• Өнөөдөр 2024-03-29

ХУУЛЬЧ Л.ГАЛБААТАР: МӨРДӨН БАЙЦААГЧ СЭТГҮҮЛЧЭЭС НУУЦ ЭХ СУРВАЛЖАА ХЭЛЭХИЙГ ШААРДДАГГҮЙ БОЛОХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ

2022-11-07,   1043

     -СЭТГҮҮЛЧИЙГ ДАРАМТАЛЖ, НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙГ НЬ ГАРГАДАГГҮЙ ГЭХ ТОХИОДОЛ ГУРВАН СЭТГҮҮЛЧ ТУТМЫН ХОЁРТ НЬ ГАРДАГ-

   Олон улсын эрх зүйч, хуульч Л.Галбаатартай сэтгүүлчийн мэдээлэл бэлтгэх эрх зүйн орчны талаар ярилцлаа.

-Сэтгүүлчийн мэдээлэл бэлтгэх аюулгүй байдлыг хангах эрхзүйн орчин дутмаг гэж мэргэжлийнхэн шүүмжилдэг. Та хуульчийн хувьд сэтгүүлчдийг эрх зүйн ямар орчинд ажилладаг гэж үздэг вэ?

        -Сэтгүүлчийг онцгой эрхтэй гэж үзэх хуулийн зохицуулалт байдаггүй. Жирийн иргэн сэтгүүлч хоёр адилхан Үндсэн хуулийн хүрээнд мэдэх, мэдээлэлтэй байх эрхтэй. Харин сэтгүүлчид эх сурвалжаа хамгаалах эрхтэй боловч манай улсын сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах, нууцлах хуулийн эрхгүй. Зөвхөн МҮОНРТ-ийн сэтгүүлчид эх сурвалжаа хамгаалах эрхтэй гэж үздэг. Эрүүгийн хуулийн 13.2, 13.3-т зааснаар сэтгүүлч болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх иргэний эрхэд  халдахыг гэмт хэрэг гэж заасан байдаг. Тус заалтаар сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалахад чиглэсэн зохицуулалт байгаа гэсэн үг. Сэтгүүлчийг мөрдөж, тагнаж, чагнах нь хуулиар хориотой байдаг. 2002 оны Эрүүгийн хуульд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах гэсэн заалтаар нэг ч хүн шийтгүүлж байгаагүй юм билээ. Нууц эх сурвалжаа хамгаалах нь зөвхөн хэвлэл мэдээллийн ёс зүйн үүрэг гэж заасан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд асуудлыг нотлох баримтаар шийдэх зохицуулалт байдаг. Олон улсад сэтгүүлч нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг Эрүүгийн хууль, Иргэний хууль, Зөрчлийн хуулиар зохицуулсан байдаг. Манайд ийм заалт байхгүй учир цагдаа прокурор, шүүгч нар сэтгүүлчээс нууц эх сурвалжийг хэлэхийг шаарддаг. Манай улсад олон улсын жишгээр нууц эх сурвалжаа хамгаалах онцгой эрхийг хуульд тусгайлан баталгаажуулах шаардлага бий.

Нууц эх сурвалж хамгаалах эрхийг баталгаажуулах нь зөвхөн сэтгүүлчийг хамгаалахаас гадна эх сурвалжийг давхар хамгаалдаг. Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхгүй байхад хэн нэгэн чухал мэдээлэл өгч чадахгүйд хүрдэг. Сэтгүүлч нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг бүрэн зохицуулж, ардчиллын зарчмыг баримтлах ёстой.

-Сэтгүүлч хэн нэгний нэр хүндэд халдаж, гутаан доромжлоогүй гэдгээ батлахын тулд мөрдөн байцаагчийн шаардлагаар нууц эх сурвалжаа хэлдэг гэлээ. Тэгвэл мөрдөн байцаагч сэтгүүлчийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн үүргийг зөрчихөд хүргэдэг гэсэн үг үү?

     -Тийм ээ. Мөрдөн байцаагчийн  шаардлагаар сэтгүүлч эх сурвалжаа хэлэх юм бол тухайн эх сурвалжийг хохироохоос гадна мэргэжлийнхээ ёс зүйн үүргийг зөрчиж байна гэсэн үг. Мөн мэргэжлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эх сурвалжгүй болно. Тэгэхээр сэтгүүлчид эх сурвалжаа хамгаалах ёс зүйн үүрэг байдаг ч эрх зүйн зохицуулалт байхгүй учир эх сурвалжаа хэлэхэд хүрдэг.

-Сэтгүүлч эх сурвалжаа найдвартай хамгаалдаг, хуулийн байгууллагынхан сэтгүүлчээс заавал эх сурвалжаа хэлэхийг шаардахгүй болгохын тулд ямар зохицуулалт хэрэгтэй вэ?

   -Сэтгүүлч нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааж өгөх ёстой. Сэтгүүлчээс нууц эх сурвалжаа хэлэхийг шаардах эрх зөвхөн шүүгчид байх ёстой. Ингэхдээ шүүгч сэтгүүлчээс эх сурвалжийг нь асуухдаа тодорхой дүн шинжилгээ хийсний үндсэн дээр асуудаг байх заалтыг хуульд оруулах ёстой.

-Сэтгүүлч хэн нэгнийг нас барсан эсвэл гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээллийг хүргэхдээ гэрийн хаяг, нас, хүйсийг нь дурдсан тохиолдолд сэтгүүлчийг хүний эрхийн мэдрэмжгүй гэж шүүмжилдэг. Харин олон улсын түвшинд ямар зохицуулалт байдаг вэ. Энэ төрлийн жишээ дурдвал?

      -Нэгдүгээрт, сэтгүүлч мэргэжлийнхээ ажлыг хийхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэх ёстой. Ёс зүйн хүрээнд болон Үндсэн хуулиар хүний эрхийг хүндэтгэхийг заасан байдаг. Хоёрдугаарт, өөр аргаар тус асуудлыг ил гаргах боломжгүй үед сэтгүүлч гүйцэтгэх ажиллагаа явуулж, олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг хангах юм бол хувийн мэдээллийг нь дурдах боломжтой. Тэгэхээр олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг хангасан уу, үгүй юү гэдэг нь чухал. Хэрвээ хангасан байх юм түүнийгээ хуулийн байгууллагын мэргэжилтнүүдэд ойлгуулах шаардлагатай учир нөгөө талаараа төвөгтэй. Харин олны танил буюу олны хяналтад байдаг хүний хувийн  мэдээллийг нь ил болгохыг зөвшөөрдөг. Жирийн иргэний хувийн мэдээллийг зарлачих юм бол хүний эрхийг зөрчлөө гэж үздэг.

Хамгийн сүүлд гарсан жишээг дурдъя. Иргэн Маралмаагийн хэрэг дээр хууль бус байгууллага хараат бусаар ажиллаж чадах уу, үгүй юү гэдэг чухал учир тухайн хүний мэдээлэл ил болж болно. Өөрөөр хэлбэл, Хууль сахиулах байгууллага хариуцлагаараа бие дааж ажлаа хийж чадах уу гэдэг нь олон нийтийн эргэлзээг төрүүлж байсан. Харин бусад тохиолдолд жирийн иргэний мэдээллийг задалж болохгүй гэсэн үг.

-Сэтгүүлчийн аюулгүй байдалтай холбоотой жишээ дурдаж болох уу. Сүүлийн үед сэтгүүлчийн биед болоод техник хэрэгсэлд нь халдах тохиолдлууд бүртгэгдлээ. Мөн сэтгүүлчид ихэвчлэн ёс зүйн ямар зөрчил гаргадаг вэ?

     - “Глоб интернешнл” төвөөс сэтгүүлчид тулгардаг асуудал болон аюулгүй байдалтай холбоотой судалгаа хийдэг. Тухайлбал, сэтгүүлчийн бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгийг нь олон нийтэд хүргэхгүйн тулд дарамталдаг асуудал гурван сэтгүүлч тутмын хоёрт нь гардаг. Эх сурвалжаа илчлэхийг албадах тохиолдол хоёр сэтгүүлч тутмын нэгт илэрдэг гэх судалгаа гарсан. Сэтгүүлчийн биед халдах, заналхийлэх асуудал тооны хувьд цөөн боловч гарсаар байна. Олон нийтэд ил болгосон цөөн жишээ байгаа ч сэтгүүлчид шаардлагатай тохиолдолд цагдаад мэдэгдэж, өөрийгөө хамгаалах боломжтой.

Жишээлбэл, 2019 онд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд гар утсаар ярьсан бичлэгээ гаргуулахгүйн тулд сэтгүүлчийг 2.5 сая төгрөгөөр хахуулдах гэж оролдсон тохиолдол байсан.

Харин сэтгүүлийн ёс зүйн алдаатай холбоотой сүүлийн үеийн жишээнээс дурдвал, Нэгүүн.мн сайтын сэтгүүлч зочид буудлаас лайв хийхдээ нэгэн эмэгтэйгээс ёс зүйгүй асуулт асуусан учир хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тус сэтгүүлчийг сэтгүүлчийн ёс зүйг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан байна лээ.


ХУУЛЬЧ Л.ГАЛБААТАР: МӨРДӨН БАЙЦААГЧ СЭТГҮҮЛЧЭЭС НУУЦ ЭХ СУРВАЛЖАА ХЭЛЭХИЙГ ШААРДДАГГҮЙ БОЛОХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188