• Өнөөдөр 2024-03-29

СЭТГҮҮЛЧ Ж.БАТТУУЛ: УЛСЫН БАЙЦААГЧ “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК-ИЙГ 3.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛТЭЙ ГЭДГИЙГ ИЛРҮҮЛЧИХЭЭД, 312 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АКТЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ, НУУСАН БАЙСНЫГ “ЭРЭЛ” БАГИЙНХАН ИЛРҮҮЛЛЭЭ

2023-01-18,   2989

-Ц.Нямдорж Газрын тосны тухай хуулийг “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-нд зориулж баталсан гэсэн үг-

“ТV8телевизийн сэтгүүлч Ж.Баттуул “Эрэл” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн багийнхантайгаа “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг найман цуврал нэвтрүүлгээр ил болгосон байдаг. Тэдний нэвтрүүлгийн үр дүнд “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК манай улсад 312 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой гэх шийдвэр хэрхэн гарсан тухай сэтгүүлч Ж.Баттуултай ярилцлаа.

-Иргэд “Эрэл” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн үр дүнд “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК манай улсад 312 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр болсон гэх мэдээлэлтэй байгаа. 312 тэрбум төгрөгийг хэзээ албан ёстой улсын татвар болгох вэ?

       -Татварын Ерөнхий газрын улсын байцаагч  “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийг 2013-2017 онд манай улсад татвар төлсөн эсэхийг шалгаж, 3.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн байдаг. Гэтэл “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийнхан “Манайх Монгол Улсад татвар төлөх ёсгүй” гээд Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдаг. Тэднийг гомдол гаргаснаас хойш дөрвөн жилийн дараа Татварын маргаан таслах зөвлөлөөс “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийн 312 тэрбум төгрөгийн шийтгэлийн хуудсаар оруулсан актыг дахин шалгах хэрэгтэй” хэмээн түдгэлзүүлчихээд нуучихсан байсан. Үүнийг манай “Эрэл” сурвалжлах багийнхан баримтаар нотолж, олон нийтэд мэдээлсэн. Тиймээс Татварын Ерөнхий газар тус хэргийг дахин хянаж, 312 тэрбум төгрөгийн татварыг “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК манай улсад  төлөх ёстой гэх улсын байцаагчийн шийдвэрийг баталсан. Гэтэл 2022 оны арванхоёрдугаар сард Татварын маргаан таслах зөвлөл 312 тэрбум төгрөгийн асуудлыг хэлэлцээгүй хууль зөрчсөн учир би сэтгүүлчийнхээ хувьд тэдэнд олон нийтийн сүлжээгээр шаардлага тавьсан. Тус шаардлага үр дүнд хүрч, өнгөрсөн баасан гарагт Татварын маргаан таслах зөвлөлийнхөн хуралдаж, “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-иас 312 тэрбум төгрөгийг Монгол Улсын татвар болгон авах ёстой”  гэх шийдвэр гарсан юм. Энэ бол эцсийн шийдвэр биш. “ПетроЧайна Дачин  Тамсаг” ХХК-ийнхан  шүүхэд хандах байх. Анхан шатны шүүх ямар шийдвэр гаргахаас шалтгаалж, дараагийн асуудал үргэлжлэх учир иргэд болон сэтгүүлчид үүнд анхааралтай хандаасай гэж хүсэж байна. Хэдийгээр Татварын маргаан таслах зөвлөл дээрх шийдвэрийг гаргасан ч шүүхэд ялагдах магадлалтай.

-“ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК нь үндэстэн дамнасан том компани мөртлөө  манай улсад татвар төлдөггүй шалтгаан нь юу вэ?

      -“ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсад ямар ч татвар төлөхгүй байхаар байгуулчихсан байдаг. Тэгэхээр тус компанийн манай улстай байгуулсан гэрээ хууль бус байсан гэсэн үг. Татвар төлөх, хөнгөлөх, чөлөөлөх эрх зөвхөн УИХ-д байдаг. Гэтэл Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, дээрх гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч компани ямар ч татвар төлөхгүй байхаар гэрээгээ байгуулчихсан байсан. Энэ маргаан олон жил үргэлжилсэн ч Монгол Улсын Засгийн газрынхан юу ч хийж чадахгүй байсан. “Эрэл” сурвалжилгын багийнхан “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийн хойноос яваагүй бол Монголын төр ч хүчин мөхөстөх байсан.

-Танай сурвалжлах багийнхан Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх талаар санал гаргаж, ямар нэгэн ажил эхлүүлсэн үү?

      -Ерөнхий сайд бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэхээр өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайд сайд нартаа сарын дотор ажиллаж, санал, дүгнэлтээ танилцуулах үүрэг, чиглэл өгсөн юм билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байгаа.

-100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Монголын талаас хэн удирдаж, үйл ажиллагааг нь явуулдаг гэж хэлэх вэ?

       -“ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийг улаан нүүрээрээ хамгаалдаг улс төрчид бий. 2014 онд Газрын тосны тухай хууль батлагдсан. Тус хуулийн Ажлын хэсгийг  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар олон жил ажилласан Ц.Нямдорж ахалж, хууль батлуулахдаа “Энэ хууль “ПетроЧайна Дачин  Тамсаг” ХХК-нд хамаагүй” хэмээсэн байдаг. Тэгэхээр Ц.Нямдорж Газрын тосны тухай хуулийг “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-нд зориулж баталсан гэсэн үг. Мөн бид Татварын маргаан таслах зөвлөл дөрвөн жил болоход яагаад татварын асуудлыг хэлэлцдэггүй юм бол гэдгийг судалж үзэхэд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж буй Ч.Хүрэлбаатар холбогддог. Гэх мэтчилэн “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-д үйлчилдэг, хамгаалдаг, хүссэн хуулийг нь батлуулж өгдөг улс төрч олон байна.

-“Эрэл” сурвалжлах багийнхан “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-тай холбоотой найман цуврал нэвтрүүлэг бэлтгэжээ. Өнгөрсөн хугацаанд мафижсан этгээдүүдийн эсрэг, тэдний хууль бус үйлдлийг илчилж, нэвтрүүлэг бэлтгэхэд бэрхшээл тулгарсан уу?

       -“ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-тай холбоотой нэвтрүүлгийн гурав дахь цувралаас таньдаг болон таньдаггүй хүмүүсээр намайг дарамтлуулсан. Тухайлбал, “Чи өөртөө хайргүй, тэнэг байж болно. Чи хүүхэдтэй биз дээ” гэж танихгүй дугаараас хүн ярьдаг байсан. “Чи юунд хүрэх гээд зүтгээд байгаа юм бэ, чи Оросын тагнуул юм биш үү” гэж дарамталдаг байсан. Төр, засаг нь хүртэл айж, жижгэрдэг “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийн хууль бус асуудлуудыг илрүүлэх, хойноос нь явах амаргүй байсан. Сэтгүүлч хараат бусаар ажиллах шиг жаргал байдаггүй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон.

-Өнгөрсөн баасан гарагт Татварын маргаан таслах зөвлөлөөс “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК манай улсад 312 тэрбум төгрөгийн татвар болгон төлөх ёстой гэх шийдвэр гаргахад та мэргэжлээрээ бахархаж байв уу?

      -“ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК манай улсад 312 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой гэх шийдвэр гарсан гэдгийг сонсоод мэргэжлээрээ маш их бахархаж байлаа.  Сэтгүүлч болоод мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмжийг өнгөрсөн баасан гарагт мэдэрлээ. Би тэр өдөр бараг л “нислээ” шүү дээ. Үнэндээ онгирмоор санагддаг юм билээ. Энэ бол манай нэвтрүүлгийг үздэг, үзээд олон нийтэд түгээдэг, хууль бус зүйлтэй эвлэрдэггүй хүн бүрийн ялалт гэж бодож байна.

-“ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийг шалгаж, 3.6 их наяд төгрөгийн зөрчилтэй гэдгийг илрүүлсэн татварын байцаагчид хууль, журмын дагуу сайн ажилласан байна гэж харж байна. Таны хувьд?

       -“ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийн зөрчлийг хууль, журмын дагуу ажиллаж, илрүүлсэн татварын байцаагч нарт баярладаг. Гэвч ажлаа үнэнч, шударга хийсэн тэднийг дээрээс нь “тас зохиж”  унагаадаг нь нууц биш. “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-д 350 тэрбум төгрөгийн акт байсныг өмнөх Татварын маргаан таслах зөвлөлөөс хүчингүй болгочихсон юм. Харин одоогийн Маргаан таслах зөвлөлийнхөн олон нийтийн дэмжлэг, шахалтаар “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийг манай улсад 312 тэрбум төгрөгийн татвар төлөх шаардлагатай гэх шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Татварын маргаан таслах зөвлөлөөс гаргасан “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-тай холбоотой сүүлийн шийдвэр өмнө нь ажиллаж байсан Татварын маргаан таслах зөвлөлийнхөн 350 тэрбум төгрөгийн актыг хүчингүй болгосон нь хууль бус үйлдэл байсан гэдгийг илчилж байгаа юм.

Монгол Улсын татвар болох байсан 350 тэрбум төгрөг хэдхэн хүний хууль бус шийдвэрээр салхинд хийссэн болох нь  дээрх жишээгээр батлагдаж байгаа юм.

-“Эрэл” сурвалжлах багийнхан манай улсын татвар болох ёстой байсан 350 тэрбум төгрөг хэрхэн замхарсан тухай нэвтрүүлэг бэлдэж, баримт дэлгэх үү?

        -Бид улсын татвар болох ёстой байсан 350 тэрбум төгрөгийн талаар судалгаа хийнэ. Татварын маргаан таслах зөвлөлийнхөн 350 тэрбум төгрөгийн актыг хүчингүй болгосон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар өгөх байх. Хэрвээ хүсвэл, Засгийн газрынхан хөөн хэлэлцэх хугацааг үл харгалзан шалгах хэргээ шалгадаг юм билээ.

Бид 350 тэрбум төгрөгийг дахин хэлэлцэж, хүчингүй болгосон хүмүүст хариуцлага тооцохыг шаардана. Энэ бол манай сурвалжлах багийн дараагийн алхам. Тухайн үед 350 тэрбум төгрөгийг хүчингүй болгосон хүмүүс өнөөдөр бүгд дарга болж, албан тушаал дэвшсэн байна.

-“Эрэл” эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаанаас дурдаагүй үлдээсэн зүйл бий юү?

       -“ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 2018 оноос хойших татварын шалгалт хийх ёстой байсан. Хэрвээ “Петрочайна дачин тамсаг” ХХК-д татварын байцаагч нар шалгалт хийгээгүй бол 100 тэрбум орчим төгрөгийн  татварын асуудал яригдана. Үүнд санаа зовж байгаа. 

-Та сэтгүүлчийнхээ хувьд баримт, материалаа хэрхэн цуглуулж, архивладаг вэ?

       -Сэтгүүлчийн эрхэмлэх зүйл бол эх сурвалжаа хамгаалах, итгэлийг алдахгүй байх шүү дээ. “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийн хууль бус үйлдлийн араас явахад хамгийн эхний баримт бол Дорнодын тал сүйдэж буй дүр зураг байсан. Эрэн сурвалжлах сэтгүүлчид хуулийн мэдлэгтэй, хууль унших, харьцуулах, дүгнэх зайлшгүй шаардлагатай болдог юм билээ. Судалгаа хийх шаардлагатай учир манай нэвтрүүлэгт цаг хугацаа их ордог юм.

 

 


СЭТГҮҮЛЧ Ж.БАТТУУЛ: УЛСЫН БАЙЦААГЧ “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК-ИЙГ 3.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛТЭЙ ГЭДГИЙГ ИЛРҮҮЛЧИХЭЭД, 312 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АКТЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ, НУУСАН БАЙСНЫГ “ЭРЭЛ” БАГИЙНХАН ИЛРҮҮЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-24 12:03:23
    х: Хулан тагнуул гээд байсан яг ямар хэрэг хийсийм бол оо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-22 13:22:24
    Монгол: Газрын тосны хуулийг нэн даруй өөрчилбөл зохино...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-21 08:43:55
    Ариун: Баярлалаа.Эх оронд минь ийм халуун дулаан эх оронч сэтгэлтэй сэтгүүлч байгаад баярлаж бна шүү.Та нар минь үнэхээр сайн үйл хийж чаджээ.Ард түмэн чинь та нартаа хайртай шүү.Дахин баярлалаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-20 14:00:04
    И. Дэмбээсум. : Могол улс тусгаар улс, төртэй, өөрийн гэсэн хуультай, бас монгол улсаа хамгаалах, эх орноо хайрлах ард түмэнтэй. Иймд монголын хуулийнхан гэсэн том айлд ажиллаж буй эрхэм боловсон хүчинүүд хир зэрэг ажил мэрэжилдээ шудрагыг эрхмэлж чаддагийг монголчууд харж л байцагааяа......... Залуус шудрагийг эрхлэх юм бол. Алдаа гарахгүй......
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-19 06:04:22
    Зочин: Ням Дорж хятадын тагнуулд зүтгэдэг нь батлагдаж байгаа юм биш үү?Шалгах хэрэгтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-18 18:29:36
    Гэрэл: Хятадуудаа ьа нар татвараа, байгаль сүйтгэсний нөхөн олговор төлөөд зайл
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-18 15:36:57
    иргэн: та нартаа баярлалааа.цаашдаа ч ухаад бгарай...муу хувалзнууд...хэлэх ч муу үг олдохгүй юм...Та нартаа л баярлалаа.Баттуул гэж ийм мундаг сэтгүүлч бсан юм уу?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-18 10:31:55
    иргэн: хотгор шанага мэнгэт 2 шунал хирээс хэтэрлээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-18 10:24:14
    иргэн: энэ муу мэнгэт нилээн их мөнгө энэ компанаас авчээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188