• Өнөөдөр 2024-04-19

Ахмад циркчин Г.ДОРЖНАМЖИЛ: Цирк хувьчлагдахад “Улам хөгжинө дөө” гэхээс барилга ч үгүй болно гэж бодож байсангүй

2021-10-19,   1159

1.5 тэрбум төгрөгөөр “Аса цирк”-ийг хувьчилсан нь

     Манай улс 1940 онд циркийн сургуультай болж, 1971 онд Румын тусламжтайгаар циркээ барьж, циркчид уран бүтээлээ толилуулах байртай болсон түүхтэй. Циркийн барилгын зураг төслийг архитектурч Б.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж, 1750 хүний суудалтайгаар төлөвлөсөн гэдэг. Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг болох улсын цирк  2007 он хүртэл 30 орчим ажилтан, 200-аад уран бүтээлч, 40 гаруй мал, амьтантай байсан тоон баримт бий. Тухайн үед циркчид долоо хоногт ес, жилд 1400 орчим тоглолт хийж, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байжээ. Харамсалтай нь  хувьчлалын балгаар хүүхэд, залуусын үзэх дуртай циркийн урлаг үгүй болсон.

     Тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугар нутгийн заан Д.Долгорсүрэнгийн хөвгүүдэд циркийг “Бэлэглэчихсэн” гэх яриа бий. 2006 онд циркийн үйл ажиллагааг явуулах 350 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж чадахгүй учир циркийг менежментийн хувьчлалд оруулж, мэргэжлийн хүнээр удирдуулах нь зөв гэсэн шийдвэр гаргаж байжээ. Ингээд “Аса групп”, “Их цирк”, “Монгол цирк” гэх гурван баг өрсөлдөхөөр болж, менежментийн төлөвлөгөө, цаашдын хөгжлийн стратегиа танилцуулсан байдаг. Тухайн үед менежментийн хувьчлалыг зарлахдаа циркийг зориулалтынх нь дагуу ашиглаж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах болзол тавьсан. Ингээд менежментийн гэрээний тендерт их аварга Д.Дагвадоржийн ах Д.Сэрж бүдээгээр ахлуулсан багийн бүрэлдэхүүнд тухайн үеийн циркийн даргаар ажиллаж байсан Э.Дорж, мөн үеийн менежер Н.Болдбаатар, дасгалжуулагч Н.Намхай, гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн нарын долоон хүн оржээ.

    Хоёр дахь багт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын “Эксэфийл” групп нь “Касс трейдинг” компанийн нэр дээр өрсөлдөхөөр мэдүүлжээ. Уг багт гавьяат зүтгэлтэн С.Ухнаа, Ж.Жанчивдорж, Ш.Цогтхүү нар багтсан аж. Гурав дахь өрсөлдөгчөөр, “Магнай трейд” компанийн нэр дор циркийн даргаар ажиллаж байсан Н.Батмөнх, циркийн найруулагч Д.Зоригт, циркийн орлогч дарга У.Энхбаяр нарын хүмүүс байжээ.

     Ингээд хувьчлалд оролцогчид циркийг хөгжүүлэх санхүүгийн саналаа өгчээ. “Их цирк” баг 5.2, “Монгол цирк”-ийнхэн 4.4, “Аса” баг 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн аж. Хамгийн сонирхолтой нь, ТӨХ-ны шинжээчдийн багийн дүгнэлтээр тухайн үеийн босго оноонд хамгийн ойр үнэлгээ өгсөн гэсэн үндэслэлээр бага мөнгө амласан “Аса” багийг шалгаруулахаар шийдсэн байдаг. Ингэж Улсын циркийг ТӨХ-ны тендерийн комиссоос 2007 оны нэгдүгээр сарын 9-нд өнөөгийн “Аса цирк” болох үндэс суурийг тавьсан байдаг.

Тухайн үедээ ажилчдын цалинг нэмэхээс гадна хөдөлмөр, аюулгүй байдалд онцгой анхаарна гэсэн нөхцөлөөр 1.5 тэрбум төгрөгийн 20 хувь болох 300 сая төгрөгийг улсад төлж, үлдсэнийг нь циркийг хөгжүүлэх үйлсэд зарцуулна гэсэн амлалт өгснөөр менежментийн гэрээг байгуулж байжээ. Түүнчлэн хоёр жил менежментийн гэрээгээр явсны эцэст дүгнээд хувьчлах эсэх асуудлыг шийдвэрлэхээр тогтсон байдаг аж. Гэсэн ч хагас жилийн дотор ТӨХ-ноос “Сайн” гэсэн дүгнэлт гаргаж, “Аса” ХХК худалдан авч, 100 хувь хувийн өмчид шилжсэн байна.

     Гэтэл “Аса” аварга циркийн урлагийг хөгжүүлэх нь битгий хэл, циркийг нурааж балгас болгож буй тухай шүүмжлэл монголчуудын дунд өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын захирагч буюу нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

-ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР: Би дүүдээ газар авч өгөөгүй. Цирк балгас болчихоогүй байлгүй дээ-

       Тэрбээр “2005 онд циркийн уран бүтээлчид өөрсдөө ирж гуйж байгаад өмч хувьчлалд оролцсон. Түүнээс бид өөрсдийн санаачилгаар хувьчлалд ороогүй юм. Энэ бол Д.Дагвадоржийн хувийнх нь бизнес. Би дүүдээ газар авч өгөөгүй. Газрын албаны н.Энхманлайд бүх юм нээлттэй байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэгчид өөрсдөө хэлж ярьж тайлбарлах хэрэгтэй. Д.Дагвадорж гаднын хүмүүстэй уулзаад, Япон талаас 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Манежийг нь шинэчилнэ. Зочдын байр барих юм билээ. Гэхдээ цар тахлын улмаас ажил хойшилсон. Циркийн эргэн тойронд орон сууцны хороолол барих зураг төсөл ч гарчихсан. Бишрэлтийн Б.Ундармаа, Цандэлэг, Буян Жагаа тал талаас нь шахах гэж байсан. Надад ашиг сонирхол огт байхгүй. Циркчидтэй та нар очиж уулзаарай. Намайг хуулийн байгууллагаар шалгуулаарай” гэсэн юм.

     Харин манай циркийн урлаг ид хөгжиж байсан цаг үед циркийн тайзнаа амьдарч байсан ахмад циркчин Г.Доржнамжилтай тухайн цаг үеийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Ахмад циркчин Г.Доржнамжил: Циркийн амьдыг зарж, заримыг нь мах болгож дуусгасан-

-Монголын циркийн хөгжлийн оргил үед нь та уран бүтээл хийж, хийсэн бүхэнтэйгээ мандаж явжээ. Гэтэл өдгөө циркийн урлаг нам жим бүр орох орон ч үгүй болж байгаад та гуниглаж суугаа даа?

       -Харин тиймээ, сэтгэл таагүй, онцгүй л байна шүү дээ. Цирк нэгэнт хувьчлагдсан учир тэтгэврийн бид хэчнээн дуугараад нэмэргүй, тоохгүй байлгүй дээ. Циркчдэд амьдрах, ажиллах, хөдөлмөрөө үнэлүүлэх боломж алга. Чингэлтэйд байдаг хуучин циркийн зааландаа тэд бэлтгэл сургуулилтаа хийж, гадаадад тоглож байна. Цирк хувьчлагдахад “Улам хөгжинө дөө” гэхээс байр ч үгүй болно гэж бодож байсангүй. Харин ч ажилчдын цалин хөлс нэмэгдэж, хувцас хунар, техник хэрэгсэл сайжирч, гэгээтэй сайхан болно гэж төсөөлж байлаа. Саяхан Д.Мөнх-Эрдэнэ гэх залуугийн циркийн нөхцөл байдлыг харуулсан бичлэгийг үзээд “Циркийг үнэхээр нурааж байна” итгэсэн шүү. Халагламаар байна.

-Та циркийг хэдэн төгрөгөөр барьж байсныг сонирхож байв уу?

     -Манай цирк азийн ганц зориулалтын барилга байсан. Гурван сая рубль буюу тухайн үеийн ханшаар 20 сая гаруй төгрөгөөр боссон гэдэг юм билээ. Одоо нурааж буй циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ нь олон улсын стандартад нийцсэн, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байсан шүү. Агаарт эргэх, утас, олсон дээр тэнцвэрт тоглолт хийх, илбэ үзүүлэхэд тун тохиромжтой. Тухайн үеийн уран бүтээлчид циркээрээ бахархаж, уран бүтээл  хийх цаггүй ажилд улам бүр дурлаж, шамддаг байсан сайхан цаг саяхан мэт санагдана.Тухайн үед дутуу зүйлгүй зөвхөн уран бүтээлийн төлөө зүтгэдэг байж дээ.

-Таны үед олон амьтан сургаж, тоглуулдаг байсан байх даа?

     -Намайг циркт байхад тэмээ, морь, баавгай, чоно, дорго, туулай, муур, тахиа зэрэг олон амьтан сургаж тоглуулдаг байлаа. Одоо ч шалан доогуур нь хулгана гүйхээс өөр амьтангүй байлгүй.  Амьтдаа хувьчлалаас хойш устгасан. Би ихэвчлэн тэмээтэй үзүүлбэр үзүүлдэг байсан юм. Тэгээд л гадна, дотнын томоохон тоглолт, уралдаан тэмцээнийг алгасахгүй оролцдог байлаа даа.

-Амьтдаа хаанаас авдаг байсан бэ. Цирк хувьчлагдахад амьтдыг хэрхэн устгасан юм бол?

    -Циркийн амьдыг зарж, заримыг нь мах болгож дуусгасан. Буриадаас морь, Дундговиос тэмээ, Хөвсгөл, Сэлэнгээс баавгайн бамбарууш авчирдаг байсан. Харин гадаадаас арслан, сармагчин зэргийг авчирч, мэргэжлийн хүмүүс сургадаг. Бас ч амаргүй ажил байсан шүү.

-Монголын циркийн урлагийг дахин сэргээхийн тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

     -Нэн түрүүнд байртай болох хэрэгтэй. Тэгвэл циркчдэд хийж чадахгүй дутуу зүйл үгүй шүү дээ.


Ахмад циркчин Г.ДОРЖНАМЖИЛ: Цирк хувьчлагдахад “Улам хөгжинө дөө” гэхээс барилга ч үгүй болно гэж бодож байсангүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-19 12:08:01
    zochin: ulsiin maan ganch chirkiig yg odoo buchaaj og!!! ter luivarchin chuuchduudiin aav Dolgorsuren guia ta sons ! bidnii chirkiig buchaaj og ! oor guich um alga. Dolgorsuren guia!?
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188