Бидний өвөг дээдсийн хойч үедээ өвлүүлэн үлдээсэн арвин их биет болон биет бус өв соёл бий. Түүний нэг нь даалин урлах үйл юм. Даалин урлахдаа зүү ороох, загасан нуруу, зоосон сүлжмэл зэрэг үндсэн оёдолт хатгаасаар хатгаж, өнгө, чанарын төгс зохицлыг бий болгодог. Мөн даалинг пүүсүү, даавуу, торго, хоргой, булгиар, савхиар хийж түүн дээр янз бүрийн хээ, угалз шаглан урладаг аж. Ийнхүү 48 жилийн турш амьдралаа уран хатгамалтай холбосон Д.Энхтуяатай ярилцлаа.
-Хүүхдийн пионерын ордонд 13 настайдаа уран хатгамлын дугуйланд явж байсан гэсэн. Ямар оёдлыг анх заалгаж байсан бэ?
-Намайг Данзанбалжирын Энхтуяа гэдэг. 1972 онд хүүхдийн Пионерын ордны уран хатгамлын багш Б.Норолхоод шавь орж гурван жил хатгамлын дугуйланд явсан. Тус хугацаанд зүү ороох, битүү хатгамал, олсон эрч, хонин холбоо, зоосон сүлжээс сурч байлаа. Түүнээс хойш өөрийн сонирхлоор өнөөдрийг хүртэл уран хатгамлаар оёж, гар урлал хийж байна.
-Та эдийн засагч мэргэжилтэй гэсэн. Ажлынхаа хажуугаар оёдлоо хийдэг байв уу?
-Би 32 жил банканд ажилласан. Ажлынхаа хажуугаар өөрийн сонирхлоороо үндэсний өв соёл болсон бүхий л төрлийн хатгамал оёдог байсан. Тэтгэвэрт гарснаас хойш зүү ороох, загасан нуруу хатгах оёдлоор дагнан эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудад заагаад зургаан жил болж байна.
-Монголчууд эрт үед хэчнээн төрлийн оёдол хэрэглэдэг байсан бэ?
-30 орчим төрлийн оёдол оёж, ахуйдаа хэрэглэдэг байсан. Түүнээс Зүү ороох, олсон эрч, задгай хатгамал, хонин холбоо, загасан нуруу, зоосон сүлжмэлээр дарж оёх зэрэг үндсэн зургаан оёдлыг ихэвчлэн хэрэглэдэг. Одоогоор зүү ороох, загасан нуруугаар хатгах оёдлоор дагнан зааж байна.
-Уран хатгамал, зээгт наамал хэдий үед дэлгэрсэн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг вэ?
-Хүннүгийн үеэс эхлэлтэй гэж ярьдаг. Музей, ганданд буй дэлгэмэл бурхдыг зээгт наамлаар бүтээсэн. Одоо үед зээгт наамлаар бүтээл хийдэг хүн ховор болсон. Зээгт наамал нь маш нарийн ур, ухаан, тэсвэр, тэвчээр шаарддаг учир ганц суугаад хийчихдэг зүйл биш ээ.
-Таны багш нар урлагийн гавьяат зүтгэлтэн, уран хатгамалч Б. Норолхоо, Б.Цэрмаа гэж хүмүүс байсан юм байна. Багш нарынхаа талаар дурсвал?
-Пионерын ордны Б.Норолхоо багшаар хатгамлын төрлийн оёдлуудыг заалгаж байсан. Түүнээс хойш мэргэжлээрээ ажиллаж байхдаа Б.Цэрмаа багшаас зээгт наамлаар бурхан бүтээх арга ухаанд суралцсан юм. Дэлгэмэл бүтээлийг зээгт наамлаар хийвэл илүү сайхан болдог. Жижиг хэмжээтэй бүтээлийг зээгт наамлаар хийхэд зохидоггүй тал бий. Багш нар маань өндөр насыг зооглож хоёул бурхан болсон. Эрдэмтэн мэргэн, ухаан төгс багш нараасаа сурсан эрдмээ олон хүнд уламжлан зааж сургахыг хичээдэг. Одоогоор зээгт наамлыг 10 орчим хүнд заасан байна. Сүүлийн үед Зүү ороох оёдлоор дагнан зааж байгаа.
-Та уран бүтээлийн үзэсгэлэнтэй. Тэр дундаас нүд баясаж, сэтгэл дүүрэн болгодог ямар бүтээлийг онцлох вэ?
-Би зээгт наамлаар бүтээл хийх дуртай. Илүүтэй ур, ухаан, хөдөлмөр шаарддаг урлагийн бүтээл. Өнгөрсөн хугацаанд 10-аад төрлийн зээгт наамал хийсэн. Хамгийн том бүтээл нь Бурхан багш, Цагаан Дар эх, Ногоон Дар эх, Баян Намсрай бурхдыг онцолмоор байна. Тухайлбал, “бурхан багш”ийг 60:90 хэмжээтэй хийсэн. Тус бүтээлүүдийг хийхдээ үндсэн суурин дээр хоргой, пүүсүү, торгоор зээгээ дарж оёсон. Бурхдын бүтээлийн зургаан сараас нэг жилийн хугацаанд урладаг. Тус бүрийнх нь зүрхэн тарнийг алтан утас хөвөрдөн нэг бүрчлэн дарж бүтээсэн. Герман, Англи, Унгар оронд зээгт наамлын үзэсгэлэнгээ гаргасан. Үзэсгэлэнгийн үеэр Малайзын хатан хаан миний даалинг “Нэг талд нь үнэт эдлэлээ хийнэ. Нөгөө талд нь мөнгө хийнэ” хэмээн хэлээд авч байсан. Тухайн үед надад маш сайхан мэдрэмж төрж, баярласан.
-Бурхан бүтээхэд тэг гэж байдаг. Тэгийг барихгүй бол хэцүү гэж ярьдаг. Зээгт наамал, хатгамлаар бурхан бүтээхэд тэгийг хэрхэн гаргадаг юм бол?
-Би Г.Пүрэвбат ламаар бүтээх бурхдынхаа зургийг зуруулж тэгийг нь гаргаж хийж байсан. Ээлжийн амралтаараа өдөр шөнөгүй сууж, бурхан багшийг зургаан сарын хугацаанд бүтээсэн. Харин хээ, зураг, дүрстэй таван цуврал ном хэвлүүлсэн. Номонд орсон хээг өөрөө сэтгэж гаргахаас гадна н.Болд, н.Ядамаа болон монголын үндэсний хээний ном ашиглан гаргасан. Даалин дээр зөвхөн хээ гэлтгүй байгалийн зураг, арван хоёр жил, эвтэй дөрвөн амьтан, өвгөн хуурч гэх мэт зураг оёж болдог. Нэг номд 250 хээ, зураг, дүрс давтагдахгүйгээр орсон.
-Бүх төрлийн оёдлоор бүтээл хийдэг үйл урлаач хүний оюун санаа, сэтгэл зүй уужуу тайван, хүлээцтэй болж төлөвшдөг байх?
-Хатгамлыг маш тэвчээртэй хүн хийж чаддаг. Сууж сурсан, оюун санаагаа төвлөрүүлж чаддаг хүн л аливааг оёж сурахад суралцдаг. Энэ нь хүнийг илүү хүмүүжүүлж, төлөвшүүлж өөрийгөө олоход нь тусалдаг гэж хэлж болно. Анхлан сурч байгаа хүн нямбай зан чанарт сайтар суралцах хэрэгтэй. Нямбай хүн бүх үйл дарааллыг цэвэрхэн хийдэг. Эхлээд бэлдэц хийж сурах хэрэгтэй. Торгон дээр хээгээ зурж оёод дуусна. Хээг гурван өнгийн утсаар уусгаж оёдог. Тод өнгөөр дотор талыг, бүдэг өнгөөр гадна талыг оёж уусгаж өгдөг. Амьтан, дүрс оёход эхлээд хүрээгээ оёж зургийг тод гаргаад битүүлнэ.
-Та бүтээлүүдээ ямар ханшаар борлуулдаг вэ?
-Манайх хамгийн үнэтэй даалинг нэг сая 200 мянга, эрэгтэй, эмэгтэй хүний бүсээ нэг сая төгрөгийн үнэтэй. Бага гарын даалин 300 мянга, даллагын уут нэг сая төгрөгийн үнэтэй борлуулдаг. Бүсийг хатуу материал дээр хээ оёдог учир төдийлөн амаргүй.
-Сүүлийн үед зоосон сүлжмэлээр оёсон бүтээл төдийлөн харагдахгүй байна. Энэ төрлийн үйлийг хэрхэн урладаг вэ?
-Хатгамлын нарийн утсаар 16-32 утсыг зориулалтын зоосон сүлжмэлийн ширээн дээр арван хуруундаа утсаа хийж сүлждэг. Нэг сүлжээсээ буруу хийвэл гаргах хээ тэр чигтээ өөрчлөгдөнө. Дээр үед даалинг хоргойгоор эмждэггүй байсан. 32 утастай зоосон сүлжээсээр имчиж оёдог байсан. Зоосон сүлжээсээр имчихдээ мөн гараар дарж оёдог. Тэгж байж гар оёдлын үнэ цэнэ мэдрэгдэнэ.
-Та хэдэн гарын шавьтай вэ?
-4000 гаруй шавьтай. Шавь нар маань тус тусдаа шавьтай болж салбарлан өсөн үржиж байна. Цахим хуудсаар болон урлан дээр үнэгүй заадаг.
- Одоогоор хэчнээн төрлийн бүтээл хийж байна вэ?
-Төрөл бүрийн бүтээл хийж байна. Даалин, утасны гэр, хавтага, цүнх, аяганы уут эрэгтэй, эмэгтэй бүс, даллагын уут гээд хийж болох бүх зүйлийг хийдэг. Зүү ороох оёдлыг эдэлгээнд хэрэглэдэг зориулалттай хатгамал. Нэг миллметрийн зайтай оёдог учраас утас нь хөвөгдөнө гэж байхгүй. Торго нь илгэднэ үү гэхээс хатгамал нь элэгдэхгүй. Харин задгай битүү оёдолтой хатгамал үзүүлэнгийн зориулалттай, эдэлж хэрэглэхгүй. Учир нь утас нь сул хаягдан хөврөх магадлалтай.
Уран ухаанаар шаглан оёдог уран хатгамлын эзэн |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |