• Өнөөдөр 2024-04-26

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан

2022-02-24,   1519

          -ААВ МИНЬ ДУУРИЙН ДУУЧИН, БОКСЧИН, АДУУЧИН БОЛОХ ДӨХСӨН ЮМ БИЛЭЭ-

      Тэр ямар их боддог байсан гэнэ вэ. Хэдэн өдөр, сар жилээр хэнтэй ч юу ч ярихгүй бодолд автаад л хэвтдэг байж. Тэгснээ гэнэт ухасхийн босож, сахлаа авч, цамцаа солиод бичгийн машиныхаа ард суухад гэрийнхэн нь “Одоо л нэг юм гарах нь дээ” гэж догдолж, баярладаг байсан гэнэ. Заримдаа бүр хүлээдэг байсан байх. Тэр агшинд түүнд хэн ч саад  болохгүй. Бүгд чимээгүй болж, ном уншаад л сууцгаадаг байсан гэнэ. Ингэж л тэр “Говийн өндөр” роман, “Холын цэнхэр уулс” тууж, “Бууж мордох хорвоо”, “Оосор бүчгүй орчлон” өгүүллэг, “Өндөр ээж”, “Саруул талын ерөөл”, “Нар хиртсэн жил” кино зохиол, “Амарсанаа” дуурь, “Мартагдашгүй намар” болон “Хөдөөгийн баясгалан” киноны дуу, “Монгол” найраглал, “Сэргэлэн багачууд” гээд сод бүтээлүүдээ туурвидаг байжээ. Ингээд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров хэмээх эрхэм ямархан аав байсан, ямар замнал туулсан болохыг түүний охин Д.Маралгоотой ярилцсан юм.

-Таны аав ямар зан төлөвтэй хүн байсан бэ. Таныг хэрхэн хүмүүжүүлсэн бол?

   -Миний аав зөөлөн сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байлаа. Аав минь хүүхдэд их хайртай, хүүхдийг ойлгодог, орон зай, эрх чөлөөг нь хүндэлдэг хүн байсан. Би аавдаа зодуулах нь битгий хэл загнуулж үзээгүй шүү дээ. Бүхнийг өөрөөрөө  үлгэрлэдэг сайхн хүн байсан. “Ном унш. Онц сур” гэж зааж захирдаггүй байлаа. Тэглээ гээд биднийг буруу хүмүүжүүлээгүй. Нэг ёсондоо аавын минь биднийг хүмүүжүүлэх ухаан бусдынхаас өөр байсан болов уу гэж боддог. Аав минь надад их итгэдэг байсан. Түүнийгээ надад хэлээгүй  ч гэсэн би зөнгөөрөө мэдэрдэг байлаа. Тэр утгаараа аавыгаа гомдоохгүй, муу, муухай явж болохгүй гэдгийг гэр бүлийнхээ уур амьсгалаас мэдэрдэг байсан болов уу.

-Таны аав ямар орчинд өссөн бэ. Тэр хүмүүжлээрээ та бүхэнтэй харьцдаг байсан уу?

      -Аав минь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шороотын хөх овооны бууц гэх газар төрсөн. Аав минь өвөөтэй хамт өссөн юм. Өвөө аавыг тийм их хайранд энхрийлж, аавыг  хүндэлж, орон зайг нь бүрдүүлж өсгөсөн юм билээ. Өвөө хотод ирчихээд аавыг жаахан оройтоход “Хүү минь энэ их хотод төөрчих вий дээ” гээд цонхоор хардаг байсан гэдэг. Аав, ээж гэдэг хүүхдээ 50 хүрсэн байсан ч   нялхаар нь боддог байгаа биз.

-Тэгэхээр аавын тань Төрийн шагналт зохиолч болох хувь заяа өвөөгөөс нь  улбаатай байж мэдэх юм?

    -Харин тийм ээ. Өвөө аавын минь хүсэл мөрөөдөл, орон зайг нь бүрдүүлдэггүй байсан бол аав минь малчин  болох байсан юм бил үү, мэдэхгүй шүү дээ. Харин аавыг минь багаасаа бичих сонирхолтойг мэдэж, түүнийг нь үгүйсгээгүй нь учиртай. Аав минь Багшийн сургуульд багш мэргэжлээр сурч байгаад гуравдугаар дамжааны оюутан байхдаа сахилгагүй гээд хөөгдсөн гэдэг. Ингэж явахдаа аав минь дуурийн дуучин, боксчин, адуучин болох дөхсөн юм билээ. Тэгээд аавыг хөдөө гарчихсан адуучин болох гэж байхад нь Д.Сэнгээ гуай авчирч, сургуулийг нь төгсгөсөн гэдэг. Тэр үед аав хөдөөнөөс ирэхдээ зохиолч болох ёстой юм байна гэдгээ бүрэн ойлгочихсон байсан болов уу гэж боддог.

-Зохиолчдын бичиж, туурвих арга барил ялгаатай байдаг. Таны аав зохиол бүтээлээ хэрхэн бичдэг байв?

     -Аав минь зохиолоо бичих гэж маш удаан боддог байлаа. Ер нь толгойдоо биччихээд дараа нь буулгадаг байсан гэхэд болно доо. Буулгасан зохиолд нь засвар бага ордог байсан. Мөн аав минь говийн хүмүүсийн талаар бичдэг, хөдөөний амьдралын талаар бичдэг байсан нь бусдаас ялгардаг байсан болов уу. 

-Аав нь дуунд дуртай хүн байж ээ. Зохиол бичээгүй, зохиолын санаа бодоогүй үедээ юу хийдэг байсан бэ?

     -Чөлөөт цагаараа номын дэлгүүр орох, гадуур алхах дуртай байсан. Зохиолчдод өмнөх зохиолоосоо, зохиолын санаанаасаа гарах, дараагийн зохиолоо бодох мөч их чухал байдаг юм шиг санагддаг. Тэр үедээ ээжтэй кино үздэг байсан. Тэд үзсэн кино, уншсан ном бүхнээ хоорондоо ярилцдаг, зөвлөлддөг байлаа. Аав заримдаа ээжээс санаанд нь орж ирэхгүй байгаа үгээ асуудаг байсан юм.

-Танд аавыгаа баярлуулсан мөч бий юү. Аавыгаа баярлуулж чадсан гэж боддог уу?

      -Төрөхдөө л баярлуулж байсан байх. Түүнээс өөр мэдэхгүй, ер нь хэцүү шүү дээ. Би сургуульд орохоосоо өмнө үсгүүдээ мэддэг, бараг уншдаг байсан. Тэгээд аав ээжийг Америкт байхад нь захиа бичдэг байсан юм. Тэр  үед нь “Би захиа бичнэ” гэж аавыгаа дуурайдаг байсан байх. Тэгээд бичгийн машин дээр цохиж сурсан. Нэг удаа аавыгаа баярлуулъя гэж бодоод нэг зохиолыг бичгийн машин дээр бушуухан цохьчихоод аавдаа үзүүлтэл, цогцолбор, догол мөр авалгүй шууд үргэлжлүүлээд биччихсэн байсан. Гэхдээ тэр үед аав минь надад их баярласан байх. "Ингэж бичдэггүй юм аа, миний охин" гээд түүнийг засаж байсан юм.

    Мөн үүнээс гадна аавд оросын их чамин гоё цаг байсан. Аав түүндээ хачин их хайртай. Нэг нь удаа түүнийг нь дээш шидэж тоглож байгаад хагалчихсан. Тэгээд байсан газар нь сэмээрхэн тавьчихаад бурхандаа мөргөж байтал аав нөгөө өрөөнөөс ороод ирсэн. Намайг тоглож байгаад чимээгүй болчихоор цагийг нь хагалчихлаа гэж мэдсэн байх. Тэгээд намайг мөргөж байгааг хараад юу ч хэлээгүй. Тэр үед би хамгийн хайртай цагийн нь хагалчихсан болохоор аавыгаа загнах байх л гэж бодсон. Загнаагүй өнгөрсөн нь надад их хэцүү байдаг. Энэ тухайгаа сүүлд ярихдаа “Нэгэнт буруугаа ойлгоод гэмшчихсэн бурханд мөргөж байгаа  хүүхдийг дахиж загнаад яах вэ дээ гээд” уярсан гэж ярьж байсан юм.

-Танайханд аавынхаа, өвөөгийнхөө мэргэжлийг өвлөсөн хүүхэд бий юү

      -Би хоёр ахтай. Том ах минь сэтгүүлч мэргэжилтэй хэдий ч хувиараа ажилладаг. Бага ах минь аялал жуулчлалын компанитай. Би хуульч мэргэжилтэй. Гэхдээ бид аавынхаа мэргэжлийг өвлөж, зохиолч болоогүй ч гэлээ бүгд ном уншдаг, уран зохиолд хайртай. Багаасаа номын ертөнцөд, уран зохиол, урлагтай ойр өсчихсөн учраас ном унших, сонирхох нь их. Ач, зээ нар нь бага байгаа учраас одоохондоо мэдэгдэхгүй байна.

-Та хүүхэд байхдаа зохиолч болно гэж боддог байв уу?

      -Багадаа “зохиолч” болно гэж аавынхаа хажууд "Шүлэг бичиж байна" гээд саад болдог байсан. Аавыгаа бусдад хүндлэгдэж байгааг хараад "Зохиолч хүн ямар сайхан юм бэ. Үргэлж бусдад хүндлэгдэж, магтуулж байх юм” гэж ааваараа, аавынхаа мэргэжлээр бахархдаг байлаа. Гэхдээ зохиолч хүн ямар байдаг, ямар байх ёстой вэ гэдгийг мэддэг болохоор том болоод зохиолч, уран бүтээлч болно гэхээс айдаг болсон доо. Багадаа аавтай кино театр, Зохиолчдын хороо их ордог байсан даа. Тэгээд аавынхаа  хамгийн хайртай үзгээр нь бичдэг, хамгийн гоё цаастай дэвтэр дээр нь зурчихдаг байсан. Гэвч аав минь огт уурлахгүй. Харин баярладаг байсан ч байж мэднэ. Аавын минь өдрийн тэмдэглэл, зохиолын санаа, хурлын тэмдэглэл, бодлоо тэмдэглэж байсан дэвтрүүд нь бий. Тэднийг одоо эргүүлээд харахад ямар сайхан гэж санана. Тэр дунд нь миний зурсан зураг байх бүр сайхан, дурсамжтай санагддаг. Аавынхаа бүтээлийн ажлыг нь эмхэлж, цэгцэлж байгаад дутуу хоёр өгүүллэг олсон.

-ААВ МИНЬ ТАЛ ЦУС ХАРВАЧИХААД, БИЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙХДАА ДУУНЫ ШҮЛЭГ САНААНД НЬ БУУВАЛ  ЭЭЖИД ХЭЛЖ, БИЧҮҮЛДЭГ БАЙСАН-

-Таны аав ямар шалтгааны улмаас бурхан болсон бэ?

      -Аав минь тал цус харвачихсан юм. Тэр үедээ сэтгэл санаагаар их унаж байсан. Ээжид ч хэцүү байсан. Аавыг хэвтэрт ороход манай гэрт ээжээс өөр ажил хийж, мөнгө олох хүн байгаагүй. Тиймээс ээж минь хоёр ажил хийж эхэлсэн. Өглөө нь оюутнуудад хичээл орж, өдөр нь “Еаgle” телевизэд орчуулагчаар ажиллаж байгаад орой нь аавыг асарч, иллэг хийж өгдөг байсан. Тэр үед ээж аавд “Хүний тархи, оюун ухаан гэдэг агуу юм байна. Чи түүнийхээ маш бага хувийг ашигласан. Үлдсэн нөөц боломж, авьяасаа заавал ашиглах ёстой. Чи заавал босох ёстой” гэж зоригжуулдаг байсан. Тэгээд аав аажимдаа алхдаг, ярьдаг болсон ч бичиж чадаагүй. Хамгийн сүүлд “Дууны шүлгийн санаа орж ирээд байна” гэж ээжээр бичүүлж байсан. Тэр шүлгийг нь дуу болгочихвол гоё  ч юм уу гэж боддог юм. Хүнд хэлж бичүүлсэн нь тэр болохоос өөр олон шүлэг, зохиолын санаа төрж, бичмээр санагдаж, амь нь тэмцдэг байсан болов уу гэж аавыгаа өрөвддөг юм. Аав нэг хэсэг гайгүй тэнхэрсэн. Тэгэхэд нь бид баярлаад “Дараа жилийн зун бүгдээрээ Дэлгэрхангай явна” гэж ярьж байсан. Тэгээд долоо хоногийн дараа аав минь бурхан болсон доо.

-Таны ээж аавд нь чадах бүхнээ зориулж, ханийнхаа үүргийг сайн биелүүлжээ?

      -Харин тийм ээ. Аав ярьдаг болсныхоо дараа бидэнд “Хүний хань гэж ийм л байдаг юм даа” гэж ээжид баярлаж, уйлж байсан санагддаг. Тэр үед ээж аавд нэг ч удаа “Чамаас болж хоёр ажил хийж байна. Ядарч байна” гэж  муухай үг хэлж байгаагүй. Ядарсан ч ядраагүй юм шиг царайлж, бидний төлөө, аавыг тэнхрүүлэхийн төлөө зүтгэсэн дээ. Хэрвээ ээж аавыг тэгж зоригжуулж, сэтгэлийг нь өргөөгүй бол аав минь бүр хурдан биднээс явах байсан биз. Одоо ч би аавыгаа өдөр бүр санаж, боддог. Гэвч миний хийж чадах зүйл ном, зохиолыг нь арвижуулах, олон түмэнд хүргэх, бүтээлүүдийг нь нандигнан хадгалж, хүүхдүүддээ уншуулах юм даа. Удахгүй аавынхаа шүлгийн номыг нь гаргахаар төлөвлөж байгаа. Олон түмэнд хүрээгүй олон шүлэг бий.


АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-02 20:56:15
    Ddavaa: Talking tuhai shulgees mini Taaniin under hanhlahgui bol Bichsen ter mani shuleg ch bish Bi we're nairagch ch bish gej 1966 one unshij baisniig ni sanaj baina Bas "Banzragch"...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-02 13:29:40
    Зочин: Сормуунирш 24 хуруутай гэсэн утгатай гэж ярьдаг байсан үнэн болов уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-20 14:41:40
    иргэн: сайхан хүний талаар сайхан ярилцлага уншлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-20 12:01:37
    Гомбын Нарантуяа : Ямар Аугаа хуний тухай уншив даа, Дашдооров гэж тэр сайхан хун, мон ч мундаг сайхан зохиолч байсан даа, Говийн ондор гэгч зохиолыг нь уншчихаад ийм ухаантай угийн яруу тансаг, монгол хэлний сайхан, монголчуудын амьдралыг яаж ингэж сайхан бичдэг юм болдоо гээд биширч байж билээ, Оноодор их сайхан одор Байна, сайхан хуний тухай ярилцлага уншлаа, Охинд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайханыг хумэн ероое дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-20 10:46:43
    zochin: Мундаг ухаантай охин байна, миний охин Шинэ монгол сургуульд сурдаг. 7-р ангидаа зохиолч С.Дашдооровын нутгаар аялаж ирээд шүлэг бичих сонирхолтой болсон санагдаж байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188