• Өнөөдөр 2024-05-04

Т.СУЛТАН:Наурыз бол Төв Азийн ард түмэн казах болон малчид, нүүдэлчдийн баяр

2021-03-23,   1229

НАУРЫЗЫН БАЯРЫГ ДЭЛХИЙ ДАЯАР 400 САЯ ХҮН ТЭМДЭГЛЭДЭГ           

        Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, эдийн засгийн ухааны доктор профессор Т.Султантай Наурызын баярын талаар ярилцлаа. Ард түмний дунд тархсан домгоор бол гуравдугаар сарын  21-ний шөнө ивээлт өвөө Кызыр даян дэлхийг хэсдэг хэмээдэг. Тийм учраас 21-ний шөнийг “Кызырын шөнө” гэдэг юм. Энэ нь монголчуудын цагаан өвгөн битүүний шөнөөр айл болгонд зочилдог гэдэгтэй утга нэг аж.

-Танд Наурызын баярын мэнд хүргэе. Наурызын баярыг хэчнээн хүн тэмдэглэж байна вэ?

         -Баярлалаа. Коронавируст халдвартай байгаа учир ахан дүүсээрээ цугларч, баяраа өргөн дэлгэр тэмдэглээгүй. Наурызын баяр бол хаврын баяр, Нарны баяр. Наурыз бол хаврын өдөр шөнө тэнцсэн өдөртэй давхцдагаараа онцлог. Наурыз гэдэг нь Иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг. Казах хэлэнд Наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог цаг үе. Наурызын баяр бол Төв Азийн ард түмэн Казах болон малчид, нүүдэлчдийн баяр.

           Наурызын баярын гол онцлог нь залуучууд ахмад настнууддаа золгох, ахмадууд хүүхдүүддээ сургаал, ерөөлийн үг айлддаг. Монголын ард түмэн казахуудын эл баярыг дэлхийн 50 гаруй улсын 400 сая хүн тэмдэглэдэг. Энэ баяр нь ганцхан өдөр болдог онцлогтой. Мөн архи, дарс ууж болохгүй, бэлэг авч, өгдөггүйгээрээ Цагаан сарын баяраас ялгаатай. 500-аад жилийн уламжлалтай тус баярыг Төв Ази, Зүүний Европ, Кавказ, Ойрхи дорнодын орнууд тэмдэглэдэг. Нэгдсэн үндэсний байгууллагын чуулганаар олон улсын хаврын баяр болгон тогтоосон. Нэгдсэн үндэсний байгууллага хүн төрөлхтний биет бус соёлын өв хэмээн хүлээн зөвшөөрч бүртгэж авсан. Ийнхүү өнөө цагт олон улсын шинжтэй болсон юм. 1986-1987 оноос сэргэж, өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон.

-Наурызын баяраар хүндлэн дээдлэх ёс жаяг олон байдаг байх. Хамгийн чухал ёс жаяг нь юу вэ?

        -Хамгийн чухал ёс бол ахмад настнаа хүндлэх юм. Хоёрдугаарт, бие сэтгэлээрээ ариусах. Наурызын баяраас өмнө өртэй бол өрөө төлж, гомдсон сэтгэлээ цагаатгаж, муу хорон санаа өвөртөлж яваа бол түүнийгээ гээх эвлэрлийн баяр. Бусад улс үндэстний баяраас ялгарах чухал онцлог нь архи дарсгүй тэмдэглэдэг.

Наурызын баяр бол хаврын баяр, Нарны баяр

-Баярын өдөр ямар тоглоомоор нааддаг вэ?

          -Айл бүр өөрсдийн боломжоороо идээ, будаа засдаг. Ингэний ундаа их уудаг. Мах, цагаан идээний дараа талх, боорцог, арвайн гурилыг хүндлэн дээдэлдэг. Үр тариа нь өсөн дэвжиж баяжихийн бэлгэдэл гэж үздэг. Залуучууд барилдана, ямаа, чонын арьс булаалдана, морьтой уралддаг, хөөцөлдөж наргидаг. Зургаан баганын тоглоом тоглодог. Бага насны хүүхдүүд шагай харвана, дуу дуулдаг.

-Цагаан сарын шинийн 1-ний өглөө хүмүүс өндөрлөг газраас мандаж буй нар харахаар ууланд гардаг. Наурызын баярын өглөө тус жаягийг дээдэлдэг үү?

         -Нэгэн шинэ өдөр эхэлж байна. Ургахын улаан нараа баясалтай угтаж, амны бэлгэтэй хүн энэ өдөр шинэ оны ургах апагийн (эмээ) шашугаас (хишиг) хишиг хүртэнэ. Ингэж хүртэхдээ апа хүн болгоны гарт өгөхгүй. Олон хүүхдийн дунд агаарт өргөдөг. Шашуд чихэр, боов, цагаан идээ багтана. Нэг ёсондоо аль түрүүлж авсан нь илүү амны хишигтэйд тооцогддог уламжлал бий. Мөн баяраар аксакалуудаа (өвгөд) хүндэтгэн, ах дүүс, хотол олноороо учран золгож ирэх жилийнхээ амжилт, ажил үйлс, хийж бүтээх зүйлсээ шүүж хэлэлцэн өтгөс нь залуустаа үг, сургаалаа айлдан үлдээдэг онцлогтой.

          Мөн бүх хүн анхны нар харж, наранд сүү өргөж хүндэтгэнэ. Гэрийн эзэгтэй нар гэрийнхээ тооныг сүүгээр мялааж, хаалганыхаа босгыг тосоор мялаадаг ёс ч бий. Баярын үеэр бүгд үндэсний хувцсаа өмссөн байх ба үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг амжилттай байхыг ерөөн хүсдэг. Эдгээр зан үйл нь монголчуудын Цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилхан бөгөөд хэдэн өдрийн өмнөөс бэлддэг.

 Бусад улс үндэстний баяраас ялгарах чухал онцлог нь архи дарсгүй тэмдэглэдэг.

-Та 78 настай. Таныг бага, залуу байхад Наурызын баярыг хэрхэн тэмдэглэдэг байв?

    -Миний бага нас 1940-1950-аад он. Тухайн үед эсэргүү гэж бүхнийг  хорьдог байсан. Бид айдас, хүйдэстэй цаг үед амьдарч байлаа шүү дээ.  1937 оноос хойш баяр, ёслол тэмдэглэх нь хориотой болсон. Харин 1937 оноос өмнө Казах ард түмэн хаврын баяраа тэмдэглэж байсан юм билээ. 1990 оноос хойш Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон юм даа.

-Казах ард түмний золгох зан үйл нь монголчуудтай ижил үү?

        -Үндэстнийхээ хэлээр мэндэлж, хүндэлдэг. Дээр үед монголчууд шиг ахмадуудынхаа гарыг дороос нь өргөж золгодоггүй байсан. Энгэрээ наалдуулж золгодог байв. Энгэр зөрүүлэхдээ алгаа хавсардаг ёсыг залуус төдийлөн сайн мэддэггүй. Харин одоо ахмад настай хүндээ үнсүүлж, мэндэлж, хүндэлдэг. Нарын баяраа угтаж ойролцоох булаг шандны эхийг сэргээж, эргэн тойрныг нь цэвэрлэнэ. 

         Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг. Түүнчлэн гэр орон, тавилга, эд хогшил, хувцас, хашаа хороо, гэрийн ойр орчныг цэвэрлэнэ. Учир нь, шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг билэгддэг учиртай юм. Мөн “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” гэж үзээд бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Энэ өдөр цас, бороо орвол “Тэнгэрийн хишиг орлоо” хэмээн билэгдэж, “Ирж буй жил сайхан жил болно” гэж баярладаг.

Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг


Т.СУЛТАН:Наурыз бол Төв Азийн ард түмэн казах болон малчид, нүүдэлчдийн баяр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-14 14:16:44
    Монголын нууц товчоо: Монголын нууц товчоог кирилл монгол хэлнээс Академич Цэрэнсодномын хөрвүүлгийг Заках хэлнээ буулгасан нь түүхэн ач холбогдолтой бүтээл болон хэвлэгдэн гарсанд талархал илэрхийлье. Зурагт уран зохиолын шинэ салбарын анхны бүтээл болжээ гэж эрдэмтэн судлаачид үзжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-23 12:22:20
    Настанд талархал илэрхийлье: www.kz.mongolhistory.org Монголын нууц товчоо зурагт бүтээлийг Казах хэл дээр гаргасанд талархал илэрхийлье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188