• Өнөөдөр 2024-04-27

Х.БАЯСГАЛАН: Улсын хэмжээнд 345 хоригдол, 126 баривчлагдсан этгээдээс коронавирусийн халдвар илэрсэн

2021-05-13,   778

       ШШГЕГ-ын харьяа хорих анги, баривчлах байр болон түр саатуулах байруудад коронавирусийн халдвар гарсан. Одоогийн байдлаар хэчнээн хүн халдвар авч, эдгэрсэн талаар ШШГЕГ-ын ХМОНХТөвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар хэдэн хорих ангид, хэчнээн хоригдол халдвар аваад байна вэ. Хорих ангиудын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгч болох уу?

            -Зөрчлийн тухай хуулийн дагуу баривчлах шийтгэл оногдуулсан этгээдийг саатуулах байр, 409 дүгээр ангийн дамжин өнгөрүүлэх хэлтэс, Цагдан хорих 461 дүгээр ангид коронавирусийн халдвар гарсан. Баривчлах болон хорих ангид шинээр ирж буй хүмүүсийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж хүлээж авдаг. Шинээр ирсэн иргэдэд хоригдсоноос хойш 3-7 хоногийн дараа халдварын шинж тэмдэг илэрдэг. Өдөр тутам гаднаас хүн нэвтрүүлдэгүй хорих ангиуд болон орон нутгийн цагдан хорих байруудад халдвар гараагүй.

-Халдвар авсан хоригдол хоригдогчдод ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

          -Цагдан хоригдогсдод эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, ял шийтгүүлээд тогтоол хүчинтэй болсон этгээдүүдэд үйлчилдэг хоёр эмнэлэгтэй. Мөн сүрьеэ болон бусад халдварт өвчнийг эмчилдэг эмнэлэг тусдаа бий. Улсын хэмжээнд 345 хоригдол,126 баривчлагдсан этгээдээс халдвар илэрсэн. Үүнээс  өнөөдрийн байдлаар 268 хоригдол эдгэрч, 75 нь эмчлэгдэж байна. Мөн баривчлагдсан этгээдүүд эдгэрсэн.

     Суурь өвчтэй, өндөр настай, хүндэрч болзошгүй хоригдлуудыг дээрх эмнэлгүүдэд эмчилж байгаа. Эмчилгээг ХӨСҮТ болон бусад эмнэлгүүдэд эмчилгээний стандартын дагуу хийж байна. Мөн нэмэгдэл дархлаа дэмжих хоол хүнсний асуудлыг шийдэж байгаа. Дээрх хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал хүндрээгүй. Хэрвээ хүндэрсэн тохиолдолд улсын клиник эмнэлгүүдэд шилжүүлэх гэрээтэй ажилладаг. Уг гэрээний хүрээнд Улсын төв клиникийн II, III эмнэлэг, ХӨСҮТ-д тус бүр нэг хүн хэвтэн эмчлүүлж, эдгэрч гарсан.

-Халдвар авсан хоригдол, хоригдогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн мэдээлэл бий. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

            -Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих ангиудад коронавирусийн халдвар тархсан, ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй байгаа мэтээр иргэдэд болон ял эдлэгсдийн ар гэрт буруу ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээ гарч байна. Хорих ял шийтгэгдсэн этгээдүүдийг ЭМД-д нэг бүрчлэн хамруулдаг. Даатгалынхаа хүрээнд эмчилгээ хийлгэдэг. Жилдээ нэгдсэн эмнэлэг дээр орны эргэлт хоёр мянга орчим хүнтэй байдаг. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай холбоотой эмчилгээнүүд хийж байгаа.Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж УОК, НОК, ХЗДХЯ тогтмол мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байгаа юм. ШШГБ-ын хэмжээнд халдвар гарсан тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан байсан бөгөөд уг төлөвлөгөөний хүрээнд ажлаа зохион байгуулж байна. Үүнд, төвлөрсөн эмнэлгүүдээс зохион байгуулсан эмнэлгийн гурван баг тандалт судалгаа, ариутгал халдваргүйжүүлэлт, эмнэлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  Өнөөдрийн байдлаар төсөв санхүүгийн болон эм, эмчилгээнд ямар нэгэн хүндрэл гараагүй байна.   

        Улсын хэмжээнд цар тахал дэгдмэгц УОК, ХЗДХЯ-наас шуурхай арга хэмжээ авч, нийт хоригдол, хоригдогсдын 99.4 хувийг нэгдүгээр тунд, 51.6 хувийг хоёр дахь тунд хамруулаад байна. Үүнээс гадна нийт алба хаагчдыг халдвараас хамгаалах, аюулгүй байдлыг хангах, бусдад халдвар дамжуулахаас сэргийлэх зорилгоор 2669 алба хаагчдын 91 хувийг дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунд бүрэн хамруулсан.


Х.БАЯСГАЛАН: Улсын хэмжээнд 345 хоригдол, 126 баривчлагдсан этгээдээс коронавирусийн халдвар илэрсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188