• Өнөөдөр 2024-04-20

Л.БАТТӨР: Сүргийн дархлаа тогтоохын тулд 0-17 насныхныг вакцинд хамруулах хэрэгтэй

2021-06-17,   702

      Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл өглөө. Энэ үеэр Д.Дагвадорж ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Коронавирусийн халдвараар ямар иргэн өвчилж байна вэ?

     -Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт нэмэгдэж байгаа.  25-44 насныхан ихэвчлэн коронавирусийн халдвраар өвчилж байна. Мөн бага насны хүүхдүүд сүүлийн үед ихээр өвдөж байна. Өмнө нь халдвар авсан таван хүний нэг нь хүүхэд байсан бол одоо халдвар авсан дөрвөн хүний нэг нь хүүхэд байна. Насанд хүрэгчид коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаж тодорхой хэмжээгээр эрсдэлээс сэргийлж байна. Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд  вакцинд хамрагдаагүй тул өвдөх тохиолдол их байгаа. Харин ахмад настнууд халдвар авах нь харьцангуй бага байна.

-Зургадугаар сарын 15-аас халдвар буурна гэж Эрүүл мэндийн сайд хэлсэн. Гэтэл яагаад халдвар буурахгүй байна вэ?

       -ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн яамны дэргэдэх судлаачдын баг мэргэжлийн тооцоо, судалгаа гаргадаг. Бидний тооцоогоор вакцины үр нөлөө 75 хувьтай байхад энэ сарын 15 гэхэд нийслэлийн иргэд, долдугаар сарын 1-нд хөдөө орон нутгийн иргэд  вакцинд бүрэн хамрагдахаар байсан. Халдвар буурахгүй байгааг иргэд вакцинтай холбон, ойлгож байна. Гэтэл халдварыг тархалтад нийгмийн хариу арга хэмжээ хүчин зүйл нөлөөлдөг. Бид өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ч сүүлийн үед иргэдийн хөл, хөдөлгөөн нэмэгдсэн. Иргэдээс гадна хамаарал бүхий яам,байгууллага нөлөөллийн ажил дутуу гүйцэтгэж байгаа хэмээн үзэж байна.

-Иргэд вакцинд итгэхгүй байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

      -Манай улсад хэрэглэж буй дөрвөн вакциныг дэлхий нийтээр хэрэглэж байна. Вакцины үр нөлөө харилцан адилгүй байдаг. Файзер вакцины үр нөлөө 95 хувь, синофарм 80 хувь бусад вакцин 80-90 хувийн нөлөө үзүүлж байгаа. Тухайлбал, нэг сая иргэн вакцинд хамрагдахад 800 мянган хүнд дархлаа тогтож, үлдсэн 200 мянган хүнд вакцины нөлөө илрэхгүй байж болно. Нийт хүн амын 3/1 нь вакцинд хамрагдаагүй. 0-17 насныхан нийт хүн амын 37 хувийг эзэлдэг. Тиймээс иргэд вакцины нөлөөнд эргэлзэх хэрэггүй.

-Өнөөдрийн байдлаар 2642 хүн халдвар авч, 11 иргэн нас барсан байна. Халдвараар өвчлөх иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. Иргэд яагаад “Вакцин тариулахгүй” гэж эсэргүүцээд байна вэ?

      -Астразенека вакциныг  цус бүлэгнүүлж байна. Зарим улс орон хэрэглэхээ больсон гэдэг мэдээлэл гарсан. Гэтэл бүх хүнд вакцины урвал, хүндрэл нөлөөлнө гэж байхгүй. Энэ урвал хүндрэл маш бага хувьд илрэх юм байна гээд дахин хэрэглэж эхэлсэн.

-Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэд яагаад нас барж байна вэ?

      -Халдвар авсан иргэдийн тоог дагаад нас баралт ихсэж байна. Нас барж буй хүн бүрд судалгаа хийж, вакцинд хамрагдсан эсэхийг тогтоодог. Өчигдөр нас барсан 11 иргэний ес нь вакцинд хамрагдаагүй байсан. Нэг иргэн вакцинд хамрагдсан боловч 14 хоноогүй байсан.

-Монголчууд хоёр жил гаруй хугацаанд хоригдож, айдас түгшүүртэй байна. Хэзээ сүргийн дархлаа тогтож, вакцин хийж дуусах вэ?

      -16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлсэн. Файзер вакцины үйлдвэрлэгчээс 12-15 насынханд вакцин хийх зөвшөөрөл өчигдөр ирсэн. Тун удахгүй дээрх насны хүүхдүүд вакцинд хамрагдах бүрэн боломжтой байна. Ямар ч вакцин 100 хувийн үр нөлөөгүй. Вакцин хийлгэсэн хүн бүр халдвар аваад, нас барах эрсдэлтэй гэдгийг ойлгож, халдвар хамгааллын дэглэм баримтлах хэрэгтэй шүү. Хувь хүний биеийн онцлог, хавсарсан өвчнөөс хамаарч нас барах тохиолдол элбэг байгаа. Зүрх судасны өвчлөл, чихрийн шижинтэй иргэдэд халдвар хүнд тусаж байгаа.

-Би сайн, муу вакцин байхгүй гэж ойлгож байгаа. Зөв үү?

       -Бид бүх вакциныг ижил гэж хэлж чадахгүй. Вакцинд ямар нэгэн байдлаар хамрагдсан байхад халдварын эрсдэлээс өөрийгөө сэргийлнэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар боломжит бүх арга хэмжээг авсан. 2.5 сая тун файзер вакцины гэрээ хийж, вакцинжуулах ажил үргэлжилж байгаа.

-Та ХӨСҮТ-ийн захир болоод удаагүй байна. Одоогоор ХӨСҮТ-ийн нөхцөл байдал ямар байна вэ?

      -1.6 жилийн турш цар тахлын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Халдвараар өвчилсөн иргэдээ эмчилж, тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Мөн тандалт, судалгааны ажил хийж байгаа. Энэ бүхнийг ХӨСҮТ дангаараа хийх ямар ч боломжгүй. Тийм учраас Нийслэлийн эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлэг, хувийн эмнэлэг, бусад төрийн төв эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлж, хамтарч ажиллаж байгаа. Бидэнд эмч их дутагдаж байна.


Л.БАТТӨР: Сүргийн дархлаа тогтоохын тулд 0-17 насныхныг вакцинд хамруулах хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188