• Өнөөдөр 2024-12-12

ЗАГДЫН ТҮМЭНЖАРГАЛЫН ОХИН ДӨЛГӨӨН: ААВ МИНЬ 20 ХҮРЭЭГҮЙ БАЙХДАА Л ЯРУУ НАЙРАГЧ БОЛЧИХСОН БАЙСАН ЮМ БИЛЭЭ

2022-12-17,   61552

     ААВ МИНЬ ТАНХАЙ, СӨӨНГӨДҮҮ ХООЛОЙГООР ДУУЛДАГ БАЙСАН

  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, дууны шүлгийн мастер Загдын Түмэнжаргал “Дэгдээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бага насаа би хайрлаж явна”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”, “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо”, “Алсын алсын даваа”, “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг бүтээлээрээ хүмүүний ертөнцөд мөнхөрчээ. Тэрээр багш, захирал, "Ардын эрх", "Өнөөдөр" сонины сурвалжлагч, “Би Би”, “Ням гариг” сонины ерөнхий редактор, хэвлэл мэдээллийн “Нэр төр” төвийн эрхлэгчээр ажиллаж байсан гэгээн түүхтэй. Мөн Франц улсын Парисын дорно дахины хэл иргэншлийн дээд сургуульд Монгол хэлний багш, Монгол Улсын их хурлын даргын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг төр нийгэм, соёл боловсролын салбарт нийтдээ 40 гаруй жил ажилласан түүний охин Т.Дөлгөөнтэй аавынх тухай ярилцлаа. 

-Аавынх нь  авьяас билэг, уран бүтээлийнх нь чансааг мэддэг хүмүүс таны аавыг  “Дууны шүлгийн жинхэнэ мастер байсан” гэж биширдэг шүү дээ. Харин та аавыгаа ямар хүн байсан гэж бахархан дурсах вэ?

      -Миний аав ард түмнийхээ дунд  дууны шүлгийн мастер гэх алдар хүндтэй үлдсэн яруу найрагч, эх оронч, сэтгүүлч, соён гэгээрүүлэгч хүн шүү дээ. Харин охиныхоо  хувьд гүн сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч, байлдан дагуулагч, гэрэл гэгээг түгээгч юм. Аавын минь "Гэрэл гэгээний хүлэг морин мэт" хэмээх ном байдаг. Тэгэхээр аав минь зөвхөн надад биш хүн бүхэнд гэрэл гэгээ түгээж чадсан өөдрөг үзэлтэй, гүн ухаанч хүн байлаа. Найрагч аав минь их наргианч хүн байсан даа. Бас миний анд найз минь байлаа шүү дээ.

-Та аавыгаа “Яруу найрагч болоогүй бол зөн билигтэн болох байсан болов уу гэж боддог ” хэмээн ярьсан байдаг. Аавынх нь ямар үг, үйлдэл таныг ийм төсөөлөлтэй болгосон бэ?

       -Яагаад ч юм аав бид хоёр далд хүч, зөн совин, мэдрэмжийн тухай ярилцаж, өөрсдийн үзэл бодлоо бие биедээ хэлдэг байсан. Жишээ нь, би сонин хачин юм зүүдлэхээрээ аавд ярина. Тэгээд би аавыгаа аж болж байгаа бүхний тухай мэддэг юм бол, яаж мэдэж байгаа юм бол" гэж шоолонгуй өнгөртөл хожим аавын хэлснээр болчихдогт гайхдаг байсан. Намайг зүүдээ манадаг болохоор ч тэр үү, аав нэг удаа "Хүн чамд ямар ч муу юм хийсэн бай эргүүлж муу зүйл тэр хүнд битгий хүсэж байгаарай. Уур омогтоо дийлдээд мууг хүссэн хүнд үнэхээр муу зүйл тохиолдоход хүн өөрийгөө буруутгаад, хэнд ч хэлж чадахгүй дотроо их шаналдаг. Хэнд ч гэм хийгээгүй мөртлөө өөрийгөө зэмлэж шанална гэдэг хэцүү” гэж билээ. Өөрийн зөн билигт итгэдэг, мэдэрдэг, бас хүн, амьтан зөн билигтэй гэдэг үзэл надад ааваас л суусан. Аавын шүлгүүдийг уншаад, бичсэн оныг нь харахаар хожим яг ингэнэ гэж мэдсэн юм шиг  мөртүүд олон байдаг. Тэр байтугай аавын найз, хөгжмийн зохиолч Л.Галмандах ах аав хоёрын "Амгалан цэнхэр дэлхий" гэж хүүхдийн дуу бий. Тэр дууг "Бага насаа хайрлаж явна", "Бөмбөг битгий хаяарай" дуунуудыг 1987-1988 онд зохиосон. Тэр үед хүмүүс энэ хоёр дууг нь шууд хүлээж аваад бүх цаг үеийн дуу болгосон. Харин "Амгалан цэнхэр дэлхий" дуу олонд түгж чадаагүй. 

"Энэхэн дэлхий өнөөдөр 

Түгшүүр дүүрэн эргэлдэж байна,

Эгээ л бидэн шиг жаалууд 

Хаа сайгүй амьдарч байна.

Удахгүй өсөж том болоод амьдралыг бид жолоодно

Ухаантай, зоригтой, итгэлтэй шинэ эрин болж алхална.

Москвад, Дэлид, Нью-Йоркод

Хүүхэд бүхэн адилхан байна..." гэх “Амгалан цэнхэр дэлхий” дуу цар тахлын үеийг зөгнөж бичсэн юм шиг надад санагдсан. Түүнийг нь хүмүүс анзаараагүй байх. Ая нь яг л өнөөдрийн тренд дууны хэмнэлтэй, цээжинд гүн орохоор тийм гоё үг, аятай байгаа юм. Л.Галмандах ах, аав хоёр өнөөдөр энэ ертөнцөд байхгүй ч өнөөдрийн туйлдсан хүмүүст тэдний дуу сэтгэлийн хүч болох байж дээ. Тиймдээ ч тэд тухайн үед хүмүүс төдийлөн тоохгүй байгаад нь инээмсэглээд л өнгөрч байсан биз. Бас аав маань сугалаа сугалах их дуртай. Ихэнх тохиолдолд хождог, өөрийгөө хожно гэдгээ дандаа мэдэрч тэрийгээ хошигнол болгон ярьдаг байсан.

-Таны удамд бичгийн боловсролтой болон зохиолч, яруу найрагч хүн бий юү. Та ямар ажил хийдэг вэ?

      -Аавын аав талаас бичгийн боловсрол өвлөгдсөн гэж боддог.  Гэхдээ яг яруу найрагч, авьяас билигтэн нь миний мэдэхээр аав минь юм даа. Би ээжтэйгээ адилхан орос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Өнөөдрийн байдлаар би албан ажил хийхгүй, сайн ханийн буянд гэртээ хүүхдүүдээ өсгөж байна.

-Таны аавын бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Бага насныхаа тухай, яруу найрагч болох хүсэл, мөрөөдөлтэй байсан үеийнхээ тухай танд ярьж өгдөг байв уу?

       -Аав маань Төв аймгийн Угтаалцайдамд төрж өссөн хүн шүү дээ. 10 хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Нэг эгч, найман дүүтэй. Ах бид хоёрыг хэрхэн хүмүүжүүлэх тухай ярихдаа аав өөрийгөө тухайн үед яг миний насан дээр ямар байснаа ярьдаг байсан. Аавын эмээ (ээжийнх нь ээж) Долгор эмээ аавыг өсгөж, хүмүүжүүлсэн юм билээ. Их сайхан уран цэцэн үгтэй, ёгт үлгэр уншиж өгдөг буурай байсан. Би бол Долгор эмээтэй ойр дотно байгаагүй. Хэдэн удаа  очиж золгож байснаа санадаг.

Аав биднийг загнахдаа "Эмээ л ингэж хэлдэг байсан" гэж ишилж их хэлдэг байсныг бодоход аавыг  эмээ нь зэмлэх үедээ зэмлэж, цэгц сургасан юм билээ. Харин яруу найргийг аав багаасаа мэдэрсэн байсан нь эмээгийнх нь уран яруу яриа нөлөөлсөн байж мэдэх юм.

Аавын аравхан настайдаа бичсэн "Цаначин" гэдэг шүлэг нь сонинд хэвлэгдэж байсан гээд бод. Би аавынхаа хит дуунуудаас илүү 20 хүрээгүй байхдаа бичсэн шүлгийг нь унших дуртай. Тэр үед аав аль хэдийн яруу найрагч болчихсон байсан болохоор тэр тухай мөрөөдөж үзээгүй биз. Аав шүлгийг сонгосон биш, шүлэг аавыг сонгосон байх.  

-Та ээжийнхээ талаар дурсаж болох уу. Зохиолч, яруу найрагч хүний хань байна гэдэг бүтээл бүрийнх нь анхны уншигч, үнэнч зөвлөгч, хүч нь  байдаг гэж боддог?

      -Аав минь 17-хон настайдаа ээжид дурлаж, "Цайдамхан талаасаа чамайгаа хайлаа" хэмээх "Цэцгэн зүйрлэл" дууг ээжид зориулж байсан гэдэг. Ээж минь аавын зөвлөгч гэхээсээ илүү муза нь байсан даа. Аав гэртээ сайн яригч харин ээж сайн сонсогч нь байлаа. Ээж аавын ихэнх шүлгийн анхны сонсогч байсан. Аав шөнө юм уу эсвэл халамцуудаа "Тунгаа, бичээд аваарай" гээд шүлгийн мөр, бүтэн шүлэг, эсвэл ганц үг ч юм уу хэлдэг байсан. Өглөө нь сэрээд "Би юм бичүүлээд байсан уу" гэж асууна. Ээж тэр бүрийг нь дуртай үүрэг шигээ хүлээж аваад л  бичдэг байлаа. Би ээжийн энэ занд үнэхээр хайртай. Ээж минь бас их амгалан тайван хүн. Гэхдээ би ээжийгээ аавтай их хамаатуулж магтах гэхээр энэ фон дээр Ануу эгч минь ямар харагдах билээ гэж боддог юм.

    Дуучин Б.Мягмарсүрэн буюу бидний дуудаж сурснаар Ануу эгч  миний аавын хоёр дахь эхнэр, дүүгийн минь ээж. Аавын хайрыг хүртэж чадсан амьдралынх нь хань мөнөөс мөн. Ануу эгч бас л аавын гэнэтийн үгийг нь тэмдэглэх тэмдэглэх үүрэгтэй, дэмжигч нь. Бас үнэнч шүтэн бишрэгч нь байсан. “Аав минь тэнгэрт залраад 10 жил өнгөрлөө. Та яаж ганцаараа байх билээ. Би таныг хүнтэй суувал дургүйцэхгүй” гэхээр  "Миний энэ насандаа хүртсэн хамгийн сайхан алдар бол яруу найрагчийн гэргий. Өөр хэн нэгэнтэй ханилбал би хэн нэгний гэргий л болно. Би яруу найрагч Түмэнжаргалын эхнэр гэдгээрээ л үлдсэн насаа дуусгамаар байна" гэдэг. Энэ бол маш гүн гүнзгий утга санаа гэж боддог. Миний аавын хайрыг хүртсэн хоёр эмэгтэй хоёулаа ганц ганцаараа амьдардаг.

ААВ МИНЬ 17-ХОН НАСТАЙДАА ЭЭЖИД ДУРЛАЖ, ЦЭЦГЭН ЗҮЙРЛЭЛ ДУУГ ЗОРИУЛЖ БАЙСАН ГЭДЭГ

-Аав, ээжийнх нь амьдрал тусдаа болж байх үед аав нь бичдэг хэвээрээ байв уу. Хэсэг завсарласан уу?

       -"Нүдэнд дулаахан бүсгүй чи, юунд надтай учрав даа" гэдэг "Цэнхэр сарны туяа" гэх дууг аав ээжээс салж байх үедээ бичсэн байдаг. Аавын яаж шаналж байсныг тэр дууны үгнээс мэдэрч болдог. Бас тэр дуутай зэрэгцээд "Үүр шөнийн оддоос асуу" гэдэг дуугаа бичсэн. Харин тэр дууг нь Ануу эгч дуулж таардаг нь сонин тавилан.

    1990 оноос аавын эх оронч үзэл, эх орны төлөө шаналах сэтгэл маш их давлагаалж эхэлсэн. Хүмүүс яг одоогийнх шиг төр засгийн алдаанаас болж эх орондоо сэтгэл гонсойх хандлагатай байсан үе л дээ. Тэр үед "Улс гүрэн нь олон чиг Монголыг минь яаж гүйцэх вэ дээ" гээд ард түмнээ аргадан уярааж байсан. Ингээд бодоход чансаатай бүтээл бүхэнд нь аав минь өөрөө шингэсэн байдаг юм.

-Бүтээл бүхэн өөрийн гэсэн түүхтэй, цаг хугацаатай шүү дээ. Тиймээс уран бүтээлч, зохиолчид өөрийн гэсэн бичих цаг хугацаатай, өөрийн гэсэн таатай орчинтой болчихсон байдаг. Таны аав ямар орчинд, ямар үедээ ихэвчлэн бичдэг байв. Таны аавын чансаатай бүтээлүүдийн үндэс нь юу вэ?

      -Уран бүтээлч хүний сэтгэл хөдөлсөн, булгилсан үедээ бүтээсэн бүтээл нь илүү энерги, хүч шингээсэн байдаг гэж  хардаг. Уран зураг, хөгжим, бүжиг гээд аль ч урлагт. Аав минь зөвхөн шүлэг бичихээс гадна насаараа сонин, хэвлэлийн газар сэтгүүлч,редактораар ажиллаж байсан болохоор манайд байнга л бичгийн машин тачигнадаг байлаа. Тэр үед нь би аавыгаа шүлэг бичиж байна уу, нийтлэл бичиж байна уу, гэдгийг нь ялгадаггүй байсан гэх үү дээ.

“Нисдэг алим” номыг аав өдөр, шөнөгүй бичиж байсан. Гар бичмэлийг машин дээр хэвлэх ажлыг ээж ажлынхаа хажуугаар хийдэг байлаа. Гурван хувь машиндах тул гурван цаасны завсар хоёр хорын цаас хавчуулж машинддаг. Би хоосон цаасны завсар хорын цаас хавчуулж жирийтэл өрдөг ажилтай. Ах машиндсан хэсгийг нь хуудсынх нь  дарааллаар тавина. Тийм болохоор “Нисдэг алим” хэмээх ном бол манай гэр бүлийн бахархал. Аавд минь бичдэг тусгай орчин гэж байхгүй дээ. Хөдөлгөөнтэй хөнгөн хүн байсан болохоор хаана ч хамаагүй бичдэг байсан.

-Зохиолч, яруу найрагч, эрдэмтдийн гэр бүлд өссөн хүүхдүүд бусдаас арай өөр хүмүүждэг болов уу гэж боддог. Тухайлбал, тэднийг юу хийж, ямар ном уншихад нь аав, ээж нь оролцдог, зөвлөдөг ч гэх юм уу. Харин таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

      -Бидний хүмүүжилд ээж минь илүү анхаардаг байлаа. Аав бол биднийг хүүхэд гэж голохгүй яриа өддөг байсан. Хүний дотоод ертөнцөд маш хүндэтгэлтэй ханддаг. Тиймээс биднийг загнасан ч гутааж, унтраах үг ер хэлдэггүй. Аав, ээж минь  ах бид хоёрт хангалттай эрх чөлөө олгодог байсан. Сонирхсоноо хийгээд сууж байвал заавал “Гэр цэвэрлэ, хичээлээ хий” гэж шахдаггүй. Хичээл хийх цагаа бид өөрсдөө сонгож зохицуулдаг, өсвөр үедээ шөнө ихэвчлэн суудаг хоёр хүүхэд байлаа.  Ах ном их уншина. Харин би эсрэгээрээ ном уншихгүй.

Аав намайг ном унш  гэж нэг ч загнаж байгаагүй. Харин “Миний охин ном уншмааргүй бол богино бөгөөд зөвхөн шилдэг хэдэн зохиол унш” гэж зөвлөдөг байсан. Тэгээд Э.Хэмингуэйн сонгодог зохиолын түүвэр номноос ахтай ярилцаж байгаад "Өвгөн ба тэнгис", "Матадор", гэх мэт 2-3 туужийн гарчиг дээр нь тэмдэглээд өгсөн.

Уг нь би А.С.Пушкины шүлгийн номонд их дуртай байсан юм. Ах бид хоёр орос хэлний 23 дугаар сургуульд элсэн сурч байгаад 1989 онд ээж маань Оросод багшлахаар болж бид гэр бүлээрээ нүүж тэнд гурван жил гаруй амьдарсан юм. Тиймээс ах бид хоёр голдуу орос хэл дээр ном уншиж өссөн. Би зургаан настайгаасаа хатгамал сонирхож, оёж эхэлсэн. Эхэндээ ээж ааваас нууцаар оёсон. Намайг балчир гээд тэр хоёр зүү өгдөггүй юм. Тэгэхээр нь нууцаар дэгдээхэй оёж, үзүүлээд зүү авч өгөхийг гуйсан юм. Гэтэл аав ээжид "Манайд хамгийн нарийн, уран зүү бий. Тэрийг охиндоо өгчих. Харин чи энэ зүүгээ гээчихвэл дахиж ийм зүү олдохгүй шүү" гэж байсан. Бид дөрвүүлээ спортоос ширээний теннис тоглодог байсан даа.

-Та аавынхаа бүтээл, дуу бүхэнд дуртай байх. Гэхдээ та энэ удаад аль бүтээлийг нь онцолж, дурсамжаа хуваалцах вэ. Ямар дууг нь сонсох дуртай вэ?

      -"Дууны хорвоо" дууг Ануу эгчийн дуулсан хувилбараар сонсох  дуртай.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Аавыгаа бүтээлээ бичихээр төвлөрчихсөн үед сарниулчихаад, загнуулж байсан үе бий юү? 

     -Би эхээс хоёулаа, эцгээс гурвуулаа. Ануу эгч минь дүү Тингисийг төрүүлж өгсөн. Намайг ухаан ороход л аавыг юм бичиж байхад нь гэрт чимээ гардаггүй, шивнэж ярьдаг болчихсон байсан. Аав хэзээ ч биднийг чимээгүй байхыг шаардаж байгаагүй. Тэр бол ээжийн дэмжигч зантай холбоотой байх. Ах бид хоёр аавыг сарниулахгүйн тулд  шивнэж ярилцаж, шивнэж муудалцдаг байлаа шүү дээ.

-Аав нь уран бүтээлчээс гадна гэртээ ямархан аав, хэр сайн хань байсан бол. Ахуй амьдралдаа хэрхэн анхаардаг байв. Тухайлбал, хоол сайн хийдэг, гарын дүйтэй ч гэх  юм уу хийх дуртай зүйл байсан уу?

    -Аавыг архи их ууснаас болж асуудал үүсгэдэг байсныг ах дүү, найз нөхөд нь мэддэг байсан. Аав минь хошин шогийн мэдрэмжтэй хүн. Заримдаа шүүмжлэлийг хошигнол болгоод хэлчихдэг байлаа. Өөрөөр хэлбэл, юм бүхэнд хаанчлаад байдаггүй байсан. Аав мах чанах дуртай мөн бичихээс гадна маш гоё  зурдаг байсан. Өөрөө зурах дуртай болохоороо ах бид хоёрт зургийн хэрэгсэл хангалттай авна. Ээжийг мэргэжлийн  зураач шиг зурсан байдаг. Бас аман хуур, баян хуур хөгжим сонсголоороо их гоё дардаг байсан. 

ААВ ЗҮҮДЭНДЭЭ ЮМ УУ ХАЛАМЦУУДАА ОРЖ ИРСЭН ҮГЭЭ ЭЭЖИД ХЭЛЖ БИЧҮҮЛДЭГ БАЙСАН 

-Таны аав дуулдаг байсан уу?

      -Баян хуур дараад л дуулна. Дуулж байгаа нь В.Высоцкий-тэй адилхан санагддаг байсан. Танхай, сөөнгөдүү хоолойгоор дуулдаг байсан гэх үү дээ. Ямар ч дууг өөрийнхөөрөө дуулчихна. Тэр нь хөгжилтэй. 

-Хүн бүр аав, ээжийнхээ ачийг хариулж бардаггүй гэж ярьдаг шүү дээ. Харин та аавыгаа нэг удаа ч болтугай баярлуулсан гэж боддог уу?

      -Аав минь бүхий л зүйлээс өөртөө сайхныг харж, шингээж чаддаг хүн байсан. Тэр талаараа аав бид хоёр яг адилхан. Аавыгаа тэгж эрт явна ч гэж санахгүй л явлаа. Харин аав минь хамт байхдаа урмын үг, сайн сайхан үг хангалттай хэлдэг байсан. Хүүхдүүдээ магтсан, бахархсан, "Энэ хүүхэд миний амьдралд байгаа нь баяр, жаргал юм" гэж ярьдгийг нь мэдэрдэг байсан. Аав ялихгүй зүйлд  баярлаад л гэрэлтэнэ шүү дээ.

ААВ  БУСДАД ШҮЛГЭЭ УНШИЖ ӨГӨХДӨӨ НҮҮРНИЙХ НЬ ХУВИРЛЫГ ИХ АЖИГЛАДАГ БАЙСАН

-Та аавынхаа ямар чанарыг нь илүү дуурайсан бэ?

       -Би аавынхаа өөдрөг, нуршиж ярьдаг зан, бас дэвэрч онгирох дуртай занг нь дуурайсан.

-Аавынхаа бүтээл, алдар хүндийг нь мөнхжүүлэх ямар ажил хийж байна вэ?

      -Аавын бүтээлийг мөнхжүүлэх хүн нь би биш. Аав өөрөө сайн уран бүтээлийг цаг хугацаатай болон ард түмний сэтгэл шүүдэг гэдэг байсан юм. 

-Таны аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамж юу вэ. Аав нь танд юу захиж хэлдэг байв?

     -Олон сайхан дурсамж бий. Зургаан настайдаа нэг үдэш ээжтэй гадаа зугаалахдаа би тэнгэр ширтээд алхаж байснаа

"Шөнийн шөнөөр бид явна

Шөнийн тэнгэрт од явна" гэж толгойд орж ирээд, аяархан хэлснээ, "Ээж ээ, би шүлэг зохиочих шиг боллоо" гэтэл ээж "Хурдан гүйгээд, аавдаа очоод бичүүлээд аваарай, гүйгээрэй" гэхээр нь  би түрүүлээд гүйсэн. Тэгээд ааваас “Энэ шүлэг мөн үү. Ийм шүлэг байж болох уу" гэтэл аав намайг тэвэрч, бараг агаарт шидээд л "Мөн шүү дээ, миний охин, шүлэг мөн" гээд л нүүр нь гэрэлтэж байсан. Тэгээд аав минь надаар шүлэг бичүүлэх гэж шахаж эхэлсэн. Гэвч би шүлэг бичиж чадахгүйгээ мэддэг байсан болохоор аавдаа хэлсэн. Гэсэн ч аав минь намайг юу ч хийсэн үргэлж дэмждэг байсан.

-Та аавынхаа дууны шүлэг бичиж байсан үеийнх нь тухай дүрсэлж ярьж болох уу?

      -Аавыг хажуугаас нь  харахад амандаа юу хэлж байгаа нь ойлгомжгүй бувтнаад л, бичгийн машины үсгүүдээр хуруугаараа нааш, цааш илээд гүйлгэж байснаа гэнэт бичдэг байсан. Шүлэг бичиж дуусаад ахин дахин уншина заримдаа зогсолтгүй бичиж дуусгадаг байв. Бичиж дуусаад хэнийг ч хамаагүй суулгаад өөрөө уншиж сонсгоод, сонсож буй хүнийхээ царайг анхааралтай ажиглаж хардаг. Тэр сонсогч нь голдуу гэр бүлийнхэн. Заримдаа өөр ч хүмүүс таардаг. Тэгээд сэтгэгдлийг нь сонсох гээд хичээнгүй сонсоно. Голдуу магтаал сонсоно. Аавын найзууд гэрт их ирдэг. Хөгжмийн зохиолч, зураач, дуучин, яруу найрагч, бас эгэл жирийн найзууд нь ч ирдэг. Тэд нар ч бас сонсогч нар нь болдог байлаа. Манайх Оросод амьдарч байхад ээжийн ажиллаж байсан ТМС-ийн зарим оюутан сурагч нар ч аавын сонсогч болж байсан.

-Та бүтээхийн зовлон, жаргалыг та мэдэрч өссөн байх. Таныхаар аль нь хэцүү санагддаг вэ?

     -Аавын хувьд амьдрал бүтээхээс илүү дуу шүлэг бүтээх нь илүү хялбар байсан л даа. Амьдрал нь уран бүтээлийнх нь толь, уран бүтээл нь амьдрал нь болж хөвөрдөг байсан. Аав минь авьяас билгээрээ хүндтэй алдар нэрийг хүртсэн. Харин аавыг алдар нэр нь мөхөлд хүргэсэн дээ. Аавын

“Шөнө шиг түнэр он цагийн дунд

Чоно шиг хийморьтой амьдарлаа даа

Шөрмөст эр... “ гэж шүлэг бий. Аав энэ шүлэгт яг өөрийгөө өгүүлсэн мэт санагддаг.

-Аав нь МУСГЗ болоход охиных нь хувьд ямар санагдаж байв?

    -Тэр үед аав минь хэдийн олны танил болчихсон, олон сайхан уран бүтээлийн эзэн болчихсон байсан болохоор бий гайхаагүй. Харин "Өмнө энэ шагналыг аваагүй байсан юм байх даа, сонин юм бэ" гэж бодсон. Аав өөрөө шагналын тухай их энгийн бодолтой байдаг болохоор бид аавыг ийм тийм шагнал аваасай гэж бодож байгаагүй.

-Аавынх нь гар бичмэл, бүтээлүүд, захиа танд бий юү. Аавынх нь охиндоо зориулсан уран бүтээл бий юү?

     -Аавын гар бичмэлүүдийг Ануу эгч, болон аавын дүү нар л хадгалдаг. Намайг наймдугаар анги төгсөх зун аав, ээж хоёр минь тусдаа амьдрахаар болсон юм. Тэр үед 14 настай байсан болохоор гар бичмэл авах тухай бодоогүй байх. Харин аавын "Хайрт охиндоо", "Хайрт охин Дөлгөөндөө" гэсэн гарын үсэгтэй номнууд байдаг. Харин надад зориулсан болон миний нэр орсон дууны шүлэг байдаггүй. Харин ахын нэр бол зөндөө орсон байдаг. Тухайлбал, "Дүүжүү алсаас ирээд Дүүрэн амьсгаа авахад минь..." гээд л бүгд мэдэх биз.

-Хэрвээ таны аав одоо байсан бол?

     -Цэл залуухан атлаа хөгшин хүн шиг, настай хүн мөртлөө залуу хүнтэй ярьж байгаа мэдрэмж төрүүлдэг хүн байдаг. Аав маань надад үргэлж 20 гаруйхан настай залуу шиг л санагддаг байлаа. Аав минь баярлаж, гуньж, талархаж, гомдохдоо хүүхэд шиг дэврүүн хүн байсан. Харин улс төрч, эх оронч хүний хувьд бол өнөөдрийн улс төрийн нөхцөлд үгээрээ зэвсэглээд үнэний төлөө тэмцэж явах халуун зүрхтэн. Аав минь өнөөдөр бие нь үгүй ч, сэтгэл зүрх нь хэзээд бидэнтэй хамт.

Үүний нэгэн баримт бол аавын “Гурвалжин аялгуу” номын хамгийн арын хуудаст "...Сэтгэлээ ялимгүй будангуйрах үест би өгөөмөр зан, ариун цагаан явдал үргэлжид ялан дийлж байсныг санадаг. Аль ч цаг үед нүгэлтнүүд бас л оршин тогтнож, цагийн хожоон дээр бяцхан цэцэглэж, нэг л их жаргалтай, дориун чинээлэг аж төрж буй мэт үзэгддэг авч, эцсийн эцэст заавал үйлийн үрийг амсаж, доройтон мөхдөгийг ч хааяа бодож үздэг. Хөвгүүн минь, чи ч энэ хатуу үнэнийг сэтгэлдээ хадааслаж яваарай" хэмээсэн байдаг даа.


ЗАГДЫН ТҮМЭНЖАРГАЛЫН ОХИН ДӨЛГӨӨН: ААВ МИНЬ 20 ХҮРЭЭГҮЙ БАЙХДАА Л ЯРУУ НАЙРАГЧ БОЛЧИХСОН БАЙСАН ЮМ БИЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 90
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-25 00:23:48
    Зочин: Хүндэлж явдаг сайхан найрагчийнхаа тухай сайхан ярилцлага уншлаа! Баярлалаа! Гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-25 00:23:11
    Зочин: Хүндэлж явдаг сайхан найрагчийнхаа тухай сайхан ярилцлага уншлаа! Баярлалаа! Гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-10 00:45:54
    Иргэн: Зохиолч найрагчдын нийтлэг зан юм бхдаа олон авгай хүүхнүүдтэй холбоотой байдаг нь Бид нарыг Минск хотод ирхэд Технологийн сургуульд гитар дараад дажгүй дуулдаг Бүтэмж гэж нэг охин сурдаг байсныг бас л найрагчийн эхнэр нь гэж ярилцдаг байлаа хөөрхий
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-09 01:49:28
    Иргэн : Охидууд бол аавын бурхан, сахиус шүү дээ !!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-08 23:31:59
    Oyunchimeg: Ymar ih dewrvvn sergelt.eh oronch saihan hvn baisnig bi tvvnii djubi shvleg aylguut hogjimos olj sonsson .ayga awyastan baije
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-08 22:33:41
    БУУ УНШ! : ЯРУУ НАЙРАГЧ ДАШБАЛБАРЫН ОХИДУУД САНАА АВААСАЙ ЭВТЭЙ БАЙВАЛ ЯМАР САЙХАН ХАРАГДАЖ БАЙНА. ДЭЖИДМАА БОЛОН ИНДРА НАРЫГ ЯРУУ НАЙРАГЧ НЭРТ ТЭРГЭЛ ХУТГАН УЙМУУЛЖ ХЭРЭЛДУУЛДЭГ ГЭДЭГ. ТИЙМ ХУНЭЭС ХОЛ БАЙ ЭНЭ ДОЛГООН ШИГ УХААНТАЙ БАЙ СУРАЛЦААРАЙ!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-08 11:10:39
    Ганзориг : Сайн багш. Сайн сурган хүмүүжүүлэгч. Сайн ах байсандаа их зүйлсээс аварсандаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-07 17:56:32
    Bayrhuu: Ohin dulguun chi tarhi setgelgee saitai huuhd bnshuu.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-07 16:13:33
    Altangerel: Baga angiin bagsh gundiigyu er suuld sain nuhur, ueiin naiz Sharavtaigaa suragch olon bagachuudad olon saihan duu bileglesen dursaj yavah hunii mini neg, bi odoo dal shaj yavaa shavi ni
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-07 14:49:18
    ээж: Им сайхан гэр бүл үр хүүхэдтэй байж салж савсаганаж явсан онцгүй эр. тэр уран бүтээл сайн туурвисан байж болох ч хүн чанар бол сайн эр хүн биш. Харин 2 хүүхэд нь сайхан хүмүүжилтэй юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-06 21:19:21
    Зочин : Сайхан ярилцлага бнаа охин нь ямар ухаантай юм бэ Ану эгч гээд ах дүүс шиг ёстой гэгээлэг хандлага нь маш гоё зөв ухаантай охин бнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-08 22:17:07
    Purevsuren: Saihan aav
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-21 01:13:42
    Ану ч гэх шиг: Ямар новштойгоо очоод суучихсан архичин б дээ. Эрт үхэх хүн тэгдэгийн дээ. Сайхан үр хүүхэдээ ханиа хаяад..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-19 09:25:42
    Manlai kh: Эгэл жирийн, нөхөрсөг сайхан хүн, сайн уран бүтээлч байлаа. Яах аргагүй бид нэг үеийн нөхөд юмаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-19 00:24:28
    Чанцалдулам: их сайхан зүйл уншлаа. нийгэм улс төр оволзож дандаа хар мэдээ уншиж байгаа энэ үeд сэтгэл сэргэлээ Дөлгөөн охинд аз жаргал хүсьe. Агуу найрагч маань ард түмэнтэйгээ мөнхөд хамт байгаа. Дуун цацал өгдөрт цацраг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-20 13:27:52
    Сосорбарам Эрдэнэмаам: Амьд сэрүүндээ л "Хүний гараар бүтээгүй хөшөө дурсгалаа" босгон мөнхжүүлсэн агуу яруу найрагч. Миний шавь /МУИС-д сурч байхад нь би орос хэл зааж байв/, мөн миний багш /орос хэлнээс орчуулга хий гэж намайг шахаж, миний анхны ородлогыг хянан засварлаж, надад монгол хэлний найруулга зүй заасан/. Зохиосон дууны шүлгүүд нь зохиогчоо үүр мөнхөлсөн гэж шавь-багшаараа их бахархаж явдаг. Хувь заяаны тохиолоор Тунгалаг энэ хоёрыгоо хойшоо ТМС-д багшлахаар явахад нь хувь нэмрээ оруулсандаа баярлаж суудаг даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-20 07:34:39
    Зол: Сайхан ярилцлага байнаа. Ухаалаг гэж. Олон сайхан бүтээлээр нь сонороо мялааж явдагдаа. Эгэлгүй сайхан хүн байжээ. Ийм л хүмүүсийн үр удам ухаантай мундаг байх юмаа. Бахархаж байнаа. Ануу ч мөн адил ухаалаг эмэгтэй юм байна даа гэж бодогдов. Сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-20 00:16:40
    Иргэн: Би шүлэг,яруу найраг нэг их сонирхож байсангүй.Гэхдээ Түмэнжаргалын зарим дууны үгийг сонсоход ямар агуу шүлэгч байсан юм дээ гэж бодсон шүү.Монгол ахуй нэвт мэдрэгддэг,түүнийг нь Монголд төрж,өссөн / тэгэхдээ бүр хөдөө шүү/ хүнээс өөр хүн ойлгож хүлээж авахааргүй тийм ЯРУУ,ТАНСАГ бичдэг шүлэгч юм билээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-19 20:07:52
    С Чулуунбаатар: Дэндүү эгэл. Мөртөө агуу их гэрэлтэй хүн байж дээ Түмэн минь.10 жил болсон ч дэргэд.байгаа мэт бодогдож бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-16 09:55:23
    Б.Баярцэцэг: Сайхан, ухаалаг хүмүүний үр ийм ухаалаг охинд Аз жаргал хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-16 09:47:18
    Баярцэцэг: Түмээ ахын маань. Хэлж байгаа үг бүр нь ухаарал, сургаал, уужуу сэтгэх тэмүүлэл байлаа. Бидэнд ухаарал хайрласан "Номын шид бэлэглэсэн багш, эрдмийн оргил өөд хөтлөгч, сэтгэгч, агуу хүн байлаа. Ийм учир олон сайхан бүтээл нь Мөнхөрчээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-15 23:28:55
    T.Yanjmaa: Tungaa bagsh 22 dugaar surguulid oros xelnii bagshaar ajillaj bgd Oros yawsan yum bn Manai angid ordoggui ch ix saixan emegtei bsn.Ter ued 7.8r angiin xuuxed baisan boloxoor Tumenjargal nairagchiin gergii ni gedgiig meddeggui baijee Yag ter ued awaxuulsan zuragnuud bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-15 11:28:16
    Н. Эрдэнэ сувд : тийм шүү тийм нэг эгэлгүй хүн байсан ....... олон сайхан жишээ байдаг. нэгээхэн хэсэг нь гэхэд надад фаранцын талаар бичсэн байдаг европ ууд 40 хүрээд амьдрал нь эхэлж , тэтгэвэрт гараад залуудаа сурч амжаагүй сурахыг хүссэн ээ сурч тэтгэвэр нь хангалттай, аялж сур ч амьдардаг гэж бичсэн хэсэг надад сэтгэлд их тод үлдсэн байдаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-15 10:08:25
    Зочин: Анхны хань нь 2 хүүхдийнх нь эх нь цэгцтэй яриа хөөрөөтэй мундаг эмэгтэй байсан даа. Сэлэнгийн Ерөөд энэ 2 маань ажиллаж байхийг нь мэдэх юм. Халуун, дулаан аз жаргалтай айл байсан даа. Сүүлдээ дуучин Мягмарсүрэн залуу хүүхэн дуугий нь дуулах дуртай фен нь гэх мэт болсоор байгаад сайхан хань үр хүүхдээ хаяад Мягмарсүрэн дуучинтай суусан даа тэрийгээ Ану гэж дууддаг байсан байх.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 21:46:00
    Bbb: Анхны ханиа яагаад хаясан юм бод..Сайхан хүүхэн бн..Ингэж бодохоор эрчүүд зэвүүн шүү..Сүүлд Ану гээд юмтай суусан бсан..Анхны хань нь гоё хүүхэн бн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 21:45:58
    Bbb: Анхны ханиа яагаад хаясан юм бод..Сайхан хүүхэн бн..Ингэж бодохоор эрчүүд зэвүүн шүү..Сүүлд Ану гээд юмтай суусан бсан..Анхны хань нь гоё хүүхэн бн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 17:51:49
    зочин: Жудагтаа сайхан аав.н охин яалтчгүй ёс зүйтээ гүн сэтгэлгээтэй бүсгүй юм б.Аз жаргал хүсье дүү бүсгүйд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 15:02:22
    Ж.Үүрийнтуяа: Гоё ярилцлага байна. Ухаантай охин юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 11:40:32
    Цэцэгмаа : Охинд нь эрүүл энх сайн сайхан байхын ёрөөл өргөё
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 11:38:28
    Цэцэгмаа: Багын авьяаслаг зураач тэр үёийн пионёрийн зөвлөлийн идэвхитэнүүд гээд Угтаалын сургуулийнхаа толь болсон Ханын сонинг гаргахаар хамтран бүтээлээ тууривж явлаа даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 09:51:53
    Пүрэвсүрэн: Сайхан зохиолч,яруу найрагч З.Түмэнжаргалын охин танд талархаж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 09:27:11
    Баянбат.Л: Ямар гоё гэгээлэг ярилцлага өгсөн бүсгүй вэ? аргагүй л ухаалаг аав ээжийн ухамсар өндөр. сэтгэхүй нь гэгээлэг охин байна. Амьдралд нь сайн сайхныг eрөөe.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 09:11:18
    Ганзориг : Сайн багш сайн зөвлөгч байлаа..үр хүүхэд гэр бүлдээ Бас сайн аав. Сайн хань..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 08:41:56
    ах эгч: Ямар сайхан ухаалаг охин бэ ээ Ийм хүмүүс олон байгаасай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 08:38:48
    Ц.Болормаа: Дөлгөөндөө. Сайн сайханыг хүсье. Ухаантай агуй охин байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 07:24:01
    Соёл: Сайхан дурсамж. Дөлгөөн үнэхээр ухаалаг охин юмаа. Гэр бүлийнхээ түүхийг бүтэн өгүүлжээ. Загдын Түмэнжаргалын дуунуудыг бараг бүгдийг нь мэдэх юм байна. Олон сайхан дуунуудыг үлдээжээ. Дөлгөөндөө аз жаргал сайн сайхныг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 05:45:24
    жорж: Түмээ ах Тунгаа эгч нартай Орос д Орёл хотод амьдарч байлаа. Сайхан хүмүүс байсан тэр үед 1990 он байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 21:19:23
    Сайнзаяа: Үнэхээр сайхан хүн байсандаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 20:46:52
    Отгон: Гоё дурсамж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 19:36:35
    Данзан Энхтуяа: Би цэцэрлэгийн багш байсан одоо тэтгэвэрт Загдын Түмэнжаргалын хүүхдийн дуунуудыг цэцэрлэгийн сурах бичиг номноос нь их ашиглаж байсан.бага насаа би хайрлаж явна Бөөн баяр гэх мэт олон сайхан дууны шүлэгтэй дууг хүүхдэд зааж байлаа.дуу шүлгүүд нь хүүхдийн сэтгэл зүйд тохирсон мундаг яруу найрагч байсан хүүхдүүдэд нь азжаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 17:49:53
    Д.БЯМБАСҮРЭН: Энэ сайхан эртэй цөөнгүй л ...тулгаж явлаа..мөн гудиггүй эр шүү...үр хүүхдэд нь аз жаргал,эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 17:16:46
    zochin: Aguu ix yaruu nairagchiig Frants ulsad Paris xotnoo ajillaj amidarch baixdaa arxi uugaad Sena murund jiveed nas barsan gej sonsson Xairan saixan xun tsel zaluugaaraa emgenelteigeer xorvoogiin munx busiig uzuulsen dee Tengeriin orondoo taivan noisooroi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 15:34:06
    А.Анхбаяр.: Сайхан хүмүүсийг дурсах мөн ч сайхан шүү.Жаргаж,бахархаж уншлаа.Сайхан хүмүүсийн үргэлжлэл ухаалаг охинд азжаргал хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 15:02:15
    Ц,Даваа дорж: Загдын Түмэн жаргал БОЛ МИНИЙ ӨЛГИЙТЭЙ БАГЫН НАЙЗ БИЛЭЭ .БИД УГТААЛ ЦАЙДАМ СУМЫН ХҮН ЭМНЭЛЭГТ ОЙРХОН МЭНДЭЛЖ, 1961 ОНД ХАМТ СУРГУУЛЬД ОРЖ ДЭГДЭЭХЭЙ БАГА НАСАА УГТААЛ ЦАЙДАМ СУМЫН ЗҮҮН МАЛЧНЫ ХОРООНД ДЭРВЭЖ ДЭГДЭН ӨСЧ БИЛЭЭ.ТҮМЭЭГИЙН МААНЬ ЭЭЖ ДЭНСМАА ЭГЧ ИЙН ГАРЫН ХООЛ ЦАЙ ДЭНДҮҮ АМТТАЙ БАЙСАН НЬ САНААНД МИНЬ ИЛХЭН БНА. НАЙЗ НЬ 3 САРЫН 8 НААС ӨМНӨ ИРЖ ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛАНА ЧИ МИНИЙ ЗАХИСАН ЗҮЙЛИЙГ БЭЛДЭЖ БАЙ ГЭЖ ХЭЛЭЭД ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ ДЭ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 15:01:51
    Tuya B.: TungAgiin angiin okhin bna. Bid nairagchiig angiin khurgen gej dotno uulzaj blaa. Dulguun ukhaalag okhin yum.eejiin naiz nariin umnuus az jargal khusie!Ejiigee urgelj bayarluulj yavaarai!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 14:00:11
    b.Narangerel: Olon hunii hair tatsan Uhaantai busgui bna.olon ohid ,busguishuud ulger duurial abaasai.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 13:53:30
    yunden dabaadulam: minii xamgiin dotnii veel mini apai ch ept tengept xalican.ix zviliig bvteej chadax abyaclag cod xvn daican daa.manaixnii udamd dund veiinxnii toloolol bolcon aguu negen shvv.caixan aabaapaa baxapxaj yabaa dvvdee bayaplalaa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 12:50:47
    Эрхэм эгч: ТУНГАА бол ЛХАМСҮРЭН ЭГЧИЙН ОХИН. ЛХАМСҮРЭН ЭГЧ БОЛ ЖАРГАЛСАЙХАНЫ ТӨРСӨН ЭГЧ. ЛХАМСҮРЭН ЭГЧ БОЛ БАХАРХАЛТАЙ САЙХАН ЭМЭГТЭЙ. ТҮҮНИЙ ХҮҮХЭД БАС САЙХАН ОХИН. Дурсан санахад ҮНЭХЭЭР сайхан байнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 12:46:34
    Энхээ: Загдын Түмэнжаргал ахтайгаа Ардын эрх сонинд 2 жил хамт ажилласан. Би сэтгүүлч хүн биш боловч хэнийг ч ялгалгүй энгийн сайхан харьцдаг. Мөн хүнийг дөвийлгөн магтаж өөрөө өөртөө итгэх итгэлийг гэрэлдүүлдэг хүн байсан да. Даан ч богино наслахдаа өчнөөн олон уран бүтээл туурвиж дэ. 2001 онд аав минь бурхан болоод би эмгэнэлийн үг хэвлүүлэхээр сонингийн хэвлэхийн өрөөнд сууж байтал Түмээ ах орж ирээд харамсал илэрхийлчихээд ах нь үгийг нь засаад өгье гээд хоромхон зуурт засварлаад хэвлэлтэнд бэлтгэж өгөөд чи бол миний хуульч шүү ах нь гэрт чинь очиж эмгэнэл илэрхийлнэ гээд хувцаслаад хамт ирж билээ. Бид эмгэнэн гашуудалтай сууцгааж байхад манайд ороод ижийд минь намайг баахан магтаад аавын минь тухай ээжтэй минь сэтгэлээсээ хуучлаад тэнд байсан бүх хүмүүст итгэл урам хайрлаад гарч одсон юм да. Аав минь ахмад дайчин хүн, армийн бэлтгэл дэд хурандаа хүн байсан юм. Аавыг минь танихгүй хирнээ таньдаг хүн шиг бахархан хүүрнэсэн. Ийм л энгийн хирнээ хайр ундраасан ах байсан да.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 12:46:06
    Зочин: Ямар мундаг ухаалаг охин бэ аргагүйсайхан аав ээжийн охин юмаа Ану д ямар сайн юм бэ энэ их ухаан шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 11:45:11
    Энхээ: Тунгаа эгч минь ухаантай сайхан охинтой юм байна.Үнэхээр сэтгэл хөдөлгөж нулимс гаргасан сайхан зүйл уншлаа. Дөлгөөндөө баярлалаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 10:41:58
    Tsogzolmaa: Ямар гоё гэгээлэг бас бусдад үлгэр болохоор хүндэтгэлтэй зүйл уншиваа. Ухаантай бүсгүйд амжилт хүсье. Ээж нь их сайн хүн байна. Хүүхдүүдээ хүмүүжүүлсэн нь сайхан санагдлаа. Багш хүн аргагүй дээ. Багш болгон ийм байгаасай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 10:14:05
    Элдэв: Ухаантай охинтой хүн юм гэж дүгнэлээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 10:11:22
    Irgen: Ямар ухаалаг охин бэ Сайн хүний үр гэдэг аргагүй л өөр байдаг юм байна Сайн сайхныг хүсьe!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 09:50:00
    Юмуу: Дөлгөөн дүүдээ болон хайртай ээжид нь гэр бүлд нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сэтгэлийн асар их тэвчээр тэсвэртэй мундаг бүсгүй шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 09:22:06
    Жирийн уншигчаас: Хөөрхөн эгч байна аа. Хүмүүс Загдын Түмэнжаргалын шүлэг гэж тухайлан оноож мэдэхгүй ч зохиосон дууны үгэнд нь уярч, сэтгэлээ сүлж явдаг байх аа. Эндээс мэдлээ. Яруу найраг гэдэг хүмүүний сэтгэлийг засаж, цэнгэл эдлүүлдэг увьдастай. Үүнийг л мөнхийн бүтээл гэх байх. Аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 08:18:05
    Ц.Нарантуяа: Чамд сайн сайхан бүхнийг хүсье. Нэгэн цагт" 2000-2004 он,Ховд аймгийн төв...ховд хотод Тунгалаг Буянт FM- 104 радио ажиллууж байх үедээ аавын чинь уран бүтээлүүд илүү их цацагдаж тэр үеийн хүүхэд залуучуудын ая дууны мэндчилгээний од нь болж байлаа..Ану ..дуучин Мягмарсүрэн зочноор оролцож ... дурсахад надад бахархал төрж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 07:41:06
    Баяраа: Маш ухаалаг сэтгэл татам сайхан охин бнаа. Зам мөр нь үргэлжийн цагаан гэгээнд амьдрах буйзаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 05:23:47
    Zochin: Ene gaihamshigtai yaruu nairagch,bichigiin ih huniig mash ih hundeldeg. “ Us murun olon chig Selengiig min yaaj guitsehebdee Uls guren ni olon chig Mongoliig min yaaj guitseheb dee” ene gaihamshigtai duuniih ni ugs odoo ch zurhend egchigleseer baidag um...Z.Tumenjagral gyain “Frantse-Mongol helnii toli bichig” odoo ch shireen deer min bn.Ingeed boddohoor agyaa surgan humujulegch hel shinjleliin erdemten hun um.Ene huu toli bichigt uigarjin galig iig yamr goe shigtgej ugsun baidag geech...endees yugarjin Mongol bichigee ch surch bainga talarhaj suudag umsan..Im agyaa yaruu nairagch,surgan humujulegch bichigin ih humuunii Uhaalag saihan ohind ni Amidiralin hamgin sain saihan buhniig husen eruue!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 05:09:08
    Т.Алтанцэцэг: Түмэнбаяр, Галмандах 2-,той жирийн сайхан андууд явлаа. Бид нэг үеийнхэн. Сайхан андууд минь өнөөдөр байхгүй ч хэлсэн үгтэй, хийсэн бүтээлтэй явсныг монголчууд бид мэднэ. Аавынхаа тухай сайхан гэгээн дурсамжийг өгүүлсэн Т.Дөлгөөндөө талархал илэрхийлье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 03:15:55
    Б Батхуяг: Аав Тунгаа ээжийнхээ тухай сайхан дурсамж бичжээ би ээжий чинь дүү Батзоригийн найз байнаа аав чинь анх Шаравтай хамтран бичсэн Сургууль минь баяртай дуугаа надаар дуулуулаж байсанаа дуу төрсөн түүх хэмээх нэвтрүүлэгт орохдоо дурсан ярьж байсан нь саяхан л юм шиг санагдаж байна сайн багш сайн яруу найрагч байсан шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 23:09:22
    Ж.Нарантуяа: Агуу найрагчийн ухаалаг,холч,энэрэнгүй дүүгээрээ БАХАРХНАМ.Үрс нь оюунлаг,бүтээлч,авьяасаар дүүрэн байг ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 23:09:04
    Иргэн: Ухаантай охин юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 21:55:55
    Байкал: гайхалтай аавын охин гайшрууллаа.арван жилд байхаасаа илүү хөөрхөн бүсгүй болжээ.ах дүү хоёрт амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 20:35:19
    Зулаа: Нүдэнд харагдтал зүрхэнд хүртэл сайхан ярилцлага өгчээ Дөлгөөнөө гайхалтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 20:35:18
    Зулаа: Нүдэнд харагдтал зүрхэнд хүртэл сайхан ярилцлага өгчээ Дөлгөөнөө гайхалтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 20:23:19
    Одон.ц: Сайн байна уу таны аавын шавь бн. Аав чинь миний хайртай багш маань бгаа маа. Үргэлж санаж дурсаж бдаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 19:05:05
    Монгол.: Ямар ухаалаг,гэгээлэг,охин бэ.аавынхаа 2дах эхнэрт хандах хандлага,Ану эгч гээд л.ямар сайхан хүндэтгэлтэй ханддаг.ухаантай охин бэ.сайхан аавын тухай сайхан дурсамж байна.ийм сайхан ярилцлага уншихад сайхан бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 18:40:43
    Зочин: Гэгээлэг, уужуу ухаалаг охин бна… хүндэтгэлтэй гоё ярилцлага болж… эрүүл энхийг хүсэе… ээжид нь ч бас….
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 17:09:57
    Ггөнцэцэг: Манай ангийн багш блаа даруухан дөлгөөхөн схан багш блаа биднийг орос хэлийг сонирхолтой заадаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 16:55:04
    narandulam: Uneheer uhaantai ohin bna mundag yaruu nairagchiig hundelj yawsan uneheer ogshij unshlaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 16:10:43
    Оюунцэцэг: Та 2 жоохон байхад бид хамтдаа амьдардаг байсан. Тунгаа эгч их сайхан намуухан багш байдагсан. Түмээ ах миний ээжээрээ заадгаж байсан монгол бичгийг минь хараад их сайхан бичиж сурахнээ гээл урам хайрлаж байж билээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 15:47:14
    зочин: Найрагчийн охины ухааныг бишэрлээ танай гэр бүлд аз жаргал, амжилт бүтээл ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 15:13:59
    Э.Оюун: Их сургуульд ангийн дарга маань байсан.үнэхээр дэврүүн тийм нэг Долгилсон ,бусдыг гэгээн гэрэлд дуудсан тийм л хүн байсан. Бичгийн хэв нь ямар гоё гэнэ.бидний төгсөлтийн диплом дээр одоо Ч сийлсэн мэт дурайж буй.бичвэл олон сайхан дурсамж бийдээ ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 14:31:40
    Гэрэл: Хүүгийнх нь нэрийг Тэнгис гэж бичнэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 14:30:01
    Зочин : Сайхан хүмүүс бна.сэтгэл сайтай.таарч тохирохгүй салчихаад ажлаас нь халаад өг гээд явдаг эгч дүүс бна.18 жил тэжээлгэчихээд эцгийгээ тоодоггүй охин ч бна.хаягдсан гэж хорсоод өчнөөн жил хараагаад явж бгаа хүн ч бна.Тавилан шдээ.Гэгээн гоё охин бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 14:18:27
    Chilaa: Түмээ ах минь сайн найрагч, сайхан хүн байсандаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 14:07:19
    Зочин: Үр хүүхдээ сайхан хүмүүжүүлжээ.Салчихаад дайсан шиг хүмүүс зөндөө л бна.Аавынхаа 2 дахь гэр бүлд хүндэтгэлтэй ханддаг юм бна.гэтэл авааль эхнэрээ2 хүүхэдтэйгээ цуг шившиглэж амьтанаар хараалгуулж бгаа эгч дүүс энэ ярилцлагыг уншаарай.Аз жаргал хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 13:57:57
    Н.Цэвэлмаа: Загдын Түмэнжаргалыг агуу яруу найрагч гэдэгтэй бүх хүн санал нийлнэ.Найрагчийн охин үнэхээр ухаантай юм.Ухаалаг бас үнэн сэтгэлээсээ сайхан ярилцлага өгчээ.Сайн сайхныг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 13:15:58
    С.Лхагва: Би сайн танина.Сайн хүн,сайхан яруу найрагч байлаа.Охин нь аав шигээ юмаа.Хүний сэтгэлд ойрхон.Баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 13:04:32
    Зочин : Баярлалаа. Хувь тавиланг сайхнаар ойлгож бгаа ухаантай аавын сайн охин бна. Ану эгч гээд. Тавиланг яах юм бэ. Тэр хүн чинь агуу Түмэнжаргал шүү дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 12:59:21
    Дүү: Хамгийн сүүлд МУИС-ийн коридорт тааралдаад ах хүн шиг сайхан зөвлөж билээ. Залуу хүүхэд байсан болохоор юу ч ойлгоогүй өнгөрсөн байдаг. Харамсч явдаг. Ярьсан, хэлсэн зүйлийг нь бодохоор хүн чанарын ямар агуу туйл байж вэ гэж харамсдаг. Парист манайхаар очоорой, ээж нь манай хүүхдүүдийг ирж үздэг байлаа гээд бүх л сайн сайхан нөхөрлөлөө дурсаж, сэтгэлээ уудалж байж билээ. Зохиосон дууныхаа шүлэг шиг сайхан ах байлаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 12:55:10
    Ээги: Ямар сайхан эмэгтэй вэ үг үйлдлээрээ ухаалаг юм.Сайхан хүмүүн гэдэг үг хэл нь хүртэл хүнд сайхан сэтгэгдэл үлдээх юм.Ану маань ч сайхан сэтгэлтэй шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 12:36:03
    Сэр-Од: Сайхан хүн байсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 12:34:37
    тунга: аавынхаа 2 дахь эхнэрийг өөдрөгөөр хардаг, муу хэлэхгүй сайнаар бодож байгаад нь талархав аргагүй Түмээгийн охин мөндөө, тэрнээс хог шиг хов шиг муугаар ярдаг гэр бүлүүд л олон байдаг, сайн охин байна аа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 12:24:03
    2 сургууль: Охин Дөлгөөн 2 дунд сургуулийг төгсөн тэр үедээ хөөрхөн охидын тоонд ордог байсан охин шүү. Одоо зураг харин бага насныхнаасаа арай өөр болжээ. Ажил гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 12:16:06
    Mygmarsvren: Vneheer saihan dursamj baina aa aav gedeg ymar aygaa ymar gaihaltai hug egsnig ve saihan zvil unsnlaa bayrlalaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 12:07:05
    ДЭНСЭЭ: Үнэхээр бахдам найрагч байсан охин нь ямар гоё гэгээлэг юм бэ цагаан сэтгэл үнэртэж бна эмээтэй нь танилцаад авсан даа танилцаад удаагүй өнгөрсөн ч мундаг ухаантай хөгшин байсаан бахархмаар
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 12:07:05
    ДЭНСЭЭ: Үнэхээр бахдам найрагч байсан охин нь ямар гоё гэгээлэг юм бэ цагаан сэтгэл үнэртэж бна эмээтэй нь танилцаад авсан даа танилцаад удаагүй өнгөрсөн ч мундаг ухаантай хөгшин байсаан бахархмаар
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-12 12:07:04
    ДЭНСЭЭ: Үнэхээр бахдам найрагч байсан охин нь ямар гоё гэгээлэг юм бэ цагаан сэтгэл үнэртэж бна эмээтэй нь танилцаад авсан даа танилцаад удаагүй өнгөрсөн ч мундаг ухаантай хөгшин байсаан бахархмаар
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188