Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн А зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэгт “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн шүүх эрх олгосон билээ. Т.Энхцэцэг Монголын спортын түүхэнд олимпын наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж, “Токио-2020” олимпын финалын хоёр тоглолт шүүж, шүүгч нараа гурван жил тэргүүлж байгаад монголчууд тамирчин нь алтан медаль хүртсэнтэй адил бодож, бахархаж, омогшиж сууна. Энэ цаг мөчид түүний аав Х.Төрбаттай ярилцаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Таны охин Токиогийн олимпын финалын хоёр тоглолт шүүлээ шүү дээ. Ер нь сүүлийн гурван жил жүдо бөхийн шүүгч нарыг тэргүүлж байгаа. Охиноо дэлхийн дэвжээнээс үзэж, бахархаж, баясаж суух ямар байдаг вэ?
-Баярлалаа. Тэгэлгүй яах вэ. Би охиноо телевизээр гарах бүрт нь баярлаж, нулимс дуслуулан үзэж суудаг. Энэ бол хүн бүхэнд заяахгүй хувь тавилан, азтай улс юм аа, бид. Үүнд л хөгшин бид хоёр баярлаж суудаг юм. Хүн үр хүүхдээрээ бахархана гэдэг ямар сайхан байдаг юм бэ. Нас ахих тусам сэтгэл нялхарч, амархан уйлчих гээд байх болжээ. Охин минь 2002 онд шүүгч болж, 2007 оноос гадаадын тэмцээн уралдаан шүүдэг болсон. Түүнээс хойш охин минь миний тоолсноор 53 удаа тэмцээн шүүхээр гадаад орныг зорьсон байна. Энэ жил 19 жилийн нөр их хөдөлмөр, мөрөөдлөө биелүүлээ хэмээн бодож байна.
- Олимпын наадам шүүнэ гэдэг дэлхий нийтийн анхаарлын төвд орж байна гэсэн үг шүү дээ. Та охиндоо чухам юу чандлан захиж явуулдаг вэ?
-"Хэн нэгний үгэнд орж худлаа шүүж огт болохгүй. Шударга үнэнч шүүж чадвал чи ард түмний хүндлэл хайрыг хүлээж чадна. Тиймээс хийж байгаа ажилдаа зүрх сэтгэлээ бүрэн зориулж байгаарай. Битгий нэр хүнд, алт, мөнгө олох гэж хичээгээрэй” гэж захидаг. Хань бид хоёр Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын улс. Тиймээс нутгийн Ханхөхий хайрхан минь үргэлжид охиныг минь ивээж, түшдэг байхдаа гэж бодож сууна.
-Таны охин багаасаа шүүгч болно гэж мөрөөддөг байсан юм болов уу. Эсвэл хожуу юу?
-Манайх ТҮЦ ажиллуулдаг байлаа. Охин минь хичээлийнхээ хажуугаар ажиллаж мөнгө олж, өөрийгөө болгодог байсан. Би архины цехэд ажилладаг байв. Охин надтай хамт архийг гурав, дөрвөн авдраар нь зөөдөг байсан юм л даа. Аав, ээжийгээ зовоож мөнгө нэхэхгүй байх гэж л тэр шүү дээ. Би охиноо жүдогоор барилдуулах их дуртай байлаа. Тэгээд "Энэ бяртай нөхөр шүү. Бөхийн секцэд явуулъя" гээд анх Ц.Шийрэв багшид шавь оруулж байсан. Дөрвөн жил хичээллэтэл мөр нь мултраад, сүүлдээ гараа дээш өргөхөд л мултардаг болчихсон юм. Тэгээд Аварга биеийн тамирын дээд сургуульд багш болохоор орсон. 2002 онд Б.Ууганбаатар багш охинд минь "Шүүгчийн сургалт явуулах гэж байна, түүнд суу" гээд шүүгч болж байлаа. 2005 онд “Тэмүүжин” сургуульд орсон. 2010 онд “Тэмүүжин” сургуулийн захирал Д.Энхбаатар багш "Тайландад олон улсын шүүгчийн шалгалт болно, түүнд яв" гэж охинд мөн л боломж олгосон. Тэгж олон улсын дээд зэрэглэлийн шүүгч болж байлаа, миний охин. 2015 онд гавьяат дасгалжуулагч болсон М.Бөхбат багш "Тайландад болох Азийн аварга шалгаруулах тэмцээн шүүгээд ир" гэж явуулж байсан. Тэнд шалгалт өгөөд А зэрэглэлийн шүүгч болсон шүү дээ, миний муу бор охин.
-Таны охин 19 жилийн турш ганцаараа цүнхээ үүрээд гадаад оронд очиж ажлаа хийж байна. Энэ жил Токиогийн олимп шүүх эрх авахад та ихэд баярласан байх даа?
-Өвөл хоёрдугаар сард олимпод оролцох эрхээ авсан. Түүнийгээ мэдчихээд хамгийн анх над руу залгаж хэлсэн байна лээ. Би түүнийг нь сонссон даруйдаа уйлчихсан. Охин минь өнгөрсөн хугацаанд ганцаараа хоёр цүнхээ үүрээд л явчихдаг. Тэр бүхэнд тайван сууж чадахгүй үргэлж хойноос санаа зовдог. Охин тэмцээнд явах бүрдээ манайд ирж, бурхандаа мөргөчихөөд, бид хоёрт үнсүүлээд явдаг. Манайх Яармагт байдаг болохоор охиндоо “Онгоцонд суухдаа хэлээрэй” гэдэг. Тэгээд гэрийнхээ гаднаас онгоц хөөрөхийг харж, цай, сүүнийхээ дээжийг өргөж, буян заяа нь тэгшхэн явахыг ерөөж, залбирдаг даа. Одоо охиноо ирэхийг тэсэн ядан хүлээж сууна даа.
-Харин тиймээ. Авах ёстой цаг нь болсон байх гэж боддог. Гэхдээ миний охин өөрөө шагнал, урамшуулалд шунадаггүй, даруухан хүүхэд болохоор авах ёстой цаг нь болсон бол авна байх л гэж бодож байгаа. 2016 онд Насанд хүрэгчдийн мастеруудын дэлхийн аварга болж байлаа. Мөн дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын үндэсний олимпын хорооны “Бөртэ чоно” наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байсан хүн шүү дээ.
-Тэмцээн уралдаанд оролцдог тамирчид мөнгө санхүүгийн гачигдалд ордог. Таны охин энэ асуудлаа яаж зохицуулдаг байв?
-Ийм асуудал маш их гарч байсан. Тэр бүхнийг зохицуулах гэж бүгдээрээ л хичээж, зүтгэж байлаа. Харин одоо байгууллагаас нь зардал унааны мөнгийг нь даадаг болсон байна лээ. Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж үнэнчээр зүтгэвэл болохгүй зүйл гэж байдаггүй. Эгэл жирийн монгол айлаас дэлхийн А зэрэглэлийн шүүгч төрлөө шүү дээ. Сайхан байна даа, сайхан байна. Миний охин шиг олон шүүгч олимпын дэвжээнд гараасай гэж бодож байна.
Токиогийн олимпын тэргүүн шүүгч Т.Энхцэцэгийн аав Х.ТӨРБАТ: Охиноо олимпын наадам шүүхийг нь хараад баярлаж, уйлсан. Ийм л сайхан тавилантай байж, бид |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |