• Өнөөдөр 2024-03-28

СУИС-д хоёр бүдэрсэн МУГЖ

2020-10-05,   2721

10 жилийнхээ “Урлагийн үзлэг”-ийг гаргаадаггүй байсан залуухан хархүү жүжигчин болох зорилго өвөртлөн Соёл урлагийн их сургуулийн босгоор алхах гэж оролдоод, хоёр жил дараалан “унасан” байдаг.  Гэхдээ гурав дахь жилдээ тэнцсэн. Тэр нь 1992 он.

Аав нь өөд болохдоо ээжид нь “Энэ хүүхдийг урлаг бараадуулаарай” гэсэн захиас, бас “Жүжигчин л болно” гэсэн чин хүсэл нь түүнийг СУИС-д жил дараалан конкурсдуулжээ. 

Харин одоо бол “Үхэртийн хөндий манайх” гэж хэлмэгц л тааж, цөхөх юмгүй нэрийг нь хэлэх, түүний бүтээсэн дүр бүрийг нь хайрлаж хүндэлдэг, дүрийнх нь үг бүрийг цээжээр мэддэг үзэгч олон. Энэ хүн бол жүжигчин “МС” буюу Ж.Мөнхсайхан. Халзан толгой, харааны шил нь хувь хүнийх нь имидж боловч үзэгчдийн сэтгэлд улаан хацартай хөдөөний бор жаал, үр хүүхдээ л гэж яваа будлиу эмгэн,  цэргийн жавхаалаг хархүүгийн дүр нь буух аж. 
Тэр нэгэн ярилцлагадаа “Мужаан хүн зөвхөн сандал хийгээд суухыг хүсэхгүй. Ширээ, ор, шкаф...гээд модоор хийж болох юу л байна хийхийг хүснэ. Жүжигчин үүнтэй адил. Ганц хошин урлаг, эсвэл драм гэх нь надад зохихгүй” хэмээж байсан. Тиймдээ ч тэр СУИС-ийг төгссөнөөсөө хойш 24 жил драм, хошин шоу, кино урлагийг хослуулж, жүжигчин мэргэжлээ тал бүрээр сорьж, хөгжүүлж иржээ. Тоочвол, жүжигчин мэргэжлээр төгссөн жилээ УДЭТ-ын босгоор алхаж, зургаан жил тэр тайзан дээр “амьдарчээ”. Үүний дараа одоогийн “Шилдэг өнгө” буюу тухайн үеийн “Өнгөт инээд” продакшнд дөрвөн жил ажиллаад, 2006 онд “Маск” продакшныг нөхдийн хамт байгуулж, өнөөг хүртэл түүгээр овоглож явна. Энэ завсар “Хайр харуусал”, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг драм кино, “Соёлын довтолгоо”, “Амьдарлоги” зэрэг инээдмийн кинонд гол дүр бүтээж амжжээ. 

СУИС-д гурав дахиа конкурсдэн тэнцээд баярлаж явсан хүүгээс өнөөдрийн жүжигчин Ж.Мөнхсайхан хүртэлх хугацаанд тэр зүгээр ч нэг хүн инээлгэдэг, эсвэл уйлуулдаг нэгэн байсангүй. Жишээ нь, хошин урлагийг шүүмжилдэг хүн олон. Ахуйгаар инээлгэхийг урлаг гэхгүй, сэдэв нь дуусчихсан гэхчилэн. Гэхдээ түүний хувьд нийгмийн засаж, залруулах шаардлагатай бүхнийг хошин байдлаар илэрхийлж, инээдээр дамжуулан 100 хүнээс ядаж 10-ынх нь сэтгэлд нэгийг бодогдуулж чадвал зорилго нь  биелэлээ гэж үздэг тухайгаа хэлж байсан. Үлдсэн 90 хүн нь зүгээр л инээгээд, эд эсээ сэргээгээд гарсан байж болно. Эндээс харвал түүнийг нийгмийн эмч ч гэж болмоор.  

Манай нийгэмд “Урлагийн хүн” гэдэг нь салангид ойлголтоос бүрддэг шиг. Урлагийн зарим хүний уран бүтээлээс нь илүү хувийн амьдрал нь алдартай байдаг. Хэдэн хүүхэдтэй, эхнэрийг нь хэн гэдэг, хаана ажилладаг, бүр салж сарниж байсан эсэх нь хүртэл. Үүнийгээ урлагийн хүний амьдрал гэж өөрсдөө ойлгодог, цөөн зарим нь давуу талаа болгодог нь ч бий. Харин заримынх нь хувийн амьдрал бус зөвхөн аливаа уран бүтээлд бүтээсэн дүрүүд нь л сонин байдаг. Товчхондоо, жинхэнэ урлагийн хүмүүсийн хувийн амьдрал нь бус, бүтээсэн дүр нь, тоглосон кино нь, амилуулсан жүжиг нь алдартай байдаг. МУГЖ Ж.Мөнхсайханы хувьд хоёр дахь төрөлд нь багтах жинхэнэ урлагийн хүмүүсийн нэг билээ. Тиймдээ ч ар гэр, эхнэр хүүхэд, аав ээжийнхээ тухай дэлгэцийн өмнө эсвэл сонины хуудаснаа яриад суухыг бид тун цөөн үзжээ. 

Өнөөдөр түүний хувьд гэгээн сайхан баярт өдөр тохиож буй. “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Мөнхсайхан болж байна. Хамгийн чухал нь тэр аавынхаа захиасыг бүрэн гүйцэлдүүлж, мөрөөдлийнхөө нэгэн ноён оргилд мацаж гараад итгэл төгс инээмсэглэн зогсож байна. 


СУИС-д хоёр бүдэрсэн МУГЖ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188