• Өнөөдөр 2024-04-27

Ц.ЖАМЬЯНСЭНГЭЭ ХУРАНДААГИЙН ЭХНЭР С.НАРАНТУЯА: Миний хань авхаалж самбаа, хүн чанарын дээд байснаараа Монголын цагдаагийн домог болсон гэж боддог

2023-03-18,   27171

     -МИНИЙ ХАНЬ ХАРАНХУЙД АВТОМАШИН САЙН БАРЬДАГ БАЙСАН-

      ...“Би ханийгаа дүрэмт хувцсаа өмсөж, буу, станц, гаваа зүүгээд гүйж гарахад нь айж, сандраад л үлддэг байлаа. Түүнийгээ гарсан цагаас нь л харуулдаж, “Хэзээ ирэх бол” гэж хаалгаа онголзтол, цонхоо цанаттал нь шахуу ширтдэг байсан минь саяхан мэт санагдаж байна. Залуу байсан болоод ч тэр үү болох, болохгүй юм их бодно. Заримдаа яахаас ч буцахааргүй шийдсэн хулгайч, алуурчны гарт түүнийгээ алдчих вий гэж бодож төсөөлөхдөө үхтлээ айна. Даруйхан муу зөнтэй бодлоо цайруулж, “Миний хань чинь ухаантай шүү дээ. Бүхний учрыг эвээр олж, хийсэн хэргийг нь газар дээр нь хүлээлгэчихээд ороод ирнэ дээ” гэж өөрийгөө тайвшруулж, тэрүүхэн тэндээ ханиараа бахархдаг байлаа. Тийм их хүлээлт, тэвчээр, сайн, муу бодлын  эцэст  ханийгаа эрүүл саруул, инээгээд ирэхэд нь сая л нэг санаа амардаг байж билээ. Сүүлдээ ч тоохоо байсан юм шиг ажилдаа анхаардаг болсон хэрнээ  цаанаа л нэг санаа зовдог хэвээрээ байв. Харин одоо...” хэмээн хэсэг нулимсаа тэвчиж, заримдаа сэмхэн нулимсаа арчсаар ханийнхаа бүтээсэн үйл хэрэг, алдар гавьяа, гэртээ ямархан аав байсан тухай бидэнд үргэлжлүүлэн ярихаар зэхэж буй энэ эрхэм бол хүндэт чекист, Монголын цагдаагийн домогт хурандаа Ц.Жамьянсэнгээгийн гэргий С.Нарантуяа юм.

            Тэрбээр одоо 70 настай. “Жон-Бээс” жолооны сургуульдаа 47 дахь жилээ багшилж буй. Хүүхдүүдтэйгээ зэрэгцээд л гүйдэг ажилсаг эмэгтэй. Тэднийх гэр дүүрэн цэцэгтэй. Тэр арай гэж дунд нь орж унтдаг гэхээр ямархан хөдөлмөрч эмэгтэй болохыг илтгэж байгаа биз. Тэрбээр өнгөрсөн 17 жил ханийгаа санаж, түүгээрээ бахархаж, дурсахаас гадна хэн нэгэнд зүгээр нэг “Сайн хүн байсан шүү” гэж яриад явдаггүй байж. Харин ч ханийнхаа гэгээн дурсгалд зориулж нэг ч болтугай сайхан дуу, кино, ном, суварга бүтээе гэх их хүслийн үзүүрт хүрч, санасан бүхнээ биелүүлж, түүнийхээ алдар, гавьяаг монголчуудын зүрх, сэтгэлд мөнхөлж яваа сайн гэргий, сайхан ээж. 

    Монголын цагдаагийн домогт хурандаа Ц.Жамьянсэнгээ 1957 онд хоёр хүн буудан хороож, 25000 төгрөг дээрэмдсэн Жадамбын хэрэг, 1979 онд Чойроогийн Дүгэрээ нар хуурамч бичиг баримт үйлдэж, 17 мотоцикл хулгайлсан хэрэг,  Магсар 1976 онд шоронгоос оргохдоо Д-г сүхдэж, амийг нь хөнөөж, дээрэмдсэн хэрэг, Авто сургуулийн касс ухаж, ажилчдын цалин болох 16500 төгрөг хулгайлсан хэрэг, Дүгэрээ нарын долоон хоригдлын хэрэг, хоригдол Дагва нарын хүчин, дээрэм, хулгайн 40 үйлдэлтэй хэрэг, Намын дээд сургуулийн сейфтэй мөнгө хулгайлсан Баясгалан нарын хэрэг, 1996 оны Авдрантын онцгой дэглэмтэй хорих ангийн харуулыг нь алж, автомашин дээрэмдэн, зэвсэглэн оргосон Мягмарсүрэн нарын хэрэг, 1994 онд Хөвсгөлд дөрвөн хилчнийг зэрлэгээр хөнөөсөн буриад иргэдийн хэрэг, 1994 онд Эрээнд Монголын дөрвөн иргэний амийг бүрэлгэж, дээрэмдсэн Тогтохбаяр  нарын хэрэг, 1994 онд Зүүнхараагийн банкны харуул цагдаагийн аминд халдаж, мөнгө дээрэмдсэн хэрэг зэрэг онц ноцтой хэргийг биечлэн болоод удирдан ажиллаж, илрүүлж байсан түүхтэй. Мөн 1972-1998 он хүртэл Монгол Улсад бүртгэгдсэн онц ноцтой бүх хэргийг шалгах, илрүүлэхэд ямар нэгэн байдлаар оролцсон нь түүний гавьяаг батална биз ээ. Тэрээр 1970, 1980, 1990-ээд оны онц ноцтой гэмт хэргийг илрүүлэхдээ, онцгой дэглэмтэй хорих ангийн хоригдлоос мэдүүлэг авахдаа “Түүний шүд өвдчихсөн байсан эм аваад явъя, тамхичин хүн тамхигүй байх хоолгүйгээс дор байдаг бололтой тамхи аваад очъё” гэдэг байсан нь хүнлэг чанараараа ажлаа бүтээдэг ховор хүний нэг байсныг баталдаг билээ. Түүнд баривчилж, шоронд хийсэн хоригдлууд нь хүртэл муугүй байсан нь гэдэг нь бусдын сонирхолыг татна.

    Түүнчлэн түүний ажил, амьдралаас сэдэвлэсэн “Нар сарны зааг” уран сайхны киноны гол дүр буюу Ц.Жамьянсэнгээ хурандаагийн дүрд МУГЖ С.Болд-Эрдэнэ тоглосон байдаг. Тэрбээр эрлийн үеэр залуухан мөрдөгчтэйгөө цайлж суухдаа “Би энэ хүнийг амьд олдоосой гэж ямар их хүсэж байв аа. Хүн хүнээ алахгүй байж болдоггүй л хорвоо юм байх даа. Ай даа, амьд явах, амьдрах шиг сайхан юм хаана байна вэ. Дүү минь сайн ид. Хоол ч хоолойгоор давахгүй үе олон тохиолдоно шүү” хэмээх нь түүнийг үеийн нөхдөдөө болоод шинэхэн цагдаа нарт ямар их өмөг, түшиг, өргөсөн тангарагтаа үнэнч нөхөр байсныг илтгэдэг юм. Домогт хурандаагийн гэргий С.Нарантуяатай ярилцсанаа  уншигч таны өмнө дэлгэж байна. 

-Ц.Жамьянсэнгээ хурандаа онц ноцтой гэмт хэрэгтнийг илрүүлж, хэргийг нь хүлээлгэхдээ ямар арга хэрэглэдэг байсан бол. Та энэ тухай нь бүхнийг мэдэхгүй ч сонсож байсан биз ээ?

      -Хань минь гүйлгээ ухаан сайтай, их бодож, төлөвлөдөг байсан юм шиг санагддаг. Тэгээд л хэрэгтнээр өөрөөр нь хэргийг нь хүлээлгэдэг, яриулдаг байснаараа онцгойрдог байсан юм болов уу.  Хэрэг хэрхэн илрүүлдэг байсан тухайн нь хамт үүрэг гүйцэтгэж байсан нөхөд нь, дарга нар нь сайн мэднэ. Ажил нь бүтэхгүй юм уу, эсвэл хэрэгтнийг олохгүй удах юм бол хөрвөөгөөд  унтаж чаддаггүй байсан. Харин хэрэгтнийг барьчихаад ирэхээрээ цаанаа л нэг өөр, инээмсэглээд л баяртай орж ирдэг байлаа. Түүнийг ямархан цагдаа байсан, хэргийг яаж илрүүлдэг байсан зэрэг тухай илүү ихийг “Нар сарны зааг” уран сайхны  киноноос үзэж болно. Хань минь авхаалж самбаа, хүн чанарыг дээд байснаараа Монголын цагдаагийн домог болсон гэж боддог.

-Ханийн тань ажил, амьдралаас сэдэвлэсэн “Нар сарын зааг” киноны зохиолыг Монгол Улсын Төрийн соёрхолт Далхаагийн Норов гуай бичсэн байдаг. Кино хийлгэх саналыг та гаргаж байв уу?

       -Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норов гуай ханийн минь тухай “Зохиол бичье” гэж надтай уулзсан юм. Би түүнд ханийнхаа тухай бүгдийг ярьж өгсөн. Зохиол бичих гэж байгаа түүнд өмнө нь уулзаж байсан юм шиг, ярилцаж байсан юм шиг сэтгэгдэл, ойлголт өгөх нь чухал байсан. Түүний зохиол кино болоход бэлэн болсныг МУГЖ О.Бат-Өлзий мэдчихсэн эхнэр МУГЖ С.Сарантуяатайгаа кино хийж болох эсэх зөвшөөрөл авахаар надтай уулзаж байлаа. Би хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаад тэдний саналыг зөвшөөрч, гол дүрийн эрэлд гарсан. Тэгээд тэд ярилцаж байгаад МУГЖ С.Болд-Эрдэнийг надтай уулзуулахаар болдог юм. Тэгээд уулзлаа.

С.Болд-Эрдэнэ үсээ босгоод засчихсан байсныг ч хэлэх үү миний сэтгэлд огт буугаагүй. Би бараг түүнийг харж ч чадахгүй байсан. Хааяа нэг харахаар нэг л эвгүй санагдаж билээ. Тэр үел О.Бат-Өлзий, С.Сарантуяа хоёр надад түүнийг янз бүрээр магтсан ч би огт оошоогоогүй юм.

Тэгээд тэдэнтэй холбоо барилгүй 10 гаруй хонолоо. Гэтэл нэг өглөө О.Бат-Өлзий “Кино зураг авалт эхлэхээр болсон. Та цагдаагийн газар хүрээд ир” гэж ярихаар нь очтол С.Болд-Эрдэнэд ханийн минь өмсөж байсантай ижил цамц, түүний хэрэглэж байсан цаг, бөгж, нүдний шилийг  нь зүүлгэчихсэн, үсийг нь ижилхэн болгоод засуулчихсан байсан нь ханьтай минь ямар адилхан харагдсан гэж санана. Би түүнийг хараад шууд уйлчихсан. Хань минь яг л миний хажууд байгаа юм шиг санагдаад болдоггүй. Тэгээд би зөвшөөрч, цагдаагийн газраас киноны зураг авах орчин бүрдүүлж өгч, өвгөний суудаг байсан ажлыг ширээг нь засаж, түүний бичлэг, дуу хоолойг С.Болд-Эрдэнэд сонсгож байсан санагддаг.

 

    Харин тухайн үед кино хийхийн тулд 70 сая төгрөг хэрэгтэй болсон. Би ханьтайгаа ижилхэн дүр харчихсан юм чинь яаж ийгээд бүтээнэ биз дээ. Тэгээд “Жон-Бээс” авто сургуулиа барьцаалж 50 сая төгрөгийн зээл авч, кино зураг авалтыг эхлүүлж байлаа. Ханийнхаа тухай уран бүтээл хийлгэж байгаа хүн чинь хамгийн сайн зүйлээр сайн хүнээр хийлгэхийг хичээдэг юм билээ. Тэгээд би киноныхоо хөгжмийг Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровоор хийлгэж байсан. Яагаад гэвэл, хань минь Н.Жанцанноровтой уулзаж, ярилцаж байсан тухайгаа надад хэлж байсан юм.

    Тэгээд түүнтэй ханийнхаа талаар ярилцаж, учир байдлаа хэлтэл миний саналыг эелдгээр хүлээж авсан. Тэр миний ханьтай анх уулзсан тухайгаа надад ярихадаа“Би анх С.Жамъянсэнгээгийн өрөөнд орохдоо цагдаатай уулзана гэж бодож орсон. Гэтэл түүнтэй уулзаад гарч ирэхэд  нутгийнхаа сайхан хууч хөөрдөг хүнтэй уулзсан юм шиг сайхан санагдаж байж билээ. Өмнө нь бид мэндийн зөрүүтэй явдаг байснаас тэгж ярьж, уулзаж байгаагүй. Түүнээс хойш бид ойр дотно болсон. Би хөгжмийн зохиолч, тэр цагдаа байсан ч түүнээс би уран бүтээлийн маш олон санаа, сэдэл авч байсан. Тэр их өвөрмөц, содон хүн байсан шүү. Төрөлхийн содон авьяастай хурандаа байсан. Аливаа зүйлийн үзүүр, сэжүүрийг их сонин байдлаар гаргаж ирдэг байсан. Гэхдээ бид тийм ч дотно байгаагүй. Түүний ажил биднийг дотно болгоогүй юм” гэж билээ. Тэгээд тэр “Хоёрхон өдрийн дотор миний онгод орж, найзыгаа бодож, яг энэ ая л түүнд тохирно гэж бодсон” гээд “Нар сарын зааг” киноны хөгжмийг бичиж өгч байсан.

-МИНИЙ ХАНЬ НАР ШИГ ХҮН БАЙСАН-

-“Нар сарын зааг” гэж нэрлэсний учир юу вэ. Нэрийг нь хэн өгсөн юм бэ?

     -Д.Норов гуай ханийг минь “Нар шиг хүн байж ээ. Даанч ажиллаж, амьдарсан цаг үе нь жаахан бараан байсан юм даа” гэж байсан. Тэгээд түүнд зориулсан зохиолоо “Нар сарын зааг” гэж нэрлэвэл ямар вэ гэж бодлоо" гээд над руу ирж байсан. Түүний саналыг би дуртайяа хүлээн зөвшөөрсөн. Ханийг минь “Нар шиг хүн байж ээ” гэж маш сайхан тодорхойлсон шүү. Миний хань үнэхээр нар шир ойр орчныхоо хүмүүсийг гэрэлтүүлдэг хүн байсан шүү. 

-Киноны гол дүрийг танаар сонгуулахаас эхлээд бүгдийг танд хянуулдаг байсан байх. Харин киногоо дэлгэцэд гарахад нь үзэгчийн болоод эхнэр хүний нүдээр үзэх ямар байсан бэ?

     -2013 онд “Тэнгис” кино театрт “Нар сарны зааг” киноны нээлт болсон. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрынхан болон Прокурорын газрын удирдлагууд, түүний  найз нөхөд, хамаатан садангуудаа урьсан. Ханийг минь таньж,мэддэг хүмүүс ирсэн болохоороо кино үзсэн бүх хүн уйлсан гэдэг. Би ч мөн киног эхнээс нь дуустал уйлж үзсэн дээ.

-Мөн та түүний гэгээн дурсгалд зориулж “Зүрх мартахгүй” ном бичсэн байдаг шүү дээ. Номынхоо тухай ярьвал?

    -Би урлаг, уран сайхнаас хол автомашинтай л “ноцолддог” хүн байлаа шүү дээ. Харин ханийгаа бурхан болсноос хойш сэтгэлээ тайтгаруулахаас гадна түүндээ уран бүтээлийн суварга болгож, ард олондоо үлдээх бүтээлтэй больё гэж бодсон бодлын үзүүрээс дээрх ажлуудыг хийсэн. Би ном бичих нь битгий хэл уншдаггүй хүн байлаа. Тэгээд Төрийн шагналт Д.Гармаа гуайг “Морьтой ч болоосой” киногоор нь мэддэг байсан. Түүнтэй уулзаж, ном бичүүлэх учир байдлаа хэлж тусламж хүссэн юм. Тэр хүн ханьтай минь хамт ажиллаж байгаагүй болохоор түүний талаар мэдээлэл хомс.

Би 14 хоног түүнд ханийнхаа тухай эхнээс ярьж өгсөн. Миний ярьсан бүхнийг бичиж, тэмдэглэж, байгаад “Гэргийн өчил” хэмээх найраглал тусгайлан бичиж өгсөн. Би түүнийг өөрийнхөө нэрээр ном гаргаж өгөхийг хүссэн боловч тэр “Чи бүх үйл явдлаа надад ярьж өгсөн юм чинь чиний бүтээл” гэсэн үг. Би чамд зүгээр тусалж байгаа хэрэг гээд “Зүрх мартахгүй” номыг минь  миний нэрээр гаргаж өгч байсан. Тус ном гурав дах удаагаа хэвлэгдсэн. Би номоо хүнд бэлэглэх их дуртай. Сайхан байдаг юм.

    Мөн ханьдаа зориулж дуу хийлгэхээр шийдэж, Л.Гаваасүрэнтэй уулзаж, ярилцаж байгаад “Бууж мордох замилан” хэмээх дуутай болсон. Түүний шүлгэнд эхнэр Д.Цэцэрлэг нь ая хийж, бидний сэтгэлд хүрсэн сайхан дуу хийснийг охин Г.Эрдэнэтунгалаг дуулж өгсөнд баярладаг. Дууны клип болон кино хийхэд цагдаагийнхан, ханийн минь шавь нар нь мэргэжлийн тусламж үзүүлж байсанд талархдаг. Мөн ханьдаа зориулж нутагт нь суварга босгосон. Хүн хүнээ санахаар чадах бүхнээрээ буян үйлдэх гэж л хичээдэг юм байна. Би ханиасаа хойш байдгаараа л хичээж, түүний төлөө амьдарч явна даа. 

-Та ханийгаа дурсан санаж, олон бүтээл, суварга зориулсан байна. Та түүнтэй зүүдэндээ уулзаж байв уу?

    -Би ханиа алдсан эхний жилүүдэд хүнтэй уулзахаас зугтдаг байлаа шүү дээ. Ханийнхаа тухай ярихаар л уйлчихдаг байсан юм. Одоо ч тэр янзаараа. Суварга босгосон шөнөө ханийгаа зүүдэлсэн. Тэр их сайхан инээмсэглээд намайг чангаас чанга тэвэрсэн шүү. Тэгээд бидэнд баярласан юм байна даа гэж бодсон.

-Таны хань мөрдөгчөөс хурандаа хүртэл цолтой ажиллахдаа ямар шагнал хүртэж байв?

    -Хань минь 1972 оноос Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, 1973 онд ахлах төлөөлөгч, 1979 оноос тасгийн дарга, хэлтсийн орлогч, 1985 оноос Улаанбаатар хотын Эрүүгийн хэрэг эрэн сурвалжлах хэлтсийн дарга, 1990 оноос Цагдаагийн Ерөнхий газрын Дэд дарга, 1992 оноос ЦЕГ-ын Дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 1996 оноос Нийслэлийн цагдаагийн газрын дарга, 1999 оноос Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан. Түүнийг гэмт хэрэг илрүүлэхэд амжилт гаргасныг үнэлж, Онц сэргийлэгч, хүндэт чекист, прокурорын хүндэт ажилтан, цэргийн гавьяаны болон хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны одон, цэргийн хүндэт медаль, ойн медалиуд, Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнуулж байсан. 

-Ц.Жамьянсэнгээ хурандаа тантай үерхэж байхдаа л “Цагдаа болно” гэдэг байв уу.Та түүний цагдаа болох хүсэл, мөрөөдлийг нь хэрхэн дэмждэг байсан бэ?

    -Бид Сэлэнгийн төвд өсөж, хүмүүжсэн. Жамиа надаас хоёр ах. Би долдугаар ангид тэр есдүгээр ангид байхдаа үерхсэн юм.Тэр цагаас хойш бид ямар нэгэн байдлаар сайдаж, муудаж салж, хэн нэгэн нь гомдоод явж байсангүй. Харин хорвоогийн үнэн биднийг салгасан. Салгасан ч гэж дээ. Миний дэргэд хань минь байхгүй ч гэлээ миний сэтгэлд тэр, түүний сэтгэлд би мөнх орших байх.

Бидний үерхэл их сайхан байсан. Төмөр зам дагаж алхахдаа бид ямар мэргэжилтэй хүмүүс болох тухайгаа ярилцаж, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр зөгнөж ярьдаг байлаа. Тэр яриа ч хий хоосон зүйл байгаагүй.

Би найман хүүхэдтэй айлын том охин байлаа. Гэрийнхээ ажлыг хоёр нугалж хийх  үүрэгтэй. Үхрээ усална, түлээгээ хагална гээд ажил мундахгүй. Жамиа заримдаа манайд очиж надтай мод хагалдаг байсан. Ээж түүнийг нь мэдчих юм бол. Яагаад эрэгтэй хүүхэд дагуулж ирээд байгаа юм гэж намайг зэмлэхээс гадна түүн рүү минь мод нүүлгэнэ шүү дээ. Бидний үеийн хүүхдүүдийн үерхэл тэгж л эхэлж байсан. Хань минь сурагч байхдаа л Өсвөрийн цагдаа байсан. Мундаг цагдаа болох тухайгаа ч надад байнга ярьдаг байв. Түүний хүсэл, мөрөөдлийг анхнаасаа хүлээн зөвшөөрчихсөн, дэмждэг  байсан болохоор сургуульдаа тэнцэхэд нь, дараа нь ажилд ороход бөөн баяр болж байлаа. Бид таван хүүхэд төрүүлж, өсгөсөн. Нэгдүгээр дамжааны оюутан байхдаа том охин Ж.Саранчимэгийг төрүүлсэн. Харин хоёрдугаар дамжааны оюутан байхдаа том хүү Ж.Эрдэнэбаярыгаа, дөрөвдүгээр дамжааны оюутан байхдаа Ж.Эрдэнэболдыгоо төрүүлж байлаа. Ажилд ороод удаагүй байхдаа Ж.Одончимэгийг хожуу отгон хүү Ж.Билгүүнийгээ төрүүлсэн. Хоёр бага хүү минь аавынхаа мэргэжлийн өвлөж, хуулийн байгууллагад ажиллаж байгаа. Оюутан байхад жил дараалан гарсан хүүхдүүдийг минь хоёр талын аав, ээж өсгөлцөж өгсөн. Тийм болохоор би Техникийн их сургуулийг жил алдалгүй төгсөж байсан. Хичээлдээ явахын тулд 17 хоногтой хүүхдээ ээждээ үлдээгээд л явдаг байлаа. Тиймдээ ч Улаанбаатарт үлдэж багшийн ажилтай болсон гэж боддог.

-Та Их сургуулиа төгсөхдөө гурван хүүхэдтэй болчихсон байсан гэлээ. Та тавын амьдрал хэрхэн эхэлж байв?

    -Бид айлын хажуу өрөөнд амьдардаг байсан. Гурван хүүхэд минь тэр байранд гарсан болохоор бид их бэлэгшээдэг байсан юм. Тэгээд 1976 онд Жамиад цагдаагийн газраас нь гурван айл хуваарилан амьдрах дөрвөн өрөө байр өгч билээ. Нялх хүүхдүүдтэй бидэнд аятайхан байгаагүй ч дөрвөн жил амьдарсан.

Хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд аав нь анхаарч, хичээлийнх нь хэрэгслийг бэлдэж өгдөг байсан. Хүүхдүүддээ их тусалдаг байлаа. Би зөвхөн ажлаа хийж, мөнгө олох үүрэгтэй байв.

Хань минь заримдаа бага хүүгээ ажил руугаа аваад явдаг байсан. Ширээнийхээ дор орны бүтээлэг дэвсээд хүүхдэдээ тоглоомыг нь дэлгэж өгдөг байсан. Тэгээд орой нь айлын эзэгтэй шиг хүүхдээ тэврээд ороод ирдэг байсан даа.

-“Нар сарны зааг” киног үзээд таны ханийг бусдад итгэл найдвар өгч чаддаг бас хайрлаж, энэрч чаддаг хүн байжээ гэдгийг нь дахин мэдэрсэн байх?

    -Миний хань их ухаалаг сайхан хүн байсан. Нэг ч удаа надад муухай аашилж байсангүй дээ. Эмэгтэй хүн ханиа хэчнээн ааш араншинтай харгис хэрцгий байсан ч хүнд яриад байхгүй шүү дээ. Би хүмүүст “Манай Жамиа тэгж уурласан, намайг тэгж зодсон” гэвэл надад хэн ч үнэмшихээргүй байсан гээд бод. Намайг худлаа ярьж байна гэж бодно. Хүмүүсийн дунд Жамиагаа хэзээ ч тийм ааш араншин гарахгүй гэдэг ойлголт бий болчихсон байлаа. Би түүний яаж ч өдөж, уурыг нь хүргэсэн бай надад муухай хандаж үзээгүй л хүн дээ. Миний хань айлын ганц хүү. Аав нь жолооч, ээж нь үйлчлэгч хийдэг байсан юм. Тэр минь гэртээ хамгийн халамжтай сайн аав байлаа. Ихэвчлэн хоолоо хийдэг, хүүхдүүдээ хооллодог байлаа. Би махаа хүртэл ханиараа огтлуулж иддэг байсан гэхээр жаргал нь дэндсэн байгаа биз дээ. Түүнийг ажлын хамт олон нь махруун, ажилсаг, үнэнч, шударга гэж үнэлдэг байсан юм даа. Тэр надад муухай хандаж байгаагүй шигээ хүүхдүүд зөв, сайхан хүн болгож хүмүүжүүлсэн. Тэдний минь сайн, сайхан яваа нь аавтай нь, аавынх нь хүмүүжүүлсэнтэй салшгүй холбоотой.

-Хоол, цай, хүүхдүүдийнхээ хүмүүжлийн асуудлыг хариуцдаг байсан гэхээр мундаг тогооч байж ээ?

     -Хоолыг бол сайхан хийдэг байсан. Харин гал тогоогоо их завааруулдаг байсан юм. Түүнийг нь би ч тоохгүй хоолыг нь амтархан идчихээд л бүгдийг нь угаачихдаг байлаа.

-Цагдаагийн ажлаас нь өөр түүний чаддаг хамгийн сайн ажил нь юу байсан бэ?

     -Тэр харанхуйд автомашин сайн барьдаг байсан. Автомашин сонирхдог, дуртай байсан байх. Ханьдаа нэг автомашин авч өгч баярлуулж байж дээ. Тэр солгой хоолойтой мөртлөө дуунд их дуртай байсан шүү. Муухай дуулж байна гэх юм бол уурлана. Түүний яаж уурлуулах, хэрхэн уурлуулахгүй байхаа багаасаа нөхөрлөсөн юм чинь мэднэ шүү дээ. 

-“Нар сарын зааг” кинон дээр таны ханийг ажлаас нь тодорхой шалтгаангүйгээр халчихдаг шүү дээ. Бодит байдал дээр ч мөн ижил үү?

     -1998 оны есдүгээр сард ажилгүй болчихоод их гутарсан. Өглөө босоод хувцсаа өмсөөд суучихдаг байсан юм. Тэр үед их өрөвдөж байж билээ. Манай урд С.Зориг агсны байр байдаг байсан юм. Нэг орой телевизээр “Зөгий” гэх кино үзчихээд автомашинаа манай ажлын ойролцоо тавьчихаад иртэл тэдний байрны гадаа цагдаагийнхан, олон машин ирчихсэн байсан. Тэгээд Жамиа "Манайхан ирчихсэн байна, юу болсныг нь мэдчихээд ирье" гээд явсан юм. Тэгээд нэлээд удаж орж ирэхдээ "С.Зориг бурхан болчихсон байна. Манайхан үзлэг хийж байна" гэсээр орж ирсэн. Сүүлд нь тэдний ойролцоох хогны контейнерын урд талаас алуурчны эд мөрийн баримт олдсон боловч, удалгүй алга болсон гэх зэрэг яриа гарч байсан. Сар орчмын дараа Аюулаас хамгаалах байгууллагаас  Жамиад С.Зориг агсны хэрэг дээр ажиллах хүсэлт ирж байсан юм. Хүсэлтийн дагуу ажиллаж байтал нь долоо хоногийн дотор дээрээс болиулсан. Тэгээд л сэтгэл санаагаар унаж, элэгний өвчин нь илүүтэй сэдэрсэн дээ.

-Тэгэхээр элэгний өвчнөөр бурхан болсон гэсэн үг үү?

    -Миний хань цагдаагийн байгууллагад өвдөх эрхгүй өдөр, шөнөгүй ажиллаж байсан. Хань минь 2005 онд бурхан болсон. Элэг нь өвддөг сахартай байсан юм.

Тэгээд гэнэт тав дахь өдөр “Хавдар судлалын үндэсний төвд хоёр хоног тариа хийлгэхгүй бол ядраад байна. Нэг дэх өдөр Хятадын Ерөнхий прокурор ирнэ. Түүний айлчлалын дараа хоёулаа хүүхдүүдтэйгээ хөдөө явъя” гэж ярьж байсан. Тэгээд эмнэлэгт хэвтсэнийхээ маргааш өглөө хэл нь ээдэрчихсэн “Урд шөнө унтаж чадсангүй. Шөнө тариа хийсний дараа ядарчихлаа” гэсэн. Тэгээд хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлсэн боловч тусыг олоогүй бурхан болсон.

Надад хэн нэгэн хорлочихсон юм болов уу, яагаад гэнэт эмнэлэгт хэвтэх шийдвэр гаргасан юм бол гэх өчнөөн бодол төрж байсан. Ийм аюул болно гэж бодож байгаагүй. Надад тэр үед тэнгэр хөмөрчихсөн юм шиг л санагдаж байсан. Тэр дундаа миний хань шиг хүн бүрийн хайрыг татсан, эелдэг, зөөлөн, сайхан сэтгэлтэй хүн ховор шүү дээ. Бидэнд тэр минь дэндүү их өгүүлэгдэнэ. Бодогдохгүй үе гэж үгүй дээ.

-Таны хань С.Зориг агсны хэрэг дээр ажиллах байсан юм даа харамсаж байсан болов уу? 

     -Ер нь харамсаж байсан шүү. "Долоо хоног ажлуулаад болиулахыг бодоход их л дээрээс даалгавар ирсэн байна даа. Уг нь илрэх л байсан хэрэг дээ" гэж байсан. Илрэх хэрэг байсан гэдгийг тухайн үед хүн бүр л мэдэж байсан. 

-Таны хань ажлаасаа хэсэг завсарласан үедээ юу хийдэг байв?

      -Гэртээ байсан. Хааяа манай сургууль дээр ирдэг байсан. Сэтгэлийг нь сэргээж, цагийг нь нөгцөөлгөхийн тулд билиардны ширээ тохижуулж өгсөн санагдаж байна.  

-Таны ханьтай мөр зэрэгцэн ажиллаж байсан болоод үүргийг нь гүйцэтгэж байсан цэргүүд нь одоо дарга болчихсон байгаа даа?

       -Тэгэлгүй яах вэ. Түүний цэргүүд одоо бүгд хуулийн байгууллагуудын дарга болцгоосон байх. Ардчилал, зах зээлийн анхны үед жагсаал цуглаан, хүнд гэмт хэргүүд ар араасаа гарч, аллага, дээрэм гээд л ер нь хэцүү байсан даа. Энэ бүхнээс үүдэн Эрүүгийн цагдаагийн газар байгуулагдсан байх гэж боддог. Тухайн үед ханьтай минь  Төрмандах, Ганболд, Мөрөн, Базаргүр, Дулаанжаргал гээд сайхан залуучууд ажилладаг байсан. Жамиа тэднийгээ их дэмждэг, бахархдаг байж билээ. Цагдаагаас гавьяат хуульч төрөх боломж олдоход тэднээсээ Мөрөнг тодорхойлж, гавьяат болгосондоо их баярлаж, ярьдаг байсан юм. Ханийн минь үед ажилчид нь ч их урагштай, урамтай ажилладаг байсан даа. 

-Жамиа хурандаа гэмт хэрэгтнийг мөшгиж, олж илрүүлэхдээ буюу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа  бэртэж, гэмтэж байсан уу. Гаднын нөлөө халдлага байв уу?

    -Гэмт хэрэгтнүүдтэй гардаж, барилцдаггүй байсан болохоор бэртэж, гэмтэж байгаагүй. Харин нэр нөлөө бүхий улстөрчид заналхийлдэг байсан. Би ханийгаа Төрийн цагдаа байхаар заяагдсан хүн гэж боддог байсан даа. 

-Гэртээ байхдаа ажлаа хийдэг, аливаа зүйлийг төлөвлөдөг байсан уу?

    -Гэртээ байхдаа хүүхдүүдээ цаг зав гаргаж, гэрийнхээ ажилд анхаардаг байсан. Харин албан ажлаа огт хийдэггүй, тэнд тийм хэрэг гарсан гэнэ гэж ерөнхийд нь ярьдаг байснаас цаашгүй. Ажлынхаа материалыг ч гэртээ авчирч байгаагүй шүү. 

-Та ханийгаа дөлгөөн, тайван хүн байсан гэж дурслаа шүү дээ. Харин түүнийг  уурлаж, бухимдахдаа юм уу эвсэл согтохоороо ямар ааш гаргах бол гэж бодож үзсэн үү?

      -Би одоо хүртэл энэ тухай боддог юм. Манай Жамиа согтохоороо ямар ааш гаргах байсан гэж бодтол амьдарч байсан юм. Тийм бурхан шиг хүн байсан болохоор биднийг арай эрт орхиод явчихсан байна даа гэж боддог. 

     ...Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүүгээ хүлээгээд улаан гол нь тасарч, амьсгалаа хурааж чадахгүй байгаа ээжийг хүүтэй нь уулзуулж, эх, үр хоёрын халуун хайранд итгэж, өөрийнхөө нэр төр, албан тушаал, мөрдсөөрөө дэнчин тавиад эмнэлгийн хаалгыг зөөлхөн хааж чаддаг хүнлэг хурандаа байжээ, тэр. Монголын цагдаагийн түүхэнд домгоороо үлдэх домогт хурандаа Ц.Жамьянсэнгээ шиг хурандаанууд үй олноороо төрөхгүй ч гэлээ үйл хэргийг нь гүйцээх төрийн цагдаагийн замнал нь дардан байг ээ. Домогт хурандаа Ц.Жамьянсэнгээгийн орон зай эзгүйрээд 17 жил өнгөрсөн ч түүний гарын хэдэн шавь нь Монголын цагдаад цахиур хагалж явна. Ц.Жамьянсэнгээ хурандаа шиг цолондоо дүүрэн мөрдөгчид ар араасаа эгнээд гараад ирэх биз ээ. “Хүмүүн гэгч хүнлэг чанараа гээгээгүй цагт энэ хорвоод утга учиртай амьдардаг” гэх домогт хурандаагийн хэлсэн энэ үг олон хүний сэтгэлд гэрэл нэмнэ гэдэгт итгэл дүүрэн тэднийхээс хөдөллөө.


Ц.ЖАМЬЯНСЭНГЭЭ ХУРАНДААГИЙН ЭХНЭР С.НАРАНТУЯА: Миний хань авхаалж самбаа, хүн чанарын дээд байснаараа Монголын цагдаагийн домог болсон гэж боддог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 61
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-01 19:20:45
    Нямсүрэн : Цагдаагийн байгууллагын амьд түүх домог юм даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-04 21:01:08
    Энхтуяа: Маш зөөлөн намуун дуутай, олон таван үггүй, дуу цөөтэй, үргэлж сайхан инээсэн, маш сайхан хүн бсан, үнэхээр л бурхан шиг сайхан сайн эр хүн бсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-18 14:19:55
    Зочин: Таньдаа мөргөе. Ухаантай уужим , хүн чанартай ,хэрэгтээ хүн гэж үздэг Бурханлаг хүн байсан юм шүү гэж боддог.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-14 08:30:43
    Ахмад: Хуудуйтай этгээдүүдүүг жинхэн чичрүүлдэг гарах гарцгүй болгодог гярхай нарийн ухаантай, мэдрэмжтэй хүн бсан. Зөвд зөөлөн, бурууд хатуу хүн бсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-26 15:50:52
    Иргэн зочин: Хүний хайлан байсан энэ хурандаа шиг хүн дахиад төрөхгүй байхаа. Лавла цагдаагийн байгууллагт энэ хүн шиг аажилдаа үнэнч чадварлаг, ухаантай хүн байхгүй. Сайн бүхэн доошоо чихэгдсэн ийм нийгэмд зальтай чадваргүй хулгайч нар нь дээшээ өндийж сайн болгон нь доошоо уруудаж байна шүү дээ. Кино сайхан болсон. Чадвартай жүжигчин дүрийг нь маш сайхан гаргасан байна лээ. Үргэлжлэл болж ллдсэн үр хүүхдүүд нь аавынхаа ажлыг үнэнчээр үргэлжлүүлж яваад нь баяртай байна. Гэр бүлийнхэнд нь эрүүл энх, амжилт ыг хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-25 21:41:31
    Туяа : Хотын унаган иргэн би энэ хүний нэрийг маш сайн мэддэг эрхэлсэн ажилдаа гаршсан мундаг цагдаагийн хурандаа гэдгийг сонсож байсан .Уг кино миний сэтгэлд маш их таалагдсан Яг л ийм домог болсон хүн байжээ гэдгийг сайхан үзүүлсэн .бүр дахин дахин үзэх дуртай .Хамгийн гол нь ийм сайхан хүнээ хайрлаж чадаагүй манай нийгмийн бодит дүр зураг тодорхой гардаг .киноны эцэст ямар их өрөвдөж харамссан гээч .бас уйлсан ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-24 14:52:19
    Жамиа хурандааг нөхөр маань байнга магтдаг. Нараа эгч ч сайхан хүн. : Жамиа хурандааг нөхөр маань бхйнга магтдаг. Нараа эгч ч сайхан хүн.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-23 19:50:21
    зочин: ЗОРИГИЙГ АЛСАН ХЭРЭГ НЬ ИЛЭРХЭЭС АЙСАН ЭЛБЭГДОРЖ ТҮҮНИЙГ АЖЛААС НЬ ХОЛДУУЛСАН
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-23 19:48:39
    Зочин : Нэг мандчхаараа үүрд сайлуулчхымаа. Домогт ч гэх шиг. Тэр үеийн 2 сая хүрэхгүй хүнд ямар юмны нь Домогт байдгын. Ямар ч байсан коммунист этгээд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-23 16:18:56
    Д.Цогтбаяр: Энэ агуу хүний удирдлага дор олон 10 онц хүнд гэмт хэрэг мөрдөх ажиллагаанд оролцож үнэтэй заавар зөвлөмжийг нь сонсож үр дүнтэй ажиллаж байсандаа бахархаж явдаг энэ хүн л жинхэнэ гавьяат хуульч болох гавьяа байгуулсан хүндээ даанч шагнал нь хүнээ олохгүй юмдаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-23 11:48:13
    Оюунбат: Сайхан хүний дурсамж элэгдэж үгүй болохгүй. Хэзээ хойно хэн ч уншсан сэтгэл сэмэрмээр сайхан дурсамж болж үлджээ.би ч яг л та 2 шиг хайрлаж тэтгэгдэж тэтгэж явсан эрч хүчтэй түшигтэй сайхан ханиа буцаачаад дэмий л үгүйлж шаналахаас өөрийг хийж чадаагүй л яваадаа харамсаж бна.нарантуяа та мундаг хүн бнаа. Танд амжилт хүсий
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-23 09:49:45
    ЯДГАА : Яг л над рюшиг сайн хань сайхан хүнээ цаг бусаар арай л эрт алдсан харамсал хайрын яриаг нулимасс барин алдан уншиж дуусгалаа ижилдсэн хоёр хань хагацах нь заримдаа аав ээжээс ч илүү ч санагдах нь бий үлдсэн нь үйлээ эдэлж, явсан нь хувь заяаныхам мөрийг дардаг л орчлон доо ..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-18 13:48:52
    Ц.доржпалаи: Сайхан сэтгэлтэй ажилсаг шудрага хуульчийн ёс зүйг дээдэлдэг миний дарга хурандаа Жхмъянсэнгээ гэмт хэргийг илрүүлэх арвин туршлага тай эрхэм маань арай эрт хийж бүтээх оргил үёдээ явчихсанд хуулчдын дунд том гарз болсон билээ.Та тэнгэрийн орноос гэр бүл,үр хүүхдүүд сайн ажилаж амьдарч хүү Эрдэнэболд эрдэмтэн болсныг харж байгаад итгэлтэй байна.⁹
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-18 12:00:40
    Зочин: Сайхан хүн хүний дээд байжээ.Эхнэр нь ч их сайхан хүн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-26 13:30:22
    Т.Алтанцэцэг: Тухайн үед албан байгууллагууд бүх бичиг баримтаа бичгийн машинаар гүйцэтгэж байлаа. Ц.Жамьянсэнгээ хурандаагийн үед эдийн засгийн алба бүх байгууллагуудын бичээч нарын гарын хээг авч бичгийн машин бүрийг баталгаажуулдаг байсан нь байгууллага бүрийн нууцлалыг хамгаалж чаддаг хариуцлага өндөртэй байсан цаг үе зөв байсанг дурсан санаж бна. Одоотой адилхан хэн дуртай хүнийхээ компьютер дээр ажилладаг шиг байгаагүй юм.Бичээчид толгой, хараа,гар хуруугаар ажиллаж, бичих зүйлдээ анхаарна. Бичээчийн өрөө дуу чимээ багатай, тусгаарласан өрөөнд ажилладаг байлаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-26 06:24:58
    M Mashbileg: Ajliin shygamaar xeden ydaa uulzaj baisan, tyn saixan dolgoon xyn baisandaa. Ongorson gedgiig say l medlee, ta nart gyn emgenel ilerxiilie. Ta bas aztai xyn umaa, tiim saixan xyntei jargal zovlongoo xyvaaltsaj olon saixan xyyxdyydtei onor otgon ail bolj gal golomtoo oodrog saixan avch yavaa ni tanii ach shyydee. Tanid bolon xyyxded chini sain saixan bygdiig xycie. Xyndetgesen Mashbileg
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-25 12:33:38
    Өнөр: Мундагхүн байсан юм жинхэн чикэст хүн байсан юм даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-25 10:16:09
    Зочин: Жамьянсэнгээ хурандаа тийм том газрын дарга хүн гэхэд хүний цол, албан тушаалыг харгалзахгүй сайхан элэгсэг хүлээн авч, зөвлөж анхаардаг, эргэж холбогдоход дотно танил шиг харьцдаг маш энгийн даруу мөртлөө их ухаалаг, маш мундаг сургагч, чиглүүлэгч байсан даа. Бараг хүний юу бодож байгааг мөрөөдөж явдагийг нь ярилцаж сонсож байхдаа мэдэж тааж байгаа мэт тийм мэдрэмжтэй, хүнд бага зүйлээр урам хайрладаг дарга байсан. Гэмт хэргийн араас хөөцөлдөж яваа ажилтны зовлон, жаргалыг чин сэтгэлээсээ сонсдог том эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн тухай ярихаар сэтгэл нь сэргэж, онгод нь орох шиг болдог байсан байх гэж боддог. Одоо бодоход Ер бишийн дотоод, далд ухамсрын түвшний мэдрэмжтэй хүн байсан юм билээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-24 23:47:17
    С. Нарантуяа: Миний нөхөрийн талаар сайхан дурсамж, сэтгэл дурдатгал үлдээж үр хүүхдүүд биднийг баярлуулж байгаа та бүхэндээ их баярлалаа. Эрүүл энх, элэг бүтэн урт наслаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-24 23:15:04
    Nyam: Зориг агсны хэрэг илрэх байждээ .мэнгэт новш хэний заавраар юм бол ажлын хэсгийг нь хэд хэдэн удаа тараасан гэж Хурц ярьсандаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-24 22:57:45
    Болормаа: Ховорхон сайн хүн байжээ.С. Зоргийн хэргийг илрүүлэх хүн байж. Гүнээ хүндэтгэе. Гэр бүлд нь сайн сайхныг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-24 11:46:11
    Б.Одхүү: Эхнэрийнх нь ярилцлагыг сэтгэл догдлон уншлаа мундаг ясны мөрдөгч хүн байжээ .зоригийн хэргийг ядах юмгүй илэрүүлэх байж дээ .нэн харамсалтай.....гүнээ мэхийн хүндэтгэе...гэр бүлд нь сайн сайханыг хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-24 08:31:48
    Оюун: Ямар ч ажил ,мэргэжилтэй байсан хүн бол хүнээрээ байх нь үнэхээр хэрэгтэй юм , аргагүй сайхан сэтгэлтэй жинхэнэ монгол эр хүн байж дээ. Гэргийнх нь дурсамжийг сэтгэл уяран өөрийн эрхгүй нулимс унаган уншлаа. Цагдаагийн хүнд хэцүү ажлыг олон хүн нэр төртэй биелүүлж, нойр хоолгүй явсаар бие сэтгэлээрээ өвдөж зовдог олон тохиолдол байсан. Тийм ээ. Тэр үед ийм хүнлэг хүмүүс ажиллаж байсан тулдаа Монголд улс төрийн аллага гарч байсангүй. Ардчиллын алтан хараацай, ард түмний хүү С.Зоригийн хэргийг ч илрүүлж чадах байсан хүн бна гэж бодогдож бна. Тэнгэрт дэвшсэн сайн хүмүүстээ төр хүндэтгэл үзүүлээсэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-23 07:24:16
    Н.Сарантуяа: Өглөөний мэндээ, маш сайхан пост сэтгэл хөдлөн, ханьтай минь хамт ажиллаж байсан Цагдаагийн хурандаа Ц.Жамьянсэнгээ гуайн тухай, шимтэн уншлаа. С.Зоригийн хэрэг дээр яг хамт ажлын хэсэгт ажиллаж байсан ,тэр үед амьд гэрчтэй хэрэг дороо олдоно гэж итгэлтэй байсан хэрэг замхаран , хэрэг илэрэх боломжгүй амьд гэрчийг хорихгүйгээр яаж илрэх билээ гэж хань минь ярьж байсан нь тод санагдаж байна.Миний хань тагнуулын хурандаа Д.Гунгаа 2020.5.22 нд бурхан болсон, ажил гэж явсаар биеэ тоохгүй гэнэт бас хавдар гээд л явсандаа маш харамсалтай .Танд ханийнхаа тухай сайхан дурсамж бичиж, кино дуу, шүлэг зориулсанд БАЯР ХҮРГЭЖ, ЦААШДЫН АЖИЛД АМЖИЛТ, ЭРҮҮЛ ЭНХ, УРТ НАСЛАХЫГ ЕРӨӨЕ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-22 22:47:58
    Тодын Отгонбаяр : Сайхан хүн, сайн хань, аав, бас сайн мөрдөгч байжээ! Түүний үхэл сэжигтэй санагдлаа. Хордуулчихсан юм биш үү?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-22 22:06:09
    Харчин: Үнэхээр сайхан ярилцлага болжээ.намайг авдрантанд байхад буяны хөшөөг нь Гарамжил генэнрал хийлгэж бсан юм. Сүүлд нь шоронгиын амьдралд домог үлдээсэн дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-22 20:16:22
    С.Дэмбэрэл: Тиймээ. Би Жамьянсэнгээ хурандаатай ажил хэргийн шугамаар хэд хэдэн удаа уулзаж явсан. Тэр үед би Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд ажилладаг байлаа. Японы иргэн дээрэмдүүлэх, зодуулах, эд мөнгөө алдах, тэр бүү хэл амь насаа алдах гэх мэт хэргүүд мэр сэр гарна. Хэргийн эзэн олдохгүй байх, асуудал удаашрах хандлагатай үед Жамьянсэнгээ хурандаатай ЭСЯ-ны ажилтнуудын хамт очиж уулздаг байв. Заримдаа ЭСЯ-ныхаа даалгавраар очиж уулзах үе байсан. Ямар ч үед цаг гарган уриалгахан хүлээн авч, асуудлыг аль болох хурдан шийдэхийг эрмэлздэг хүн байсан. Их дөлгөөхөн, зөөлөн, ухаалаг, хүнтэй дотно найрсаг харьцдаг, асуудалд хандаж байгаа байдал нь жинхэнэ мэргэжлийн цагдаа хүн байсан. Хожим бурхан болсныг сонсоод ихэд харамсаж билээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-22 17:43:19
    Эрдэнээ: Үнэхээр сайхан гэр бүл бсан дөлгөөн сайхан хүн байж билээ хүний сайхан нь эрт яваад бхийн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-22 13:42:20
    Зочин: Домог болон ярилддаг энэ хүний талаар маш тодорхой мэдээлэл авлаа Зориг болоод эх оронч ийм л хүмүүсдээ харгис ханддаг нийгмийг өнөөгийн авилгач хулгайч эх орноо цөлөмдөг луйварчид байгуулж байнадаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-22 11:32:38
    тунга: урт гар гарч ирээд Зоригийн хэргээс мулталж байсан, нэр нөлөө бүхий улс төрчид заналхийлдэг байсан, илрэх л хэрэг шүү дээ гэж тэр ярьж байсан байна энэ бүхнийг төр анхааралдаа аваасай, гэтэл тэр төрд нь алуурчин улс төрчид одоо ч шоудсаар байгаа энэ бүхэнд элбэгдорж багабанди баяр 3 л их оролцоотой доо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-22 10:11:34
    Зочин: Энэ шалгарсан хурандааг Зоригын хэрэг дээр ажиллаж байхад нь болиулсан байдаг юм Энэ нь түүний амиа алдах үндэс байсан байх Хэрэв үргэлжлүүлэн ажилсан бол хэрэг илрэх байсандаа Энэ хэрэгт Төрийн өндөр албан тушаалтан холбоотой байсан гэд гийг малыш Энхтүвшин Нинж нар ярьсан байдаг юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-22 08:30:20
    Г: Монголын цагдаагийн домогт хурандаагийн хүүгийн удирдлаган дор нь ажилдагтаа бахархаж явдаг даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-22 00:09:57
    Б. Мядагсүрэн: Монголын цагдаагийн сор болсон хурандаа байсан. Хуучны хүмүүс хүн чанар сайтай, дандаа өөрсдөө хөтөлж, үлгэр дууриалал болж ажиллана. Зааж сургана. Маш сайхан дурсамж бичжээ. Гэр бүлд нь аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 23:33:58
    Баттулга: хүү нь Эрдэнэболд хурандаа ч бас мундаг санагддаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 23:32:36
    Зочин: Нулимстай уншлаа. Үнэхээр агуу хүн байсан. Агуу юм бүхэн энгийн байдаг. Хүний дээд хайлан байсан юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 22:53:25
    Болд: Албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүнд гэмтэл авсан намайг ЦЕГн дарга байхдаа хүлээн авч уулзаж олон тулгамдсан ажил, амьдралын асуудлуудыг минь нааштайгаар шийдэж өгч билээ. Намайг өрөөнөөсөө гаргаж өгөхдөө халаасаа нэг үзээд түрүүвчээ нэг үзээд эмчилгээндээ нэмэрлээрэй гээд хувиасаа мөнгө өгч бсаан. Огт танихгүй хүмүүс шүү дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 22:50:51
    [зочин: Киног үзлээ. Хүйтэндүү царайтай жүжигчин тогложээ. Жамъянсэнгээ хурандаа залуудаа инээмсэглэсэн, жаахан буржгардуу үстэй, хурдан шалмаг, нилээд яаруу хүн байсан. Бид хамт ажилд явж байлаа. Их инээмсэглэж явдаг, гоё төрхтэй хүн байсан шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 22:28:06
    Содномын Оюунцэцэг.: Алтан төрийнхөө төлөө амь насаа үл хайрлах тангарагтаа үнэнч , хүний дээд сайхан хань, сайн аав , сайхан ч офицер байжээ. Уйлан хайлан уншив. Хань ,үр хүүхдүүдэд нь аз жаргал хүсьеэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 22:22:53
    Зочин: Жамиа хурандаа сайхан хүн байсан. Лав их энгийн, хүнийг дээр дор гэж ялгадаггүй, даргархаж, сүржигнэдэггүй хүн байсан. Ур чадвартай, мундаг мөрдөгч байсныг хүлээн зөвшөөрдөг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 21:45:57
    Хашка: Үнэхээр мундаг сайн цагдаа сайн хурандаа сайн дарга байсан гэж өвөө аав ах нараасаа сонсож байсан домог болсон энэ хүний тухай сонсоод би ийм л цагдаа болно доо гэсэн тэмүүлэлээр цагдаа болсон доо сонголт мань ч зөв байсан миний хувьд монголын цагдаа жинхэнэ лидер шилдэгүүдтэй багш шавь дарга цэрэг ах дүүгийн холбоотой болж их ч зүйл сурж их юм таньж мэдсэн дээ талархаж явдаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 21:26:25
    Gal: Ih saihan niitlel bn. Iim huntei ajillaj uzeh yumsan.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 21:24:27
    М.Хоролсүрэн: Эрхэм хүндэт хурандаагийн удирдлага дор ажиллах аз завшаан тохиосон ба түүний мэргэжлийн онцгой ур чадвар асуудлыг шуурхай шийдвэрлэх хурц цхаан хүнлэг чанарыг нь өнөөг хүртэл биширч дурсан явдаг. Нараа эгчид болон үр хүүхэд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 20:40:28
    Түвшин: Маш сайхан дурсамж уншлаа, гэр бүл үр хүүхдүүдэд нь сайн сайхныг хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 20:28:33
    Ас: Үнэхээр одоо үед ховор төрийн хар хүн байж дээ. Одоо нэг хүү нь Эрдэнэболд гэж монголын цагдаагийн бас нэгэн чадалтай, боловсролтой, мундаг хурандаа бий дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 18:06:51
    иргэн: ямар сайхан дурсамж вэ жинхэнэ домгуудын нэг байжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 18:03:22
    ЭЦГ-ын анхны инженер Шинээ: Дээр доор, сайн муу гэж ялгаварлаж харьцдаггүй, хүнлэг чанартай, мундаг дарга байсан шүү. Кинонд гарч буй станц, телефон аппарат, видео камерийн бэлэн байдлыг ханган, өдөр бүр харилцан уялдаатай ажилладаг байлаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 18:01:34
    иргэн: хурандаагийн түүхийг ингэж бичих ёстой цаг н. болсоон
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 17:50:56
    Баги: Энэ агуу хүний Цэрэг нь явсандаа одоо ч бахархдаг. Энэ нийтлэлийн үг өгүүлбэр бүр бодит үнэнийг өгүүлжээ. Эрүүгийн албанаасаа яваагүй байсан бол ч ...гэж заримдаа бодогддог доо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 17:47:43
    Т.Ганбат: Би хурандааг сайн мэдэхгүй. Авто сургуульд сурч Нарантуяа багшийн шавь болж авто хүлгийн хүрдэн жолоо, алтан шар замын босоо хийморийг 30 гаруй жил түшиж яваагаа бахархал, аз минь гэж боддог. Таньдаа эрүүл эн саруул сайхныг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 16:53:19
    иргэн : миний дарга их сайхан хүн бсаан дэггүй цэргээс нь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 16:50:39
    Б. Эрдэнэбат : Манай Нарантуяа багш өөрөө бас их сайн хүн шүү дээ. Таньдаа маш их баярлаж явдаг даа. Урт насалж удаан жаргаарай та минь...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 16:50:39
    Б. Эрдэнэбат : Манай Нарантуяа багш өөрөө бас их сайн хүн шүү дээ. Таньдаа маш их баярлаж явдаг даа. Урт насалж удаан жаргаарай та минь...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 16:27:26
    М.: Ховор сайхан хүн байж, нэг уулзаж үзэх юмсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 16:13:00
    Сүрэн: Үнэхээр сайхан хүн байсан шүү.хамт багагүй хугацаанд ажиллаж байж дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 14:43:51
    Гэгээ: Их эрт л домог мэт яригддаг бсан хүн.Зоригын хэрэгтэй холбоотой хорлосон ч байж мэднэ.дээрээс шидсэн чулуу бна.сайн ханьтай жаргасан азтай эмэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 14:43:50
    Гэгээ: Их эрт л домог мэт яригддаг бсан хүн.Зоригын хэрэгтэй холбоотой хорлосон ч байж мэднэ.дээрээс шидсэн чулуу бна.сайн ханьтай жаргасан азтай эмэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 14:09:10
    тттт: Үнэхээр сайхан кино . Жамъяансэнгээ хурандаа гэхээр надад ч их оирхон байдаг юм....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 13:23:58
    зочин: С.Болд-Эрдэнэ жүжигчин их адилхан харагдсан гэхэд нь өөрийн эрхгүй нулимс урслаа. Домогт агуу хүн байжээ, киног нь 3 ч удаа үзэж байсан. Зүрх мартахгүй номыг заавал уншина. Танд сайхан бүхний дээдийг хүсэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 13:11:50
    П.Мягмарсүрэн: Эрхэм хүний эхнэртэй хийсэн ярилцалгыг уншлаа. Хурандаагийн маань хүн чанар,ажилч хичээнгүй байдал нь нүдэнд харагдах шиг боллоо.Миний хувьд энэ хүний орон нутгийн нэг жирийн л цэрэг нь байлаа. Зүүнхараагийн ЦСАнгийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад нэг хэрэг Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэх болоод хэрэгтэнтэйгээ хэргээ аваад орой 8 болж байхад хотод орж ирдэг юм. За даа одоо дарга нар амарчихсан байна биз дээ гэсэн шүү юм бодоод ЭЦГ дээр хүнээ аваад ортол жижүүр нь- Дарга хүлээгээд байж байгаа хүнээ орхиод хэргээ аваад ор гэлээ. Би ч тэвдээд хувцасаа хам хум янзлаад л хэргээ барьсаар ордог юм. Гэтэл ширээнийхээ араас бочс ирсэнээ За сайн ирэв үү гээд гар барьсанаа суугаач гээд хэргийг минь аваад жаахан харж байсанаа нэг хүн дуудаад-За энэ хэргийг нь авч мөрд Асуух юм байвал Мягмарсүрэнтэй холбогдоно биз гээд гаргасанаа- Чи хоол унд олж идсэн үү гэж байна Би ч нэрэлхээд -Зүгээрээ гэтэл - Юуны зүгээр гэж алив хоёулаа гарья гээд намайг дагуулж гарсанаа жолоочоо ч дуул гэдэг юм. Хамт очсон жолооч бид хоёрыг маань дагуулан ЭЦГ-ын замын ард байдаг нэг ресторанд оруулдаг юм даа. Хоёулаа тэвдээд хоорондоо шивнэлдэж байтал зөөгч нь ххолны цэсээ өгөхөөр нь хоёулаа алт хямдыг нь л харж байгаад шөл захичихдаг юм Тэгсэн хурандаа- За бага нэрэлхээд байгаарай залуучууд гэсэнээ өөрөө аваад баахан хоол захичихаж битлээ. Тэгээд нэг хүн дуудаад- Би ажилтай боллоо Энэ хоёр нөхөрт хоолыг нь харж байгаад идүүлээд Автобаазаас шатахууныг нь дүүргэж өгөөд явуулаарай гээд- За баяртай гэж гар бариад гарч байсан даа. Хөдөөний цагдаагийн жирийн хоёр ажилтандаа ингэж сэтгэл гаргаж байсан хүн их л ховорхон харсан. Дараа нь хэд хэдэн удаа уулзаж үүрэг даалгавар авч ажиллаж байлаа. Сүүлд нь Прокурорт байхад нь нэг уулзсан чинь- өө Мягаа ажил нь сайн уу гээд л үеийнхэн ярилцаж байгаа юм шиг донтно уулзаж байсандаа хурандаа минь Иймл энгийн бөгөөд сүрдмээр ажилсаг хурандаа миний бас таних бүхний сэтгэлд үлдлсэн байна. Кино нь яг бодит амьдралаар нь хийсэн юм шиг байна лээ. Монгол цагдаагийн амьдрал ийм д дүр төрхтэй байдаг гэдгийг түмэнд мэдрүүлсэн сайхан кино болсон байна лээ. Одоо эрхэм хурандаагийнхаа хүүтэй л боломжтой үед нь харьцаатай л байх юм даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 12:53:33
    Эрдэнэдулам: Жамъянсэнгээ даргыг Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байхад нь амьдралынх нь сүүлийн 2 жилд удирдлагад нь ажилласан. Эхнэрийнх нь ярилцлагыг нулимстай уншлаа. Үнэхээр ховор хүний дээд чанар сайтай хүн байсан даа. Их зөөлөн боловч хаашаа ч гаргахгүй хайрцаглан барьдаг удирдагч байжээ. Мэргэжилтэнийхээ биеийн эрүүл мэнд, ахуй байдалд их анхаардаг ажлаа ямар түвшинд хийж байгааг нь шалгаад байхгүй ч мэдчихсэн байдаг байсан нь мэргэжилтэй нь холбоотой байсан байх. Ер нь ховорхон сайн хүн байсан даа. Хааяа санаанд ордог доо.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 12:43:31
    Х: Монголын цагдаагийн домог болсон бурхан шиг хүн сайтай дарша байсан даа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188