• Өнөөдөр 2024-05-02

Д.ЭНХ-УЛИРАЛ: Аав минь цэргүүдээ жагсаагаад “Охиндоо Энх-Улирал гэж нэр өглөө ” хэмээн баяраа хуваалцахад цэргүүд нь “Бид ч анхны хүүхдээ Энх-Улирал хэмээн нэрлэнэ” гээд тарцгаасан гэдэг

2024-03-08,   7936

         Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Доржпалам гуай цэрэгт байхдаа жагсаалын дарга байжээ. Түүнийг цэргүүдтэйгээ найрсаг харилцаатай, цэргийн ангидаа хамгийн үлгэр жишээ салаа төрүүлсэн гэцгээдэг. Салааны цэргүүд нь ч түүнийг хүндэлж, хайрладаг байж. Түүнчлэн цэргүүд нь даргынхаа дуулах дуртай “Энх улирал” дууг байнга сонсож, дуулаад зогсохгүй салааныхаа нэрийн хуудас болгосон сайхан түүхтэй.1978 оны дөрөвдүгээр сарын нэгэн сайхан өдөр Б.Доржпаламынх ууган охиноо өлгийдөн авч, түүндээ сонсох дуртай дууныхаа нэр болох Энх-Улирал хэмээх нэрийг хайрласан байдаг. Тиймээс бид дээрх түүхийн эзэн болсон яруу найрагч Б.Доржпалам гуайн охин Энх-Улиралтай уулзаж, эрхэм хүндтэй нэрнийх нь тухай болон аавынх нь тухай дурсамж хуучилсан юм. Тэрбээр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлийн ажилтнаар 12 дахь жилээ ажиллаж байна.

-БУЯНТАЙ ААВ, САЙХАН НЭРНИЙХЭЭ АЧААР ӨӨРИЙГӨӨ САЙН ЯВАА ГЭЖ БОДДОГ-

-Аав нь танд сонсох дуртай, тухайн цаг үеийн хамгийн алдартай дуучин П.Адарсүрэнгийн дуулсан “Энх-Улирал” хэмээх дууны нэрийг өгсөн юм билээ. Та дээрх дурсамжийн тухай ааваасаа асууж байв уу?

          -Би 1978 оны дөрөвдүгээр сарын 21-нд Өмнөговь аймгийн Номгон сумын Жаал шанд гэх заставт мэндэлсэн юм билээ. Намайг мэндлэхэд аав минь их баярлаж, хаврын урь орсныг билэгдэж, тухайн үед “од” болж байсан дуучин П.Адарсүрэнгийн дуулсан “Энх улирал” дууг бодож, Энх-Улирал гэх нэр өгсөн гэж ярьдаг байлаа. Тухайн үед аав “Би энэ сайхан хаврын өдөр охинтой боллоо. Охиндоо Энх-Улирал хэмээх нэр хайрласан. Болно, тарцгаа” хэмээн цэргүүдтэйгээ баяр, жаргалаа хуваалцсан түүхтэй гэдэг. Гэтэл цэргүүдийнх нь сэтгэл хөдөлж, “Ямар сайхан юм бэ. Бүгдээрээ дарга шигээ анхны хүүхдээ охин ч бай, хүү ч бай Энх-Улирал гэж нэрлэнэ шүү” хэмээн тохиролцоод тарцгаасан нь бүр ч гоё. Тэр жилийн цэргүүд халагдахдаа аавд “Бид цэрэгт байсан сайхан үеэ хэзээ ч мартахгүй. Таныг ч мөн мартахгүй. Бид анхныхаа хүүхдийг эрэгтэй, эмэгтэй аль нь ч байсан Энх-Улирал гэж нэр хайрлахаар тохирсон” хэмээгээд нутаг нутгийн зүг халагдан одсон байдаг. Ингээд тус салааны 30 гаруй цэрэг даргадаа, бие биедээ хэлсэн амлалтдаа хүрч, “Энх-Улирал” дууны нэрийг буюу миний нэрийг тус салааны 30 цэргийн 30 хүүхэд авсан түүхтэй юм билээ. Тухайн үед цэргүүд гурван жил цэргийн алба хаадаг байсан. Намайг уйлахаар ээжийгээ, дүүгээ, гэрийнхнийгээ санасан цэргүүд гэртээ очсон юм шиг баярладаг, манайд мод, ус дөхүүлж өгөх дуртай байсан гэдэг. Тийм учраас Жаал шандын заставаас 30 гаруй Энх-Улирал мэндэлсэн нь санаандгүй учрал биш ээ.

-Та Энх-Улирал нэртэй хүнтэй таарч байсан уу?

        -Манай эмнэлгээр надтай адил нэртэй хүн үйлчлүүлж байсан. Түүнээс би “Танай аав Өмнөговь аймгийн Номгон сумын заставт алба хааж байсан уу” гэтэл “Тийм” гэхэд нь их баярлаж байж билээ. Бас Орхон аймагт, Дундговь аймгийн Адаацаг суманд Энх-Улирал нэртэй хүн байдаг гэж сонссон. Би буянтай аав, сайхан нэрнийхээ ачаар өөрийгөө сайн яваа гэж боддог. Нэрийг минь сонссон хүн барагтай бол мартдаггүй, бүр нэрийг минь сонирхож “Чамд яагаад Энх-Улирал гэж нэр өгсөн юм бэ” гэж асуудаг. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг дарга “Энх-Улирал гэх  нэртэй хүмүүсийг цуглуулж, уулзуулах юм сан. Сонин байх даа” гэж ярьдаг.

-Аав нь танд зориулж “Алив, Энх-Улирал” хэмээх шүлэг бичсэн байдаг. Та энэ шүлгийн мөртөөс уншигчдад сонирхуулж болох уу?

      -Хаана байна? Энх-Улирал гэж

     Хайртай охиноосоо би асуулаа

    Энх-Улирал энгэр дээр чинь ургаж байна гэж

   Энхрий охин минь мишээлээ

   Алив, Энх-Улирал хаана байна гэж

   Ачит эх нь бас асуулаа

   Алган дээр чинь би дэлбээлж байна гэж

   Алагхан үр минь инээлээ” гэх дөрвөн бадаг шүлэг байдаг. Намайг дөрвөн сартай байхад бичсэн юм билээ. Өнгөрсөн жил аавынхаа 70 насны ойд зориулж, “Би ирж яваа юм” хэмээх номыг нь хэвлүүлж, нутагт нь яруу найргийн наадам зохиож, дууны шүлэгтэй хөшөөг нь сүндэрлүүлсэн.

-Таны аавыг “Энх-Улирал” дуунд дуртай байсан гэхээр сайхан дуулдаг хүн байсан юм болов уу. Та энэ тухай ярьж өгөөч?

          -Аавын минь өвөө Эгнэн гэж хүн их сайхан дуулдаг байсан гэсэн. Тавдугаар Богдыг Монголд авчрахад өвөөг минь урьж, дуулуулж байсан гэдэг. Манайхны дууны удам ааваас хойш тасарсан байж магад. Аав минь дуунд дуртай боловч бидний ярьдагаар солгой хоолойтой хүн байсан. Ямар сайндаа л аавд минь эгч нь “Миний дүү эхнэртэй болохоороо гурван жил битгий дуулаарай” гэж хошигнож байсан гэдэг. Гэхдээ дуулж чаддаггүй байсан ч сэтгэлээ, дуулах хүслээ яруу найргаар илэрхийлдэг байсан болов уу гэж боддог.

-Таны аавыг Хилийн цэрэгт байхдаа сор бүтээлүүдээ туурвиж байсан гэж сонссон. Аавынхаа сор бүтээлүүдээс та алийг нь онцолж ярих дуртай вэ?

        -Аав минь Хилийн цэргийн дуу бүжгийн ансамбльд ажиллаж байхдаа сор бүтээлүүдээ бичиж, туурвисан нь үнэн. Аав тэнд ажиллаж байхдаа 60-70 дууны үг бичсэн байдаг. Тэднээс “Цэрэг чамдаа хайртай”, “Ханан сүлжээн нэхээс” зэрэг дууны шүлгийг нь онцолмоор санагдаж байна. Аав дуунд дуртай байсан болохоор сонсоход эгшиглэнтэй дууны үг бичдэг байсан болов уу. Аав минь “Морин өртөө” хэмээх номоо үзэж чадаагүй ч гэлээ номоо “Алив, Энх-Улирал” хэмээх надад зориулсан шүлгээрээ эхлүүлээд, үлдээсэн байдаг.

-“Энх-Улирал” дууг мэддэггүй хүн ховор байх. Танай гэрийнхэнд энэ  дуутай холбоотой хөгжилтэй яриа гарч байсан уу?

       -“Энх-Улирал” хэмээх дуу өнөөдрийг хүртэл мартагдаагүй хит болсоор байна. Жил бүрийн хавар монголчуудын сонсох дуртай дууны нэг бол яах аргагүй “Энх-Улирал” хэмээх дуу. Тэр дуу хаана ч явж байсан гэрийнхэн минь “Чангал, чангал” гээд дуртай сонсдог. Би нөхөртөө “Надад дурласан залуу “Энх-Улирал” хэмээх дууг миний нэрээр нэрлэж, надад зориулсан юм” гэхээр тэр их инээдэг. Охин минь “Ээжийн дуу явж байна” гээд сонсох дуртай. Анх надаас “Ээжийн минь нэртэй дуу байдаг юм байна шүү дээ. Та их азтай юм аа. Өвөө зохиолч байсны буян байх, тийм ээ” гэж асууж байсан. Хүүхэд хүртэл ээжийнхээ нэртэй дуу байгааг мэдээд баярладаг, догдолдог юм билээ.

-Танайх хилийн заставт хэдэн жил амьдарсан бэ?

      -Намайг нэг настай байхад манайх хотод шилжиж ирсэн юм билээ. Тэр үед аав минь цэргийн хүн байсан болохоор Амгаланд хуваарилагдсан гэсэн. Би аав, ээжийнхээ ууган охин нь болохоор их нандигнадаг байсан гэдэг. Номгоны заставт байхад гэрийн ойролцоох жалганд намайг арчиж, угааж байсан хөвөнг хаядаг байж л дээ. Манайхыг тэндээс нүүхэд тэр жалга цас орж гэмээр цагаан болчихсон байсан гэдэг. Ээж минь архивч мэргэжилтэй. Заставт байхдаа тогооч, галч гээд түргэн тусламжийн арга хэмжээ хүртэл авдаг байсан гэдэг. Тухайлбал, тэр үед заставын бэлтгэл ямар байгааг шалгахын тулд цэргийн даргын эхнэрүүдээр буудуулж үздэг байсан гэдэг. Намайг ээжийнхээ гэдсэнд байхад хүртэл элс ухуулж байгаад буудуулж шалгалт авч байсан гэдэг юм.

-Таны дүүг хэн гэдэг вэ?

      -Дүүд аав минь Энх-Амгалан гэж нэр өгсөн. Дүүг “Энх амгалан хаан шиг тайван дөлгөөн, олон хүүхэдтэй, элбэг, дэлбэг, буянтай хүн болоосой” хэмээн бэлгэшээж ийм нэр өгсөн гэдэг. Аавын минь ерөөлөөр дүү минь гурван сайхан хүүтэй, сайхан амьдарч байгаа.

-Та аавынхаа ямар зан чанараар бахархаж, эрхэмлэж, дуурайхыг хүсдэг вэ?

       -Аав найман настайдаа өнчирч, өвөөтэйгөө өссөн юм билээ. Тийм болохоор аав минь аливаа зүйлд үнэн, сэтгэлээсээ ханддаг, бусдад худал хэлж болохгүй гэж бидэнд байнга захидаг, олонтойгоо хүн байсан. Олон ч хүнийг ажилтай, сургуультай болгосон гэж хүмүүс ярьдаг юм.  Аав зориод ирсэн хүнд “Үгүй” гэж чаддаггүй тийм л  тэнүүн сэтгэлтэй, бусдаар хүрээлүүлж чаддаг хүн байлаа. Харин бусдад үнэнийг нь хэлчихдэг болохоор ахмад цолтойгоо тэтгэвэрт гарсан даа. Аавын “Би хүнд буруу, зөв аль нь ч байсан үнэнийг нь хэлчихдэг байсан болохоор цол ахиагүй юм” гэж ярьдаг байсныг нь санаж байна.

-Таны аав хэдэн онд “Болор цом”-ын эзэн болсон бэ?

       -Аав 1995 онд “Би ирж яваа юм” шүлгээрээ “Болор цом”  авч байлаа. Аав минь 46 настайдаа бурхан болсон. Говь-Угтаалын наадам болоход аавын минь “Говь-Угтаалын наадам” хэмээх шүлгийг нутгийнхан нь хэдэн өдөр уншдаг байсан нь өдгөө ч хэвээрээ. Тэр шүлгийг нь сонсохоор говийн наадам ийм л байдаг болов уу гэмээр цаанаа л нэг сайхан.

-Таныг бага байхад хүүхдүүд нэрийг нь их сонирхдог байв уу?

      -Хүүхдүүд их гайхдаг байсан. “Чамд яагаад Энх-Улирал гэдэг нэр өгсөн юм бол. Хаврын улирал, Өвлийн улирал, Зуны улирал, Таван улирал гэж нэр өгөхгүй яасан юм бол” гэцгээдэг байлаа. Тэгэхээр нь би “Та нарыг гэртээ тоглож байхад чинь би аавтайгаа хил манаж байлаа”, “Хилчин охин байсан шүү” гэж томордог байсан. Би төрсөн нутагтаа очиж үзээгүй. Үзэсгэлэнтэй газар байдаг тухай сонсож, багынхаа зургуудаас хардаг. Номгон сумын 80 жилийн ойгоор намайг урьсан боловч тухайн үед нялх хүүхэдтэй байсан болохоор очиж чадаагүй юм. Аав минь миний багын зургуудыг сайхан хадгалсан байдаг юм. 

“ЭНХ УЛИРАЛ” ДУУНЫ АЯ БОЛГАРТ “ТӨРЖЭЭ”

         Ид “Энх улирал” дууны шүлгийг бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч асан Д.Цэдэв гуайтай тус дууг хэрхэн бүтсэн талаар 2021 онд ярилцаж байв. Тухайн үед Д.Цэдэв гуай Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн ном, зохиолуудыг ширээнийхээ ном хэмээн онцолж байсан. Тэрээр залуудаа Д.Нацагдоржийн зохиолыг уншаад зогсохгүй уран үгсийн сувд, танаас нь шүүрдэж найраг, зохиолдоо шигтгээ болгохыг эрмэлздэг байжээ. Тэрээр Д.Нацагдоржийн “Хавар” шүлгийн “Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр” хэмээх мөр шинэ бүтээл бүтээх санааны үрийг “суулгасан” хэмээн ярьсан. Тус хэллэгээс “Энх улирал” хэмээх үгийг хэдэнтээ давтахад урин цагийн аяс ханхлах нь эргэлзээгүй гэж бодсон гэдэг. Мөн Д.Нацагдоржийн “Өргүй бол баян, өвчингүй бол жаргалан” шүлгийн

“Залуу бие эрүүл бол

Өдөр бүр амгалан

Нэгэн өдрийн амгалан

Мянган жаргалын үүд”

хэмээх бадаг дотроос “Мянган жаргалын үүд” гэсэн мөрийг “Энх улирал”-тай холбон бодож, утга авцалдаатай болохыг олсон түүхтэй гэсэн. Үүнээс ургуулан шүлгийн мөртүүдээ Монголын хөдөө нутгийн зураглал, малчин хүний сэтгэлгээ, түүний сэтгэлийн догдлолын хэмнэлээр шингээхийг эрмэлзсэн аж. Харин тус дууны аяыг хөгжмийн зохиолч Г.Чойжилжав бичжээ. Тэрээр “Дууны шүлгээс нэг бадгийг нь цээжилчихэд хэзээ, хаана ч ая зохиоход амар байдаг. Энэ миний бусад хөгжмийн зохиолчоос ялгарах онцлог” хэмээн ярьсан байдаг. Ингээд хөгжмийн зохиолч Г.Чойжилжав гуай Болгарт цайны цагаар өрөөндөө сууж байхдаа “Энх улирал” дууны

Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ

Энх улирал мянган жаргалын үүд ээ хө” хэмээх дууны дахилтаас эхэлж, ая нь орж ирсэн гэж хожим үеийн нөхөд болон яруу найрагч, шүлгийн эзэн Д.Цэдэв гуайд хэлсэн юм билээ. Тухайн үед Д.Цэдэв гуай “Энх улирал” дуу бүтсэн түүхийн талаар бидэнд хуучлахдаа,

“Саалийн хувин дүүрээд

Саасан сүү мэлтэлзэх

Саасан сүүний арвинд бахдаа юм уу

Сайн ханийн сэтгэл баясах”

энэ ая сайвар морины хөнгөн алхаа, гишгээ дунд дуулж яваа юм шиг сэтгэлд буусан юм. Би хүний нутаг, гүний газар яваа ч гэсэн сэтгэл санаа, цээжинд байгаа шүлэг ч эх нутгийн улирал, амьдрал ахуйтай холбоотой байснаас л “Энх улирал” дууны ая Болгарт төрсөн болов уу. Энх улирал бол миний ямар ч дууг дуурайгаагүй өвөрмөц дуу. Тэр дундаа гадаад оронд мэндэлсэн монгол дуу байлаа” хэмээн дурсаж байсан юм.

    “Энх улирал” дууг анх 1975 оны нэгдүгээр сарын 9-нд Ардын жүжигчин П.Адарсүрэн дуулж байжээ. Тус дууг Ардын жүжигчин П.Адарсүрэнгийн арга барилаар хэчнээн дуучин дуулсныг, дуулахыг тоолоход бэрх  ч түүн шиг ард түмнийг нийтээр цэнгүүлэх нь өнөөг хүртэл төрөөгүй байна.


Д.ЭНХ-УЛИРАЛ: Аав минь цэргүүдээ жагсаагаад “Охиндоо Энх-Улирал гэж нэр өглөө ” хэмээн баяраа хуваалцахад цэргүүд нь “Бид ч анхны хүүхдээ Энх-Улирал хэмээн нэрлэнэ” гээд тарцгаасан гэдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-08 20:10:32
    S: SEKSEER80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-08 17:19:43
    Омбого : Барнангийн Доржпалам гэж боржигоны нутгийн Угтаалын минь сайхан яруу найрагч байлаа. Олон жил Болорцомд өнгөлсөн дөө . Энх улиралд энх тунхыг ерөөе! Сайхан ярилцлага байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-08 12:08:55
    S: SEKSDI UILCHLGE TAICHI80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-08 08:46:04
    Del: Юу нь 5 р богд вэ он дараал гэж юм байдаг биздээ юу нь ард вэ адарсүрэн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-08 08:34:13
    Шүг: Энэ гүнжид гэдэг гүү хаана ч байхгүй аүн мэдэхгүй юм хаанаас ч юм бүү мэд гаргаж ирэх юм. Алдарт дуучин п. Адарсүрэн агсан ардын байтугай гавъяат аваагүй. Харин алтан гадас авсан гэдэг юм. Монголын төр хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн. Уул нь нэхэн олгосонч болохгүй юмгүй баймаар. Одооч ичиж үхмээр юмнуудыг гавъяат гээд л цололох юмдаа. Чстой үхсэний хохь амьдын аз гэлтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-06 01:36:52
    М.Энх-Улирал: Тиймээ энэ түүхийн нэг нь би бна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-05 15:12:04
    zochin: yostoi goy tuuh bnaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-04 15:54:22
    Soyoloo: Neg jil, neg udur oirontsoo nutagt tursun emegtei iin saikhan tuuhiig unshaad neg tiim sonin goyo sanagdlaa. Taniltsmaar sanagdaj bna aa.ĺ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-04 12:23:36
    Л.Ганбат: Хулд суманд багшаар томилогдон очиход манай сургуулийн биеийн тамирын багш Б.Мөнхжаргал, Б.Янжмаа 2 маань анхны хүүгээ Энх-улирал гэж нэр өгсөн байж билээ. Дээрх түүхийг ярьж байсан санагдана. Одоо том эр болсондоо.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-04 11:45:13
    Зочин: Сормууниршийн Дашдооров, Барнангийн Доржпалам, Пунцагийн Цэгмид нарт өглөөний эмчилгээ хийж байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-28 14:48:20
    irgen: goy yaria boljee, Enh-Ulirald saihan buhniig husen erooy. EnhUliral dandaa ayalj yavmaar goy duu shuu.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188