• Өнөөдөр 2024-05-17

Б.НАСАНБУРМАА: Хөл хорионы үед дэлгэцийн хамааралтай хүүхдүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн

2021-08-24,   776

         Хөл хорионы үед хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ буюу утас, компьютерээр тоглох, видео үзэх нь хэрхэн нэмэгдсэн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн их эмч Б.Насанбурмаатай ярилцлаа.

-Коронавирусийн халдварын тархалтаас үүдэн бүх ажил, хичээл бараг цахимд шилжээд байна. Дэлгэцийн хамаарлаас болж хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

           -Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн клиникт 2-18 насны хүүхдүүд зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэдэг. Дэлгэцийн хамаарал нь бие, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндэд олон талын хор хөнөөлтэй. Удаан хугацаагаар дэлгэц ширтэж сууснаар хөдөлгөөний хомсдолд орж, булчингийн агших, даралт ихсэх, хоолны дуршил буурах, бодисын солилцоо алдагдах, өсөлт удаашрах, нүдний хараа муудах, нүд аргах, хуурайших, нурууны мурийлт үүсэх, гарын сарвууны хөгжил өөрчлөгдөх, нойрны асуудалтай болох гэх мэт маш олон сөрөг үр дагавартай. Ялангуяа 21:00 цагаас хойш дэлгэц үзэхээр чанартай нойр авах хугацаа багасаж, сэтгэцэд нөлөөлөх,  амархан ядрах, юм тогтоох чадвар муудах, анхаарал төвлөрөхгүй, цочимтгой, уур уцаартай болдог.

-Хөл хорионы үед гэртээ удаан хугацаанд утас үзсэн хүүхдүүдийн сэтгэц хэрхэн өөрчлөгдсөн бэ?

          -Хөл хорионы үед бүх насныхны амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Нойр, хоолны дэглэм алдагдаж, дасгал хөдөлгөөнгүй удаан хугацаанд сууж, ажиллах, суралцах болсон. Үүний улмаас хүүхэд болон насанд хүрэгчдэд гар утас, дэлгэцийн хэрэглээ нэмэгдсэн. Ялангуяа орой, шөнийн цагаар утсаа үзсэнээс болж нойрны хямралд орсон. Өсвөр насны хүүхдүүдэд найз нөхөдтэйгөө ярилцах хэрэгцээ их байдаг боловч цар тахлын үед нийгмийн харилцаанаас хоцрогдох хандлагатай байна. Хол хорионы үед дэлгэцийн хамааралтай хүүхдүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн.

-Эцэг, эхчүүд хүүхдүүдээ дэлгэцийн хамааралтай болгохгүй байхын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?

          -Хүүхдүүдийн насанд тохирсон зөв зохистой хэрэглээ гэж бий. Дэлгэцийн хэвийн хэрэглээнд 0-2 насны хүүхдэд дэлгэц огт хэрэглэж болохгүй, 2-5 насны хүүхдүүд хоногт 30 минутаас нэг цаг хүртэл, 5-12 насны хүүхдүүд  нэгээс, нэг цаг 30  минут үзэх, 13-18 насны хүүхдүүд нэг цаг 30 минутаас хоёр цаг үзэх ёстой. Ингэвэл биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нь харьцангуй хор багатай байдаг. Мөн үүнээс гадна өдөрт хоёр цаг үзэх ёстой гээд тасралтгүй хоёр цаг үзээд суучихвал  буруу хэрэглээнд орно. Тиймээс гучин минут тутамд 5-10 минутын завсарлага авч үзэх хэрэгтэй. 

-Хоёр жил орчим хугацаанд сургуулийн насны хүүхдүүд цахим хичээл үзлээ. Хичээл үр дүнтэй болоогүй мөртлөө дэлгэцэд донтоход нөлөөлж байна гэж эцэг эхчүүд ярьж байна?

          -Сургуулийн насны хүүхдүүд цахимаар хичээл үздэг болсноос хойш дэлгэцийн хэрэглээ нэмэгдсэн. Өмнө нь эцэг, эхчүүд хүүхдүүддээ гар утасны тоглоом, хүүхэлдэйн киног чөлөөт цагаар нь үзүүлдэг байсан. Одоо хүүхдүүд гар утас, дэлгэцийн цаана суугаад хичээлээ хийж байна гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр хяналт тавьж чадахгүй байгаа. Тиймээс дэлгэцийн хэвийн бус хэрэглээ бий болж байна. Хүүхдүүд наснаасаа хамаарч төрөл бүрийн зүйл үздэг. Жишээлбэл, өсвөр насны охид  фэйсбүүк, инстаграмм рүү илүү орж байгаа. Харин хөвгүүд ихэвчлэн кино үзэж, тоглоом тоглодог. Бага насны хүүхдүүд видео бичлэг үзэх, эсвэл насандаа тохироогүй тоглоом тоглодог.

-Дэлгэцийн хамааралтай болсон хүүхдүүдийг яаж эмчилдэг вэ. Эмчилгээний арга барилаас нь сонирхуулж болох уу?

          -Эцэг, эх нь завгүйгээс болоод хүүхэд үл хайхран хүчирхийлэлд өртчихсөн, хямралын шалтгаантай сэтгэл гутрал, түгшилтэй буюу сэтгэл зүйн шалтгаантайгаар дэлгэцийн хамааралтай болсон бол үндсэн сэтгэл зүйн хүчин зүйлийг нь эмчлэх хэрэгтэй. Нөгөө талаараа гэр бүлээрээ дэлгэцийн хэтрүүлсэн хэрэглээтэй болсон хүмүүс  буруу зуршлаас салах, өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг зөв болгох хэрэгтэй. Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх нь хамгийн үр дүнтэй арга. Мөн  дуртай зүйлсээ сэргээж, хичээллэх, өөрсдийгөө завгүй байлгах нь хамгийн чухал юм.


Б.НАСАНБУРМАА: Хөл хорионы үед дэлгэцийн хамааралтай хүүхдүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188