• Өнөөдөр 2024-04-30

М.НЭРГҮЙ: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН ТҮҮХЭНД “ЦАХИЛГААН” МӨНХӨӨ НЭРЭЭРЭЭ АЛДАРШСАН САЙХАН ХҮН БАЙЛАА

2024-03-23,   1486

ААВ МИНЬ Д.ДАМДИН АВАРГА, Ж.МӨНХБАТ АВАРГЫГ НЭГ ӨДӨР ЦУВРУУЛАН УНАГАСАН ГЭДЭГ

         ...Тэр гуяа алгадаж, сүртэй нь аргагүй гарч ирээд хөлөө дээр дээр өргөн удаанаар дэвж, биеийхээ хэлбэр, галбирыг гайхуулж байна уу гэлтэй шавдаг байв. Учраа бөхтэйгөө өрөхдөө баруун гараа өргөж, хөлөө сул хаян таахалзаж, олныг цэнгүүлдэг байжээ. Үзэгчдэд ингэж л сүр хүч, зоримог байдлаа мэдрүүлж, өөрийн араншин, ид хаваараа учраа бөхийнхөө анхаарлыг сарниулж байгаад мэхээ бүрэн даалгаж, аваргуудыг хэд хэдээр нь тэнгэр харуулж чаддаг байсан овтой бөхчүүдийн нэг нь тэр байв. Заримыг нь бүрэн унагалгүй татаж босгоод дахин барилддаг байсан аархуу бөх бол “цахилгаан” хэмээх Мөнхөө юм. 1970, 1980-аад оны Цагаан сар, баяр наадмын торгон дэвжээг ир, бярандаа багтаж ядсан аймгийн арслан, олноо “цахилгаан” хэмээн танигдсан Ядамжавын Мөнхөө гуай чимж, үзэгчдийг шуугиулж байжээ. Түүний үндсэн мэх нь ерөөсөө л тахимдах гэнэ. Учраа бөхийнхөө сэнжигэнд гар нь хүрсэн л бол баруун, солгойгүй суйлна, хонгодно. Бас өрнө, зайлна, зайлаанаас тахимдаж гал гарсан барилдаан үзүүлдэг байжээ, тэр. Сарвуундаа хүчтэй, хөлөндөө хурдтай байсан болоод ч тэр үү  бөхчүүдийн хөлд орохдоо гарамгай сайн хэмээн яригддаг байснаараа монгол бөхийн түүхэнд “цахилгаан” Мөнхөө болтлоо алдаршиж, давтагдашгүй түүхийн эзэн болсон юм. Түүний том охин Нэргүйтэй аавынх нь тухай дурсамж уудлан ярилцлаа.

-Таны аавд “Цахилгаан” Мөнхөө хэмээх хочийг хэн өгсөн юм бэ. Аав нь хэдэн онд аймгийн арслан болж байв?

       -Аав 1967 онд Баянхонгор аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан болохоосоо өмнө “цахилгаан” хэмээх хочтой болсон юм билээ. Нутгийн залуус аавыг цахилгаан шиг хурдан гэж ярьдаг байсан ч “цахилгаан” Мөнхөө гэх хочийг Ч.Бээжин, Ш.Батсуурь нарын аварга өгсөн гэдэг. Тэд аавын хурдыг гүйцдэггүй байсан болоод л тэгж хочилсон байх. 1970-аад оноос хойш аав минь олноо “цахилгаан” Мөнхөө нэрээрээ танигдаж, дархлагдсан юм шүү дээ. Аавыг арслан болсны дараа жил нь миний үеэл буюу аавын зээ Б.Цэрэндолгор Говь-Алтай аймагт түрүүлж, аймгийн арслан болж байсан. Манайхан аавыг Мөөеө, үеэл Б.Цэрэндолгорыг Дойлоо хэмээн авгайлдаг байлаа. Дойлоо аавыг аймгийн арслан болохоос өмнө байнга давдаг, арслан болсноос нь хойш дийлэхээ больсон гэж ярьдаг байсан. Тэр жилүүдэд өвөө минь “Манайхан бяртай нь бяртай л байсан. Мөөеө, Дойлоо хоёр сайн барилдаж байгаа юм чинь Я.Бантаг ч сайн барилдах юм байна” гэж хүүхдүүдээрээ бахархаж байсан гэдэг. Я.Бантаг гэдэг нь аавын бага дүү. Хожим Я.Бантаг ахыг  Говь-Алтай аймагт ганц л      бөх унагадаг байсан гэж ярьдаг.                                                   

      Үеэл ах М.Мандах маань бөхчүүдийн тухай, аавын тухай надаас илүү сайн мэднэ. Ах маань тантай ярилцсан бол бөхөд дуртай монголчуудыг баярлуулж, өндөлзүүлсэн илүү амттай яриа болох байж дээ.

-Аавынх нь бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Морь, малд иртэй байсан уу?

       -Аав Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багийн нутагт төрж, өссөн. Аав минь эцгээс наймуулаа, эхээс тавуулаа. Дүү нар нь барилддаг аймгийн заан, начин цолтой хүмүүс байсан. Аавыг нутгийн хөгшчүүл нь “Бүдүүн азарганы тэнхээтэй хүн байсан. Түүнээс илүү бяртай ч байж мэднэ. Хажуугаар нь бүдүүн азарга дайрахад нь цоровдож аваад, үсэрч мордоод, булгиулаад явчихдаг. Морио номхоруулаад ирдэг чадалтай, зоригтой эр байсан” хэмээн хуучилдаг байсан гэдэг. Аав Говь-Алтай аймгийн суурин кино театрын механикчаар ажиллаж байхдаа үүдэнд нь байсан “Гарьд магнай” кинон дээр Равсалын үүдийг дарчихсан байдаг цагаан чулуунаас том уу гэхээс жижиггүй, ойролцоогоор 300 гаруй килограммтай чулууг 50 метрийн зайнаас амралтгүй өргөж авчирсан гэдэг. Тэр чулууг ааваас хойших бөхчүүд бооцоо тавьж, өргөх гэж үзээд хэн нь ч дийлээгүй юм билээ. Чулууг байсан газраас нь хүчний машинаар зөөж холдуулж байсан гэдэг.

-Аав нь хэзээнээс барилдах сонирхолтой болсон гэдэг вэ. Барилдаж эхэлсэн тухайгаа ярьж өгдөг байсан уу?

     -Аав минь “Үеийнхэнтэйгээ барилдаж, адуутай ноцолдож байж бөх болсон” гэж ярьдаг байсан. Аав морь сонирхдог, унадаг байсан болохоор хээр яваа эмнэг адууг ганцаараа барьж, онхор нь нэг азаргыг арван жил уяхдаа аймагт есөн удаа түрүүлгэж байсан. Говь-Алтай аймгийн Тайшир суманд “Монхорын хээр” гэж зартай азарга байлаа. Тэр азарганы түүх өдгөө ч давтагдаагүй байна.

      Аав зурагтаар бөх гарч байна гэх юм бол хаанаас ч хамаагүй давхиж очиж үздэг байсан. Бөхөө дуусангуут дүү нартайгаа хэд барилдчихаад морддог байсан гэдэг. Өвөө минь аавыг “15, 16 настайгаасаа барилдах дон шүгэлчихсэн. Энэ, тэнд очиж хүүхдүүдтэй ноцолдож, дээл, хувцсаа тэсгээдэггүй хүүхэд байсан. Үе тэнгийнхнээсээ бяртай байсан нь бөхөд дуртай болгосон” гэж ярьдаг байсан гэдэг.  Аавтай өдөр болгон шахуу барилддаг байсан Дойлоо дүү нь цэрэгт байхдаа аймгийн заан болж байсан. Аав тэднийг тэгж л сургадаг байсан. Д.Долгорсүрэн заан, Д.Хадаа, Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох аварга, Д.Цэрэндаш, С.Эрхэмбаяр начин, улсын заан У.Пүрэв, Р.Давааням гээд нутгийнхаа бөхчүүдийг их дэмждэг, бөхийн тухай ном их уншдаг байсан.

-Та үеэл ахаасаа болон бөх сонирхогчдоос аавынхаа тухай ихийг сонсож, дурсамжийг нь хуваалцаж байв уу?

      -Үеэл ах М.Мандах маань таван настайгаасаа хурдан морь унаж, наадмаар барилддаг ах нарыгаа дагаж морь, бөхийн галаар явдаг байсан болохоор бөхчүүдийн түүх намтар, хоорондоо ярьж байсан хөгжилтэй яриаг сонсож өссөн юм билээ. Өөрөө ч бөхөд сонирхолтой болохоор ах нарыгаа дуурайж барилдаж байгаад сумын заан болсон. М.Мандах ах “Дээр үеийн бөхчүүд ухаанаараа, зориг, тэвчээр, хурдаараа барилдаж байсан. Наадам эхлэхээс долоо хоногийн өмнө өөрсдийгөө амрааж бэлтгэлээ базаадаг байснаас биш, өнөө цагийнх шиг олон сар, жилээр бэлтгэл хийдэггүй байсан” гэж ярьдаг юм. Аавыг бөхчүүд дундаа жижиг биетэй,  хурдтай, гарамгай сайхан мэхтэй болохоор мэх, хурд хоёроо тэнцүүлж барилддаг байсан” гэж дурсдаг юм.

-Та аавынхаа гойд сайн барилдсан барилдааныг нь болон сэтгэл гундуухан буцаж байсан наадмынх нь тухай мэддэг үү?

       -1960-аад оны үед Д.Дамдин аварга улсын баяр наадамд түрүүлчихээд Дархан-Уул аймагт цолоо тэмдэглэж, бөхчүүдийн дунд барилдаан зохион байгуулсан юм билээ. Тэр барилдаанд Дамдин, Мөөеө, Баянаа нарын аварга, Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам гээд аваргын дайтай арслангууд зодоглосон гэдэг. Гурвын даваанд Д.Дамдин аварга Ж.Мөнхбат аваргад “Говь-Алтайн цахилгааныг амалчихъя. Түүнээс өөр авчихаар аятайхан бөх алга. Сайн цэргүүд нь дөрвийн даваанд гараад ирнэ биз” гэж аархаж байж л дээ. Гэтэл аав Д.Дамдин аваргыг  гурвын даваанд дэгээдээд унагаачихаж. Д.Дамдин аварга гайхсан янзтай тахимаа өгөөд шарандаа аавыг заавал давах гэж 17:00 цагт дахин барилдаан зарласан гэдэг. Тэр барилдааны гурвын даваанд Мөөеө аварга аавыг амлаж, “Чи яасан ичдэггүй нүүр вэ. Өнөөдөр намайг давахааргүй байгаа шүү” гэсэн ч мөн л аавд унасан гэдэг. Тэгээд Д.Дамдин аварга Ж.Мөнхбат аваргад “Би энэ жил хазайхааргүй байгаа юм. Гэтэл “Цахилгаан” Мөнхөө намайг унагачихаад байх юм. Энэ муу санаа гаргачихлаа” гэсэн гэдэг. Тэгээд Д.Дамдин аварга аавд “Чи намайг яагаад унагачихав аа. Чамд ямар санаа байна вэ” гэхэд аав “Өнөөдөр Баянхонгор аймагт арслан болж байсан үеийн бяр ороод болдоггүй ээ. Тэгээд би таныг яаж ч чадсангүй, уучлаарай” гэсэн гэдэг. Тэр өдөр аав минь хоёр аваргыг цувуулж хаяад ёстой л од нь гийчихсэн байсан юм билээ. Уг барилдааны дараахан болсон нэгэн наадамд Мөөеө аварга бөөн ууртай “амьтан” “Цахилгаан Мөнхөөг амалчихъя. Түүнийг чанга гэгч нь хаяж санаагаа амраахгүй бол нойр хүрэхгүй нь” гэсээр очтол Д.Дамдин аварга аавыг түрүүлж амлаад унагасан байсан гэдэг. Уг нь тэр үед Мөөеө аварга Баянаа аваргатай л барилдах гэж очдог үе байлаа шүү дээ. Аавыг ид барилдаж байхад нь үеийнхнээс нь унагачихаар хүн байгаагүй гэж ярьдаг юм. Ингээд аваргууд хүртэл аавтай барилдах гэж барилдаанд очдог болсон юм билээ.

      Аав минь Д.Дамдин аваргыг давчихаад “Гарлаа, давлаа гэгддэг байсан энэ “босоо” бөхийг давж болж байгаа юм чинь бусад нь ёстой амархан байна даа” гэж өөрөөрөө бахархаж байсан гэдэг. Харин аав Говь-Алтай аймгийн 30 юм уу 40 жилийн ойгоор барилдахаар очихдоо “Би наймд үлдэх гэж ирлээ. Тэр хэмжээнд барилдаж чадахгүй бол аймгийн арслан гэж яваад яах вэ” гэсэн юм билээ. Гэтэл маргааш нь нэгийн даваанд уначихаад дүү нартаа “Та нар ямар ламаар хийморийн сан тавиулчихав аа. Би нэгийн даваанд унах ёсгүй байсан” гэж загнаж байсан гэдэг. Тэр жилийн наадмаар аав минь унасандаа их харамсаж, гомдолтой байсан шиг байна лээ.                                    

-Таны аавыг наадмын дэвжээн дээр гарч ирэхдээ үзэгч түмнийг баясгадаг, учраа бөхөө дэвээ, шаваагаараа айлгадаг байсан гэдэг юм билээ. Энэ талаар нь ярьж өгөөч?                                              

        -Бөхчүүд аавын бярнаас илүү хурд, зоригоос нь айдаг байсан байх. Аав өнөө цагийн “од” улсын харцага цахилгаан Б.Зоригтбаатар шиг биетэй, сайхан хүн байсан. Аав өмнө нь барилдаад уначихсан бөхтэйгөө хаана ч таарсан мэндийг нь мэдчихээд, заавал барилдаж байж санаа нь амардаг байсан гэдэг.

Аав 73 насныхаа цагаан сарын барилдаанд зодоглосон юм. Тэр үед том ах нь аавыг “Дүү минь 73 хүрчихлээ. Одоо ч ясан хэлхээ болжээ” гэж байсан гэдэг. Тэгээд золгохоор очиход нь “Миний дүү одоо барилдаж, ноцолдоод хэрэггүй ээ. Ахад нь бол засуул хийгээд зогсож байх чинь сайхан харагддаг юм” гэхэд аав  “Ах, дүү, ард түмэн намайг үзэг. Эрүүл байна, амьд байна гэдгийг мэдрэг гэж би дэвжээн дээр гардаг юм” гэж байсан гэдэг.

Аав минь тийм л төрмөл, ясны бөх байлаа шүү дээ. Хожим насны эрхэнд аав залуугийнх шигээ хэд сайн барилдах гэж үзээд л цуцдаг болчихсон байж билээ, хөөрхий. 70 хэдтэй аав минь залуусын хөлийг яаж гүйцэх билээ дээ. Тахимаа өгчихөөд л залуу бөхийн духан дээр нэг үнсчихээд л алхаж ордог сон. Тэр үед нь ч үзэгчид аавыг хүндэлж, алга ташиж, дэмждэг байсан.

-Аав нь бөхийн дэвжээн дээр гарахдаа ихэвчлэн ямар үйлдэл гаргадаг байсан бэ?

      -Наадамчин олныг инээлгэсэн, дэвхэрч, цовхорсон, барилдаж байгаа бөхийнхөө анхаарлыг сарниулж байгаад мэхээ хийдэг зальтай бөх байсан. Дэвжээн дээр гарахдаа алиа хошин зангаа их гаргадаг байсан. Янз бүрийн хөдөлгөөн их хийнэ. Түүнийг нь харсан хүмүүс инээд алдаж, алга ташина. Тэр үед “Хөлөө алдахгүй дээ” гээд хичээж байсан бөх анхаарал алдангуут аав мэхээ хийгээд барилдаанаа дуусгачихдаг хурдтай бөх байсан. Дэвжээн дээр гарчихаад тав, арван минут болж, удаан барилдаж байсан түүх аавд байхгүй.

-Аавынх нь ах дүү нар ихэвчлэн барилддаг байсан гэлээ. Одоо аавынх нь талын багачууд барилдаж байгаа юу?

        -Аавын дүү аймгийн заан Я.Бантаг, зээ дүү нь аймгийн арслан Б.Цэрэндолгор, аймгийн арслан н.Анхзориг, аймгийн арслан н.Мандаа, сумын заан н.Түмэнбаатар, н.Нармандах, М.Мандах гээд аймаг, сумын цолтой бөхчүүд бий. Зарим нь бурхан болсон. Тэд маань цолондоо багтаж ядсан сайхан бөхчүүд байсан. Манайхны хүүхдүүдээс галтай бөхчүүд төрнө гэж нутгийнхан ярьдаг юм. Ач, зээ нар нь самбо, жүдогоор барилдаж л байна. 18-20 настай залуус байгаа ч одоогоор олон түмэнд “цахилгаан” Мөнхөөгийн ач, зээ гэдгээрээ сайн танигдаагүй байна. Гэхдээ аавын минь дайны зоригтой, бяртай, тэнхээтэй хүн байхгүй байх. Заримыг нь “Чөмгөний яс хуга мушгилаа” гэж ярьдаг ч аавыг минь яаж гүйцэх билээ дээ.

-Таны аав алиа хошин зангаараа барилдааныг сонирхолтой, үзүүштэй болгодог байжээ. Ааш зангийн хувьд ямар хүн байсан бэ?

       -Аав минь ажилсаг, цэвэрч, нямбайгийн хувьд онцгой хүн байсан. Гэр орон, хашаа хороогоо толь шиг байлгахыг хичээдэг байсан. Орж ирсэн хүний дээлэнд ганц ширхэг хялгас наалдчихсан байхад л “Наадахыгаа цэвэрлэ” гээд хөөгөөд гаргаж мэдэхээр. Хүнд үнэнийг нь шууд хэлчихдэг, сургамжилдаг, инээд алдсан халзан толгойтой шар өвгөн байсныг нь манай нутгийнхан андахгүй дээ. Говь-Алтай аймгийн Халиун, Шарга гээд тойрсон сумынхан хөгшин, залуугүй ааваас жийрхдэг байсан. Аав ч хурц үгтэй, дургүй хүргэсэн нэгэнд үгээ шулуухан хэлчихдэг хүн байсан. Аав минь архи, тамхи хэрэглэдэггүй, үздэггүй хүн байлаа.

-Аав тань Спортын төв ордонд сайн дурын дасгалжуулагч байсан гэдэг. Олон шавьтай байсан уу?

      -Аав, ээж минь 1976 онд Улаанбаатар хот руу шилжсэн. Аав Арьс, ширний үйлдвэрт нягтлангаар ажиллахын зэрэгцээ Спортын төв ордонд сайн дурын дасгалжуулагч, засуулаар ажиллаж байсан. Тэд маань Сонсголонгийн гүүрний хажуу талын Модны хашаанд амьдардаг байсан юм. Бөхчүүд аавынд ирж, мод бэлтгэж, зөөж бөхийн бэлтгэлээ хангана. Бөхчүүд аавын хашааны модыг тал бүрд нь гаргаж өрдөг, зөөдөг байлаа. Тухайн үед Д.Цэрэнтогтох аварга, Д.Цэрэндаш начин, Д.Хадаа аварга гээд улс, аймгийн цолтой бөхчүүд манайд байнга бужигнана. Хашаанд нь бэлтгэл хийж байсан болгон аавыг багш хэмээн хүндэтгэж, ихийг заалгаж байсан. Аав минь “Хүн зоригтой байж л барилдана. Зориггүй юм, наадахныхаа сэнжигнээс нь бариад зоригтойхон алхахад л унана шүү дээ” гэж  нөгөөдүүлээ хангинадаг байсан. Тийм ч болохоор бөхчүүдийн зориг, эрийг их нэмж, хурцалж өгсөн байх гэж боддог.

-Аавынх нь эдэлж, хэрэглэж байсан зүйлс, зодог, шуудаг та бүхэнд бий юү?

      -Аавын хээтэй өмсгөл, барилдахдаа өмсдөг гутал нь ярих юмгүй гоё байсан. Цэвэрч хүн болохоор хувцсандаа их анхаардаг байлаа. Хэр баргийн аваргууд өмсдөггүй гутлыг өмсдөг байсан гээд л бод. Үйтэн хуаран зодог, шуудаг хоёр, гурваар нь эвхээд тавьчихдаг хүн байсан. Харамсалтай нь, аавын минь гэр шатаж, хамаг хувцас, ном, эдэлж хэрэглэдэг байсан бүхэн нь устсан. Аав минь тэр үед түлэгдэж, аймгийн заан Я.Бантаг дүүгийнхээ гуяны махнаас авч, нөхүүлж байсан. Аавын минь бие түлэгдсэнээсээ хойш сайжраагүй. Бөхөд аргагүй дуртай байсан болохоор хэд хэдэн удаа засуул хийж байгаад 79 настайдаа бурхан болсон доо.

-Та ээжийнхээ тухай ярьж өгөөч?

      -Ээжийг минь Диваа гэдэг байсан. Хоол, унд сайтай бодь хүн байлаа. Бөхчүүдийн хоол цайг бэлдэж өгдөг ажилсаг гэж жигтэйхэн. Аав минь биднээс өмнө гэр бүлтэй байсан. Аавын минь хоёр охин байх ёстой. Тэдэнтэйгээ холбогдож чадаагүй л явна.

     М.Нэргүй эгч 60 настай. Тэрбээр Өвөрхангай аймгийн Уянга суманд долоон ач, зээгээ харж, сургуульд хүргэхийг нь хүргэж, бөхийн бэлтгэлийг нь таслуулахгүйн тулд гутал, хувцсыг нь бэлдэж өгөөд, хэнийг нь аав шигээ цуутай бөх болох нь вэ гээд ажсан, хүлээсэн шигээ амьдарч байна.  


М.НЭРГҮЙ: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН ТҮҮХЭНД “ЦАХИЛГААН” МӨНХӨӨ НЭРЭЭРЭЭ АЛДАРШСАН САЙХАН ХҮН БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-26 04:14:06
    Мөнхжаргал: Шуугиулж байсан бөх дөө.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-24 22:18:02
    S: SEXSDI80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-24 18:05:06
    Нацагням: Бага байхдаа өвөөгөө дагаж бөх их үзнээ цахилгаан мөнхөө гуай гараад ирхээр хүмүүс жигтэйхэн баяр хөөртөй болдог ухас хийгээл цочоочоод буцсанаа эргэж ухас хийгээд өрсөлдөгч бөхөө баахан цочоож айлгадаг туранхай өвгөн байсан үзэгчид тэр чигтээ нир хийтэл инээлддэг гэртээ ирээд өвөө маань өнөө цахилгаан тэгээд ингээд гээл ярьдаг байсаан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-24 17:48:03
    Бадмаасамбуу мөнхзул : Өвөө болон аавыгаа л их санан дурсах юм даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-24 13:28:02
    Мандаагийн Цэрэндиваа: Энгэрээрээ дүүрэн медаль зүүсэн хүн намайг бага байхад манайд ирдэг байлаа. Их яриа аав авга ах нартай маань бөх морь бүүр нутгийн хүмүүсээ яриад хонодог байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-23 09:04:45
    НЯМХҮҮ: цахилгаан ах туранха жижигхэн биетэй хөнгөн шингэн их наргиатай хүн байсандаа одоогийн зоригоо шиг хурдтай гэхдээ зоригоогоос жижигхэн биетэй хүн байсан тэр үед чөлөөт жуудаа сайн хөгжөөгүй байсан үе уг нь чөлөөт жуудаагаар явсан бол юм дуулгах хүн байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-20 11:22:44
    Г.Ганзориг : Аав минь Цахилгаан Мөнхөө гээд их хүндлэнэ Аймагт байхын л найзууд байсан. Хожим нь аавынх хотод ирээд байхад Яармагт байсгээд л аавынд ирнэ Тэр 2-т ярихгүй сэдэв байхгүй мэт орой болтол ярьс дурсаж байгаад явдагсан. Хөгжилтэй хүн байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-19 15:10:04
    Зочин: Өвөө, аав нар минь бөх үзэх их дуртай байсан. Цахилгаан Мөнхөө гэж бахархан ярьдаг байсан, аваргуудын зэрэгцээ нэр нь ард олонд түгсэн олныг баясуулж явсан домогт бөх дөө.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-19 09:23:41
    Зочин: Намайг бага байхад аав минь радиогоор цагаан сар, наадамын бөх сонсоод за цахилгаан Мөнхөө барилдлагаар гараад ирсэн шүү гээд их л шимтэн,бас бахархалтай сонсдог байж билээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188