• Өнөөдөр 2024-04-29

ЖҮЖИГЧИН Г.АДИЛБИШИЙН ОХИН АДИЛЦЭЦЭГ: ААВ МИНЬ “ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА” КИНОНЫ ЦЭРЭН, “МАРТАГДСАН ДУУЛЬ”-ИЙН САНГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭСНЭЭРЭЭ МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАРЫГ ДАРХАЛЖ ЧАДСАН ГЭЖ БОДДОГ

2023-09-30,   16026

-ААВЫН МИНЬ БҮТЭЭСЭН ДҮРҮҮДИЙН ХАРЦ, БОДРОЛ БҮХЭН НЬ БИДНИЙГ ШАРХИРУУЛДАГ-

     “Эх хүн ингэж гансарч явна гэдэг яасан ч хэцүү юм бэ дээ. Хэрвээ тэр шөнө би өөрөө эмчид явсан бол Дулам гуай ингэж өнчрөх байсан гэж үү. Тэр бидний төлөө явж байгаад л амиа алдсан. Гэтэл би ингэж уур, унтуу болж явах гэж. Мөн ч хүний мөсгүй юм болж байна даа. Даанч 10 жил хүлээсэн ганц хүү минь юм даа. За байз, яадаг хэрэг вэ” хэмээн овоон дээрээс Дулам гуайнхыг дурандаж, тамхиа хэдэнтэй сорохдоо бодлогоширдог "Тань руу нүүж явна" киноны хэсэг, “Мартагдсан дууль”-ийн төгсгөлд гол дүрийн жүжигчин Жаргалмааг “Санги ах аа, та битгий яв л даа. Та миний зурсан зургуудийг бүгдийг нь аваарай” гээд зургуудаа цонхоор хийсгэхэд нь түүнтэй хамт өнгөрүүлсэн мөчүүдээ санаж, шимширдэг хэсэг нь Цэрэн, Санги нарыг нэхэн дурсахад, өгүүлэн санахад хэдэнтэй хүргэдэг билээ. Ийм хэсгүүдэд л түүний бусдаас ялгарах онцлог, жүжиглэх арга барил, давтагдашгүй дүрүүд ялгарч, үзэгчдийн сэтгэлд хадагдан үлдсэн байдаг.

    Түүний бүтээсэн дүрүүд дэх монгол эр хүний мөн чанар, онцлогийг тултал харуулсан харц, хөдөлгөөн, бодлогоширч байгаа байдал нь энгийн боловч жүжигчин бүрийн бүтээж чадамгүй ур чадвар байдаг шиг санагддаг. Хэчнээн үзээд тайлагдашгүй, уйдамгүй, үзэх бүрдээ шинийг, өөрийг ухаардаг, зарим хэсэгт нь уясаж, мэлмэрдэгт дээрх кино болоод Г.Адилбиш жүжигчний бүтээсэн дүрүүдийн үнэ цэн оршдог билээ. Тэрээр “Давааны цаана даваа” Мягмар,  “Тойрох хуудас” Сэрээнэн, “Говийн зэрэглээ” нисгэгч, “Говь хянганд тулалдсан нь” ахмад Дэмчиг, “Мартагдсан дууль” Санги, “Тод магнай” буурч Тогтох, “Мөнх тэнгэрийн хүчин дор” Сүбэдэй зэрэг кинонд гол ба туслах дүр бүтээж, үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн чадварлаг жүжигчдийн нэг байлаа. Мөн тэрээр 1994 онд “Совин” хэмээх киноны найруулагчаар ажилласан нь түүний чансаатай найруулагчдын эгнээнд багтах эхлэл нь байсан биз ээ. Бид энэ удаагийн "Үргэлжлэл" булангийнхаа зочноор жүжигчин Ганжуурын Адилбишийн том охин СТА, жүжигчин А.Адилцэцэгийг урьж, аавынх нь тухай ярилцсан юм.

      -Монголчууд аавыг тань Адилбиш гэх нэрнээс илүүтэй бүтээсэн дүрүүдээр нь таньж, дүрийнх нь нэрээр дурсан ярих нь элбэг. Харин та аавыгаа ямархан гэрийн эзэн, аав байсан тухай нь ярьж өгч болох уу?

    -Аав минь эцэг, эхээс дөрвүүлээ. Өвөө, эмээ минь Дорнод аймгийн төвд амьдардаг байсан юм билээ. Тэд минь намайг бага байхад бурхан болцгоосон. Аавын удамд урлагийн авьяастай хүн байгаагүй ч гэлээ эрдэм, номтой мундаг хүн байсан гэж ээж хожуу ярьж байлаа. Өвөө, эмээ минь их царайлаг, ажилласаг хүмүүс байсан санаддаг. Аавыгаа бодож суухдаа би тэднийг "Хүүхдүүдээ зөв, сайхан өсгөж, хүмүүжүүлж дээ" гэж бахархан дурсдаг юм. Аав урлагийн хүн болохоор гэртээ төдийлөн тогтохгүй. Заримдаа өдрийн цагаар гэртээ ирэхдээ гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийх гэж хичээдэг байж билээ. Аав минь тасалсан гурилтай шөл их сайхан хийдэг байсан. гэртээ байх үедээ амттай хоол олон төрлөөр нь хийчихээд л биднийг “Миний хүүхдүүд ид, ид” гэж шахдаг, бид ч аавынхаа хийсэн хоолыг нь дуртай нь аргагүй иддэг байж билээ. Хоолныхоо дараа жимсээр зууш бэлдэж биднийг тансаглуулдаг байлаа шүү дээ, бас. Аав минь гэртээ байх үедээ “Хүүхдүүдээ баярлуулъя”, бидний дуртай зүйлийг хийж өгье гэж боддог байсан юм байлгүй. 00:00 цаг болж байсан ч бидэнтэй хоккей тоглохоор явдаг байсан гээд л бод. Алиа, хошин зантай болохоороо биднийг үргэлж инээлгэнэ. Биднийг загнах гэхээсээ илүү ухаарлын үгээр сургадаг, аливааг ойлгуулдаг байсан нь хүүхэд насны минь сайхан дурсамжийг бүтээжээ.

-Олны үзэх дуртай “Тань руу нүүж явна”, “Мартагдсан намар”  киноны дүрээ дуу цөөтэй, дотогшоо хүний дүрийг бүтээсэн байдаг. Тэр дүрүүдтэйгээ хэр адилхан хүн байв?

    -Бүтээсэн дүр нь аавын минь дотоод мөн чанарыг илэрхийлсэн, бүр дархалсан гэж боддог. Аав минь үг дуу цөөтэй, сайхан сэтгэлтэй, хүнлэг хүн байлаа. Олон юманд үглээд байдаггүй мөртлөө хэлэх гэснээ хэлчихдэг байв. Их л бодь хүн байсан гэх юм уу даа. Мөн “Хийе, бүтээе” гэснээ тултал нь хийчихдэг чадмаг хүн байсан. Өдийд байсан бол ихийг хийж, бүтээчихсэн байх хэмжээний авьяастай хүн байлаа.

-ААВ ДЭЛГҮҮР ГАРАХДАА ХҮРТЭЛ ҮСЭЭ ЗАСАЖ, ҮНЭРТЭЙ УСАА ТҮРХДЭГ БАЙСАН-

-Аав нь өөртөө болон ахуйдаа хэрхэн анхаардаг хүн байв?

    -Урлагийн хүн учраас цаг мөч бүрдээ гоё байхыг хичээдэг байсан болов уу. Дэлгүүр гарахдаа хүртэл үсээ засаад, үнэртэй усаа түрхчихээд гардаг байсан санагддаг. Биднийг гэртээ байсан ч "Хувцсаа цэвэрхэн өмсөж бай" гэдэг байсан. Миний аав, ээж их даруухан, хүний төлөө хүмүүс байсан шүү дээ. 

-Та жүжигчин хүний хувьд аавынхаа бүтээсэн дүр болоод уран бүтээлээс нь ихийг сурч, мэдэж авдаг болов уу?

    -Аав минь нэг дүртэйгээ ойролцоо, адилхан дүрд тоглодоггүй байсан болохоор чанартай гэж бодсон дүрүүддээ л бүтээдэг байсан. Тухайн үедээ орон нутгаас уригдаж тоглодог байсан жүжигчдийн нэг бол миний аав. Аавд минь киноны санал олон ирдэг байлаа. Аав, ээж нь нутагтаа байсан учир хүнтэй хувиараа солиод аймгийнхаа театрт ажиллах болсон гэдэг. Хэрвээ хот газар байсан бол Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллах байсан байх. Аавын бүтээсэн дүр бүхэн нь өнөө цагийн хэллэгээр од болжээ. Тиймдээ ч аавд минь хүний сэтгэлийг татах увидас байдаг байх. Сар бүр, жил болгон аав минь цэнхэр дэлгэцээр гэрийнхээ хойморт, айл бүрийн хойморт нөгөө сайхан дүр төрх, дуу хоолойгоороо бидэнтэй мэндчилж байгаа юм шиг гардаг болохоор би аавыгаа бахархалтайгаар үздэг. Аавыгаа үзэх болгондоо халуун дулаан энерги, эрч хүч авдаг юм. Аав минь өөрийнхөө мөн чанарыг бүтээсэн дүрээрээ мөнхөлж үлдээсэн жүжигчдийн нэг. Жүжигчин бүрийн гаргаж чаддаггүй дотоод чанар, чин үнэнч сэтгэлийг аав минь л тухайн цаг үедээ гаргаж байж. “Тань руу нүүж явна” киног үзэгчдийн хүртээл болсоны дараа аав ээжээс “Цэрэнгийн дүр чамд ямар санагдсан бэ” гэхэд ээж “Чи үнэхээр сайн тоглосон байна лээ. Чи миний нөхөр шиг санагдаагүй” гэтэл аав “Тэр чинь л зөв дөө” гээд баярлаж билээ. Жүжигчин бүрийн дотоод мэдрэмж, илэрхийлэмж өөр байдаг. Би ааваасаа үнэн байхыг, үнэнээсээ тоглохыг, дүрээ яаж өөрийн болгож болох вэ гэдгийг сурах гэж хичээдэг.

-Аавд нь төдийлөн чөлөөт цаг, зав гардаггүй байсан байх. Гэхдээ цаг гарвал юунд илүүтэй зарцуулдаг байсан бол?

    -Аав шагай харвах, хийл тоглох, шүлэг бичих, бичсэн шүлгээ унших, загас барих, дуулах сонирхолтой байсан. Биднийг бага байхад

“Байн байн буйлна аа

Бөөн бөөн бөөн бөөн тэшинэ дээ” хэмээн дуулж өгдөг байсан. Гэрийн буйдан бол үзэгчдийн суудал гэсэн үг. Аав, ээж хоёр минь буйдан дээр сууж бидний концертыг үзэж, биднийг "Сайн байна" гэж урамшуулж, биднийг жаргалтай болгодог байсан. Би урлагт илүү дуртай болохоороо дүү нарыгаа хэн нь ямар үзүүлбэр үзүүлэхийг нь зарлаж, заримтай нь хамт дуулж, бүжгийг нь зааж өгдөг байсан. Тэр үед аав биднийг үзээд их баярладаг, бид ч хөөрдөг байж дээ. Нэг орой ирэхэд нь би усан будгаар нүүрээ будчихсан тоглож байтал аав “Миний охин яаж сэтгэсэн юм бэ. Хаанаас сурсан юм” гэж гайхаж байсан мөртлөө баярлаж байсныг нь санадаг. 

-Аав нь гэртээ дүрээ хэрхэн бэлддэг байсан бэ. Та нар бэлдсэн концертоо үзүүлэх гээд бэлдүүлдэггүй байв уу?

    -Аав минь текстээ гэртээ уншиж, бэлддэг байсан. Ленингийн дүрд тоглохоор бэлдэж байхдаа лав гэртээ их удаан бэлдэж байсныг нь санадаг юм. Бид бусад дүрийнх нь текстийг уншиж аавд тусалдаг байв. Тэр үед аав тольтой сайн ажилладаг, дүрээ төсөөлөн боддог, судалдаг, дүрийнхээ хөдөлгөөнийг давтдаг байсан. Би сэргэлэн юм болохоороо хаалганы завсраар аавыгаа эвтэйхэн хардаг байж билээ. Тэр үед би аавыгаа дагаж аймгийнхаа соёл урлагийн арга хэмжээнд их оролцдог байж дээ. Аав минь шинэ жил болгоноор өвлийн өвгөн болно. Жил болгон аавыгаа дагаж цасан охин, шинэ он болдог байсан. Мөн ч сайхан байж дээ. 

-Та ээжийнхээ тухай ярьж өгч болох уу. Ээжийнхээ ямар зан, чанарыг нь дуурайсан гэж боддог вэ?

   -Миний ээжийг Цэцэгмаа гэдэг. Бүжигчин боловч мэргэжлээрээ  ажиллаагүй. Ээж минь аавыг, аавын ажлыг сайн ойлгодог байсан. Тиймээс аав ямар нэгэн зүйлд санаа зовохгүйгээр ажлаа чанартай, сайн хийж чаддаг байсан гэж боддог. Ээж бидэнд аливааг цаг тухайд нь хийж сурах зарчим, хүмүүжлийг суулгасан. Урлагийг ойлгодог, мэдэрдэг, мэддэг болохоор бидэнд их түшиг тулгуур болдог доо. Мөн эмээг минь Пагма гэдэг байсан. Дорнод аймгийн театрт насаараа гол болон туслах дүр бүтээсэн домгуудын нэг. Би ээжээсээ тэвчээртэй байх, алсын бодолтой байхыг холч ухааныг нь сурах юм сан гэж хичээж л явна даа. 

-ААВЫГ МИНЬ УРЛАГИЙНХАН МОНОЛОГИ АДИЛАА ГЭДЭГ БАЙСАН-

-Та аавынхаа аль дүрд нь илүү дуртай вэ. Дүрийнх нь тухай сэтгэгдлээ хуваалцдаг байв уу?

     -Аавыг минь урлагийнхан, найзууд нь монологи Адилаа гэдэг байсан нь бүтээсэн дүрүүдтэй нь холбоотой байх. Аав бол миний хувьд тайлагдашгүй оньсого. Аав юу ч хийж чадах авьяастай, чадалтай хүн байсан. Олны үзэх дуртай “Тань руу нүүж явна” киноны Цэрэн, “Мартагдсан дууль” -ийн Санги ахын дүр бол үнэхээр гайхамшигтай. Би тэр дүрүүдийг тийм гэж тодорхойлж хэлж чаддаггүй юм. Харц, бодрол бүхэн нь биднийг шархируулдаг. Аавыгаа тэр дүрүүдэд тоглож байхдаа юу бодож байсан бол гэдгийг би тайлж чаддаггүй юм. Тэр үед нь би "Ааваасаа асуухгүй яав даа" гэж харамсах үе бий. Бид аав, ээжийгээ мөнх байх юм шиг санаж явах нь л алдаа болох юм даа. Аавтайгаа "Тэгдэг байж дээ, ингэдэг байж дээ" гэх харамсал одоо л төрж байна.

-Таныг жүжигчин болно гэхэд гэрийнхэн нь тэр дундаа аав нь хэрхэн хүлээж авсан бэ?

     -Аав намайг “Жүжигчин болно” гэхэд дургүй байсан. Би ширээн доогуураа орж уйлж байж л жүжигчин болсон доо, үнэндээ.  Би 17, 18 настайдаа “Эцгийн голомт” киноны гол дүрд тэнцэж байв. Тухайн үед кино багийнхан 18 аймгаар явж, гол дүрээ сонгон шалгаруулж байсан үе. Тус киноны гол дүрд МУГЖ И.Одончимэг эгч болон өнөө цагийн мундаг жүжигчид шалгалуулж байсан гэдэг.  Өөртөө итгэлтэй, жүжигчин болох сонирхолтой байсан болохоор аавынхаа мэргэжлийг өвлөсөн гэж боддог. Дорнод аймагт ирсэн тоглолт бүрийг үздэг байлаа.

-Тэгвэл та 17, 18 настайдаа л жүжигчин болчихсон юм байна. Түүнээс өмнө өөрийгөө хэрхэн бэлддэг, хөгжүүлэх гэж хичээдэг байв?

    -Би багасаа бүжиг, дуу, жүжгийн дугуйланд явдаг байсан. Бүжгийн дугуйланд нь арай удаан явсан юм уу даа. Гэхдээ хамгийн сүүлд нь жүжгийн дугуйланг сонгосон. Хичээлийнхээ хажуугаар дугуйланд явахын тулд гэрийнхээ ажлыг болон хичээлээ давтах цагаа зохицуулдаг нарийн төлөвлөгөөтэй хүүхэд байлаа. Бараг зарим шөнө унтдаггүй байсан санагдана. Сургуулийнхаа бүхий л арга хэмжээнд оролцож хүмүүсийн баярлаж, алга ташиж байгааг харах, мэдрэх дуртай хүүхэд байлаа. Бас өөрийгөө сорьж үзэх дуртай сониучхан байсан санагдана. Би цэцэрлэгт байхдаа л аймгийнхаа театрын тайзан дээр гарч байлаа шүү дээ. Тухайн өдөр цэцэрлэгээсээ ганцаараа гараад театрт очиж тоглолт болж байсан тайзан дээр гарчихсан байсан гэсэн. Тэгэхээр багаасаа л театрт, жүжигт татагдаж байсан байгаа юм. Энэ миний хувьд хамгийн нандин дурсамж минь болдог.

-Та урлагийн сургуульд орохдоо өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ. Аав нь таныг жүжигчин болно гэхэд нь дэмжээгүй юм байна шүү дээ. Тэгэхээр ааваасаа тусламж аваагүй гэсэн үг үү?

    -Тийм ээ, би өөрөө мэдэж бүгдийг нь бэлдсэн. Тэгээд шалгалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ааваасаа “Намайг Жагдаг эгчтэй уулзуулж өг. Би бэлдсэн зүйлээ өөр хүнд шалгуулмаар байна” гэж гуйсаар байгаад Жагдаг эгчид бэлдсэн зүйлээ үзүүлж, зөвлөгөө авч байж билээ. Хэрвээ аавд үзүүлчих юм бол намайг ойшоохгүй, "Тэнцэхгүй юм байна" гэж хэлнэ гэдгийг мэдэж байсан хэрэг. Тэгж би СУИС-ийн жүжигчний ангид тэнцэж, мөрөөдөлдөө хүрэх эхний зорилгоо биелүүлж байлаа. Намайг дөрөвдүгээр дамжааны оюутан байхад “Уяхан замбуу тив” киноны гол дүрд тоглох санал ирж байсан юм. Тухайн үед багшийнхаа итгэл, найдварыг алдахгүйг хичээгээд тоглож байсан. Түүнээс өмнө "Эцгийн голомт" киноны гол  дүрд тоглочихсон байсан. Тухайн киног манай аймгийн театрт нээж байв. Нээлтийн үеэр дэлгэц дээр Гол дүрийн жүжигчин “Адилбишийн Адилцэцэг” хэмээн гарч, зарлахад аав “Миний охин жүжигчин болох юм байна. Одоо л чамд итгэж байна. Чи аавынхаа нэрийг алдаршуулчихлаа” гэж тэвэрч, үнсээд “Миний охинд юм байна” гэж билээ. Тэр миний тоглосон гурав дахь бүрэн хэмжээний кино байсан. Харин түүнээс өмнө аав намайг “Шантраад больж мэднэ”  гэж бодож байсан байх. Аав минь хэлсэн тэр үг л намайг өнөөдрийг хүртэл тэтгэж байна. Би “Эцгийн голомт”, “Зүүдний цагаан унага”, “Уяхан замбуу тив" кинонд тоглосондоо азтай гэж боддог. Харамсалтай нь, би аавыгаа бурхан болоход нь тайзан дээр байсан. Тэр үед надад тайзнаас буух эрх байгаагүй. Энэ бол аав бид хоёрын сонгосон ажил, амьдралын замнал байсан. Гэлээ ч би өнөөдрийг хүртэл ааваасаа өвлөсөн жүжигчин мэргэжлээсээ урваагүй, үнэнчээр зүтгэж байгаадаа баярладаг. Аавынхаа хүсэл, мөрөөдөл, хийж амжаагүй бүхнийг нь гүйцээж үргэлжлэл нь болж явна аа" хэмээн бидний ярилцлага энэ удаад өндөрлөсөн юм.

    Тэрбээр удахгүй аавдаа зориулж кино хийх, бусдад өөрийгөө шинээр нээх боломж олгохоор хэл, ярианы сургалт, дугуйлан ажиллуулж, өөрт байгаа бүхнээ зориулахаар уран бүтээлийн замналдаа эргэн орохоор төлөвлөж байгаа билээ. Тэр ямар ч цаг үед аавынхаа үргэлжлэл болох итгэл найдварыг нь өвөрлөж, хүсэл, мөрөөдөл, мэргэжлийг нь нэр төртэй, өндөрт өргөхийг хичээж явна.

 

 


ЖҮЖИГЧИН Г.АДИЛБИШИЙН ОХИН АДИЛЦЭЦЭГ: ААВ МИНЬ “ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА” КИНОНЫ ЦЭРЭН, “МАРТАГДСАН ДУУЛЬ”-ИЙН САНГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭСНЭЭРЭЭ МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАРЫГ ДАРХАЛЖ ЧАДСАН ГЭЖ БОДДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-08 11:57:52
    Сайхнаа: Хаанаас нь харсан монгол эр хүн ямар байхыг харуулж чаддаг цөөн хэдэн жүжигчдийн нэг дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-28 09:49:26
    Зочин: Яагаад нас барсан юм бол доо хөөрхий. Залуугаараа явж дээ . Од байсан гоё хүн бсан бид мартаагүй .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-26 19:14:30
    Насанжаргал: Би 1976-1980оны УБДС-ийн оюутан.Адилаа ахтай суралцсан оноороо Онжав.Нутгийн ах Адилбиш,түүний царайлаг охин Адилцэцэг хоёрын улаан ФЕН
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-26 14:40:23
    Гэсэр: Аавыгаа дурсаж байгаа чамд баяр хүргэе???Дорнодын Юра Жамбалрагчаа Адилбиш зэрэг жүжигчид кинонд тоглож байсан даа?Дорнодчууд тэр хэдийгээ мартахгүй ээ???Адилцэцэг минь театрынхаа ахмадуудын талаар богино хэмжээний баримтат кино хийх хэрэгтэй шүү?Ууган театрын тэгш ой хэзээ вэ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-26 14:40:14
    Гэсэр: Аавыгаа дурсаж байгаа чамд баяр хүргэе???Дорнодын Юра Жамбалрагчаа Адилбиш зэрэг жүжигчид кинонд тоглож байсан даа?Дорнодчууд тэр хэдийгээ мартахгүй ээ???Адилцэцэг минь театрынхаа ахмадуудын талаар богино хэмжээний баримтат кино хийх хэрэгтэй шүү?Ууган театрын тэгш ой хэзээ вэ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-26 14:40:09
    Гэсэр: Аавыгаа дурсаж байгаа чамд баяр хүргэе???Дорнодын Юра Жамбалрагчаа Адилбиш зэрэг жүжигчид кинонд тоглож байсан даа?Дорнодчууд тэр хэдийгээ мартахгүй ээ???Адилцэцэг минь театрынхаа ахмадуудын талаар богино хэмжээний баримтат кино хийх хэрэгтэй шүү?Ууган театрын тэгш ой хэзээ вэ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-26 14:40:08
    Гэсэр: Аавыгаа дурсаж байгаа чамд баяр хүргэе???Дорнодын Юра Жамбалрагчаа Адилбиш зэрэг жүжигчид кинонд тоглож байсан даа?Дорнодчууд тэр хэдийгээ мартахгүй ээ???Адилцэцэг минь театрынхаа ахмадуудын талаар богино хэмжээний баримтат кино хийх хэрэгтэй шүү?Ууган театрын тэгш ой хэзээ вэ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-26 12:22:52
    БатЭрдэнэ: Сайн жүжигчин сайхан ч монгол эр хүн тухай үедээ жинхэн ОД
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-26 11:02:08
    Ts Otgon : Togolson kino bvhniig n dahin dahin vzeed baimaar daruuhan chadvarlag dvrvvd n setgeld honogshin vldsen mundag jvjigchin baisan daa Ohiniih n ajil hudulmurt undur amjilt hvsey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-26 10:21:40
    J. Enhkee.: Odoogoor bol Donodiinhoo mundag jujigchin,od baijee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-26 08:42:18
    Мягмарсүрэн: Аав бол мундаг жүжигчин бсан.Гурилын үйлдвэрийн ачигчын дүр бас л жүжигчин хүний чансааг сорьсон дүр шүү.ОХИН НЬ ЖҮЖИГЧИН БОЛСОНД БАЯР ХҮРГЬE.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-25 11:08:39
    Зочин: Сайхан залуу байсан шү мундаг жүжигчин
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188