• Өнөөдөр 2024-05-06

ЧОНОТОЙ ТУЛАЛДСАН ЭМЭГТЭЙ Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ: ЦУСТАЙ ГАРААРАА ХООЛОЙГ НЬ БООЖ, ХОНШООР PУУ НЬ ЧУЛУУГААР ЦОХИЖ АМЬД ГАРЛАА

2023-10-09,   9239

-ЧОНЫГ БООЧИХМООР САНАГДААД ХҮЗҮҮН ДЭХ САХИУСАА ХҮРТЭЛ ТАСДАЖ АВСАН-

    Говь-Алтай аймгийн Алтай сумын хоёрдугаар багийн малчин эмэгтэй энэ сарын 2-ны үүрээр хотолсон хонио эргэж байхдаа чононд хазуулж, өөрийгөө хамгаалахын тулд чонотой ноцолдож, хөнөөсөн байдаг. Эрэмгий зориг гаргаж өөрийгөө хамгаалсан Б.Түмэндэмбэрэлтэй тухайн үед юу болсон талаар ярилцлаа.

-Таны шарх эдгэрч байна уу. Эмчилгээгээ хаана хийлгэж байгаа вэ?

    -Миний бие дажгүй болж байна. Гарын 10 хуруу, хоёр бугуй минь нэлээд шарх сорвитой болсон. Ялангуяа баруу гарын бугуйнд чонын соёо гүн орсон учир цус ихээр алдаж, өвдсөн. Харин яаралтай анхан шатны тусламж үйлчилгээ авч, эмнэлэгт хүргэгдсэн болохоор одоогоор өвдөлт нь багассан. Сумынхаа эмнэлэгт нэг хоноод, аймгийнхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, үрэвсэл намдаах эм, тариа хэрэглэж, боолтоо солиулж байгаа. “Шархаа хурдан эдгээчих юм сан” гээд гэр рүүгээ л их яарч байна даа.

-Тухайн шөнө чухам юу болсон талаар та ярьж өгөөч?

    -Манайх хэд хэдэн нохойтой. Гэтэл тэр шөнө 04:00 цагийн үед нохойнууд минь боргож, хуцаад сүйд болсон. Нохойны дуунаар гартал голын хойд талд хэвтэрт нь хураачихсан байсан хонь үргээд уул руу гарчихсан, нохойнууд тал талд нь гарчихсан байсан. Хонио эргүүлж, тогтоогоод гэр рүүгээ явж байтал хашаатай байсан саалийн ямаа хэд хэдээрээ өөдөөс үргэсэн байдалтай гарч ирсэн. Тэднийг хорьж, хашаа руу нь туух гэтэл үргээд дийлдээгүй. Тэгэхээр нь хашаатай ямаан дээрээ очтол ихэнх нь хашаанаасаа гарчихсан байсан. Тэгээд хашаа руу өнгийх гэтэл өөдөөс чоно харайж, гарч ирээд баруун гарнаас зуучихсан.

Чонотой тэгж халз таарсан болохоор зугтаж чадаагүй. Амьд үлдэхийн тулд байж болох бүхнийг хийсэн. Чоныг баруун гараас зуураад авангуут нь зүүн гараараа цохиж унагасан, дээрээс нь өвдөглөж байгаад хазуулсан, цустай гараараа хоолойг нь шахсан. Чоныг муужрах аядаад муухай дуугараад байхаар нь аманд нь томоохон чулуу зуулгачихсан. Тэр үед би тайвширч, хоолойг нь боочихмоор санагдаад байхаар нь хүзүүндээ байсан сахиусаа тасдсан ч хүрээгүй. Арга ядсандаа л тэгсэн хэрэг шүү дээ. Тэгэхээр нь өвгөдийн хэлээд байдаг “Чоно сарьсан хоншоортоо эмзэг байдаг гэсэн” гэх үг санаанд орж, дахин чулуу аваад хоншоор руу нь хэд хэд цохьсон. Гэсэн ч түүнийг үхсэн гэдэгт итгэж чадахгүй “Чоно долоон голтой байдаг" гэж бодоод дээр нь хэсэг өвдөглөж байгаад амьсгал хураачихсан юм шиг байхаар нь эмч дуудахаар гэр рүүгээ гүйсэн.

-Хашааны ойролцоо чулуу байгаагүй бол хэцүүдэх байжээ?

   -Харин тийм ээ, чулуу ихтэй байсан тулдаа би амьд гарсан. Чулуугүй бол яаж ч чадахааргүй юм билээ. Гэр рүү гүйж байхад хазуулсан гар их өвдөж, тасрах гэж байгаа юм шиг санагдаж байлаа. 

-Та чонотой тааралдаж, өөрийгөө хамгаалж байхдаа айж, сандарсан уу?

   -Би ер нь тайван хүн. Тэр үед айсан ч гэлээ эргээд бодоход их тайван байсан юм шиг санагдаж байна. Хэрэв айж, сандараад зугтсан бол чонын хоол болох байсан биз. Эсвэл хүн харахын аргагүй шархтай үлдэх байсан байх. Залуу чоно хэдэн хэсэг болгоод л хаячихна шүү дээ. Чононд хазуулж байх үеийн тэр мэдрэмж одоо ч арилаагүй байна. Соёо нь гарт шигдэж байсан нь ямар аймар байсан гэж санана. Шар, шар хийтэл хазахаар нь намайг гаргүй болгочихлоо гэж бодсон. Би зарим явдлаа огт санахгүй байгаа. Гадуур хувцсаа хүртэл тайлчихсан байна лээ. Хэзээ нь яаж тайлснаа огт санахгүй байгаа. Бас сахиусаа хаячихсан юм шиг байна лээ. Ер нь гэр рүүгээ явж байхдаа нөгөө чоныг араас давхиад ирэх вий гэж ихэд айж байсан. Бараг чонотой ноцолдож байх үеийнхээсээ илүү айсан. Байн, байн эргэж харж, гүйсээр байгаад гэртээ ирсэн. Сартай шөнө байсан тулдаа арай л бүдэрч уначихаагүй.

-Та тэр шөнө ганцаараа байсан юм уу?

    -Өмнөх өдөр нь цас орж, шуурсан юм. Нөхөр маань үхэртээ явчихсан эзэнгүй байсан. Харин манайд нялх хүүхэдтэй нөхрийн маань хамаатан байсан. Манайх малын хашаанаасаа хол болохоор миний орилж, хашхирахыг сонсоогүй гэсэн. Уг нь би түүнийг туслах байх гэж бодсондоо хамаг чангаараа хашхирсан юм.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Та мал маллаад удаж байна уу?

   -Би 51 настай. Хоёр хүүхэд минь оюутан болохоор хотод амьдардаг. Би насаараа мал маллаж байна. Өдий наслахдаа чонотой ноцолдож, амьд үлдэнэ гэж бодож байсангүй. Таньж, мэддэг хүмүүс намайг чонотой тулалдаж, хөнөөсөн гэхээр ихэд гайхаж, “Ёстой л ус уух хувьтай байжээ” гэцгээж байна. Тэднээс илүү хүүхдүүд минь намайг энэ зэргийн шархтай амьд үлдсэнд баярлаж байгаа ч цаашид болгоомжтой байхыг ахин дахин анхааруулж, захиад байгаа.

-Энэ жил танай нутгаар чоно элбэг байна уу. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд ямар арга хэмжээ авахаар ажиллаж байгаа вэ?

   -Энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү чонотой байна. Нэг айлын 10-аад ботгыг чоно идчихсэн сураг гарсан. Бас айлын хоттой хонь руу дайрдаг асуудал жил бүр л гардаг. Өмнө нь ч манай хоттой хонь руу чоно орж байсан. Гэхдээ чонотой тулалдвал яах вэ гэж төсөөлөх нь битгий хэл бодож ч байсангүй. Бас л эвгүй байдаг юм билээ. Орон нутгийн зүгээс ямар арга хэмжээ авахыг нь мэдээгүй байна. Мал гэлтгүй хүний аминд ч хүрч мэдэхээр байгаа учир ямар нэгэн арга хэмжээ аваасай гэж хүсэж байна.

-Мал эмнэлэгийн байгууллагынхан чоноос шинжилгээ авсан уу?

    -Галзуу чоно байж магадгүй гээд чонын сэгээс шинжилгээ авсан. Удахгүй хариу нь гарна гэсэн. Надад урьдчилан сэргийлэх вакцин хийж байгаа.

-За, та хурдан эдгээрэй.

   -Баярлалаа. 


ЧОНОТОЙ ТУЛАЛДСАН ЭМЭГТЭЙ Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ: ЦУСТАЙ ГАРААРАА ХООЛОЙГ НЬ БООЖ, ХОНШООР PУУ НЬ ЧУЛУУГААР ЦОХИЖ АМЬД ГАРЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-17 10:57:59
    цу: настай хүний хэлсэн нэг үг амнд орсон байна ЧОНО хоншоортоо эмзэг гэж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-16 19:56:49
    Иргэн: Чоно гэдэг амьтан чинь шүдлэн байдасны тэнхээтэй л араатан шүү дээ. Тэгэхээр түүнийг алсан энэ хүүхэн боохой данзан арслангаас дутахгүй бяр тэнхээтэй юм байна. Тэгэхээр монголын хоёр дахь боохой түмэндэмбэрэл гэсэн нэр алдрыг хүртэх нь дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-12 15:18:42
    Зочин: Амьтанд хазуулаад хийлгэх тариа хөдөө орон нутагт байдаггүй тал дээр зохих байгууллага анхаармаар байна. Хөвсгөл аймгийн Мөрөнгийн эмнэлэгт байгаагүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-10 21:41:27
    Чонохүү: Одоо хамаг чоно хядаад дуусгах нь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-10 16:22:59
    x: vaktsinaa sain hiilgeerei zerleg amitnii hazuulsan sorvi olon jiliin daraa zuulun ediin havdar uusgeh magadlal undur gedgiig sanaj ,hazuulsan gazriin sorvio sain ajiglaj bhad iluudehgui bh shuu.Zorigt emegteid eruul enhiig husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-09 22:01:03
    Зочин: Чоно бол малын дайсан хайр зарлаад байлгүй устгах л хэрэгтэй,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-09 12:26:49
    9999: дүрэм журмаа өөрчлөөч чоноо устгая хаа сайгүй чоно ,,,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-09 09:04:09
    Халх: Чулуутай газар гэрээ барь гэж үнэн үг юмаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-09 08:56:54
    irgen: pooh, bayar hurgey, mundag busgui bna. manai mgl emegteichuud iim huchirheg, oortoo itgeltei shuu. chono tsohij ******** gdg sonin tohioldol bna.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188