “Эрхмийн дээд монгол эр хүн” сэдэвт эсээ бичлэгийн улсын уралдаанд  орж, Отгонтэнгэр их сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулсан.

-Чиний хувьд математикийн хичээл бусад хичээлээс ямар ялгаатай вэ. Чиний суралцах, төвлөрч суух арга барил юу вэ?

      -Математик бол шинжлэх ухааны хаан гэдэг дээ. Ойлгоод бодоод хариуг нь гаргаад гаргасан хариу маань сонгох дөрвөн хариултад байгааг нь харах бол  үнэхээр гоё мэдрэмж. Арга барилын тухайд бичих, харах, сонсох зэргээр илүү сайн суралцдаг. 

-Өндөр оноо авсан сурагчдад дэлхийн шилдэг дээд сургуулиудад суралцах тэтгэлэг олгох юм байна. Чамд албан ёсоор мэдэгдсэн үү?

     -Албан ёсоор мэдэгдээгүй. Энэ тухай хэвлэл мэдээллийн сайтуудаас харж, баярласан. Хэрвээ надад тийм боломж олдвол дуртайяа хичээнгүйлэн сурах болно.

-ЭЕШ-аа амжилттай өгөхөд нь гэр бүлийнхэн болон багш нар нь урмын үг хэлсэн байх. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

     -Тэгэлгүй яах вэ. Бүх зүйлд тусалж, дэмжиж, урам хайрлаж байсан хүмүүс бол гэр бүлийнхэн, найзууд маань. Аав, ээж, хоёр ах, өвөө, эмээ, найзууддаа маш их хайртай шүү. ЭЕШ-д бэлдсэн багш нартаа болон  монгол хэлний  багш Сайнжаргал, япон хэлний багш  Дуламсүрэн А үсгийг маань зааж амьдралын маань замд хөтөлсөн бага ангийн Бадамханд, үргэлж урмын үг хайрладаг анги удирдсан Буянжаргал, Оюунцэцэг багш нартаа маш их баярлалаа.

-Чиний цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?

      -Гадаад хэлээ сайжруулж, гадаадад суралцахыг хүсэж байгаа. Бас өөр бодсон зүйл бий.

-Оюутан болох ямар санагдаж байна вэ?

      -Оюутан болно гэхээр жаахан гунигтай байгаа. Хичээлийн шинэ жил эхэлж байгааг ч хэлэх үү арван жилдээ ахиад суумаар ч юм шиг. Найзуудаа их санах байх даа. Гэхдээ шинэ орчинд ороод, найзуудтай болоод, шинэ зүйл сурна гэж бодохоор догдлоод байна.


Математикийн шалгалтдаа 800 оноо авч, тэтгэлэг хүртсэн Э.ЭНХЧИМЭГ: Миний мөрөөдөл гадаадад сурах
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188