• Өнөөдөр 2024-05-16

Д.ЭРДЭНЭБААТАР: Эмэгтэй хүнд өгөх хамгийн том бэлэг бол чин сэтгэл

2021-03-08,   1076

Эмэгтэйчүүд бол нийгмийн уран барилгачид. Тэднийг энхрий ялдам цэцэгтэй зүйрлэх нь ч бий. Эмэгтэй хүнийг хайраар усалбал улам бүр гэрэлтсээр, дэлгэрсээр байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдолдуулан “Ариусахуйн ертөнц” сэтгэлзүйн эмнэлгийн сэтгэл засалч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа. Бид эмэгтэй хүнийг хэрхэн баярлуулах хийгээд, тэдний сэтгэлийг юу амар амгалан болгодог талаар цөөн хором ярилцсан юм.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Олон эр хүн хайртай дотны эмэгтэйчүүдээ баярлуулах гэж байгаа нь лавтай. Эмэгтэй хүн юунд илүү баярладаг вэ?

-Эмэгтэй хүн бүрт өөрийн үнэт зүйлтэй байдаг. Тэдний үнэт зүйлээр юунд дуртай вэ гэдгийг нь тодорхойлох боломжтой. Ихэнх эмэгтэй цэцгэнд дуртай. Гэхдээ материаллаг эмэгтэйчүүд цэцгэнд ач холбогдол өгдөггүй. Тэд цэцэгний оронд амьдралд хэрэгтэй зүйл өгсөн нь дээр гэж үздэг.  Энэ төрлийн эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл багатай, баярласан гэдгээ төдийлөн илэрхийлэхгүй үе ч байна. Тэдний ийм байдалд эрчүүд гомддог.

Сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмжтэй, урлаг хэв шинжийн эмэгтэйчүүд гоё хэлбэр, өнгө, дүрс, үнэр, амттай бэлгэнд ач холбогдол өгдөг. Энэ төрлийн эмэгтэйд цэцэг заавал өгөх хэрэгтэй. Урлагийн эмэгтэйчүүдэд тухайн урлагтай нь холбоотой зураг, хөгжим, хоол, үнэт эрдэнэ чухал байдаг. Гэхдээ үнэтэй биш гоё хийцтэй байх нь тэдний сэтгэлийг татдаг.

Хайртай эмэгтэйнхээ сэтгэлд хүртэл харилцаж чаддаггүй, хайрлаж, халамжилдаггүй бол хэчнээн үнэтэй, эд материаллаг бэлэг өгсөн ч сэтгэлд нь хүрэхгүй. Хүнд өгөх хамгийн том бэлэг бол чин сэтгэл байдаг. Ном унших дуртай, эмэгтэйчүүдэд ном бэлэглэх нь хамгийн тохиромжтой. Өөрийн ажил мэргэжил, сонирхолтой нь холбоотой бэлэг өгвөл илүү баярлана.

-Эрчүүд бэлэг сонгох, эмэгтэйчүүдийг баярлуулахдаа юунд дээр алддаг бол. Сэтгэл зүйч хүний хувьд энэ талаар дүгнэлт хийж байв уу?

-Эхнэр, найз охинтойгоо ярилцдаг залуус тэдний юунд дуртай вэ гэдгийг сайн мэддэг. Харамсалтай нь, эрчүүд эмэгтэйчүүдтэйгээ ярилцдаггүй. Эхнэртэйгээ олон жил ханилсан хэрнээ юунд дуртайг нь мэддэггүй эрэгтэй олон байдаг. Эхнэр, найз охиноо зохих хэмжээнд нь баярлуулж чаддаггүй учир тэднийг сэтгэл дундуур үлдээх аюултай.

-Та эрчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юү?

-Эхнэр, найз охиныхоо талаар ихийг мэдэх хэрэгтэй. Тэгэхийн тулд дээр хэлсэнчлэн сайн ярилцдаг байх ёстой. Ярилцсан зүйлээ мартдаггүй байх нь чухал. Зарим эрэгтэй тэр дороо мартчихдаг. Эмэгтэйчүүд нөхөртөө ямар нэг байдлаар өөрийнхөө юунд дуртайг ойлгуулах гэж хичээдэг. Харин эрчүүд  түүнийг нь анзаардаггүй. Цагаа тулахаар өөрт нь таалагдахгүй бэлэг өгдөг.

Эмэгтэйчүүдээс ямар бэлэг авах вэ гээд шууд асуучихвал тэд гомдчих магадлалтай. Цаашдаа эхнэр, найз охиноо ажиглаж, найзуудаас нь мэдээлэл цуглуулж болно.

-Аавууд охидоо яаж баярлуулбал тохиромжтой вэ?

-Охид бол дуртай зүйлээ шууд хэлдэг. Надад тийм юм авч өг гэж шаардан тулгадаг шүү дээ. Охидоо төдийлөн баярлуулдаггүй, тоомжиргүй аав нар байна. Хэчнээн тийм ч гэсэн хүүхдүүд нь баярын өдөр бэлэг горьддог шүү гэдгийг анхаарах хэрэгтэй  Охид бол аав нарын бурхан нь шүү дээ.

 


Д.ЭРДЭНЭБААТАР: Эмэгтэй хүнд өгөх хамгийн том бэлэг бол чин сэтгэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188