• Өнөөдөр 2024-04-27

Монголын хамгийн олон тэмээтэй А.БАТБУЯН: Хөндий дүүрэн бэлчих хүрэн улаан тэмээн сүргийнхээ захад амьдрах минь жаргал юм даа

2021-02-21,   1565

Захгүй холын зэрэглээ торолзож, таана, хөмүүл, буттай хөндий нь  бүлээхэн элчээрээ ээх говь нутагтаа мянга гаруй зандан хүрэн тэмээгээ хөндий дүүрэн бэлчээж явна, А.Батбуян гуай. Өдгөө 70 насны босго давсан хөх өвгөн тэнгэр баганадам сүрлэг хүрэн улаан атаа хөтлөөд тэмээн сүргийнхээ захад сэтгэл тэнүүхэн алхаж явах дуртай гэсэн. Олон жил нойртой нойргүй хонож, хөдөө хөхөрч, гадаа гандаж  явсныхаа үр шимийг хүртэж, хулгана жилийн Монгол Улсын хамгийн олон тэмээтэй айлаар тодорчээ. Өдгөө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн нутагтаа хаваржиж байгаа А.Батбуян хэмээх хөдөлмөрч малчинтай уншигч та бүхнийг уулзуулж, ийн ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу. Танай нутагт  хэр хавар болж байна вэ?

-Сайхан хаваржиж байна. Манай нутагт сүүлийн хоёр жил бороо ороогүй. Гантай байсан учир өвс муу ургаж, хүнд өвөл, хавар болж байна. Говийн аймгууд цутруухан, отор нүүдэл ихтэй байна даа.

-Аймаг, сумаас өвс, тэжээлээр дэмжлэг үзүүлж байна уу?

-Одоогоор чимээгүй л байна. Өвөл 300 мянган төгрөгийн хорголжин тэжээл, өвс, хивэг өгсөн.

-Танайх хулгана жилд Монгол Улсын хамгийн олон тэмээтэй айлаар шалгарсан байна. Танд болон танай гэр бүлийнхэнд баяр хүргэе. Та хэдэн онд айл гэр болж, тусдаа гарч байв. Тухайн үед хэдэн тэмээтэй байсан бэ?

-Би 1984 онд гэр бүл болж, эцэг, эхээс тусдаа гарсан. Тухайн үед нэгдлийн 200 орчим тэмээ малладаг байлаа. Хувьсгал гарч, 1991 оноос хувьдаа 200 гаруй тэмээтэй болсон. Энэ жил 1400 гаруй тэмээ тоолууллаа.

-Тэмээн сүргээ оторт явуулсан уу. Хаагуур идээшилж байгаа вэ?

-Манайх Мандал-Овоо сумаас баруун тийш  30-аад километрт байдаг. Өмнө нь эндээс баруун тийш нутагладаг байлаа. Харин сүүлийн 30 жил энд нутаглаж байгаа.  Тэмээгээ зун отроор явуулсан. Одоо манай байгаа газраас 20 орчим километрийн цаана бэлчиж байгаа.

-Тэмээг хэрхэн өсгөж, үржүүлбэл зохилтой вэ. Ган, зуданд хэр тэсвэртэй амьтан бэ?

-Тэмээг нутаг дагуулан малладаг. Хужирлаг, задгай устай газраар хариулж, ус, өвс, тэжээлийг нь тэнцүүлж байвал сайн. Зундаа таана, хөмүүлтэй тал хөндий газар ус барааддаг. Өвөл, хавар хоолой газраар тогтож идээшдэг. Өвөл цас шуурганд урууддаггүй. Тэнгэрийн муухайд нөмөр, нөөлөгтэй газар хураахад хэвтээд өгдөг, уруудах нь бага амьтан. Нэг нутагт дасгаж, нутагшуулбал маллагаа багатай. Тэмээ зуданд тэсвэртэй, төл нь амархан бойждог. Өсгөхөд амар байдаг. Манайх хүрэн тэмээний угшилтай.  

-Тэмээ маллахад ямар хүндрэл учирч байна вэ?

-Манай нутагт ус ховор. Энэ нь хүн, малд маш хэцүү байдаг. Мал хариулахад хүндрэлтэй болж байна.

-Танай суманд тэмээтэй олон айл бий юү?

-Манай суманд 300, 500 тэмээтэй айл олон бий.

-Тэмээ ноослох, ингэ саах, номхруулж унаж эдлэхэд хүч хөдөлмөр их шаарддаг байх. Танайх тэмээ хариулдаг малчинтай юу?

-Манайх малчингүй. Би зургаан хүүхэдтэй, бүгд тусдаа гарсан. Манайхтай ойролцоо нутагладаг юм. Тэд минь ирж тусалж, тэмээг минь хариулж өгдөг. Тэмээ ноослоход хүүхдүүд ирж тусална, хүн хөлсөлж ноослуулдаг.

-Ингэ хоёр жилд нэг удаа ботголдог. Танайх жилд хэчнээн төл авдаг вэ?

-Ингэ дөрөвдүгээр сараас эхэлж төллөдөг. Манайх 200 орчим ботго сүүлийн жилүүдэд бойжуулсан.

-Тэмээний ашиг шим их  байх. Түүхий эдээ хааш нь  яаж нийлүүлдэг вэ?

-Ноос, сүү хоёроос арвин шим хүртдэг. Малынхаа ноос, сүү, цагаан идээг аймаг, сумандаа нийлүүлдэг. Тэмээний ноос килограмм нь дунджаар 5000 төгрөгийн үнэтэй. Том тэмээнээс долоон килограмм ноос гардаг. Тором, ботгоноос хоёр килограмм гаруй ноос гарна. Нэг ингэнээс дунджаар 500 грамм сүү гардаг. Гэхдээ тухайн ингэний сүүтэй эсэхээс шалтгаална л даа. Ингэний сүүнээс  ааруул, аарц, хоормог, өрөм гаргаж авдаг. Үнээ, ямааны сүүнээс чанартай, тослог ихтэй байдаг. Хамгийн тансаг идээнд ордог шүү дээ. Өрөм нь сарлаг, үхрийнхийг арай гүйцэхгүй. Хоормогоо буцалгаж, өтгөрүүлээд аарц гарган авдаг юм. Түүнийгээ шүүж, шахаад ааруул  тавьж болдог.

-Танай аймаг, суманд цагаан идээний үнэ, хүртээмж ямар байдаг вэ?

-Сүүлийн үед цаг муу байгаа учир цагаан идээ ховор байна. Тэмээний сүү, хоормог өвөлдөө 6-7 мянган төгрөгийн үнэтэй. Сааль сүү элбэг, дэлгэр цагт хямдардаг.  

-Ингийг хэзээнээс сааж, цагаан идээгээ авдаг вэ?

-Мал ногоо идэхээр сааж эхэлдэг. Ерөнхийдөө тавдугаар сарын сүүлчээс саана. Ингэ хоёр жилд нэг удаа ботголдог болохоор жил гаруйн хугацаанд сааж болдог.

-Танайх бүх ингээ сааж, сүү цагаан идээгээ авч чаддаг уу?

-Хүүхэд, багачууд байнга байдаггүй болохоор бүгдийг нь сааж чаддаггүй юм. Номхон хэдхэн ингэ саадаг даа.

-Тэмээг унаж эдлэх, номхруулахад хэрхэн анхаарч байна вэ?

-Би өөрөө унаж эдэлж, номхруулж чадахгүй юм. Хүүхдүүд морь, тэмээ унахгүй, мотоциклиэр малдаа явдаг. Сүүлийн үед тэмээгээ номхруулж уналгад эдэлж чадахгүй байна. Хааяа барьж унадаг, номхон цөөн тэмээ бий.


Монголын хамгийн олон тэмээтэй А.БАТБУЯН: Хөндий дүүрэн бэлчих хүрэн улаан тэмээн сүргийнхээ захад амьдрах минь жаргал юм даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-18 18:26:22
    Сайхаан сайхан: Яасан сайхан юм бэ ээ. Буян нь дэлгэрэг ээ. Ийм эгэл жирийн хүмүүс орон нутгаар л буйдхан сайхан амьдарч байгаа даа. Тэднийг олж, нээж, хотожсон бидэнтэй уулзуулж байгаа нь сайхан хэрэг юм даа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188