• Өнөөдөр 2024-10-15

Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимид агсны гэргий Б.Цээрэгзэн: Ханийгаа үндсэн хуулийг боловсруулж, батлуулах гэж л төрсөн хүн гэж боддог

2024-02-11,   4460

МИНИЙ ХАНЬ ХУУЛЬЧ ХҮНД БАЙХ ЁСТОЙ ХҮНЛЭГ ЧАНАРАА ГЭЭГЭЭГҮЙ БААТАР

     Аягатай хоол өмнө нь тавьчихаад байхад идэж амжихгүй хөргөчихдөг, хаалгыг нь хэдэнтээ тогшиход тайлах ч завгүй улайрдаг, хэнбугай ч ирээд мэндлэхэд харах ч үгүй толгой дохичихоод л ажилдаа төвлөрдөг байсан түүнд амралтын өдөр гэж байгаагүй болов уу. Түүний энэ занг мэдэхгүй нэг нь “Хямсгар, биеэ тоосон, ааштай” гэж элдвээр хэлээд гардаг байсан нь ч сонин биш байх. Магад тэр дээрх байдлаараа бусдыг “Энэ юу гэх бол. Надад дургүйцэх нь уу, үгүй юү” гэж сонждог байсан ч байж мэднэ. Гэвч тэр дотроо уярал, хайрын зөөлөн эгшиг, ухаарал, хүндлэлийн дээд хань, сайхан аав, төрийн чадварлаг түшээдийн нэг байсан.

    Тэр ийн ааш муутай юм шиг царайлж суухдаа бүх хүч хөдөлмөр, ухаан, тэвчээрээ төрийн ажилд буюу хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд түүн дундаа Монгол Улсын Үндсэн хууль, хуулийг эргэцүүлэх бүхий л ажилд өөрийгөө бүрэн зориулсан байдаг. Зөвхөн ажлын төлөө, сайн хууль боловсруулж, үр хойчдоо тогтвортой амьдрал цогцлоохын төлөө идэх хоол, унтах нойроо хугаслан байж зүтгэсэн гавьяаг нь бид өнөөдрийг хүртэл хүртэж яваа. Б.Чимид гуай 1921-2000-аад он хүртэлх бүх хуулийг эмхэтгэн цэгцэлж, системчилсэн онол, арга зүйн үндсийг боловсруулж, редакторлаж, батлуулж чадсанаараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Энэ нь түүний хийж чадах, хийх л ёстой үүрэг байсан юм шиг санагддаг нь Үндсэн хуулийг Б.Чимид гуайгаас өөр хүнээр төсөөлөхийн аргагүйтэй холбоотой биз ээ. Монгол Улсын Үндсэн хууль буюу эцэг хуулийг өөрийн тархиар боловсруулан бойжуулсан Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид агсны Мөрөнгийн хонхорт хөтлөлцөж, аймгийн клубт бүжиглэж, бүх амьдралаа хамтдаа туулсан халамжит хань Б.Цээрэгзэнтэй ярилцлаа. 

-Таны хань “Би биеэ тоосон биш биеэ даасан хүн” хэмээсэн байдаг. Таныг  танилцахад ямар зантай хүн байсан болоод та түүнд татагдсан юм бэ?

       -Бид даруухан, бусдаас айдаг, хүний өөдөөс чанга дуугардаггүй, юм асуувал ёс зүйтэй хариулчихдаг байсан үеийн хүүхдүүд шүү дээ. Хань минь анх танилцахад тусархуу, сайхан сэтгэлтэй, хошин шогийн мэдрэмжтэй, тэвчээртэй залуу байлаа. Би ханийнхаа элдэвтэй, шооч занд нь татагдсан. Тэр надаас нэг ах. Би Хөвсгөлийн Жаргалантынх, хань минь Шинэ-Идэр сумынх. Намайг 20, 21-тэй байхад аймгийн Эвлэлийн хорооноос дуудаж, зааварлагч хийлгэсэн юм. Тэгэхэд би ээж, дүүтэйгээ амьдардаг байлаа. Аав минь намайг хоёр настайд цэргийн албанд яваад нас барчихсан юм. Харин миний ханийг цэргээс халагдаж ирээд сумандаа багийн даргаар ажиллаж байхад нь Аймгийн намын хорооноос дуудаж, зааварлагч болгосон юм билээ. Тухайн үед би Эвлэлийн хороонд зааварлагчаар, манай хүн Намын хорооны зааварлагчаар ажиллаж байхдаа танилцаж байсан түүхтэй. Эвлэлийн хороо, намын хороо, аймгийн захиргаа гурав нэг үүртэй байсан болохоор бид ажил дээрээ өдөр бүр уулздаг, тааралддаг байсан.

-Б.Чимид гуай хэвлэлд “Буруу сэдэвтэй шүлэг бичиж загнуулж явсан. Хүмүүс намайг гуйж захиа бичүүлдэг байсан” гэж ярьсан байдаг. Танд зориулсан шүлэг, захиа бий юү?

     -Бид нэг газар ажилладаг байсан болохоор олон захиа солилцож байсангүй. Би тухайн үед хамаатныдаа амьдардаг байсан. Чимид найзыгаа дагуулаад манай гадаа их ирдэг байв. Би айлд амьдардаг байсан болохоор айсандаа тэднийг бушуухан явуулдаг, заримдаа хөөдөг байсан. Тэгээд хоёр жилийн дараа хань минь Намын хорооны хашаанд жижиг гэр төхөөрч, Мөрөнгийн төвөөс бидний амьдрал эхэлсэн нь энэ. Түүний надад зориулж бичсэн шүлэг, захиа, гар бичмэл нь болоод өөрийнх нь уншсан ном, сэтгүүлүүдийг хэдэн хайрцагт хийгээд айлд тавьчихсан байтал нөгөө айлынхан “Байхгүй ээ, устгачихсан” гээд өгөөгүй.

-Тэгээд удалгүй “Сэтгүүлч болно” гээд Улаанбаатар явсан ч хүссэн ангидаа орж чадалгүй хуулийн ангид элссэн гэдэг байх аа?

      -Манай хүн баг, сум, аймагтаа Төвийн хэвлэлүүдийн орон тооны сурвалжлагчаар ажилладаг байсан. “Монцамэ” агентлагийн дарга Ч.Эрдэнээгээс Алтан үсгийн үнэмлэх авч, радио найруулал бичиж, шагнал авч байсан үе. Түүндээ урамшаад номонд дуртай болж, сэтгүүлчийн мэргэжилд хорхойсож сурахаар явсан нь тэр. Шалгалтдаа  тэнцсэн боловч хүн танихгүй, хөдөөнөөс ирсэн гэх шалтгаанаар хасагдсан гэдэг. Тэгээд нэг нь “Чи багийн даргаар ажиллаж байсан юм чинь хуулийн ангид орох уу” гэхэд нь зөвшөөрч, МУИС-ийн Хуулийн ангид элссэн байдаг.

-Та хэр удаж байж ханийнхаа хойноос Улаанбаатар руу ирсэн бэ?

     -Би удалгүй гэрээ шуудангийн автомашинд ачуулаад Архи, пивоны үйлдвэрийн урд амьдардаг эгчийнхээ гэрийн хаягийг бичиж өгөөд явуулж билээ. Тухайн үед хүмүүс үнэнч, сайхан сэтгэлтэй байсан болохоор ямар ч асуудалгүй хүргээд өгчихсөн байсан. Тэгээд намайг ирэхэд ах, эгч  хоёр минь гэр бариад гал түлчихсэн бэлэн гэрт би орж байгаа юм. Бид ахынхтай хоёр, гурван жил айл амьдарсан. Хань минь сургуулиа төгсчихөөд МУИС-даа багшаар үлдсэн болохоор бидний хөдөө нүүх төлөвлөгөө хүчингүй болсон. Дараа нь манайх одоогийн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн хойхно  хоёр жил амьдарсан. Би Стандарт, хэмжил зүйн газар ажиллаж байгаад 12 дугаар хороололд хоёр өрөө байраар шагнуулсан. Тухайн үед манай дарга хуульч н.Аюуш гуай байлаа. Байранд орохдоо би ээж, дүүгээ дэргэдээ авч хамт амьдарсан. Дараа нь миний ханийг Шүүх яам буюу одоогийнхоор Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд болоход ажлаас нь тав дугаар хороололд дөрвөн өрөө байр өгөхөд нь би дүүдээ байраа үлдээгээд нүүж  байлаа.

-Таны хань Хууль зүйн яамны сайд болон Улсын дээд шүүхийн даргаар ажиллахаасаа өмнө хэдэн жил багшилсан бэ. Ямар багш байсан гэж шавь нар нь ярьдаг вэ?

     -Бараг 12 жил багшилсан байх. Манайхаар оюутнууд их ирдэг байлаа. Заримыг нь хүлээлгэж баахан суулгаж байснаа “Наадахаа тавьчихаад яв” гэнэ. Тэгэхээр нь би “Хүүхдүүд яагаад удаагаад байдаг юм бэ. Дор нь явуулахад яадаг юм” гэхээр “Хүн тэвчээртэй байх хэрэгтэй шүү дээ. Энд сууж байхдаа надад үзүүлэх материалаа унших хэрэгтэй. Уншихгүй зүгээр суугаад байгаа юм чинь” гэдэг байж билээ. 

-Багшийнхаа ачаар шавь нар нь сууж, судалж сурсан байх. Багшийнх нь суулгаж сургасан тэвчээр, бусдаас үг сонсох хатуужил нь тэдний амьдралд өдгөө ч хэрэг болдог байх. Өнөөгийн УИХ-ын гишүүд дунд шавь нараас нь бий юү?

      -Шадар сайдын зөвлөх Б.Батболд манайхаар ирж, багшийнхаа зурганд мөргөчихөөд явдаг юм. Цагаан сараар Үндсэн хуулийн цэцэд ажилладаг гурван залуу намайг хүндлээд ирсэнд их баярласан. Уг нь Үндсэн хуулийн цэцийнхэн болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийнхний олонх нь шавь нь байсан. Гэхдээ одоо зарим нь ажлаа өгч, үлдсэн нь тэтгэвэртээ гарч, ажлын бүрэлдэхүүн нь шинэчлэгдсэн байх.  Өнөөгийн УИХ-ын гишүүд болоод хуульч нар “Чимид багш”  гээд л байнга ярьж байх юм байна шүү дээ, сонсоход сайхан санагддаг даа. 

-Таны ханьд Үндсэн хууль боловсруулж, батлуулах хүндтэй үүрэг, ховор аз тохиосон. Тухайн үед та ханийгаа “Үндсэн хууль боловсруулж чадна” гэж итгэж байв уу?

      -Миний ханийг МУИС-д багшилж байхад 1978 оноос Шүүх яамны сайдаар, дараа нь 1982 онд Улсын дээд шүүхийн даргаар томилсон. Хань минь “Шүүхийн ажил хэл ам ихтэй, уйлсан, заргалдсан хүмүүс орж ирээд ажил хийлгэхгүй юм. Харин Хууль зүйн яам нь мэргэжлийн дагуу  хууль боловсруулдаг, хянадаг болохоор дээр юм” гэдэг байсан. Би түүнд хүмүүс чамайг “Хуульд сайн, хуульд сайн гэх юм. Хуулиа сайн боловсруулдаг болохоор чинь тэгдэг байх. Гэхдээ чи хүний асуусан асуултад ойлгомжтой, энгийн үгээр тайлбарлаж бай. Хуулийн нэршлээр яриад байхаар чинь ард түмэн ойлгохгүй шүү дээ” гэж үглэдэг байлаа. Үнэндээ би ханийгаа Үндсэн хууль боловсруулаад, батлуулчихна гэж бодоогүй. Бүхэл бүтэн улсын Үндсэн  хуулийг боловсруулна гэдэг бүтэшгүй зүйл шиг санагдаж байсан. Тухайн үед зарим мундаг багш нь бурхан болчихсон байсан болохоор “Чи ганцаараа бие даагаад боловсруулж чадах болов уу” гэхэд “Хуульчидтай хамтарч  байгаа” гэж л надад ойлгуулдаг байсан. Тэгээд эцсийн эцэст Үндсэн хуулийн эцсийн найруулгыг нэг хүн хянах ёстой байсан болохоор л дагнан хийсэн байгаа юм. Ардын Их Хурлын депутатууд сонсгол хэлэлцүүлгийн үеэр “Чимид суу, ганцаараа мэддэг нь юм уу” гэдэг байснаа сүүлд нь “Чимидээр тайлбарлуулъя, хааччихав” гэдэг болсон юм билээ. Ер нь ганцаараа боловсруулж, өөрийнхөөрөө зүтгэж байгаад л батлуулчихсан гэж боддог. 

     Саяхан Үндэсний музейд ханийн минь цээж баримлыг байрлуулах ёслол дээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч “1992 оны Үндсэн хууль бол Чимидийн бүтээсэн хууль. Бүтээсэн гэсний учир нь Үндсэн хуулийн бүх хувилбарыг олон янзаар жинхэнэ үзэг, цаас нийлүүлж бичсэн хүн бол Чимид. Чимидийн олон сайхан шавь болоод Ардын Их Хурлын 430 депутат энэ хуулийг бүтээхэд оролцсон” гэж хэлсэн. Түүнийг боловсруулсан хуулиа батлуулна гэхэд нь үргэлж “Хуульч нартаа, шавь нартаа сайн уншуулаарай” гэж захидаг байсан. Өөр надад хийж, хэлж чадах зүйл байхгүй шүү дээ.

-Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахдаа олон бэрхшээлийг даван сөрж батлуулсан болов уу гэж боддог. Тухайн үед Чимид гуайг барьж, хорих тухай яриа гарч байсан гэв үү?

       -Тэр үед заримдаа “Үндсэн хуулиас болж нэргүй болж байна” гээд ууртай орж ирдэг байсан. Тэгэхээр нь “Уурлахгүй байж байгаад батлуулахыг бодохгүй юу даа. Уурлаад байх юм бол ажилд чинь ч муу, биед чинь ч муу” гэнэ. Хань минь өөрт оногдсон ажлаа сайн хийхийг хичээсэн, чадсан. Хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрсөн. “Монголын дөрвөн удаагийн хуулиас гаднын хүний гар хүрээгүй батлагдсан хууль бол 1992 оны Үндсэн хууль. Сайн хууль хийхийн тулд байгалийн хуулийг дагуулж хийх ёстой” гэдэг зарчмыг тэр минь алдаагүй. Хуульч хүнд байх ёстой хүнлэг чанараа гээгээгүй баатар гэж боддог. Ханийг минь “Зайлуулна, ална” гэж сүрдүүлж байсан учраас Л.Гарамжав генерал гэрээс авч, хүргэж өгдөг байсан шүү, нэг хэсэг. Арай ч барьж, хорино гэсэн юм байгаагүй ээ. Үндсэн хуулийг боловсруулахад нь эсэргүүцсэн хүн олон бий. Тухайн үедээ “Хуулийн мэдлэггүй хүмүүстэй хууль боловсруулж, батлуулна гэдэг хэцүү ажил байна” гэж байсан нь тод санагддаг. Зарим нь “Халдлага болж магадгүй” гээд л янз бүрийн юм ярьж ирдэг байсан бол үлдсэн нь юу ч ярихгүй сууж тандаж  байгаад л явдаг байлаа. 

-Та хуулиас нь уншилцаж, санаа, бодлоо хэлдэг байсан уу. Ажилд нь хэр оролцдог байсан бэ?

        -“Энийг уншаад алдаа байвал засчих” гэхээр нь “Ингэсэн байна, тэгсэн байна. Зөв юм уу” гээд чадлынхаа хэрээр уншиж өгдөг байсан. Тэгэхээр заримдаа “Аан, наад үгийг чинь өөр үгээр найруулж бичих ёстой юм байна” гэнэ. Тэгээд ганц, хоёр алдаа хэлчихээр дахин дахин их юм уншуулах гээд байдаг. Хань минь Хууль зүйн хүрээлэнгийнхнийг гэртээ авчирч бичих, тулгах гээд туслуулна. Заримыг нь загнана, зарим нь бүр уйлчихна. Дараа нь өөрөө надад загнуулна шүү дээ.

-Таны хань “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээсэн байдаг. Таныг энэ үгийг сонсоод баярласан байх, магтаалын үг хэлсэн байх гэж бодсон. Харин та тухайн үед юу гэж дүгнэсэн бэ?

      -Би тэр үед нь “Үндсэн хууль алганд багтана” гэж юу гэсэн үг юм бэ. Үндсэн хуулиар хэчнээн цуврал ном гаргачихаад байхад” гэж хэлсэн. Гэтэл “Энэ жижиг номонд багтаад бичигдсэн Үндсэн хууль маань Монгол Улсын гол хууль. Хүн бүр мэдсэн байх ёстой. Тэгж бодож, санаж бичсэн. Хүмүүс зөвөөр ойлгодог байлгүй” гэж билээ. Түүнээс биш урмын сайхан үг хэлээгүй ээ. Хүмүүс өөрийг нь буруугаар ойлгох вий гэж айсандаа л би тэгж хэлж байсан санагдана. “Үндсэн хуулийн үг бүрийн ард баринтаг дүүрэн ном бий” гэснийг нь бодохоор тэр олон ном бичих нь аргагүй юм байна даа л гэж бодогдож байна, одоо.

-Б.Чимид гуай Үндсэн хуулиа батлуулчихаад дотроо баярлаж байсан нь лавтай. Харин танд юу гэж хэлж байв?

      -Ханьд минь БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах даалгаврыг МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх гуай өгч байсан. Тэр нь 1989 оны хоёрдугаар сарын 2-нд албажиж байлаа. Ингэснээр Б.Чимид БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комиссын нарийн бичгийн даргаар, тус комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөх БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны гуравдугаар сарын 29-ны тогтоолоор комиссын орлогч даргаар ажиллаж байхдаа болон Бага хурал байгууллагдсны дараа БНМАУ-ын 1990 оны аравдугаар сарын 4-ний тогтоолоор Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж Үндсэн хууль батлуулах их ажлын ард гарсан даа.  Тухайн үедээ “Хэчнээн сар, жил суусан Үндсэн хуулиа батлуулчихлаа. Миний санасан, зорьсон бүхэн бүтлээ” гээд их баярлаж байсан. 

-Тэр эрхэлсэн ажлуудаасаа алинд нь илүү дуртай байсан бэ?

       -Хань минь МУИС-ийг 1962-1966 онд хуульч мэргэжлээр Сүхбаатарын нэрэмжит цалинтай онц суралцаж дүүргээд сургуульдаа багшаар үлдсэн. 1975 онд “БНМАУ-ын захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдвээр хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Орон нутагтаа малчин, бичиг үсгийн бүлгэмийн багш, 1953-1956 онд ардын цэрэгт байлдагч, салааны туслах, 1956 оноос төрөлх сумандаа багийн дарга, Хөвсгөл аймгийн Намын хороонд зааварлагч, 1966 оноос МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1978 оноос Шүүх яамны сайд, 1982 оноос Улсын дээд шүүхийн дарга, 1984 оноос Улсын дээд шүүхийн дарга бөгөөд улсын ерөнхий арбитрч, 1986 оноос Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн төрийн байгуулалтын хэлтсийн дарга, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал, Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын зөвлөх, Монгол Улсын хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, зөвлөх, “Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр” төслийн Үндэсний зөвлөх, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн захирал гээд олон алба хашсанаас багшийн ажилдаа л дуртай байсан даа. 

       Насаараа л МУИС-ийн Хууль зүйн  сургууль, Удирдлагын академид багшилсан хүн шүү дээ  “Монгол Улсын захиргааны эрх зүй”, “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал”, “Үндсэн хуулийн мэдлэг”, “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс”, “Сонгуульд суралцахуй”, “Сонгуулийн тогтолцоонд ард түмэн түүний Үндсэн хууль буруутай юу”, “Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр”, “Төр, нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал”, “Багийн өнгөрсөн, одоо, ирээдүй”, “Шүүхийн тогтолцооны үүсэл хөгжил” зэрэг нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичиж, хэвлүүлж байв. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуульч боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, Ардын Их Хурлаар хамгаалж хэлэлцүүлж батлуулсан, эрх зүйн шинэтгэл, хүний эрхийн салбарт чухал төслүүд боловсруулалцсан Улсын Их Хурлын суурийг тавилцсан шилдэг хуульч нарын нэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг хүн шүү дээ.  Ардын Их Хурлын депутатаар дөрвөн удаа, Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүнээр нэг удаа сонгогдож, МАХН-ын XVIII, XIX Их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны орлогч гишүүн, гишүүнээр сонгогдож байсан түүхтэй. Миний хань “Төрийн ажил, төрийн ажил” гэж санаа нь зовнисоор байгаад насан эцэслэсэн. “Чи гэртээ суу. Чиний хийх ажил болсон” гэхээр “Гэртээ суугаад юу хийх вэ дээ” гээд яваад өгдөг туйлын хөдөлмөрч, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүн байсан.

-Хуулиа бичиж, редакторлаж байхдаа ямар нэгэн зуршилтай байсан уу.  Удаан суух тэвчээртэй байсан болохоор л хуулийн төсөл, нэршил гараас нь гардаг байсан байх?

      -Өдөр, шөнөгүй хуулиа уншиж, бичээд л нам суудаг байсан. Тэгж сууж байж л тэр их ажил гараас нь гарсан байх.  Миний хань хамаг хүчээ ажилдаа зориулдаг хүн байлаа. Үндсэн хуулийг бичиж, хуулийн ном редакторлах гэж л төрсөн юм шиг санагддаг байсан. Хоол хийж өгвөл идчихдэг, өгөхгүй бол “өлслөө” гэдэггүй. Заримдаа хүүхдүүд хоол хийнэ. Тэгээд ажлаас ирэхээр “Наадуул чинь мах багатай хоол хийж өгсөн” гээд сууж байна. Харин миний хоол мах ихтэй байдаг болохоор амттай юм шиг санагддаг байсан юм байлгүй, дуртай иднэ. Заримдаа өөрийг нь “Хоолоо хийж идээрэй” гэчихээд оройтоод ирэхээр “Нөгөө хоол чинь шатаад дууссан” гээд л сууж байдаг байв. Ингэж бүх анхаарал, сэтгэлээ ажилдаа  төвлөрүүлчихдэг болохоор би түүнд нь саад болохгүй байхыг хичээж, хоолыг нь цагт нь хийж өгч, эм танг уух цагийг нь алдалгүй сануулдаг байлаа. Заримдаа би тоглоомоор “Чи ном уншиж байгаад ухаан алдчихдаг юм биш биз дээ” гэхээр инээдэг байж билээ. Манайд эхэндээ оюутнууд ирдэг байсан бол сүүлдээ зөвлөгөө авах гэсэн, номоо хянуулж, редакторлуулах зорилготой таних, танихгүй хүмүүс их ирдэг байлаа. Гар утсаар ч бас зөвлөгөө их өгсөн дөө.

-Таны хань залуугаасаа эмчилгээтэй, эм, тариа хэрэглэдэг байсан юм уу?

       -Хань минь дөрөв, таван настайдаа ээжээсээ өнчирсөн. Ээж нь аавыг нь эзгүйд төрөхийн хүндрэлээр бурхан болсон гэдэг юм. Багаасаа хойд эхийн царай харж өссөн болохоор хоолтой, хоолгүй, даарч хөрж л амьдралыг туулсан гэдэг. Тиймээс уушгиндаа хатгалгааны хууч өвчтэй байсан учир хоёрдугаар эмнэлгийн байнгын хяналтад байдаг байсан. Ачтай эмч нарын буянаар хань минь 80 хүрсэн. Нас барсан шалтгаан нь хууч өвчинтэй нь холбоотой гэж эмч нар хэлсэн. “Ханьдаа аятайхан хоол хийж өгөөд, хувцас хунарыг нь индүүдээд цэвэр, цэмцгэр явуулчих  юм сан, аав, ээжид нь сайн хандах юм сан” гэж их боддог байлаа. Бурхан болсноос нь хойш эргээд бодоход тэр үүргээ сайтар биелүүлж чадаагүй юм шиг санагддаг. 

-Та хоёр ам зөрж үзсэн үү?

    -Бид хэрэлдэж үзээгүй юм билээ. Энэ тухай ч хоорондоо ярьж, инээлдэж байсан. Гэхдээ манай хүн их зөрүүд шүү дээ. Өөрийнхөөрөө зүтгэж байгаад л бүхнийг санаснаараа хийдэг хүн байлаа. 

-Та хоёр хүүхдүүдээ ямар зарчмаар өсгөж, хүмүүжүүлсэн бэ. Амьдралын эрхээр заримыг нь алдсан гэж сонссон?

      -Би найман хүүхэдтэй байх учиртай юм. Мөрөнд гурван хүүхдээ алдаж байсан хүмүүс. Хүүхэд тогтохгүй байх маш хэцүү юм билээ. Хүүхдүүд минь жаахан ханиад хүрсэн үү, үгүй юү эмнэлэгт очоод л нас барчихдаг байсан. Сүүлдээ арга барагдаад ханьдаа “Хоёулаа тохирохгүй юм байна. Салъя” гэж байсан удаатай. Гэтэл хань минь зөвшөөрөөгүй, “Хоёулаа хүүхэдтэй болно, хүүхдээ асарч ч чадна” гэдэг байсан. Тухайн үед лам, бөөгөөр ч явлаа. Тэгээд  Улаанбаатарт нүүж ирсний дараа том хүү минь бидэнд тогтож, бид хоёр хүү, хоёр охинтой болсон. Миний хоёр хүү эдийн засагч, инженер, хоёр охин хуульч, эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ манай хүүхдүүд төрд ажилладаггүй юм. Аав нь хүүхдүүдээ төрийн ажилд орохгүй юм уу гэж ганц хоёр асуусан байх.  Хүүхдүүд “Бид ажилтай шүү дээ” гэнэ. Хүү Батцогт бага охин Сайнзаяа нар гэр бүлийнхэнтэйгээ гадаадад амьдардаг. Том охин Сайнсанаа “Чимид сан”-г, гэрийнхэнтэйгээ намайг харж, хандаад л амьдарч байна даа. Хань минь хүүхдүүдээ ер нь зэмлэдэггүй. Харин хүүхдүүддээ сургамжилсан үг хэлж ойлгуулдаг байсан. Тэднийг “Ажил голохгүй хийгээд сурчихвал амьдралд хэрэгтэй дээ л” гэнэ. Том хүүгээ “Дүү нараа сурга” гэдэг байдлаар хүмүүжүүлсэн болохоор дүү нар нь ч ахынхаа хэлснийг биелүүлдэг хүүхдүүд байлаа. 

-Аав нь хүүхдүүдээсээ ном уншихыг шаарддаг байв уу. “Өөрсдийнхөөрөө болог” гээд дураар нь үлдээх үү?

     -Гадаад явахаараа хүүхдүүддээ ном л авчирдаг байсан. Түүнээс идэж уух, өмсөж зүүх юм аваад байхгүй. Өөрөө уран зохиолын номонд дуртай мөртлөө унших зав нь олддоггүй байсан байх. Харин өдөр тутмын сонин заавал гарчиглачих ёстой шүү гэдэг байсан. Хүүхдүүддээ “Ном сайн унш. Уншихдаа дуржигнуулах хэрэггүй” гэнэ. Нөгөөдүүл нь шөнө орондоо ном их уншина. Хааяа 02:00 цагт хүүхдүүдээ унт гээд чийдэнг нь унтраана. Харин манай хэд хөнжил дотроо гар чийдэн асаачихаад уншдаг байсан. Аавдаа хамгийн их эрхэлсэн нь том охин Сайнсанаа. Аав нь ч арай илүү байсан байх.   

 -Таны ханийг тарвага агнах дуртай байсан гэх юм билээ. Өөрийгөө хэрхэн амраадаг хүн байв?

      -Хань маань хөдөө гарахаараа л сайхан амардаг байсан. Тарвага агнах дуртай байлаа. Намар тарвага агнах цагаар амралтаа тааруулж аваад хөдөө явна. Төв аймгийн Эрдэнэ сумаас тарвага агнахын тулд сумын захиргаанаас нь заавал зөвшөөрөл авах ёстой. Тэгээд 100 тарваганы арьс тушаах гэрээтэй. Хань минь тарваганаас өөр амьтан агнаж үзээгүй. Багадаа аавтайгаа анд явж байгаад сонирхож эхэлсэн юм билээ. Манайх хоёр буутай байсан. Хоёуланг нь хүүдээ өгсөн. Миний хүү бас аавыгаа дуурайгаад анд дуртай. Мөн хань минь шатар, хорол, хөзөр тоглох дуртай. Гарын дүй их сайтай. Манайд байгаа хоролыг өөрөө сийлсэн юм. Ан амьтдыг сайхан зурна. Найран дээр “Чимид гуай та дуулчих” гэвэл уртын дуу сайхан дуулчихна шүү.

-Өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан болов уу. Танд гар бичмэлүүдээс нь бий юү?

    -Бий бий, гэхдээ дан ажлын талаар. Дэвтэр, гар бичмэлийг нь Сайнсанаа санд нь тавихаар авч явсан.

-Б.Чимид гуай хэрвээ танаас өөр хүнтэй учирсан бол төдий дайны ажлыг бүтээж, хийж, амжуулах байсан болов уу гэж бодлоо. Харин тантай учирсандаа баярлаж, талархаж явдаг тухайгаа хэлж байсан уу?

      -“Би чиний хүчээр өдий насаллаа. Чамд баярлаж явдаг шүү. Миний бие их муудаж байна. Хүүхдүүддээ хэлэх юмаа хэлж, хийлгэж байгаарай” гэж бурхан болохынхоо өмнөхөн хэлж байсан. Тэр л сайхан үг миний сэтгэлд гүн шингэж үлдэж дээ” хэмээн Б.Цээрэгзэн гуай ханийнхаа тухай дурссан юм. 

     Тэрбээр ханийгаа бурхан болсноос нь хойш “Түүнийхээ хоол ундыг нь тохируулж, асарч, тэтгэж чадаа болов уу. Муухай үг хэлж гомдоосон болов уу” гээд л өөрийгөө буруутгаж заримдаа зэмлэдэг ч байж мэднэ. Гэвч тэр 60 орчим жил эхнэрийн үүргээ сайтар биелүүлж, ханиа ажлын төлөө төрсөн хүн гэж бага залуугаас нь ойлгож, сэтгэлийг нь дэмнэж, яарсандаа тохоод гардагеЗЕ хувцсыг нь засаж өмсгөөд явуулдаг байсан хамгийн халамжит хань яах аргагүй мөн. 

    Тэр өдгөө 90 дөхөж яваа ч өвдөх өвчин, зовох зовиургүй ануухнаараа, гэртээ гэгээ татуулан ханийнхаа шавь нар болоод зочдыг цай, хоолоор дайлж, ханьтайгаа жаргалтай өнгөрүүлсэн он жилүүдээ дурсан, хууч хөөрсөн шиг сууж байна лээ.

 

Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимид агсны гэргий Б.Цээрэгзэн: Ханийгаа үндсэн хуулийг боловсруулж, батлуулах гэж л төрсөн хүн гэж боддог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-11 11:18:08
    S: SEKSDN80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-11 11:09:54
    Манлай Х: Гайхамшигтай эрхэм дээ! ХХ зуунд сэтгэлийн их гэгээрэлд хүрсэн цөхөн монгол хүний нэг яах аргагүй мөн!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-14 09:35:48
    .: ХУЖ.ААГИЙН ЭРЛИЙЗ ДА.ГАНБОЛД, М.ЭНХСАЙХАН НАР Б.ЧИМИД ГУАЙГ ЭЛДВЭЭР ГҮТГЭЖ ДАЙРЧ БАЙСАН. ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛУУЛАХГҮЙ ГЭЖ ИХ ЭСЭРГҮҮЦСЭН БАЙДАГ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИНСТИТУЦИЙГ Б.ЧИМИД ОРУУЛАХГҮЙ ГЭЖ ГАНЦААРАА ЭСЭРГҮҮЦЭЭД БАРААГҮЙ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-22 18:53:20
    Zochin: Батцогтыг Хөвсгөлд битгий УИХ-д нэр дэвшүүлээрэй, согтуу толгой.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-20 18:30:23
    Нямцэрэн: Улсын Дээд шүүхэд 1982-1986 онд энэ агуу хүний удирдлагад ажиллаж шахуулж шаардуулж, зэмлүүлж бас заримдаа магтуулж олсон ажлын дөр, сэхээтэн мэргэжилтэг хүн яаж ажиллах арга ухааныг суралцсандаа, түүнийхээ ачаар хаана ч хэнд ч гологдолгүй ажиллаж, үр шимээр нь дажгүй сайхан амьдарч яваадаа Чимид багшдаа, Чимид даргадаа байнга талархаж ээжиынхээ дайтай сүсэлж явдагдаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-20 15:32:54
    иргэн: Нэг том алдаа хийсэн, Ерөнхийлөгч, УИХ хоёрын хэн нь томыг сайн ялгаж өгөөгүй гэх юм билээ, Тэр алдааг нь бид одоо хүртэл амсаж байгаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-20 13:02:03
    Шавь нь: Дэндүү энгийн, даанч их мэдлэгтэй, нөхөрсгөөр хошигнох зуураа хичээлээ ямарч төвөггүй заачихаад сэтгэлд гэгээ татуулаад гараад явчихдаг сан.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188