• Өнөөдөр 2024-04-26

Б.Баатар найруулагчийн гэргий Н.БАЯРСАЙХАН: Ханьтайгаа хамт баярлаж, уйлж, хэрэлдэж, хөтлөлцөж уран бүтээл дунд нь амьдарсан

2022-02-04,   29626

    Монголын театр урлагийн нэрт найруулагч Б.Баатар агсны урлагт хэрхэн амьдарсан, чухам хэн байсныг түүний эхнэр Н.Баярсайхантай ярилцлаа. 

-Та ханьтайгаа 35 жил амьдарсан юм билээ. Ханийгаа ямар хүн байсан гэж ярих вэ?

      -Б.Баатар надтай айл гэр болсон цагаас хойш ар гэрийнхээ бүх амьдралыг надад даатгачихсан. Хүүхдүүд нь хоолтой байна уу, үгүй юу, мөнгөтэй байна уу үгүй юу, хүүхдүүд нь хичээлдээ явсан уу, үгүй юү юу ч мэддэггүй байсан. "Б.Баатар чухам хэн байсан юм бэ" гээд бодоход бусдын нөхөр шиг дэлгүүр хэсэж, тор дүүрэн чихэр, жимс бариад ирдэггүй, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж үзээгүй. Хийсэн хоол голчихоод, сайхан бол идчихээд л, юу ч дуугарахгүй өрөөндөө бодолд автан хэвтдэг байсан. Тэгэхээр нь “Чи өрөнд баригдсан хүн шиг хаашаа юм. Гөлийгөөд л суух юм” гэхээр “Найруулах жүжгээ бодож байна” гээд л  мөнхийн бодолд автаж суудаг байсан. Харин ууж, идэж, наргиж цэнгэсэн үедээ түүн шиг чалчаа хүн үгүй. Бусдыг “Суу, бос, ор, гар” гээд л захирдаг зангаараа. Харин энгийн үедээ яргавар, их зантай, эрхэмсэг нэгэн байлаа.

-Танд ар гэрийнхээ бүх амьдралыг даатгачихсан байжээ. Түүний мөнхийн хүсэл, зорилго нь уран бүтэээл байж таарах нь ээ?

     Хань минь “Би чамд бүхнээ даатгасан, итгэсэн, сайн эхнэртэй байсны гавьяаг мэдэрч явна” гэж хэлдэг байсан. Хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурддаг байв. Тэгэхээр надтай 35 жил ханилахдаа мөнгө олж амьдралаа дээшлүүлж, том машин унаж, хаусанд амьдарч үзье гэж бодож үзээгүй. Тийм болохоор хүний иддэггүйг идэж, өмсдөггүйг өмсөж, аялж, зугаалж байгаагүй. Энэ нь ч түүний хүсэл, мөрөөдөл биш байлаа. Харин түүний цорын ганц мөрөөдөл нь  “Цахлайг яаж гоё найруулах вэ, “Амьгүй албат”-ыг  яаж амь оруулах вэ” гэж л бодол, сэтгэл бүхнээ зориулдаг байсан. “Илүү юм эзэндээ гарзтай”, “Байгаадаа сэтгэл хангалуун бай” гэдэг зарчимтай хүн байсан шүү дээ.  Мөнгө олох, арвижуулах, хураах ухаан бид хоёрын хэнд нь байсангүй.

-Тэгэхээр та ч бас амьдралын элдэв зүйл, эд баялагт санаа зовохгүй ханийнхаа ажлыг нь ойлгож, дэмждэг байжээ?

      -Тийм, ээ. Хүн ханиа л дагаж дуурайж нэг хүн шиг болдог юм байна. Ханийнхаа уран бүтээлийг дэмжиж, анхны үзэгч нь болж, хамт баярлаж, уйлж, хэрэлдэж, хөтөлцөж уран бүтээл дунд амьдарсан. Түүнээс эд баялаг дунд амьдарч үзээгүй. Бид ингэж л сэтгэлийн амар амгаланг эдэлж, түүний найруулсан жүжгээс эрч хүч авч жаргалтай амьдарсан. Харин нөгөө талаас нь бодоод үзье гэвэл, ар гэртээ анхаардаггүй, арчаагүй хүн байсан юм болов уу даа гэхээс өөр муу бодол төрөхгүй юм. Хань минь тийм л үнэнч, шударга, авьяастай, мэдрэмжтэй ховор хүн байсан даа.

-Та Б.Баатар найруулагчийн бага насных нь тухай ярьж өгөөч. Тантай багийнхаа тухай хэрхэн хуучилдаг байв?

   -Хань минь 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүний аав, ээж нь Увсынх. Аав нь инженер, ээж нь эмч мэргэжилтэй. Аав нь залуудаа бурхан болсон гэдэг. Харин түүний ээж 80 гаруй настай эмээ бий. Хань минь эцэг эхээс дөрвүүлээ, айлын том хүү. Ээжийгээ хоёрдугаар дамжааны оюутан байхад нь мэндэлсэн болохоор өвөө, эмээтэйгээ өссөн гэдэг. Тухайн үед өвөө нь 17 дугаар цэцэрлэгийн манаачаар ажилладаг байсан юм билээ. Өвөөтэйгөө хамт түлээ хөрөөдөж, эмээгээ ажлаас нь ирэхийг хүлээгээд гэртээ ордоггүй ажлынх нь гадаа, гэрийнхээ гадаа тэвэг, бөглөө, хөл бөмбөг тоглоод хүлээдэг байсан гэдэг. Багасаа хичээлдээ сайн, ой сайтай хүүхэд байсан юм билээ. Түүний бага нас “Ардын эрх”, “100 айл”, “Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр” орчмоор өнгөрсөн гэдэг.

      Тэр гуравдугаар сургуулийг төгссөн юм. Арван жилийн сурагч байхдаа шүлэг, зохиол унших дуртай хүү байсан гэдэг. Тухайн үедээ үндэсний телевизэд “Болжмор” сэтгүүл уншдаг, радиогийн хөгжмийн редакцад “Хөгжмийн оньс тайлагч” нэвтрүүлгийг хөтөлдөг телевизийн талаар жаахан мэдлэгтэй байсан гэдэг. Тэгээд сургуулиа төгссөний дараа сахилгагүйгээсээ болж сургуульд яваагүй юм байна лээ. Харин Кино үйлдвэрт туслах найруулагч болж, 15 баримтат кинонд туслах найруулагчаар ажиллаж байсан. Тэр үед Содном, Жамьян, Долгор, Юндэндорж, Хишигт зэрэг найруулагчийн туслахаар хоёр жил ажилласан гэдэг. Тухайн үед кино үйлдвэр, телевизэд ажиллаж байсан туслах найруулагчдын дунд конкурс зарлаж, түүнд тэнцээд Киевийн театр урлагийн дээд сургууль явах эрхтэй болж, түүний ажил амьдралын гараа эхэлсэн юм билээ.

-Тантай учрах тавилан нь “Сахилгагүйгээсээ болж сургуульд яваагүй” гэх шалтгаан байж дээ?

     -Бид хоёр 39 жилийн өмнө Украйны Киев хотод танилцаж байжээ. Хань маань Театр урлагийн дээд сургууль, Би Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийн оюутан байж. Бид гуравдугаар дамжааны оюутан байхдаа танилцаж, хамт жүжиг үзэж дотноссон. Гэхдээ Хань маань “Гэргийгээ вокзалаас олсон” гэж ярьдаг байсан. Учир нь, намайг эгчийгээ гаргаж өгч байгааг нь хараад дурлаж, мартаж чадаагүй гэдэг. Хожим “Нүдэнд дулаахан сайхан охиныг хараад мартаж чадаагүй, харин ханилсан” хэмээн ярьсан байдаг шүү дээ. Киев хотын Хрещатикийн гудамж, Богдан Хмельницкийн хөшөө тэнд л тэдний залуу нас, анхны хайр, мартагдашгүй дурсамж гэрэлтэж байгаа даа.

-Та сайн хань байж чадсан уу. Амьдралын хэцүү бүхнийг хэрхэн туулж байв?

     -Бид 1985 онд нутагтаа ирж, хуримаа хийсэн. Бидний ууган охин Б.Маралгоо 1987 онд, хүү Б.Энхжин нь 1992 онд төрсөн. Хань маань “Би мэргэжил, хань хоёроо зөв сонгосон. Бусад нь цул алдаа. Би алдаан дунд амьдарч байгаа” гэж өөрийгөө ярьдаг байсан. Гэвч бид учирснаараа учирч хүний амьдралын зовлон, жаргал бүрийг туулсан. Эцэг, эх, үр хүүхдээ хүртэл алдаж үзсэн. Гэвч нэгнээсээ урваж, шарваж байгаагүй. Бид хэн хэнийхээ хувьд сайн хань байж чадсан. Надад уйлсан, аргадуулсан, гомдсон,  дуугаа хураасан үе зөндөө байсан. Бид хүний амьдралд тохиолддог бүхнийг үзсэн, даван туулсан. Би ханиасаа айх үедээ айдаг. Догшрох үедээ догширдог, тэсэж байгаад дэлбэрдэг, хоол ундаар нь боож буулгаж авдаг байсан шүү дээ. Хань маань хүүхэд шиг гэнэн итгэмтгий, муу санаагүй. Цалингаа авчихаад баярлаж байгаа нь, ач нарыгаа эрхлүүлж буй нь яг л хүүхэд шиг. Харин сонгодог жүжиг найруулж байгааг нь бодохоор “ямар айхавтар хүн бэ” гэж бодмоор. Тэгж л ажил, амьдралаа ялгаж, хувирч чаддаг хүн байсан даа. 

-Хань нь хамгийн сүүлд танд юу хэлсэн бэ?

     -Хань минь хамгийн сүүлд “Намайг өөрчлөөгүй байгаагаар минь хайрласанд баярлалаа” гэж хэлсэн. Тэр маань “Би ямар ч найзгүй. Чи бол миний найз” гэж ярьдаг байсан.

-Таны хань урлагт “Үнэн амьдар” гэж хэлсэн байдаг. Өөрөө ч төрөлхийн авьяастай, урлагийн төрсөн хүн байж дээ?

      -Хань минь урлагийн төлөө төрсөн. Урлагт өөрийгөө зориулсан, үнэн байж чадсан. Тэр ажил, мэргэжлийнхээ боол нь болж үзээгүй. Хамгийн хэцүү мэргэжлийг сонгосон. Тэр дандаа уншдаг, эрэл хайгуул хийдэг. Гэхдээ ямар ч ном, зохиолыг дуустал нь уншиж үзээгүй. Эхлэл, өрнөл, төгсгөлийг нь харчихаад л бүхнийг ойлгочихдог, мэдрэмжтэй, авьяастай гэнэ байсан. Кино, жүжиг үзэхдээ ч адил эхний 5-10 минутыг нь үзчихээд л “Төгсгөлийг нь харчихлаа” гэдэг байсан. Ер нь найруулагч хүн  “Чи тэндээс тэгж алхаж гарч ир” гэхээс илүү жүжгийн турш ямар ая, эгшиглэх вэ гээд хөгжмийн зохиолчтой, ямар хувцас өмсөх вэ гэдгийг оёдолчинтой, тэгээд зураач, жүжигчид, зохиолчтой ажилладаг болохоор өргөн мэдлэгтэй байхаас өөр аргагүй. Тухайлбал, гэрлийн өнгө будаг бүрийг мэддэг байх ёстой. Тэр бүх хүнийг баг болгож ажиллуулдаг учир би ханийгаа сайн баг бүрдүүлж чаддаг, сайн удирдагч байсан гэж боддог. Түүнд авьяас, авьяас, авьяас, удирдах чадвар байсан. Тиймээс тэр алдартай найруулагч болж, бусдаас илүү амжилт гаргасан болов уу. Тэр аливаа жүжгийг яаж найруулах вэ гэдгийг мэддэг, мэргэжилдээ эзэн болсон хүн. “Энэ жүжгийг яаж найруулах вэ” гэж хэнээс ч асууж үзээгүй. Өөрийнхөө хүссэнээр бүхнийг хийдэг, чаддаг.  Хэнд ч тайлан тавьдаггүй байв. Тэр ч утгаараа түүний уран бүтээл хийх хүсэл, мөрөөдөл дандаа биелж байсан. “Гургалдайн дуут шөнө”, “Гарваа” жүжгээрээ олондоо танигдаж, өөрийгөө олж, “Цахлай”, “Кихот ноён”, “Худалч эгч”, “Мануухай”, “Босго”, “Цэргүүд”, “Сэрүүн зүүд”, “Адууны түүх” зэрэг олны хүртээл болсон уран бүтээлийг найруулж, ерөнхий найруулагч болж байлаа. Харин сүүлд эрүүл мэндийн шалтгаанаар ерөнхий найруулагчийн ажлаа өгч, найруулагч болж байсан.

-Ханийг нь УДЭТ-ын эзэн хаан байсан гэж ярьдаг юм билээ. Бидний шүтэн биширдэг жүжигчдийг цол хэргэм ялгалгүй загнадаг гэж сонссон. Энэ тухай ярьж өгөөч?

       -Хань минь “Би чадна, би л найруулж чадна” гэдэг өөрийгөө мэдэрсэн хүн байсан. Тэр хэний ч эрхшээлд орж бөхөлзөж үзээгүй, бардам, эрхэмсэг хүн байлаа. Өөртөө маш итгэлтэй, зоригтой. Өөрийгөө мэдэрсэн, өөрийгөө олсон цаг хугацаандаа уран бүтээлээ эхлүүлж, УДЭТ-ын номер нэг найруулагч, удирдагч нь болж чадсан юм. Тэр хоцорсон, буруу юм хийсэн, үгэнд нь ороогүй хэнийг ч бэлтгэлд оруулдаггүй байсан. Бүр их  уурласан үедээ тэднийгээ үгийн муухайгаар дуудаж, хөөж явуулдаг, гомдлоо барагдтал, сэтгэлээ онгойтол “асдаг” байсан. Тэгснээ маргааш нь хөөж явуулсан хүмүүстэйгээ  юу ч болоогүй юм шиг инээсээр уулзаж “Алив, 100 грамм байна уу” гээд дотносдог эгэлийн эгэл нэгэн байлаа. Тиймээс тэр сэтгэл, зүрхэндээ хоггүй, хар санаа нуулгүй амьдарч чадсан шиг санагддаг.

 

-Түүний эрүүл мэндийн шалтгаан нь юу байсан бэ?

       -Хань маань түнх, хөл нь өвдөж, үүний улмаас чихрийн шижинтэй болж сүүлчийн жилүүдэд эмчилгээ хийлгэж байсан. Тэрээр  БНСУ-д түнхний үе солих хагалгаанд орсон ч  таягаа хаяж чадаагүй.Тийм учраас театрын том албан тушаалд ажиллах нь хэцүү санагдсан байх.

Хань нь өөрийнхөө ямар уран бүтээлд ханаж, түүндээ баярлаж байсан бол?

             -Тэр үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлээс гадна 20 гаруй радио жүжиг таван дэлгэцийн бүтээл туурвисан Монголын сор уран бүтээлч байлаа. Хань маань ихэвчлэн үзэгчдийн таашаалд нийцсэн сонгодог зохиолд ажилладаг найруулагч байсан. Аливаа жүжиг 1:30 минут үргэлжлэх байлаа гэж бодоход эхнээсээ дуустлаа найруулагчид ч тэр, үзэгчдэд ч таалагддаггүй юм билээ. Харин жүжиг дуусахад ганц дүрс, ганцхан хэсэг нь л найруулагчийн сэтгэлд бүрэн нийцэхэд “Бид чадлаа” гэж баярлаж, түүндээ дурладаг юм билээ. Хань минь “Цахлай” жүжгийг найруулчихаад өөртөө тэгж их баярлаж, бахархаж байсан юм. “Отелло” жүжгийг Д.Сосорбурамтай гоё найруулсан. “Гарваа” жүжиг нь 1985 онд монголын үзэгчдийг байлдан дагуулж байлаа.

-Тэгвэл түүний сэтгэлд хүрээгүй ямар жүжиг байдаг бол. Тантай хамт үзэгчдийн суудлаас уран бүтээлээ үзэж байв уу?

       -Хань маань жүжгийн нээлтээ огт үзэж чаддаггүй байсан. Бүр тайзны ард байж чаддаггүй байсан. Энэ тухай нь асуухаар “Ерөөсөө болдоггүй юм. Яагаад гэдгийг нь хэлж мэдэхгүй юм” гэдэг байсан. Тэгээд л жүжиг тоглож байхад өрөөндөө эсвэл бусдын өрөөнд тамхиа баагиулаад суудаг байсан юм. Харин жүжиг дууссаны дараа “Ерөнхий найруулагч Б.Баатар” гэж зарлахад хоёр, гурав дуудуулж байж гарч ирж ёсолмоор болдог. Заримдаа найруулсан жүжигтээ “дургүй хүрлээ”, заримдаа “би ч алаад хаячихлаа” гэсэн үе ч байдаг юм билээ. Хань минь “Адууны түүх” жүжгийнхээ төгсгөлийг хийж чадаагүй. Түүнд их сэтгэл дундуур байсан. Гэхээ би ханийгаа Драмын театрын номер нэг  найруулагч байсан гэдгийг бардам хэлнэ.

-Таны ханьд биелүүлж чадаагүй зүйл байсан болов уу?

     -Хань минь хүн болсныхоо гавьяаг өөрөөрөө баталж, өөртөө эзэн байж чадсан. Хэдий богино хугацаанд амьдарсан ч гэлээ өөрийнхөө орон зайг бүтээж  чадсан. Гэвч тэр хоёрхон мөрөөдлөө биелүүлж чадалгүй хорвоогоос буцсан. “Лир ван” жүжиг найруулах, нөгөөх нь АНУ-д суугаа охин дээрээ очиж байсан юм. Одоо би түүний тухай бодохдоо “Хэрвээ байсан бол тэгэх байсан, ингэх байсан” гэж төсөөлж бодохоос зайшгүй сууна. Гэхдээ тэр маань удам залгах хоёр ач охиноо үзсэн, өлгийдсөн, эрхлүүлсэн. Магадгүй тийм болохоор харамсах, санаа зовох зүйлгүй буцсан байх. Бид “Баатар найруулагч” сан байгуулж жил бүр нэгдүгээр сарын 29-нд дурсдаг. Энэ жил эрдэм, шинжилгээний хурал хийж, эрдэмтдийн дунд яриа өрнүүлэхээр ярилцаж байна.

    Б.Баатар найруулагчийн гэргий Н.Баярсайхан “Ханийгаа өдөр, шөнөгүй бодоод уйлаад байх нь гайгүй болсон. Харин одоо театрт ямар жүжиг тоглож байна, хэн найруулсан байна гэдгийг л хардаг болж. Тэгээд л хань минь байсан бол өдийд “Лир ван” жүжгийг найруулчихсан байгаа даа. Эсвэл "Төсөв санхүүг нь харж суусаар байгаад бүтээгүй ч байх юм болов уу” гэж яг найруулах гээд хүлээж суугаа хүн шиг догдолж, боддог юм. Ер нь эхнэр хүн нөхөртөө л хоол хийдэг юм байна гэдгийг ханиасаа хойш л мэдлээ дээ” хэмээн бидний яриа энэ удаад өндөрлөсөн билээ.

 

 


Б.Баатар найруулагчийн гэргий Н.БАЯРСАЙХАН: Ханьтайгаа хамт баярлаж, уйлж, хэрэлдэж, хөтлөлцөж уран бүтээл дунд нь амьдарсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 20
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-13 13:03:50
    zochin: neg surguuliinch , tegeed chaana l neg ich medremj baij ter n urlagiinch l baij , ymar ich ert chorvoog orchiv!, ug n zondool saichan uran buteel chiich baisan schuudee , charamsaad barschgui ! , ar gert n sain saichniig chusen erooe!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-13 11:23:04
    Н.Болд: Бид нэг үеийн хүүхдүүд 3р сургуульд параллель ангид суралцаж байсан Баатар маань шүлэгч нэртэй урлаг уран сайханч удирдагч тэргүүний сурагч байсан манай үеийнхэн бүгд мэднэ бахархаж байна сайн найруулагч байсан...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-12 09:28:14
    Бааяа эгч: Би авга эгч нь Миний сэтгэл санаа vргэлж дvvтэйгээ хамт байсан дvvгээрээ бахархаж ахын минь хvv гэж хvмvvст танилцуулдаг одоо ч хэвээрээ Баатарын сайхан ээж аав нь маш ухаантай хvнийг ойлгодог ах дvvсэг ажил мэргэжилдээ чадвартай Аав ээжийнхээ ах дvvсийнхээ хайр хvндлэлийг дааж чаддаг сайн хvv Хэзээч сэтгэлд уяатай байдаг юм Хайртай дvvгийнхээ сайн хань,vр ач нарт нь сайн сайхан бvхнийг хvсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-12 06:32:48
    зочин: Аав Ховдынх манай эмээ, өвөөгийн ойрын хамаатан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-12 04:11:36
    3р сургууль: Сургуульд байхдаа шооч хөгжөөнтэй сэргэлэн жаахан танхайдуу ах байж билээ. Манай сургуулиас гарсан театр урлаг ын 2 хүний нэг. Нөгөө нь театрын зураач...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-12 04:07:00
    3р сургууль: Сургуульд байхдаа шооч хөгжөөнтэй сэргэлэн жаахан танхайдуу ах байж билээ. Манай сургуулиас гарсан театр урлаг ын 2 хүний нэг. Нөгөө нь театрын зураач...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-11 18:16:56
    Нямаа: Ил цагаан шулуухан хэлчдэг сайхан сэтгэлтэй аливаа юманд чин үнэнчээр ханддаг хүний дээд байсан санагддаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-11 17:47:14
    Баясаа: Халгиж ,цалгиж, дэвэрч асгарсан аугаа их авьяас байлаа даа хөөрхий.Би аавтай нь цуг ажиллаж байхад хүү маань( Баатар ) машин авч өгсөн гэж бахархалтайгаар ярьж байсныг санаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-11 17:01:28
    Дэлгэрцэцэг: Ханиа алдах хэцүү.Бич биеэрээ үзэж бна.Ханийхаа хийж байсан бүтээнэ гэж ярьж бсан зүйлийг гүйцээх сэн гэж боддог.Та ч гэсэн адил бодолтой явдагт маш их баярлаж бна.Баатар бол агуу хүн байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-10 15:02:41
    С.Мөнхдэлгэр: Улсын маань ууган сургуулийн сурагч,Улаанбаатар хотын Пионерийн штабын командлагч,түүхт ой,томоохон үйл явлын баяр хүргэлт,концертын уран уншигч,хөтлөгч сэргэлэн цовоо нь нүднээ илэрхий авьяаслаг хүүгээ багш нь дурсан хүндэтгэж үгүйлэн санагазсаар явдаг.Ажил амьдралын урт замд алсаас харж сонсч бахархаж явсаар Монголын Радиогийн том албанд байхад нь уулзахаар очиход яг л хүүхэд байсан зан төрхөөрөө уулзан баярлаж -Багш минь та шадьдаа утсаар л үүрэг өгөх ёстой ш дээ.Би яв цав биелүүлэх ёстой байхгүй юу? гэж байсныг дурсахад УГЗ.нэрт найруулагч Баатар минь ямар хүн байсан нь сэргээгдэнэ.Сайхан гэргий,үрсүүдэд нь сайн үйлс саруул замыг бэлгэдье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-10 12:19:37
    Zochin: Mundag nairuulagch bsan. Margah ymgui mash chadvartai nairuulagch bsn daa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-10 06:36:07
    Баасансүрэн: Баатар найруулагч гэж айхтар догшин зантай, чадалтай найруулагч хүн гэж л ойлгогдож явлаа. УМ САЙН АМГАЛАН ОРИШТУГАЙ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-10 00:14:21
    1212: Sain n tyryyleed yavchih yumdaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-09 23:35:36
    Зочин : Аав ээж нь увс хяргас талын улсууд даа боловсорлын яамнд мэргэжилтэн хйидэнг байсан гавяат багш Цэпил ахтайгаа мөнч алилхан шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-09 22:52:01
    Доржсүрэн: Сайн нь л явчих юмдаа гэдэг үгийг их ч сонслоо их ч боддог ...яагаад....бид дэргэдээ байхад нь мэдэрдэггүй болтой ...өнгөрсөн хойно нь л яалт ч үгүй дутагдах үед нь л их мэдэрдэг болтой....бүх юмаа тёатр урлагт зориулсан хүн....сайн ханьтай тулдаа л бас тэр тёатрт орон зайгаа тунхагласан ...Сайханаа эгчдээ эрүүл энх саруул сайханыг хүсье ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-09 16:39:30
    Зочин: Үнэхээриин мундаг найруулагч ил цагаан хатуу үгтэйч эр хүн. Шиг эр байсан даа Радиод хөх судар монголын нууц товчоог найруулж алтан Гунгаа гуай уншиж бсан санагдаж бна сайхан хань үр хүүхдүүд хөөрхөн ач зээ нарт хамгиин сайхныг хүсиии
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-09 14:16:48
    Ах: Дамдин гуайг морин хуур 《буу ч гэлүү 》барьчаад тайзан дээр наагуур цаагуур холхиод бхаар нь ... Та чинь одоо би л хулгайн анчин гэсэн шиг буу шиг барьчаад холхиод бхын гэсэн чинь нөгөөх нь аймар эмзэглэж та хүнийг ингэж болохгүй ш дээ гээд аймар гомдсон гэсэн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-09 13:36:04
    найз нь: түс тас шулуун шудрага эр байсан даа .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-09 12:50:21
    Ц: Шударга цайлган эр хүний сор нь байсөөн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-09 10:11:54
    Irgen: Um ma ni ******** me hum
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188