Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Даяар дурсагдах, далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны гэргий, Япон Улсын сумогийн их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын ээж Өлзий-Утасын Тамиртай уншигч та бүхнийг уулзуулж байна. Ж.Мөнхбат аварга тэнгэрт дэвшээд гурван хавар болжээ. Саяхан М.Даваажаргал
“Асгартал уйлж чадалгүй гурван хавар
Ардын наадам хамт үзэлгүй гурван зун
Айраг хуваагаад уулгүй гурван намар
Амар мэндийн битүүнд уулзалгүй гурван өвөл
“Аав аа” гэж дуудаад ярилцах хүнгүй гурван жил
Алсран оджээ
Амиа үрж дуустлаа таныгаа дуудан дурсана аа, ААВ АА” хэмээн цахим хуудастаа нийтэлсэн байв. Харин Ө.Тамир гуай “Нэгэн биеийн минь тал болсон ханийгаа бурхан болсноос хойш хэцүү он цагийг үдэж байна. Зовлон жаргалыг хамтдаа туулсаар амьдралынхаа 50 гаруй жилийг түүнтэйгээ өнгөрүүлсэн байдаг. Би азтай эмэгтэй, энэ насныхаа амьдралыг тийм сайн хүнтэй, хамгийн аз жаргалтайгаар өнгөрүүлсэн” хэмээн ярьсан юм.
-Сайхан хаваржиж байна уу, та. Хоёулаа яриагаа таны Архангайгаас Улаанбаатарт ирж байсан тухайгаас эхлэх үү. Ирж яваа цаг болохоор таныг нутгийнхаа тухай дурсах байх гэж бодлоо?
-Арын сайхан хангай бол миний төрсөн нутаг. Би Архангай аймгийн Цэнхэр сумын хүн. Тамирын голын хөвөөнд Өлзий-Утасын ууган охин болж, 1948 онд мэндэлж байлаа. Намайг гурван настай байхад манайх Улаанбаатарт нүүж ирсэн юм. Би дөрвөн эмэгтэй дүүтэй. Аав маань аймгийнхаа намын хороонд, сүүлд Баянхонгор, эргээд Архангай аймагт ажиллаж байгаад хотод орж ирэн Сэлбэ амралтын газрын дарга болсон. Би 1954 онд III сургуульд элсэж, 1964 онд II сургуулийг төгссөн. Тухайн үед бид дээд сургуульд орох гэж шалгалт өгдөггүй байсан. Дээд сургуулийн багш нар сургууль дээр ирж, хүүхдүүдийн дүнтэй танилцаж, сонгож авдаг байлаа.
-Таны удам, судар их сонирхолтой юм билээ. Таны өвөг эцэг барилддаг хүн байсан. Аав тань Монголын нэрт эрдэмтэн Б.Ширэндэвтэй найз байсан гэх түүхийг сонссон юм байна?
-Тийм ээ, баялаг түүхтэй удам судартай хүний үр сад болж төрсөндөө бахархаж явдаг. Миний өвөөг Өлзийтийн Дэнзэн гэдэг. Хөгшин ээж Шагдарсүрэн Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн гүний хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул. Ханхөгшнийхөн гэдэг байсан. Миний хөгшин ээж Рэнцэн тайжийн долоон хүүгийн нэг Цагаан-Очир тайжийн ганц охин гэдэг. Миний өвөө бяр чадал ихтэй, сайхан барилддаг хүн байсан юм билээ. Их Монгол Шаравжамц, Мээтэн Аюур арслантай барилдаж явсан. Түүхэнд “майга”, “бөх”, “баян” Дэнзэн гэсэн алдар гуншинтайгаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг даа. Нэг сонин түүх ярихад, урт гарт хэмээх Маамын Лхагва арслан өвөөгийн зодог, шуудгийг өмсөн улсын наадамд түрүүлсэн байдаг.
Харин аавыг минь Өлзий-Утас гэдэг. Архангай аймгийнх. Миний аав таны нэрлээд байгаа нэрт эрдэмтэн Базарын Ширэндэв гуай хоёр Архангай аймгаас ачааны машин дээр хамтдаа явсаар анх удаа хотод орж, ирсэн байгаа юм. Одоогийн Сүхбаатарын талбайн урд хуучнаар Ленин клубын тэнд буучихаад алхаж явахдаа шонгийн модны гэрэл хараад их гайхаж байсан талаараа их ярьдаг байлаа.
-Та Анагаах ухааны их сургууль төгссөн юм билээ. Ажлын гараагаа хаанаас эхлүүлсэн бэ?
-Би Анагаах ухааны их сургуулиа төгссөн жилээ том хүүгээ төрүүлсэн. Түүнээс хойш хүүхдээ харж байтал нэг өдөр “Ө.Тамир гэж танхай хүүхэн сургууль төгсчихөөд ажил хийхгүй байна” гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас дуудав. Айгаад яваад очтол Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмчээр томилсон байлаа. Монголын анхны зүрх судасны мэс заслын эмч нарын дагалдангаар таван жил ажилласан даа. Зүрхний мэс засал ид хөгжиж байсан үед ажиллаж байлаа. Хожим хөдөлмөрийн баатар болсон, Төрийн шагнал хүртсэн Р.Пүрэв гуай, академич Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, С.Загдаа, Ё.Бодьхүү, Ж.Моондой нартай хамт ажиллаж, Ж.Хайрулла багштай хамт хагалгаанд орж, алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байсандаа бахархаж явдаг.
-Мөөеө аваргатай хэрхэн танилцаж байв. Таны хань тантай танилцах үедээ аварга болчихсон, тухайн үеийнхээ од байсан байх. Харин та Анагаахын оюутан байсан. Аваргыг араасаа нэлээд гүйлгэж байсан гэдэг байх шүү?
-Манай аавын эгчийнх Тэрэлжийн амралтын газарт ажилладаг байлаа. Сүү, цагаан идээ боловсруулах ажил хийдэг байсан. Би авга эгчийндээ нэг удаа очсон юм. Тэр үеэр бөхчүүд Тэрэлжид бэлтгэл хийж таарсан. Ханьтайгаа тэнд анх таарч, хэдэн үг сольж байлаа. Миний хань залуудаа буржгар хар үстэй, давхраатай алаг нүдтэй, цагаан царайтай сайхан залуу байсан. Тэнд байгаа амрагчид Мөнхбатын тухай их ярина. Би бөх сонирхоод байдаггүй болохоор “Мөнхбат яагаад ганцаараа түрүүлээд байдаг юм бол” гэж бодоод л өнгөрдөг байлаа. Ингээд Тэрэлжээс ирээд сураг тасарчихсан. Үүнээс хойш Улсын нэгдүгээр эмнэлэг дээр хичээл хийхээр явж байхад Мөнхбаттай таарна. Манай хүн ч танимхайрч мэнд ус мэддэг юм. Одоогийн МУИС-ийн хичээлийн гуравдугаар байр, Математик менежментийн сургууль чинь манай АУДС-ийн хичээлийн байр байсан. Ангийнхантайгаа Спортын төв ордны урдуур нэг удаа алхаж явтал Мөнхбаттай тааралдтал нөгөөх чинь хүрч ирээд “Уулзъя” гэж байна. Би ичээд гүйчихсэн. Яагаад ч юм уулзмааргүй санагдаад, ангийнхнаасаа ичээд байлаа.
Манай ангид хожим улсын начин болсон Өвөрхангайн С.Чулуунбаатар гэдэг бөх сонирхдог, барилддаг хүүхэд суралцаж байсан. Нэг өдөр Чулуунбаатар “Семинарын дэвтрээ өгөөч” гээд манай гэрт хүрээд ирлээ. “Орооч” гэтэл аав, ээжээс айгаад ордоггүй. Гараад уулзтал Мөнхбат зогсож байдаг байгаа. С.Чулуунбаатар начингаар дамжуулж надтай уулзахаар ирсэн юм билээ. С.Чулуунбаатар ч “Залуу улсад ярих юм байгаа байлгүй” гээд яваад өгсөн. Сүүлд С.Чулуунбаатар “Би Мөөеөд Ө.Тамирыг олж өгсөн, шагналаа авна” гээд өвгөнийг минь цаашлуулна. Би “Яах гэж гэр орон зааж өгсөн юм” гээд л инээлддэг байсан. Хөөрхий минь, залуугаараа бурхан болчихсон доо.
Сэтгэлээсээ хайрласан хүний хайр харцнаас нь хүртэл мэдрэгддэг. Тэгж гүйсээр намайг ч өөртөө дасгасаар, өөрөө ч надад улам дассаар суусан хоёрдоо, бид.
-Аваргыг аав, ээжтэйгээ хэрхэн танилцуулж байсан дурсамжаа хуваалцахгүй юу?
-Би дөрвөн охин дүүтэй болохоор манайхан эрэгтэй хүнд тийм дасамгай биш. Анх манайд ирэхэд нь аав ээж хоёр нээх онц зүйл яриагүй санагдана. Манай гэрийг мэддэг болчихоод шууд манайхаар ирдэг болчихсон юм. Тэгээд амьдралынхаа талаар өрөвдмөөр юм их ярьдаг байсан. Өөрөө айлын арав дахь хүүхэд нь. Дөнгөж зургаан сартай байхад нь ээжийнхээ ах Жигжидийнд өргүүлсэн юм билээ. Аав Чанцал, ээж Хажид хоёр нь 11 хүүхэд гаргасан. Айлд өргөгдөөд 13 настайд нь ээж нь нас барсан гэдэг. Жигжид аав нь 20 гаруй настай байхад нь бурхан болсон юм. Манай хүн хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. Морь бахардаж унатал давхихаар нь нутгийн хүмүүс “Жигжидийн нүдний булай хүн болохгүй” гэдэг байсан гэдэг. Хаашаа л явна морины хар гүйхээр тоос татуулаад давхичихдаг байснаа ярьдаг байлаа.
Санхүүгийн техникумд сурч байхдаа мориор хичээлдээ ирдэг байсан юм билээ. Хотод хонох, очих айл байхгүй аавтайгаа хоёулаа Тасганы овооны энгэрт хонодог байсан талаараа дурсан ярьдаг сан. Тэгээд бөхөд хайртай, сайн улсын хүчинд Санхүүгийн техникумаа төгсөж, сургуульдаа багшаар үлдсэн байгаа юм.
Олимпод явахад нь манай аав, ээж хоёр “Улсаа төлөөлж, их үйлсийн төлөө явж байхад нь сэтгэл санааг нь дэмжих хэрэгтэй” гээд манай хамаатан садангууд баяр ёслолын байдалтай үдэж байлаа. Тэмцээнд явсан хойгуур нь фенүүд нь манайхаар ирээд хүрэл, мөнгөн медаль хэрхэн авсан тухай нь ярина. Тэгээд угтаж авах болоход гэрийнхэн намайг “Хамт явах уу” гэхээр нь би “Үгүй” гээд сангийн аж ахуйн үдэшлэгт явчихсан хүн дээ. Орой нь гэртээ ирсэн чинь Мөнхбат медаль аваад ирчихсэн сууж байсан. Манайханы ах, дүү аав, ээж Мөнхбатад их сайн байсан. Залуу байхад зарим найз “Эмч хүнд халамжтай нөхөр хэрэгтэй. Гэрийн бараа харахгүй ийм хүнтэй сууж болохгүй” гэдэг байлаа. Миний хань харин ч эсрэгээрээ гэр бүлийн үнэ цэнийг ойлгодог байсан хүн дээ.
-Та хоёр хуримаа хэрхэн хийж байв. Сүүлд бага хүү тань та хоёрын алтан хуримыг хийж өгч байсан шүү дээ?
-Бид анх хурим найр гэж сүйд бололгүй нэг гэрт орсон. Харин хүү минь бидний алтан хуримыг АНУ-ын Хавай аралд хийж өгч байлаа. Тэнд Даваажаргал хүүгийн маань фен клубийн америк, япон хүмүүс сайхан хүлээж авсан. Хүлээн авалт сайхан болж ах дүүс, үр хүүхдүүд маань баяр хөөртэй амьдралын минь бас нэгэн аз жаргалтай мөчүүдийг хуваалцан сайхан дурсамж үлдсэн дээ.
-Хүүхдүүдийнхээ тухай ярьж болох уу?
-Ууган хүү М.Батхуяг маань Цэргийн сургууль төгссөн, Зүүнбаянд офицер байж байгаад аавынхаа сургуульд жүдо, самбогоор багшилсан. Удаах охин М.Батцэрэн БНСУ-д сургууль төгсөж ирээд, “Тоёота Мөнххада” ХХК-ийг хариуцаж, ажиллаж байгаа. Харин М.Батгэрэл гээд охиноо Англид таван жил амьдарч байхад нь бид “Даваажаргал дүүдээ тусла” гээд Япон Улс руу хань болгон явуулсан. Бага охин М.Баасанжаргал маань “Мөнххада” ХХК-д ажиллаж байна. Бага хүү М.Даваажаргалыг маань хүмүүс андахгүй байх аа. Хүү минь болж л өгвөл хүнд тусалчих юм сан гэж явна. Монголын сумочид төдийгүй япончууд “М.Даваажаргал уулзсан хүнийхээ сэтгэлийг сэргээдэг, үргэлж тусалж, дэмждэг” гэж ярьдаг юм билээ. Энэ нь аавынх нь дотоод зангийн илрэл юм болов уу гэж бодогддог.
-Таны хань таныхаар ямар зан араншинтай хүн байв. Хүмүүс бол “Аархуу, омогтой Мөөеө аварга” гэдгээр нь илүүтэй ярьж, дурсдаг?
-Ж.Мөнхбатын занг мэдэхгүй хүмүүс ам хэл нь айхтар гэж их ярна. Өөрөө ч ихэнхдээ тийм зантай хүн юм шиг л ойлголт төрүүлдэг байлаа. Яг үнэндээ миний хань маш өрөвч, зөөлөн хүн. Багадаа өргөж авсан ижий, ааваа алдаж, амьдралын хүнд үеийг биеэрээ туулсан болохоор хүнд сайхан сэтгэлээр л ханддаг байсан.. “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийг хань минь дэндүү сайн мэддэг байсан хүн дээ.
-Мөөеө аваргын үг бүр нь хүнийг “чимхэж”, егөөдөж байдаг. Тийм хүнтэй хамт амьдрах ямархуу санагддаг байв?
-Ханийгаа зүлэг ногоон дэвжээн дээр олныг баясуулан барилдахыг, цолоо дуудуулахыг харж, сонсох сайхан биз?
-Залуу байхад сайн ойлгодоггүй байж дээ. Одоо бодох нээ ханийхаа цолыг сонсох сайхан байна. Телевизороор барилдаж байгаа үеийн бичлэг, нэвтрүүлэг гарвал их үздэг болсон. Тэгээд л өнгөрсөн янз бүрийн дурсамжаа санаж, бодож суудаг болж дээ.
1974 онд зургаа дахь удаагаа түрүүллээ, хань минь. Наадмын өмнө Сэлбийн амралтанд Д.Дамдин, С.Цэрэн аваргуудтай бэлтгэлд гарсан байсан. Би Баянцогтоос хоёр, гурван хонь аваад ирчихсэн. Ж.Мөнхбатыг авах гээд очтол буцах жаахан дургүй байна. Би уг нь шинэ шөл уулгах санаатай. “Чи ямар сонин хүн бэ. Би чамайг авах гээд ирж байхад чинь, явъя” гэсээр авч яваад яваад наадмын бэлтгэлийн ядаргааг нь тайлж, сайхан шөл уулгасан санагддаг. Өөрөө ч “Их сайхан амарч хонолоо” гэж ярьж билээ. Тэгээд тэр наадмаар түрүүлсэн. Би ч дотроо үүргээ биелүүлсэн хүн шиг баяртай байсан даа. Одоо бодохоор наадамд түрүүлэх нь чухал бус, ханийгаа сайхан амрааж, сайхан шинэ шөл уулгасандаа сэтгэл уясдаг даа.
Миний хань наадмын өглөө эртээ гэгч босоод яваад өгнө. Өдөр завсарлагаанаар гэртээ ирж, аяганы дундуур бор шөл хийлгэж уугаад, 30 минут нам унтаж, амардаг. Тэгээд буцаад наадам руугаа явна. Сүүлдээ би шөлийг нь аваачиж өгдөг болсон. Шөлөө бариад орох гээр хамгаалалтад гарсан цагдаа нар бороохойдчих гээд хаалга руу ойртуулахгүй. Гэхдээ үүдээр нь байгаа хүмүүс, бөхчүүд “Аваргын эхнэр байна. Оруул, оруул” гэхээр хамгаалалтад гарч байгаа цагдаа нар оруулна. Тэгээд шөлийг нь уулгаж, хоосон суудал байвал барилдаан үздэг байсан.
Ж.Мөнхбат олгой авахуулах хагалгаанд орчихоод эмнэлгээс гарсан, Д.Хадбаатар ч хэцүү нэртийнхээс суллагдаж таарсан нэг жилийн наадмын хоёр, гурав өдөр хамаатнууд, бөхчүүд, Төв аймгийнхан гээд олон хүн хэдэн гэр дамжин бужигнаж, инээд наргиан болсон сайхан наадам болж билээ. Тэр үед миний хань их жаргалтай инээгээд л суугаад байсан нь санаанд тодхон үлджээ. Хань минь олон удаа бэртэж, гэмтэж байсан. Би өвгөнийгөө хар, цагаан хэл аманд эрт өртсөн гэж боддог. Тиймдээ ч наснаасаа эрт бурхан болсон байх. Хар, цагаан хэл ам хүрсэн болоод л байсхийгээд бэртэнэ, “Аваргадаа үнсүүлье” гээд очсон хүнийг “Хуц” гэж хэлнэ. Түүнээс миний өвгөн чинь хүнийг тэгж хэлье гэж хэлэхгүй, өрөвч, цагаан сэтгэлтэй хүн байсан юм шүү дээ.
-Таны хань хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг байсан бэ?
-Хүүхдэд гар хүрнэ гэж байхгүй шүү дээ. Яаж ч үймүүлж байсан хараад л, инээгээд л сууж байна. Хэдэн хүүхдэдээ хатуу үг хэлж байсангүй. Гэхдээ хүмүүс яагаад ч юм “Мөнхбат гуай загнана” гэдэг байсан шүү. Харин томчуудад бол хэн ч байсан хатуухан үг хэлчихнэ. Бэлэн цэцэн үгтэй гэж жигтэйхэн. Одоо ч гэсэн ард түмний дунд хэлсэн үг нь домог мэт яригддаг. Түүнийг нь хэн нэгнээс сонсох сайхан байдаг. Бүр “Манай хүн л тэгж бодож, тийм үг сонгож хэлнэ дээ” гээд л цаанаасаа хайр асгараад байдаг.
-Та хоёр биенийгээ их баярлуулдаг байсан байх. Сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-50 жил хамт амьдрахад эр хүний ноён нуруу, холч ухаан, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө урт санаж, уужим бодож явсандаа бид хэн хэндээ баярлаж явсан. Инээд хөөр, баяр жаргал, алдар гавьяа, нэр хүнд, ард түмний хайр, талархал, хүндэтгэл хүлээж, дааж явна гэдэг хүн бүрд тохиохгүй хувь заяа шүү дээ. Ийм л баярлаж, бахдаж, биширч хүндэтгэхгүй байхын аргагүй сайхан хувь заяа бидэнд тохиолдсон юм.
Өөрөө Монгол Улсынхаа нэрийг даян дэлхийд анхдагчаар гаргачихаад үр хүүхдээ Геннисийн номонд бичүүлнэ гэдэг бид хоёрын үнэнч, шударга сайн сайхан амьдрах гэж хичээсний хариуд бурханаас өгсөн бэлэг гэж боддог. Амьдрал гэдэг дандаа баяр жаргалтай байна гэж байхгүй. Тийм болохоор бид хоёр ухамсартайгаар хатууг нь зөөллөж явсны хүчинд үр, хүүхдүүд минь сайн, сайхан явж байна гэж боддог. Ухамсарт амьдралаа үр, хүүхдийнхээ төлөө зориулж, ард олондоо хүндлэгдэж амьдарсан даа.
-Нээрээ М.Даваажаргал аварга коронавирус туссан гэж байсан. Одоо зүгээр байна гэнэ үү?
-Сайхан эдгэчихсэн гэсэн. Байнга утсаар ярина. Айхтар өвчнөөс болоод ирж, золгож чадахгүй л байна. “Ээжийгээ санаад байна” гэж ярихдаа хэлдэг юм. Би ч хүүгээ их санаж байна даа. Цаг сайхан болж, удахгүй эх орондоо ирнэ гэж хүлээж сууна даа.
-Мөнхбат аварга бурхан болоод гурван жил болжээ. Насныхаа амьдралыг хамт туулсан өмөг түшиг нь байхгүй болно гэдэг хэцүүг ойлгож байна. Гэхдээ танд юу хамгийн их захиж байсан бэ?
-Эхний жил үнэхээр хэцүү байсан. Нэгнийгээ үгүйлж санах шиг хэцүү зүйл байдаггүй юм байна. Нэгэн биений минь тал болсон ханийгаа бурхан болсноос хойш хэцүү он цагийг үдэж байна. Зовлон, жаргалыг хамтдаа туулсаар амьдралынхаа 50 гаруй жилийг түүнтэй өнгөрүүлсэн би азтай эмэгтэй, энэ насныхаа амьдралыг хамгийн аз жаргалтайгаар өнгөрүүлсэн гэж бодож тайтгардаг.
Хань минь сүүлд элэгний хорт хавдар гэсэн онош сонссон. Хурдан морь, бөх хоёр хүн дурлахаар ажил биш гэдэг. Нэг уран дархан хүний хүүхэд бөх сонирхоод байхаар нь аав нь “Чи аавынхаа уран дарханы ажлыг өвлөж авах юм бол элэг бүтэн, амар амгалан амьдарна. Чи бөх болох юм бол халуун сав шиг хэврэг болно. Гэмтэл, бэртэл, хэл, аманд орно" гэсэн гэдэг. Түүн шиг манай гэр бүл, тэр тусмаа хань минь олны хар, цагаан хэл амыг даван туулаад гарсан даа. Бурхан болохоос нь хэдхэн хоногийн өмнө би “Чи бид хоёр одоо хүний гарт орлоо доо. Тиймээ” гэж асуулаа. “Тиймээ” гэж хариулж билээ. Өглөө нь гандан гарч, ном уншуулаад гэртээ ирсэн. Бага охин тэр үед аавыгаа хараад гэрт үлдсэн байсан. Гэртээ иртэл Монгол Улсын начин бага Санжаа манайд ирчихсэн сууж байна. Охин “Аав сая хоол идсэн” гэхээр нь бага Санжаатай юм яриад сууж байлаа. Гэтэл удалгүй охиныг “Аав нэг л сонин байна” гэхээр нь Санжаа бид хоёр яарч сандарсан хүмүүс нөгөө өрөөнд орсон. Үнэндээ сүүлчийн мөчид нь хамт байж чадаагүй. Хүн гэдэг амьтан тэнэг юм билээ. Ханийгаа тэгээд л бурхан болчихно гэж бодоогүй. Одоо харамсан уйлж сууна даа, эгч нь. Хөөрхий минь суугаагаараа бурхан болчихсон байсан, өдөр 13:00 цаг өнгөрч байхад. Одоо ханийнхаа араас зул өргөж, өглөө болгон цай сүүнийхээ дээжийг тэнгэр бурхандаа өргөхөөс өөр юм хийж чадахгүй л сууна даа.
-Аваргын эдэлж хэрэглэдэг хамгийн нандигнадаг зүйл юу байв. Таны хувьд хадгалж, нандигнаж байгаа зүйлс бий байх?
-Хөдөөнийхөн дээл, зодог, шуудагийг нь хэлэхгүйгээр аваад явчихдаг юм. Сүүлийн үед арай гайгүй болсон. Одоо манайд хэд хэдэн зодог шуудаг байна. Миний хөгшин аавын зодог шуудаг ч бий. Ханийн минь одон медаль, шагнал урамшуулал дүүрэн байна даа. Ханийнхаа тухай дурсамж ном бичиж, музей гаргах юм сан гэж бодож сууна. Хүүтэйгээ ярьж байгаад энэ санаагаа хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.
-Та өөрийгөө хэр сайн хань байсан гэж хэлэх вэ?
-Бид хоёрыг хагас зуун жил хамт амьдруулсан гол зүйл бол бие биедээ итгэсэн итгэл, зориулсан үнэнч, шударга зан чанар шүү дээ. Би хүнийг баярлуулаад сүйд болохгүй ч гомдоохгүй юм сан гэж боддог. Миний ямархуу хань байж чадсан эсэхийг миний хань л хэлэх байх. Үнэндээ эгч нь одоо “Ханьдаа олон л юм дутуу хийж өгч дээ. Ийм үг хэлсэн бол тэгж баярлах байсан даа, хэлчихэж болох үгийг юунд нь харамладаг байсан юм бол доо” гэж бодож, нулимс урсгаж суух л юм. Хүн ер нь их хойно, бүр хожимдсоны ард олон зүйлийг ойлгож, харамсаж суудаг юм байна шүү. Нөгөө талаар монголчуудын хайртай хүү, дэлхийд данстай, домогт бөх Ж.Мөнхбатыг насан туршид нь түшиж, тулж хань нь болж явсан хүн нь би шүү дээ. Харж, үнэрлэж, тэвэрч, бахархах хүүхдүүдийг нь төрүүлж өгсөн хүн нь ч би тэд маань түүний минь үргэжлэл гэж бодохоор жаахан тайвширдаг даа.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд эрүүл энх, ажил амьдралын өндөр амжилт хүсье.
Домогт аварга Ж.Мөнхбатын гэргий Ө.ТАМИР: Хатуу, ширүүн үгтэй ч миний хань хүний хайлан, хүн чанарын дээд байсан даа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |