• Өнөөдөр 2024-05-17

Т.РЭНЦЭНБАДАМ: Хүү бид хоёр уйлалдаж, тэврэлдээд л уулзсан даа

2021-08-30,   859

      Өмнөд хилээс хойд хил хүртэл 1100 км гүйхээр зориглосон Замын-Үүд сумын 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадамтай ярилцлаа.

-Та 1100 км гүйхээр зориглож замынхаа талд иржээ. Таны эцсийн зорилго, мөрөөдөл юу байв?

     -Нэгдүгээрт, эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг харуулахыг хичээсэн. Хоёрдугаарт, хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас дасгал хөдөлгөөнгүй удаан байлаа. Тиймээс өөрийгөө хаа хүртэл явахыг сорьж урд хэлээс хойд хил хүртэл гүйхээр гуравдугаар сараас шийдсэн. Зөвхөн зориглосон нь би боловч зорьж байгаа эмэгтэй олон бий.

-Та аль нутгийн хүн бэ?

     -Би 1992 онд  Баянхонгор аймгийн Жинс суманд төрж, өссөн. Багаасаа цэргийн хүн болох мөрөөдөлтэй байлаа. Одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 0108 дугаар ангийн ахлах ахлагч, теле камерын хянагчаар ажиллаж байна. Хилийн цэрэгт 10 гаруй жил ажиллаж байна даа.

-Та яагаад цэргийн хүн болохоор шийдсэн бэ?

      -Багаасаа цэргийн хүн болохыг мөрөөддөг байсан. Дунд ах минь армид ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг авсан. Тухайн үед ахыгаа хараад цэргийн хүн болохоор шийдсэн юм.

-Та саяхан хүүтэйгээ уулзсан шүү дээ. Тухайн үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?

      -Би гэр бүлийнхнийгээ ирнэ гэж мэдээгүй. Эхлээд хүүгээ таниагүй. “Ээж ээ” гэх дуугаар нь таньсан. Бид хоёр уйлалдаад, бие биеэ үнсэж, тэвэрч уулзсан. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Бид мартагдашгүй дурсамжтай болсон. Хүүтэйгээ дөрвөн цаг хамт байж байгаад явсан. Хүүтэйгээ хичээл тарсанаас хойш уулзаагүй. Хүү минь өндөр болсон байна лээ. Буцахдаа дагаад байх шиг байсан. Миний хүү хоёрдугаар ангид орно. “Ээжээ, та мундаг шүү. Зорьсон газраа заавал хүрээрэй" гэсэн.

 -Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Ж.Даваажамц 1500 км гүйсэн. Таныг түүнийг “Дуурайж байна” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Энэ тухай та ямар бодолтой байна вэ?

      -Би үүнийг тоохгүй. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай. Монголын зэвсэгт хүчний салбарт эмэгтэй хүний оролцоо, тэсвэр, тэвчээр байдаг юм шүү гэдгийг мөрдөстэй бүсгүйчүүдээ төлөөлж харуулахыг хичээж байгаа.

-1100 км гүйх шийдвэрийг хэдий хугацаанд бодож гаргасан бол. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

      -Хагас жилийн өмнөөс бодож эхэлсэн. Миний шийдвэрийг ар гэрийнхэн маань дэмжихгүй байсан. Нэгэнт гүйгээд эхэлчихсэн болохоор “Саад бэрхшээлгүй даван туулаасай” гээд гэрийнхэн маань дэмжиж эхэлсэн.  

-Танд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

     -Биеийн байдал сайн байна. Замын-Үүдээс гарахад их халуун байсан. Харин Улаанбаатар хот руу дөхөх тусам хүйтэн салхи, бороотой нүүр тулж байлаа. Эмэгтэй хүнд хүндрэл бэрхшээлтэй зүйл байлгүй яах вэ. Гэхдээ “Бүхнийг даван туулж чадна” гэж өөртөө амлаад, гүйсэн. Эмч, эмнэлгийн тусламж гарвал ойрхон аймаг, сумандаа хандах боломжтой. Гэсэн ч би өөрийнхөө биед бүрэн итгэж байгаа.  

-Таныг дагаж хэдэн хүн явж байна вэ. Ямар хуваарын дагуу гүйж байна вэ?

     -Жагсаалын дарга н.Батжаргал, төрсөн дүү хоёр дагаж явна. Өглөө 08:00 цагаас 15 км, орой 16:00-18:00 цаг хүртэл гүйдэг. Өглөө гүйхээсээ өмнө 20-25 минут биеэ халаадаг. Бусад цагт амарч, хоол, цайгаа уудаг.

Та спортын мастер цолтой юм билээ. Ямар төрлийн спортоор авсан бэ?

     -Гар бөмбөгийн спортын мастер цолтой.

-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж хэлэх вэ?

      -Би өөрийгөө тайван амгалан, аливаа зүйлд байр суурьтай ханддаг гэж боддог.

-Таныг “Тусгай салаа” киноны Туяатай адилхан, зарим нь Туяагийн дүрд тоглосон гэх юм билээ?

       -Би “Тусгай салаа” киноны Туяагийн дүрд тоглоогүй. Хүмүүс адилхан гэдэг юм. 

 


Т.РЭНЦЭНБАДАМ: Хүү бид хоёр уйлалдаж, тэврэлдээд л уулзсан даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:00:38
    ...: Bair ugchuusei bilee dee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-01 13:42:19
    7854: Хтээрхий их попрох эморох сэтгэцийн гажиг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-30 12:24:59
    Чулуунбат: Цэргийн мөрдөс зүүсэн бүсгүйчүүдээ төлөөлж,гаргасан шийдвэр нь зөв...Цэргийн хүний тэсвэр тэвчээрийг харуулж байгаад гүн талархаж байна..
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188