• Өнөөдөр 2025-06-04

Б.ТҮВШИНБААТАР: МОД ТАРИХ НЬ ӨӨРИЙГӨӨ ШИНЭЭР ТАНИХ БОЛОМЖ ГЭЖ БОДДОГ

2025-06-03,   707

Цар тахлын үед зуслангийн хашаа авч, анхны модоо суулгаж байсан  тэрбээр таван жилийн дараа 40-50 төрлийн 500 гаруй мод тарьж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг өөрийн гараар бий болгожээ. Ногоон орчноо хэрхэн бүтээсэн талаар Б.Түвшинбаатартай ярилцлаа.
 

-Та мод тарьж эхэлсэн тухайгаа бидэнтэй хуваалцахгүй юу. Таныг мод тарихад юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

   -Сайн байна уу. Би 2020 оны зун, цар тахал ид дэгдэж байх үед мод тарьж эхэлсэн. Тухайн үед гэр бүлээрээ Өлзийт хороололд зуслангийн хашаа аваад, амралтын өдрүүдээр цэвэр агаарт гарч, хотын дуу чимээ, стрессээс хол амьдрахыг хүссэн. Тэгээд л нялх мод худалдаж аваад тарьж үзсэн. Мод тарихыг нэгэн төрлийн хобби гэж боддог байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь миний амьдралын нэг хэсэг болсон.

-Та ямар төрлийн мод тарьж эхэлсэн бэ?

   -Миний хувьд аль болох төрөл бүрийн мод туршиж үзэхийг хичээдэг. Одоогоор навчит болон шилмүүст төрлийн 40-50 орчим мод тарьсан. Үүнд улиас, шинэс, гацуур, бургас, хайлаас гээд шилмүүст моднууд багтдаг бол интоор, үхрийн нүд, нэрс, чацаргана зэрэг жимсний мод ч мөн бий. Эдгээр мод тус бүр нь ургах нөхцөл, арчилгааны онцлогоороо ялгаатай тул туршлага хуримтлуулж, аль нь тухайн хөрсөнд илүү тохиромжтойг мэддэг болсон.

 

 

-Мод болгон өөр өөр арчилгаа шаарддаг шүү дээ. Та модоо хэрхэн арчилдаг вэ?

    -Маш их зүйлийг сурсан. Жишээ нь, жимсний моднууд анхны жилүүддээ сайхан ургаж байгаа хэрнээ жимс өгөхдөө тааруу байдаг. Гэхдээ модоо хэр их анхаарч, усалж, бордож байгаагаас ургац хамаардаг. Улиас, бургас зарим мод мөчрөөсөө өөрөө ургаад, бараг арчилгаа шаарддаггүй бол интоор, нэрс зэрэг жимсний мод их эмзэг, арчилгаа их шаарддаг юм. Тиймээс мод тарих нь зөвхөн тарьчхаад мартчих зүйл биш, өдөр бүр харж, хайрлаж, ажиглах хэрэгтэй гэдгийг ойлгосон.
-Эхний жилүүдэд зарим мод ургахгүй байх тохиолдол гардаг шүү дээ. Тэр үед сэтгэлээр унаж байв уу?

   -Зарим мод эхэндээ ургахгүй үхэх тохиолдол гардаг. Жижиг суулгац буюу үрээр тарьж байхад ургах магадлал их. Харин шилжүүлэн суулгасан, том болсон моднууд илүү арчилгаа, бордоо шаарддаг. Тиймээс ойрын жилүүдэд туршлагажаад, ямар мод хэр арчилгаа шаарддаг, хөрсний онцлог ямар нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгож эхэлсэн. Таван жилийн хугацаанд эрсдэл багатай олон мод тарьж чадсандаа баяртай байна.

-Мод тарьж эхэлснээр таны амьдралын хандлага өөрчлөгддөг үү?

   - Би өмнө нь ажилдаа дарагдчихсан ажлынхаа доороос гарч чадахгүй байсан. Гэтэл мод тарьж эхэлснээр тэвчээртэй болох хэрэгтэйг ойлгосон. Мод ургах үйл явц маш удаан, чимээгүй боловч үр дүнтэй. Энэ нь хүний сэтгэл зүйг тайвшруулдаг. Тухайн мөчид үр дүн харагдахгүй ч, удаан хугацаанд үнэнчээр арчлаад ирэхээр ургадаг нь үнэхээр сайхан санагддаг. Анх ганцаараа мод тарьж байсан бол одоо гэр бүлээрээ мод тарьдаг болсон. Гэр бүлийнхэн минь маш сайн дэмждэг. Эхнэр маань услах, бордох ажилд оролцдог. Хүүхдүүд минь ч гэсэн хашаагаа тойроод моднууддаа нэр өгөөд, усалдаг нь сайхан санагддаг.

-Та мод тарих соёлд суралцаж байгаа байх. Залуучууддаа юуг уриалмаар байна вэ?

   -Сүүлийн жилүүдэд мод тарих соёл тодорхой хэмжээнд хөгжиж байгаа. Байгаль орчны асуудал, утаа, цөлжилтийн талаар хүмүүс мэддэг болж байгаа ч тухайн хүн мод тарихдаа зөвхөн нэг удаа тарьчхаад мартдаг байдал их бий. Харин үнэн хэрэгтээ мод тарих гэдэг бол өдөр бүрийн арчилгаа, хариуцлага байдаг. Тиймээс иргэдийн сэтгэлгээ, хандлага өөрчлөгдөх нь хамгийн чухал юм шиг санагддаг. Мод тарих нь зүгээр нэг ажил биш, харин өөрийгөө шинээр таних арга зам гэж би боддог. Мод ургахтай зэрэгцээд хүн өөрөө тэвчээр, хүлээлт, зүтгэлийг ойлгож эхэлдэг. Нэг мод тарихаар чи тэр газар луугаа дахин дахин очиж, усалж, харж, холбогдож эхэлдэг. Тэгээд тэр газар чиний амьдралын нэг хэсэг болдог. Тиймээс би залууст хэлэхэд нэг мод тарь. Тэр чинь чиний ирээдүйн эхлэл байх болно.

-Би таныг бүр ч олон мод тарих зорилготой байх гэж бодож байна?

    -Цаашдаа мод тарих ажлаа үргэлжлүүлж, жижиг ч гэсэн ой шиг ногоон талбайтай болохыг хүсдэг. Тэр газарт миний ургуулсан моднууд, нэр өгсөн бутнууд маань байх юм. Бас хүүхдүүд маань тэр газраа өвлөөд, мод бүрийн түүхийг мэддэг байгаасай гэж боддог. Хүн төрөлхтөн ойтойгоо, байгалиа хайрлаж байж л цааш оршино тогтнох болов уу гэж боддог.

-Баярлалаа


Б.ТҮВШИНБААТАР: МОД ТАРИХ НЬ ӨӨРИЙГӨӨ ШИНЭЭР ТАНИХ БОЛОМЖ ГЭЖ БОДДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188