• Өнөөдөр 2024-04-26

МУГЖ Б.БАТЗАЯАГИЙН ДҮҮ НАРАНЦЭЦЭГ: "ХӨДӨӨГИЙН БАЯСГАЛАН" КИНОГ ҮЗЭХДЭЭ АХЫГАА УЙЛАХААР НЬ УЙЛЖ, ИНЭЭХЭЭР НЬ ДАГАЖ ИНЭЭДЭГ ХЭВЭЭРЭЭ ШҮҮ ДЭЭ

2022-12-11,   5920

МИНИЙ АХ АМЬДРАЛДАА АЛДАЖ, ОНОСОН Ч ГЭЛЭЭ МОНГОЛЫН ХОШИН  УРЛАГИЙН АНХДАГЧ НЬ ШҮҮ ДЭЭ

    “Хөдөөгийн баясгалан” киноны Болдоогийн дүрээр үзэгчдийн зүрх, сэтгэлд хоногшиж, хошин урлагийн инээдмийн хаан болж мөнхөрсөн МУГЖ Б.Батзаяагийн дүү Б.Наранцэцэгтэй ярилцлаа. МУГЖ Б.Батзаяа 1991 онд хошин урлагийн театрыг үүсгэн байгуулж, “Монголын нэг өдөр” тоглолт хийж байв. Мөн 1992 онд "Азтай бадарчин" хошин урлагийн наадмыг санаачилж, 1995 он “Б.Батзаяа ба түүний нөхөд” хошин урлагийн тоглолт хийж байсан түүхтэй, авьяаслаг, хөдөлмөрч жүжигчин байлаа.

-“Хөдөөгийн баясгалан” киног таны ахын бүтээсэн Болдоогүйгээр, Хошин урлагийн хөгжлийг МУГЖ Б.Батзаяагүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Харин та ахынхаа бүтээлүүдийг хэрхэн үздэг вэ?

      -Миний ах 16 настайдаа "Хөдөөгийн баясгалан" киноны Болдоогийн дүрд тоглож байсан. Тэр цагаас Монголын ард түмэн ахыг минь хүндэлж, биширч, ах минь одоогийнхоор бол жинхэнэ "од" болж байлаа. Би ахынхаа тоглосон “Хөдөөгийн баясгалан” киног үзэх дуртай. Сүүлийн жилүүдэд бүр ч их үзэж байна. Ах минь Болдоогийн дүрд яг өөрийнхөөрөө тоглосон юм шиг санагддаг. "Хөдөөгийн баясгалан" киног ахыгаа санахдаа, хайрлахдаа, өрөвдөхдөө гээд л бүх үед үзэж, инээхэд нь инээж, уйлахад нь дагаж уйлдаг минь хэвээрээ. Тэр киног үзэхээр ахын минь бидэнтэй өнгөрүүлсэн дурсамж сэргээд л сайхан шүү дээ. Ахын минь урлагийн замнал “Хөдөөгийн баясгалан” киноны Болдоогийн дүрээс эхлэлтэй болохоор тус киног би Заяа ахгүйгээр төсөөлж чаддаггүй юм. Ахыг минь олны танил болсон цагаас хойш хүмүүсийн биднийг харах өнцөг, харилцах байдал нь хүртэл өөрчлөгдөж, хүмүүс намайг Наранцэцэг биш Батзаяагийн дүү гэж хардаг байсан. Тухайн үед би хүүхэд байсан болохоор хөөрч баярлаад л, "Ахтай байх ямар сайхан юм бэ" гээд л бусдадаа гайхуулдаг байлаа. Нуулгүй хэлэхэд, ахынхаа нэрийг барьж олон ч ажил амжуулж, бүтээж байлаа шүү дээ.

-16 настайдаа кинонд тоглож байсан гэхээр гэр бүлийнхэн нь баярлаж, бахархахгүй байхын аргагүй биз дээ. Гэрийнхэн нь ахынх нь уран бүтээлч болох замналыг хэрхэн ерөөж байв?

        -Тэгэлгүй яах вэ. Хүн бүхэн л ахаар минь бахархаж байлаа шүү дээ, тэр үед. Тэр дундаа аав минь хамгийн их баярлаж байсан. Ах минь “Хөдөөгийн баясгалан” кинонд тоглож, 3500 төгрөгийн цалинтай ирж байсан юм. Тухайн үедээ маш их мөнгө байлаа. Тэгээд аав минь ахын цалингаар морин тэрэг дүүрэн гэрийн тавилга, ор ачаад ирж байсныг би мартдаггүй юм. Тэр үед бидний дундаас аавыг тэгж баярлуулсан хүн Заяа ахаас өөр байгаагүй. Тийм болохоор аав гэлтгүй биднийг таньж, мэддэг хүн л ахыг минь магтаж, ерөөж байсан санагддаг. 

ААВ МИНЬ 11 ӨНЧИН ХҮҮХДЭЭ ХАДАМ ЭЭЖТЭЙГЭЭ ӨСГӨСӨН

-Та аав, ээж ямар мэргэжилтэй, хүүхдүүдээ юу захиж, хэлдэг байв?

     -Би 11-үүлээ өссөн. Хоёр том ахыг минь аав, ээж өргөж авсан юм билээ. Тэгэхээр эцэг, эхээсээ есүүлээ гэсэн үг. Аав минь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат малын эмч мэргэжилтэй, ээж минь Архангай аймгийн хими, биологийн багш байсан юм.

          Ээж минь намайг хоёр настай байхад төрөхийн хүндрэлээр бурхан болсон гэдэг. Тэгээд аав минь 11 өнчин хүүхдээ хадам ээжтэйгээ буюу миний эмээтэй өсгөсөн. Эмээ минь биднийг өөрөөсөө төрүүлсэн юм шиг л өсгөж, хүмүүжүүлсэн дээ. Эмээ минь биднийг гэсэн сэтгэлгүй байсан бол аав яаж зовох байсныг таахын аргагүй. Эмээ минь биднийг өсгөж, хүмүүжүүлж, хайрласаар 100 насалсан буянтай хөгшин байлаа. Аав минь эмээг ядрахын цагт асарч, тойглож байгаад л амьдралынх нь сүүлчийн мөчийг хамт өнгөрүүлсэн. Тэр үед аав, эмээ хоёр минь биднийг өмсөж зүүх, идэж уухаар дутаахгүй өсгөсөн гэж бодохоор тэдэндээ баярлаад баршгүй дээ. Заримдаа биднийг яаж өсгөсөн юм бол доо гэж гайхдаг юм. Тэд минь биднийг үнэн байхад сургасан. Тийм болохоор бид хэнд ч худал хэлж, хулгай хийж үзээгүй, шударга хүмүүс болж өссөнөөрөө бахардаг. Бас нэгэндээ төвөг удаж болохгүй, өөрсдийнхөө замналаар амьдар гэдэг байсныг мартдаггүй юм. Бид олуулаа өссөн болохоор одоо хүртэл олуулаа байх дуртай.

-Таны ах 1995 онд МУГЖ цолоор шагнуулж байлаа. Тухайн үед МУГЖ хэмээх эрхэм, хүндтэй шагналыг баргийн аавын хүү, ээжийн охин авдаггүй байлаа шүү дээ. Харин хүүгээ ийм хүндтэй шагнал хүртээд ирэхэд аав нь хэрхэн хүлээж авсан бол?

      -Тэр үед аав минь хүнсний мухлагт ажилладаг байсан юм. Тэр үед ах минь шагналаа авчихаад аавын хүнсний мухлаг дээр очиж, аавд үнсүүлж байсан гэдэг. Тэр үед аав минь тун их баярласан тухайгаа ярьж байсан. Тухайн үед аав минь бидэнд тус бүрд нь мөнгө хадгалдаг байсан юм билээ. Тэгээд Заяа ахад хадгалж байсан нэг сая төгрөгөө өгсөн гэдэг юм. Ах минь ч хамгийн үнэ цэнтэй чухал бэлэг нь болж байсан байх. МУГЖ цолоор шагнуулахдаа ах минь ид мандаж, хошин урлагийн салбарын тод өнгө, төрх нь болж явлаа шүү дээ.

АХ МИНЬ МАЛГАЙ ЦУГЛУУЛАХ ХОББИТОЙ БАЙСАН

-Таны ахыг мөрийтэй тоглоом тоглож байгаад ажил, амьдралаа алдсан гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү?

     -Ах минь мандаж явахдаа яг л кино шиг амьдралаар амьдарсан. Ахыг минь харсан бүхэн хүндэлж, бараг оймс, гутлыг нь өмсүүлээд л гардаг байлаа. Дэлгүүр орсон ч торыг нь барьж, тэргийг нь түрдэг байсан гээд л бод. Тэгээд ахыг хөөргөж байгаад хүмүүс мөрийтэй тоглоомд уруу татсан юм билээ. Ах тухайн үедээ асар их мөнгө, хөрөнгөтэй байсан. Түүндээ туйлдсан ч юм уу, бусдад амархан итгэдэг итгэмтгий, хүүхэд шиг зантай байсан болоод ч тэр үү нэг л мэдэхэд мөрийтэй тоглоомд орчихсон байсан. Ахад минь тэр үед хэн ч, юу ч хэлж чаддаггүй байсан. Хань нь хүртэл түүний олж ирсэн мөнгийг зөв зарцуулж чадаагүй болохоор ийм байдалд хүрсэн гэж боддог. Гэхдээ хэнд ч буруу өгөх ёсгүй. Ах минь  эрх чөлөөтэй, дураараа амьдарсан болохоор л тэр шүү дээ. Эхнэр нь ажил хийдэггүй, гэрээс гардаггүй ахын хоолыг бэлдэж, гэрийг нь цэвэрлээд л суудаг байсан.

-Та нар ахдаа хэлж үг зүрхэлдэггүй байлаа гэхэд найз нөхөд, ажлынх нь хамт олноос ахад нь зөвлөчихөөр хүн байгаагүй гэж үү?

      -Ахыг минь мөнгөтэй, ажил, амьдралтай байхад бүгд л "Ах аа" гэж гүйлддэг, "Найз аа" гэж инээдэг байсан. Харин гундаж, гуниглах цагт нэг ч хүн найз минь гэж ирж байгаа. Тэгж бодохоор ахад минь чин үнэнч найз байгаагүй юм билээ. Ахыг минь баян тансаг амьдарч байгаад хоосроход хэн ч үлдээгүй. Ах тийм түүнд л их гутарсан даа.

МИНИЙ АХ ЯГ КИНО ШИГ АМЬДРАЛААР АМЬДАРСАН ДАА 

х нь ямар хүмүүс мөрийтэй тоглоом тоглодог байсан бэ. Олны танил хүмүүс үү?

    -Тийм ээ. Тэдний нэр хүнд, ажил, амьдралыг бодоод нэрийг нь олон нийтэд зарламааргүй байна. Бүгд л олны хайртай хүмүүс байгаа шүү дээ. Тухайн үед ахыг минь зориуд хоосруулах төлөвлөгөөтэй байсан юм шиг байна лээ. Ах минь цүнхтэй мөнгөө үүрээд БНСУ-д хүртэл очиж тоглодог байсан. Тэгээд нисэх онгоцны буудал дээр ирчихээд “Ах нь юу ч үгүй хоосорчихлоо” гээд ярихад нь би гэртээ авчирч байсан. Хэдэн жил мөнгөөр туйлж, таньж мэдэх хүмүүсийнхээ ажил, амьдралыг босгож өгсөн дөө. Хэдийгээр амьдралдаа алдаж, оносон ч гэлээ Монголын хошин урлагийн салбарыг үүсгэн байгуулж, олон түмэнд өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж чадсан чадварлаг жүжигчин байлаа.

-Ахынх нь урлагаас хөндийрсөн шалтгаан нь мөрийтэй тоглоомтой холбоотой юу. Энэ тухай та юу гэж боддог вэ?

    -Яг ч мөрийтэй тоглоомоос болоогүй байх. Ах минь хийж, сэтгэж байгаа ч гэлээ идэвхгүй болчихсон байсан. Өмнө нь ямар нэгэн шинэ санаа олсон л бол түүнийгээ заавал бүтээл болгох гэж хөөрч, баярладаг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан шүү дээ. Бүтээл хийх нэг санаа олчих юм бол шөнөжин суудаг, хэдэн шөнө нойргүй ажиллаж чаддаг хүн байсан. Тэгэхээр яг юунаас болоод ажлын идэвхгүй болсныг нь мэдэхгүй юм. Мэдээж сэтгэл зүйн асуудалтай холбоотой байсан байлгүй.

-Таны ах амьдралынхаа сүүлийн жилүүдэд өөртөө гутарч, алдаагаа ухамсарлаж суухдаа өөрийгөө зэмлэсэн болов уу гэж санагдлаа?

    -Харин тийм ээ. Ах минь хэсэг сэтгэлээр унаж, хямарсан. Намайг “Тэгчихгүй, ингэчихгүй” яав даа гэхээр “Харин тийм ээ.  Ах нь ойлгож байгаа. Миний дүү одоо болно. Ахдаа битгий сануулаад бай” гэдэг байсан. Тэгээд тансаглаж байсан үед нь дагаж гүйлддэг байсан найз нөхдийнх нь хэн нь ч хань болоогүй болохоор түүнд бас их гутарсан даа. Гэхдээ ах минь хэнийг ч гуйхгүй гэдэг байсан.

-Монголын ард түмэн таны ахыг төрөлхийн авьяастай мундаг жүжигчин гэдгийг хүлээн зөвшөөрч, МУГЖ цолоор шагнаж, уран бүтээлүүдийг нь алга ташин үздэг байлаа шүү ээ. Түүний жүжигчин болох хувь тавилан, өгөгдөл юунаас үүдэлтэй гэж боддог вэ?

    -Миний ах төрөлхийн жүжиглэх авьяастай, хошин мэдрэмжтэй хүн байсан. Би ахыгаа жүжигчнээс өөрөөр төсөөлж чадахгүй, бүр төсөөлөгддөггүй юм. Тэр аливаа зүйлийг өвөрмөцөөр сэтгэдэг хүн байсан. Тийм учраас жүжгийнхээ бүх зохиолыг өөрөө бичдэг, зурдаг байлаа. Харин дуулж чаддаггүй байсан шүү. Манайханд дуулах авьяастай хүн бараг байхгүй дээ. Эмээ минь хошин яриатай хүн байсан. Түүнээс урлагийн авьяастай хүн байхгүй. Одоо ч Заяа ахаас минь өөр урлагийн авьяастай хүн байхгүй дээ.

рлагийн хүн болохоор олон төрлийн зүйл цуглуулдаг байсан болов уу. Энэ тухай та сонирхуулаач?

     -Ах минь малгай цуглуулах хоббитой байсан. “Ийм малгайтай болмоор байна, тийм малгайтай болмоор байна” гээд загварыг нь зурж, хүнээр хийлгэдэг байсан. Гэрт нь 100 гаруй малгай байна лээ. Мөн тоглолтын тасалбаруудыг төрөл төрлөөрөө нь цуглуулсан байна лээ. Энэ мэт сонирхолтой зүйлс их бий. Мөн ном унших дуртай. Мөнгөгүй байсан ч гэлээ шинээр гарсан ном бүрийг очоод авчихдаг байсан.

-Таны ахыг нийтэч, илэн далангүй хүн байсан болов уу гэж бодлоо. Ямар зантай хүн байв?

    -Ах минь их зөөлөн хүн байлаа. Аливаа асуудлыг бидэнд огт ярьдаггүй, бүр нуудаг байсан. Тийм болохоор бид ч янз бүрийн юм асууж зүрхэлдэггүй, амьдралд нь оролцдоггүй байж дээ. Ах минь багадаа их хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан гэсэн. Тэгээд их цайлган, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй байсан болохоор ахыг минь олон хүн ашиглаж, мөнгийг нь идсэн юм билээ.

-Та ахтайгаа их адилхан юм аа?

       -Хүмүүс тэгдэг юм. Гэхдээ том ах маань Заяа ахтай бүр ч адилхан. Том ах минь заримдаа уучихдаг юм. Тэгэхээр хүмүүс “Жүжигчин Батзаяа архинд оржээ” гэж ярьдаг байсан. Заяа ах минь ёстой уудаггүй хүн байлаа шүү дээ. Урлагийнхантайгаа баяр ёслолын үеэр л тааруулж хэрэглэдэг байсан.

-Таны ахыг цус харвасан гэж байсан. Түүнээс болж бурхан болсон уу?

          -Ах минь тал харваж, саажилттай болж байсан. Тэр үедээ сэтгэлээр их  унасан. Бид “Та өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй” гэж зоригжуулж, дасгалыг нь хийлгэдэг байсан. Тэгээд удалгүй дээрдэж, зурж, бичих ажлаа хийдэг болсон. 2021 биеийг нь сайжруулах, тэнхрүүлэх зорилгоор хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаад гарахдаа коронавирусийн халдвар тусчихсан байсан. Тэгээд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт эхнэрийнхээ хамт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгээд эмнэлгээс эхнэрийг нь түрүүлээд гаргасан. Гэтэл ах над руу  “Би эмнэлэгт ганцаараа үлдлээ. Чи эмч нараас гуйж байгаад эмнэлгээс гарга” гэсэн. Тэгэхээр нь "Та хоёрхон хоног тэсчих “ гэтэл “Тэгвэл би эмнэлэгт байж чадахгүй, үхлээ” гэж билээ. Маргааш нь ах минь бурхан болчихсон байсан. Тэр үед ахыгаа би "Ямар ч аргаар хамаагүй гаргаж авахгүй яав даа” гэж өөртөө гомдсон шүү. Саяхан хоёр хүүгийнх нь ээж бурхан болсон. Ахын минь бага хүү гэр бүлийнхэнтэйгээ манайд амьдарч байгаа. Том хүү нь Гадаад харилцааны яаманд ажилладаг мундаг залуу бий.

МУГЖ Б.Батзаяагийн дүү Б.Наранцэцэг СТӨ-ийн хоёр давхарт буфет ажиллуулаад 10 гаруй жил болж байгаа аж. Тэрбээр ахынхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлж, хошин урлагийн толь бичиг болон ахынхаа бүтээл, зургуудаар үзэсгэлэн гаргаж, алдар гавьяаг нь хойч үедээ мөнхжүүлж үлдээхээр зэхэж буй.


МУГЖ Б.БАТЗАЯАГИЙН ДҮҮ НАРАНЦЭЦЭГ: "ХӨДӨӨГИЙН БАЯСГАЛАН" КИНОГ ҮЗЭХДЭЭ АХЫГАА УЙЛАХААР НЬ УЙЛЖ, ИНЭЭХЭЭР НЬ ДАГАЖ ИНЭЭДЭГ ХЭВЭЭРЭЭ ШҮҮ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-14 22:20:23
    Танил: Ахынхаа амьдралын үнэнийг бичээч Та ахыгаа бүгдээрээ хаясан шүү дээ Эхнэрийг нт битгий худлаа бичдээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-06 15:48:14
    Зочин : Сайхан ярилцлага байна авьяаслаг мундаг жүжигчин байсан шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-06 13:16:19
    Zochin: Сайхан ярилцлага бн.мундаг жүжигчин байсан шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-05 09:42:56
    [email protected]: Bagiin naiz mini bn Narantsetseg gee amjilt
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188