• Өнөөдөр 2024-05-03

ДУУНЫ ШҮЛГИЙН МАСТЕР Д.АМГАЛАНГИЙН ОХИН ТҮМЭННАСАН: ААВ МИНЬ “САА МӨНГӨН ХЭРЛЭН” ДУУНЫХАА ШҮЛГИЙГ БИНДЭРИЙН ХОРИХ АНГИД АЖИЛЛАЖ БАЙХДАА БИЧИЖ, ТЭНД ХОРИГДОЖ БАЙСАН Б.СҮХБААТАР ГУАЙ АЯЫГ НЬ ЗОХИОСОН ЮМ БИЛЭЭ

2024-04-13,   5664

-ААВ МИНЬ “САА МӨНГӨН ХЭРЛЭН”, “НАСНЫ НАМАР”, “ЗУРАГ ШИГ БҮСГҮЙ”, “БОДЛЫН ЦАГААН ХУН” ЗЭРЭГ ДУУНЫ ШҮЛЭГ БИЧСЭН АГУУ ИХ АВЬЯАСТАН БАЙЛАА-

“...Ахин золгохгүй ээжийгээ бодохоор

Айлчлан очихоос халшраад байх юм аа...”,

“...Уулзаж амжаагүй ээжийгээ бодохоор

Унаган нутаг минь хагасраад байх юм” хэмээн сонссон хэний ч сэтгэлийг сэнсэртэл бичсэн хүн бол яруу найрагч Д.Амгалан. Тэрээр 1980-аад оны үед Хэнтий аймгийн Биндэр сумын хорих ангид намын дарга, улс төрийн орлогчоор ажиллаж байхдаа “Саа мөнгөн хэрлэн”, “Хэрлэнгийн баръяа”, “Онон”, “Араараа модтой Биндэрьяа”, “Хан Хэнтийн залуус” зэрэг дууны шүлгийг бичиж, Хэнтийн үзэсгэлэнт байгальд онгод, хийморь нь хөглөгдөж, яг л нутгийнх нь хүн шиг болтлоо ээнэгшин дасаж, дурласан гэдэг. Мөн “Насны намар”, “Зураг шиг бүсгүй”, “Бодлын цагаан хун”, “Сүлдэнд мөнхөрсөн морьд”, “Насны ганцхан хань” гээд 100-аад дууны шүлэг бичсэнээс 30-аад нь олны сонсох, дуулах дуртай дуу болон уншигч, сонсогчдын зүрх сэтгэлд мөнхөрсөн байна. Бид нийтийн дууны нэрт мастер, монголчуудын дуртай олон сайхан дууны шүлгийг бичсэн дэд хурандаа, яруу найрагч Д.Амгалангийн дунд охин Түмэннасантай аавынх нь тухай ярилцлаа.

-Таны аав Хэнтий аймгийн Биндэр сумын хорих ангид ажиллаж байхдаа олон сайхан дууны шүлэг бичиж, дуунд дуртай монголчуудын сэтгэлийг хөглөсөн их авьяастан байлаа. Та аавынхаа унаган нутаг, бага насных нь тухай ярьж өгөөч?

     -Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас “Халуун элгэн нутаг”-ийн Ж.Бадраа, “Ээж минь дээ”-г бичсэн дууны шүлгийн нэрт мастер Л.Давгадорж, “Насны намар” тэргүүтэй дууны шүлэг бичсэн миний аав төрсөн байдаг. Хөвсгөлийнхөн “Манай нутагт дууны яруу найргийн гурван том төлөөлөл өсөж, төрсөн” хэмээн бахархан ярьдаг.

Аав минь 1942 онд Хөвсгөлийн Арбулаг сумын Бадрахын хад хэмээх уул, хад ихтэй, сайхан байгальтай газар есөн хүүхэдтэй айлын отгон нь болж мэндэлсэн. Аав багадаа их сэргэлэн, хөдөлгөөнтэй, ухаантай, юм юманд авьяастай хүү байсан гэдэг. Тэр ч бүү хэл сургуульд орохоосоо өмнө уншаад сурчихсан байсан гэсэн. Арван хэдхэн настайдаа ахыгаа дагаж Улаанбаатар хотод ирээд 20 дугаар сургуульд элсэж, төгссөн.

Сургуулиа төгсчихөөд Алтанбулагийн техниккумийн хуваарь авч, механикч болохоор шийдсэн гэдэг. 1971 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1976 онд Ленинградын Цэргийн их сургууль, 1981 онд МУИС-ийн хуулийн ангид суралцсан байдаг. Бас чөлөөт цагаараа боксоор хичээллэдэг байсан болохоор тухайн үед хүүхдүүд аавыг их дагаж, дуурайдаг байсан юм билээ.

-Аав нь Алтанбулагийн техниккумаа төгсчихөөд хаана ажилласан байдаг вэ?

      -Аав Замын цагдаагийн газраас ажлын гараагаа эхлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гавьяаныхаа амралтад гарсан. Замын цагдаад ажиллаж байхдаа “Ногоон гэрэл цагаан шугам”, “Та бүхний анхааралд”, “Теле тоншуул”, “Байцаагч мэдээлж байна” зэрэг нэвтрүүлэг хөтөлж, биднийг оролцуулдаг байлаа. Бид ч нэвтрүүлэгт орж, аавынхаа асуусан асуултад зөв хариулчихаад магтаалын үг сонсох дуртай байж билээ.

Мөн тухайн үеийн “Тээвэрчдийн мэдээ” сэтгүүл, “Найрамдлын зам” сонинд “Осол яагаад гарав”, “Зохицуулагчийн золбоо” зэрэг буланд мэдээ, материал нийтлүүлж байгаад 1970-аад онд Замын цагдаагийн үйл ажиллагааг сурталчилсан “Шүглийн дуу”, “Амрыг эрье” зэрэг богино хэмжээний кино, “Хуулийн хүн”, “Бэлэнгийн гайгаар” зэргийг бичиж, радио, телевизээр олон нийтэд хүргэсэн. Тийм болохоор хүмүүс аавыг Замын цагдаагийн Амгалан гэдгээр нь илүүтэй таньдаг байв. Мөн аав минь хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн, П.Хаянхярваа, Н.Чулуунхүү нартай “Алтан нарыг тосох бахтай”, “Ажлын дараа больё доо”, “Замын цагдаа” зэрэг дууг хамт олондоо зориулан бичсэн.                                   

-Хэнтий аймгийн Биндэр сумын хорих анги руу томилогдсон түүх нь юунаас эхлэлтэй вэ?

    -Аав 1982 он хүртэл Замын цагдаад ажиллаад, дараа нь одоогийнхоор Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байгаад   Хэнтий аймгийн Биндэр сумын хорих ангид томилогдсон.

Намайг гуравдугаар ангид байхад манайх Биндэр рүү нүүсэн. Аав очсон газар бүрдээ соёлын үр тарьж, хамт олныхоо уур амьсгалыг бэхжүүлсэн сэтгэлтэй хүн байсан. Биндэрийн хорих ангид намын дарга, улс төрийн орлогчоор сайхан ажиллаж байхдаа ялтнуудад дуу, бүжиг зааж, тэднийг ном унших боломжоор хангаж, лекц сонсгож, зохиолчидтой уулзуулж, тэмцээн уралдаан тасралтгүй зохиож байсан. Түүнээс гадна “Хүмүүжил”, “Өчил”, “Урагшаа” сонинд дугаар алгасалгүй материал нийтлүүлдэг байсан юм билээ.

Аав Биндэр, Хэнтий, Хонхор, Зүүнхараа, Амгалангийн хорих ангид Намын дарга, улс төрийн орлогчоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тухайн үед хүмүүс аавыг “Инээд алдсан, хараад л уужирмаар сайхан хүн” гэж ярьдаг байсан. Хоригдлууд нь хүртэл болж бүтэхгүй асуудлаа аавд ярихад аав дандаа болох талаас нь хөөцөлддөг, зөвлөгөө өгдөг, тусладаг байлаа. Тийм ч учраас хүмүүжигч хоригдлууд нь “Өчил” хэмээх сонин дээр аавыг дандаа сайхнаар дурсан бичсэн байдаг юм билээ. Аав үнэндээ нэг ч хүнд үгүй, болохгүй, чадахгүй гэж хэлдэггүй, аливаад зөөлөн, зөв ханддаг байсан болохоор ихэвчлэн уянгын дууны шүлэг бичдэг байсан болов уу гэж боддог.

-Аав нь Хэнтий аймгийн Биндэр суманд ажиллаж байхдаа олон сайхан шүлэг бичсэн гэдэг. Тэр дундаас хэнтийчүүдийн сүлд дуу болох “Саа мөнгөн хэрлэн” хэрхэн бүтсэнийг та мэдэх үү?

     -Аав минь “Саа мөнгөн хэрлэн” дууныхаа шүлгийг Биндэр сумын хорих ангид зохиосон юм билээ. Тухайн үед хоригдож байсан “Хан Хэнтий” чуулгын концертмейстер Б.Сүхбаатар аавын шүлгийг уншиж байгаад “Би “Саа мөнгөн хэрлэн” шүлгэнд чинь ая хийж болох уу” гэж гуйсан гэдэг. Тэгээд аав зөвшөөрснөөр “Саа мөнгөн хэрлэн” дуу Биндэрийн хорих ангид “төрсөн” түүхтэй юм билээ.

Аав минь их сайхан нутагт төрж, өссөн мөртлөө Хэнтий аймгийн Биндэр суманд их дасаж, Хэнтий аймгийн байгалийн сайхныг харж, биширч байхдаа олон сайхан дууны шүлэг туурвисан байдаг. 1987 онд “Саа мөнгөн хэрлэн” дуугаараа үзэгчдийн шагнал, 1988 онд “Насны ганцхан хань” дуугаараа үзэгчдийн шагнал, 1989 онд “Насны намар” дуугаараа гуравдугаар байрын шагнал хүртэж, 1991 онд “Бодлын цагаан хун” дуугаараа “Морин хуур” наадмын шагнал хүртэж, 3-4 жил дараалан шагнуулж байсан. Аавыг “Бодлын цагаан хун” дуугаа бичүүлэхээр хөөцөлдөж явахад нь би дагаж явж байгаад Ардын жүжигчин А.Долгор эгчийг анх харж байлаа.

Тухайн үед “Ямар сайхан эгч вэ. “Бодлын цагаан хун”-г дуулаад тайзан дээр гарах юм бол ёстой гоё доо” хэмээн шөнөжин догдолж, бодоод маргааш нь ааваар хос хунгийн сувинер авахуулсан. Тэгээд А.Долгор эгчийг дуулаад дуусахад нь нөгөө сувинерээ тайзан дээр өгөөд, үнсүүлээд бууж байснаа санадаг юм. Тэр үед А.Долгор эгч надад их биерхүү, цав цагаан хүзүүтэй, урт цагаан даашинзтэй яг л хун шиг харагдаж байсан. Нэг их удалгүй хүмүүсийн сонсох, дуулах дуртай дуунуудын нэг болж, хүлээн зөвшөөрөгдсөнд аав баяртай байсан. Бид 2009 онд Хэнтий аймгийн төвд аавынхаа “Саа мөнгөн хэрлэн” дууны хөшөөг босгосон. Түүнээс гадна аав минь Онон голд зориулж, “Онон” хэмээх дууны шүлгийг бичиж, Н.Төмөрхуяг ах дуулсан. Аав минь Биндэр суманд дөрөв, таван жил ажиллахдаа уран бүтээлийн олз омог ихтэй байсан. Ёстой л онгод орно гэдэг шиг олны сонсох дуртай дууны шүлгийг ар араас нь бичсэн байдаг. Тэгээд аав минь “Би төрсөн, тэлсэн хоёр нутагтай хүн” гээд зав л гарвал Биндэрт очих дуртай байж билээ. Бараг төрсөн нутаг шигээ л боддог байсан даа, Биндэрээ.

-Мөн “Үсний сор минь мөнгөрөх тусмаа

Үгүйлэн санах юм төрсөн нутгаа

Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь хагасраад байх юм аа” хэмээх “Насны намар” дуу хэрхэн бүтсэн тухай нь та ярьж өгөөч. Олны сонсох дуртай дуунуудын нэг яах аргагүй мөн шүү дээ?

    -1972 оны зун би ээжийнхээ гэдсэнд байсан юм билээ. Тэр үед эмээгийн минь бие муудсан тухай манайд цахилгаан ирсэн гэдэг. Ээжтэйгээ амжиж уулзахаар яаран явсан ч замын уртад хоёр хоноод очсон гэдэг. Гэтэл ээжтэйгээ уулзах нь битгий хэл ээжийг нь оршуулчихаад ирж байсан хүмүүс аавын өөдөөс гарч ирж, гэрийнх нь гадаа хоёр талаасаа уулзаж байсан гэдэг. 

         

    Тэгээд уйтгар гунигт автсан аав минь ээждээ дуун суварга босгохоор олон жил бодож, сэтгэлдээ тээж байгаад 1988 онд Б.Магсаржав ахын аялгуугаар “Насны намар” дуу бүтэж, 1989 онд Н.Төмөрхуяг ах “Морин хуур” наадамд дуулж, үзэгчид нижигнэсэн алга ташилтаар хүлээн авч байсан гэдэг. Тэр үед Б.Мягмаржав ах ч мөн ээжээсээ хагацаад удаагүй байсан юм билээ. Тэдний ээждээ зориулсан чин зүрхнийх нь шүлэг, аялгуу олон түмнийг  сэтгэлд хүрч, өдгөө ч хуучраагүй хэвээр байна.  Аав минь ээждээ зориулсан “Насны намар” дуугаа бүтээж байж л тайтгарсан болов уу гэж боддог. Аав бас нэгэн шүлгэндээ “Насны намрыг та нар дуулж явна аа, уйлах болно” гэж бичсэн байдаг. Тухайн үед аавынхаа хэлсэн үгийг ухаараагүй явжээ, бид. Харин одоо аавынхаа “Насны намар” дууг сонсож чадахгүй уйлчих гээд байдаг юм. Аавыгаа 2007 онд өвчний улмаас бурхан болоход чандрыг нь төрсөн буурин дээр нь оршоож, “Насны намар” дууных нь хөшөөг мөн гэрийнх нь буурин дээр босгосон. Нутгийнхан нь одоо тэр хөндийг “Насны намрын хөндий” хэмээн нэрлэдэг болсон байна лээ. Бид жил бүрийн зун аавынхаа төрсөн буурин дээр очдог.

-Аав нь сор болсон шүлгүүдээ ямар цагт эсвэл аль улиралд ихэвчлэн бичдэг байсан бэ. Яруу найрагчдад мэдрэмж, авьяасаас гадна орчин, өнгө, улирал нөлөөлдөг гэж ярьдаг шүү дээ?

    -Аав ажил ихтэй болохоор ихэвчлэн оройн цагаар шүлгээ бичдэг байсан. Намайг хажуудаа суулгаж байгаад шүлгээ мөр мөрөөр нь хэлж, надаар бичүүлдэг байлаа шүү дээ. Биндэр рүү нүүсэн жилээ буюу намайг гуравдугаар ангийн сурагч байх үеэс л аав надаар шүлгээ бичүүлж эхэлсэн. Өөрөө бичихээс залхуурсандаа биш, намайг яруу найрагт дуртай болгох гэсэндээ тэр шүү дээ. Бас аав минь Биндэрийн уул, ус, цэцэг, жимстэй бүхий л сайхан нутгаар намайг дагуулж явдаг байлаа. Тэгээд цэцэг харахаараа “Энэ цэцгийг хараад чамд ямар сэтгэгдэл төрж байна вэ. Чи эхлээд надад ярьж өг, дараа нь бич” гэдэг байв. Тэгээд зогсохгүй яруу найрагчид цэцэгний тухай ямар шүлэг бичиж байсныг уншиж өгнө.

   Заримдаа “Аав нь ингэж бичлээ. Чамд нэмэх санаа байна уу” гэж асуудаг байсан. Аав минь бичих шүлгээ шөнөжин бодож байгаад үүрээр босож, буулгадаг байсан. Тэгээд би аавыгаа дагаж 05:00 цагт босож, шүлгийг нь бичиж өгсөөр байгаад сурчихсан. Одоо тэр дадал минь хэвээрээ. Бас цаас гамнаж сурсан. Тэр үед аав минь бидний дуусгасан дэвтрийн ар, өврийг ашиглаж, шүлгээ бичдэг байсан. Бас нэг гоё дурсамж гэвэл, аав орой болгон маргааш өмсөж явах хувцсаа бэлдэнэ. Өмдөө нугалж индүүддэг, цамцныхаа захыг сунгахгүйгээр сойздож угаадаг, дүү нар гутлыг нь тослож, аавыгаа ажилд нь бэлддэг байлаа.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

    -Бид эцэг, эхээс тавуулаа. Ээж минь тухайн үеийн гуравдугаар сургуулийн номын санд номын санчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аав биднийг урлагт ойрхон, урлагт хайртай болгож хүмүүжүүлснээр бид цэцэрлэгт байхаасаа л дуу, шүлэгт дуртай болчихсон. 1980 онд Ж.Гүррагчааг сансарт нисэхэд нь би түүнд зориулсан яруу найргийн уралдаанд оролцож, “Бөөн баяр” шүлгээрээ түрүүлж, Сайшаалын үнэмлэх, 50 төгрөгөөр шагнуулж байлаа. Бид аав, ээжийнхээ зааж, сургаснаар хүмүүжиж, аавынхаа зөвлөсөн мэргэжлийг сонгоцгоож, дор бүрнээ сайхан амьдарцгааж байна.

-Аав нь яруу найрагч, хөгжмийн зохиолчидтой дотно байсан байх. Ялангуяа Н.Төмөрхуяг гуай аавынх нь олон дууг дуулсан байдаг. Тэд хэрхэн нөхөрлөдөг байсан тухай дурсаач?

    -Аав минь олон сайхан уран бүтээлчтэй найзалж, нөхөрлөж явсан. Тэд манай гэрээр хонож, өнжинө, гитар, баянхуур тоглоно, шүлгээ уншина. Тухайн үедээ Н.Төмөрхуяг, Н.Чулуунхүү, Г.Тэрбиш гээд мундагчуудын дунд байгаагаа мэдэхгүй зүггүйтэж явжээ. Аав “Саа мөнгөн хэрлэн”-г Н.Төмөрхуяг ахаар дуулуулж, үзэгчдийн шагнал хүртэж байхдаа “Зүүдэн бороо” дууны Б.Магсаржав ахтай танилцсан гэдэг. Н.Төмөрхуяг ах дуу бичүүлэхээр хөдөөнөөс ирэхдээ манайд гурав, дөрвөн сар амьдардаг байсан. Тухайн үед дуу бичүүлнэ гэдэг өнөөгийнх шиг амар байсангүй. Зохиолчдын хорооныхны зөвшөөрлийг хүлээж байхдаа дараагийн дуугаа бэлдчихдэг байсан. Тухайлбал, “Насны намар” дууг батлуулах гэтэл “Ард түмнийг гунигт уриалсан гунигтай дуу байна. Үийг нь зас” гээд хэд хэдэн удаа буцааж байсан гэдэг. Н.Төмөрхуяг ахыг манайд байхад хүмүүс “Солгой Н.Төмөрхуягийг харъя, уулзъя” гэж их ирнэ. Тухайн үед Н.Чулуунхүү, Б.Магсаржав, Г.Тэрбиш ах манайд байнга ирдэг байлаа. Аав ч тэр гуравтайгаа хамтарч олон дуу хийсэн дээ.

-Аавынх нь удамд бичгийн хүн байсан уу. Аавыг нь шүлэг бичихэд ихэвчлэн юу нөлөөлдөг байсан юм бол?

     -Аавын удамд лам, зурхайч, хөгжмийн боловсролтой хүмүүс байсан юм билээ. Соёл урлагийн болон бусдыг гэгээрүүлэх төрлийн ажил хийдэг хүмүүс байсан гэж ярьдаг. Ямар сайндаа ах нь хөгжимчнөөр сурахаар хотод ирэхдээ “Дүүгээ боловсролтой хүн болгоно” гээд хот руу дагуулж ирсэн байх вэ дээ. Өвөө минь Жибзундамба хутагтын гүнцэг барьдаг, ном уншдаг хүн байсан гэдэг. Аав Алтанбулагийн техниккумд сурч байхдаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, үдэшлэг хөтөлдөг, шүлэг бичдэг байсан юм билээ. Тэгээд мэргэжлийнхээ ажлыг хийсэн ч гэсэн чөлөөт цагаараа шүлэг бичихээ орхиогүй. Тухайлбал, Ленинградад суралцаж байхдаа “Зураг шиг бүсгүй” дууныхаа шүлгийг бичсэн юм билээ. Хэдэн жилийн дараа “Хурд” хамтлагийнхан шүлгээр нь дуу хийчихсэн байсан гэдэг. Тэгээд хожим аав нэг тоглолтод явахдаа Хурдынхантай таарсан гэсэн. Тэр үед “Зураг шиг бүсгүй”-г  ааваас албан ёсны зөвшөөрөл авч чадаагүйгээ олон нийтийн өмнө хэлж, аавыг  тайзан дээр урьсан гэдэг. 

-Аав нь 30-аад жил шүлэг, яруу найраг бичихдээ ээжид нь хэчнээн шүлэг зориулж, хэдэн ном хэвлүүлсэн бэ?

     -Ээжийг минь Уртнасан гэдэг. Аав айлын ганц охинтой гэр бүл болж, 40 гаруй жил ханилахдаа ээжид олон сайхан шүлэг зориулсан. Тухайлбал, “Насны ганцхан хань”, “Гэргий, “Чи миний харц, “Зүүдэнд хоногшсон амраг”,”Ханийн заяа”, “Оройн дээд од”, “Дэлхий хань”, “Хайртай, би чамдаа хайртай”, “Эргэн дурсах нас”, “Дуулж суугаад жаргая даа” зэрэг шүлэг зориулан бичсэн байдаг. 1995 онд “Бодлын цагаан хун” нэртэй дууны шүлгийн ном, 1996 онд “Олон голын урсгалтай” шүлэг, найраглалын, 2001 онд “Онгод найргийн шүтээн” ном хэвлүүлсэн. Яруу найрагч, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай аавын минь “Бодлын цагаан хун” номынх нь өмнөтгөлд “Шүлэг бичдэг бүхэн дууны шүлэг бичдэггүй юм. Шүлэг нарийн хийц, ур, ухаан, далд мэдрэмж, найрсал зохицол шаардана. Энгийн мөртлөө далд ухаан нэхнэ. Дууны гүн ухаан бол зарим гүн ухаантны номлолоос өөр. Д.Амгалангийн дуунд сэтгэлээ өгч, дууны үгэндээ тэр  өөрөө хайлж, уярч, уянгын хөг аясыг төрүүлж байдагтаа өдий зэрэгтэй болсон” хэмээсэн байдаг. Тухайн үед “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгийн дугаар болгоноор аавын минь “Насны намар”, “Саа мөнгөн хэрлэн”-г сонсогчид захиалдаг байсан.

-Аав нь дууны шүлгээс гадна бичлэгийн өөр төрлөөр бичиж байсан уу?

    -Аав минь дууны хэдэн шүлэг биччихээд кино зохиол, жүжгийн зохиол бичнэ гэж ярьдаг байсан. Аавын бичиж байсан жүжгийн зохиолын ноорог хүртэл байдаг. Хүслийг нь гүйцээхийн тулд кино, жүжиг бичих юм сан гэж боддог.  Аав минь аливаад үнэн сэтгэлээсээ ханддаг, бусдад сэтгэлээсээ тусладаг хүн байсан. Нэрт сэтгүүлч, зохиолч Ш.Гүрбазар гуай аавын тайлан тоглолтыг хөтөлж байхдаа “Үргэлж бусдын төлөө, уран бүтээлийнхээ төлөө гүйж явдаг энгэр задгай, хөлс нь урссан тэр тарган шар хүн бол та бидний хайртай найрагч Дүгэржавын Амгалан” гэж цоллож билээ. Бас аавын минь дууг дуулсан дуучид “Амгалан гуайн дуу үнэн үгтэй байдаг болохоор бид дуулах дуртай” хэмээсэн байдаг.

     Монголын дууны яруу найргийн гэрэлт “од” Д.Амгалан гуай хүмүний эгэл боргил амьдралыг ийм энгийнээр дүрсэлж, сэтгэлд өнөд орших бүтээлүүдээрээ бидний дунд мөнх үлджээ. Түүний сод бүтээлүүдээс амьдралын үнэн, байгалийн сайхан, сэтгэлд мөнхрөх хайрыг мэдэрч, тунгаахаас гадна хэзээд нэг л зангаараа байх хүнлэг сайхан чанарыг нь дурсахгүй үлдээж болохгүй ээ. Түүний охин Түмэннасан аавынхаа хүслийг гүйцээж, жамын эрхэнд бүтээн, туурвиж амжаагүй жүжиг, кино зохиолыг нь бичиж, аавынхаа хэн байсныг дахин дуурсгах том зорилго зүрхэндээ тээгээд бүтээл төрөх замаар алхаж явна. 


ДУУНЫ ШҮЛГИЙН МАСТЕР Д.АМГАЛАНГИЙН ОХИН ТҮМЭННАСАН: ААВ МИНЬ “САА МӨНГӨН ХЭРЛЭН” ДУУНЫХАА ШҮЛГИЙГ БИНДЭРИЙН ХОРИХ АНГИД АЖИЛЛАЖ БАЙХДАА БИЧИЖ, ТЭНД ХОРИГДОЖ БАЙСАН Б.СҮХБААТАР ГУАЙ АЯЫГ НЬ ЗОХИОСОН ЮМ БИЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-13 23:01:17
    Bayaraa : bitgii shaachgaa uhej dald orson hoino l huni derd haiöan bsan ged hutsaldad bhin amid ahuida ene olni tanil ******** nar huni ******** bsanig n ard tumen yaridag shde lalri hudal h aalznuddaaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-09 19:02:57
    С Чулуунбаатар: Сайн хүний тухай сайхан дурдгал унших сайхан байлаа Сэтгэл нялхарч байна ямар ч гэгээн цаг үед яасан ч олон сайхан хүмүүс.дунд амьдраа вэ даанч би гэнэн бж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-08 23:20:11
    Ннн: Сайхан хүн байлаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-08 21:59:53
    С.Пүрэвсүрэн: Намайг Хэнтий аймгийн "Урагшаа" сонины эххлэгчээр ажиллаж байхад Дүгэржавын Амгалан гэж тэвхэлзсэн махлаг шар моёор байлаа. Түүний тухай олон сайхан дурсамж сэтгэлд орж байна. Би сониндоо нэгэн дурсамж нийтлэхсэн гэж бодоод л явдаг. Бичнэ ээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-08 21:08:24
    Шүрэнцэцэг: .Мундаг хүн байж дээ. Үр хүүхдүүд нь урт удаан нас ажлийн амжилтыг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-08 17:15:12
    Зочин: Энэ хүний тухай, шүлгийнх тухай урьд сонсож байгаагүй юм байна. Олон сайхан дууны шүлгийг энэ хүн бичиж ард түмний дуулах дуртай дуунууд бүтжээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-08 15:16:39
    Занашир: Амгалангийнхаа тухай уншихад маш сайхан байна шүү. Хүнд тусархуу, залуу биднийг ажилдаа сурч, дадлагажихад маш их тусалж, сургаж байсанд нь үнэхээр их баярлаж явдаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-08 10:47:30
    Goeo: Амгалан хошуучмаань Сайханхүн байлаа. Би 1980-аад оны үед НАХЯамны Намын Хорооны Үзэл Сурталын хэлтэст Соёлын ажил хариуцсан ахлах ажилтан байлаа. Амагалан хошууч ЗХХБУГ-ын Ул Төрийн хэлтэст, ахлах ажилтан, зарим ангиудад улс төрийн орлогч байлаа Одоогийн ШШБЕГ юмдаа. Миний өрөөгөөр байнга төвд ирэхээрээ орж ирнэ. Ийм хүмүүсээс юм гардагийм гээд НАДАД нэг шинэ ШҮЛЭГ дууны үг өгсөн юмсан би оролдож амжаагүйл дээ. Тэр үед хурандаа И.Төрөмбатын үгэнд Тунгалаг Туул гэдэг нэг дуу Туул голын эрэг дээр өссөнийх гэж зохиогоод тэмцээнд оруулахад сонссон байсан Амгалан хошууч тэгээд л тэр хөө ккк
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-08 08:39:18
    Зочин: Сайхан ярилцлага байна, тэр олон сайхан дууны шүлгийн эзэн иым авьяас төгөлдөр хүн байжээ. Гайхалтай. Охин ч мундаг юм, Бөөн баяр дуу хүүхдүүдийн дууны гол талөөлал тэр дууны үгийг бичнэ гэдэг бас авьчас шүү. Аавынхаа үлдэасэн бүхнийг гүйцээгэарэй амжилт
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188