• Өнөөдөр 2024-04-25

Д.БАНДИ агсны гэргий Д.ДОЛГОРЖАВ: Хань минь шавь нартаа “Рингэд гараад чоно шиг, буугаад хонь шиг бай” гэдэг байсан

2021-09-27,   1320

   -Хань минь “40 жилийнхээ ойд зориулж алтан хуримаа хийнэ” гэж ярьдаг байлаа-

    Гавьяат багш, дасгалжуулагч Д.Банди агсны гэргий Д.Долгоржавтай ярилцлаа. 

-Та ханьтайгаа  яаж танилцаж байсан талаар ярьж болох уу. Хоёулаа энэ талаар яриагаа эхлүүлэх үү?

       -Энэ тухай ярьмааргүй л байна даа. Нандин дурсамж нандинаараа үлдсэн нь дээр биз дээ. Өвгөн минь “Энэ тухай хэнд ч битгий яриарай, нууц шүү” гэдэг байсан юм. Түүний хүслийг хүндэлж, өөртөө хадгалж үлдээе гэж боддог юм. Хань минь байхгүй болохоор энэ тухай ярих гэхээр их сонин болоод байна. 1970 оны сүүлчээр бид хоёулаа тамирчин байсан юм. Би санхүүч мэргэжилтэй ч мэргэжилээрээ ажилаагүй. Тэгээд парадад хамт жагсаж байлаа. Тэр үед надтай хамт байсан манай хүнийг таньдаг хүүхнүүд “Сайхан залуу шүү” гэж ярьдаг байлаа. Харин би “Навтгар хамар гаргахчихаад юу нь сайхан байдаг байна” гэдэг байсан юм. Тэгээд бид Спортын төв ордноор тааралддаг болоод биенээ шохоорхож, 1985 оноос тусдаа гарсан. Түүнээс өмнө хэдэн жил манайд байдаг байсан юм. Миний хань өмнө гэр бүлтэй, дөрвөн хүүхэдтэй байсан юм. Биднээс хүү, охин хоёр гарсан. Ингээд бид зургаан хүүхэдтэй, олон ач, зээтэй өнөр өтгөн болж байна даа.

-Таны ханыг хүнд өвчний улмаас нас барсан гэж сонссон. Юунаас болсон юм бэ?

       -2018 оны аравдугаар сарын сүүлчээр Эрдэнэтэд 45 хоногийн бэлтгэл хийхээр яваад дөрөв, тав хоног дутуу байхад нь харавчихсан юм. Тэгээд хотод ирээд эмнэлгээр явж, сайн гэсэн бүхэн дээр очсон боловч бүтээгүй. 2019 оны нэгдүгээр сарын 10-нд бурхан болсон. Бид хоёр ханилаад 40-өөд жил болох гэж байлаа. Хань минь “40 жилийнхээ ойд зориулж алтан хуримаа хийнэ” гэж ярьдаг байсан. Манай хань гурван эгч, нэг өргөмөл ахтай. Ахыг нь өргөж аваад удаагүй байхад нь манай хүн төрсөн юм билээ. Айлын хэнз хүү байсан шүү дээ. Тухайн үед манай хадмын айл, саахалтынхан нь “Дамдинжавын хар банди, шар банди” гэж дууддаг байсан гэдэг. Манай хүн шар, ах нь ч хар царайтай хүн байж дээ.

-Хөдөөнөөс ирээд удаагүй байхдаа боксоор хичээллэсэн юм билээ. Тухайн үеийн хөдөөний хүүхэд боксын талаар төдийлөн ойлголтгүй байсан болов уу?

      -Төмөр замын 21 дүгээр сургуульд сурч байгаад Булганы Хутаг-Өндөр суманд долдугаар ангиа төгсөөд МУИС-ын математикийн багшийн ангид элссэн юм билээ. 21 дүгээр сургуулиас Мөнгөнгомбо, Ренчиндорж, Толи нартай нөхөрлөж, бокст дуртай болсон юм гэдэг. Тэгээд оюутан болоод боксын дугуйланд бүртгүүлж, н.Барс, Б.Олзот багшийн удирдлага дор хичээллэж, бүх амьдралаа спортод зориулах түүх эхэлсэн юм билээ.

-Миний ханьд ар гэр нь огт сонин биш. Бүх амь, амьдралаа боксын спортод, бусдын төлөө зориулсан нийгмийн зүтгэлтэн байлаа-

 -Математикийн хичээлдээ дуртай, сайн хүүхэд байсан юм билээ. Түүнээс илүү боксыг сонгожээ?

      -МУИС-ын математикийн анги төгсөөд, дараа нь МУБИС-ын Биеийн тамирын сургуульд дасгалжуулагчийн анги төгссөн. Тэгээд л дахиж математик руу зүглээгүй юм шүү дээ. Би “Хэрэв чи математикийн багш байсан бол шохойны харшилтай гээд  хамар нь улайчихсан, гар хуруу нь шохой болсон юм л байх байсан даа” гэж шоолдог байлаа. Тэр минь тэр бүрт над руу аядуу зөөлнөөр хараад инээж суудаг сан. Математикаас илүү боксдоо хайртай байсан болохоор л сонгосон байх. Энэ нь ч буруудаагүй байх гэж би хувьдаа боддог юм. Хүмүүний амьдрал чинь зурсан төөргөөрөө л явах байлгүй дээ. Хэрэв хань минь математикийн багш байсан бол мөн ялгаагүй сайн шавь нар "төрүүлсэн" сайн багш л байх байсан байлгүй дээ. Тэр тийм чадвартай хүн. 

-Гэхдээ л багш болох хувьтай хүн байж дээ. Тамирчдынхаа төлөө зүрх сэтгэлээ зориулж чаддаг гавьяатай багш, дасгалжуулагч байсан  шүү дээ. Энэ тухай та яривал?

       -Миний ханьд ар гэр нь огт сонин биш. Бүх амь, амьдралаа боксын спортод, бусдын төлөө зориулсан нийгмийн зүтгэлтэн байлаа. Миний ханийг зөвхөн би төдийгүй Монголын ард түмэн хүндэлж, хайрлаж, бахархдаг. Тамирчдыг эцэг шиг нь хайрлаж, сурган хүмүүжүүлдэг гавьяатан байлаа. Бүр сүүлдээ шавь нар нь залгаад “Багшаа үсээ засуулах гэсэн юм өдөр хараад өг” гэдэг байсан шүү дээ. Тэгээд тэднийхээ зурхайч, бариач, сэтгэл зүйч болж амьдралынх нь бүх зүйлд санаа зовж, тусалж, зөвлөж байсан. Арай л “Түүнтэй гэр бүл бол” гэж зөвлөөгүй болов уу гэж бодож байна. Зөвлөсөн ч байж магад. Тэрийг нь би сайн мэдэхгүй юм аа. 

-Таны хань багш хүний эрхэм чанарыг агуулсан гавьяатай нэгэн байсан. Ер нь шавь нартаа юу чухалчилж захидаг байв?

      -“Рингэд гараад чоно шиг бай. Буугаад хонь шиг бай. Харин гудамжинд гарчихаад би тамирчин гээд цээжээ дэлдээд байх юм бол хэзээ ч боксчин болж чадахгүй” гэдэг байлаа. Тэр замналаар нь үе үеийн тамирчид  даруухан, хэрэгт холбогдож чихнээс нь хонх уясан тамирчин байхгүй болов уу гэж бодож байна. Тамирчнаа төлөвшүүлж, зан байдлыг нь засаж, ухааруулж чаддаг хүн байсан даа. Шавь нар нь ч миний ханийг ойлгож, хүндэлж, хайрлаж, үгнээс нь гардаггүй байсан юм. 

-Таны хань хэчнээн шавь бэлдэж, алдар гавьяа, амжилтын оргилд хүргэсэн юм бол оо?

       -1200 гаруй шавь бэлджээ. Үүнээс Э.Бадар-Ууган, П.Сэрдамба гэх хоёр Хөдөлмөрийн баатар, Т.Үйтүмэн, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нарын 20 орчим гавьяат тамирчин, 40 орчим ОУХМ, 80 гаруй спортын мастер, 600 гаруй зэрэгтэй бокчин байдаг. Рингэд 2000 гаруй удаа гарч байсан түүхтэй. Тэр минь хийсэн бүтээсэн зүйлтэй, боксын спортод тодоос тод мөрөө үлдээгээд оджээ. 

-Ямар зан төлөвтэй хүн байсан юм бол оо. Боксын ринг дээр гараад хэрхэн хувирдаг байсан талаар нь та яриад өгөөч?

       -Дөлгөөн, тайван, даруухан  хүн байлаа. Хүнд маш оновчтой, цөөн үгээр аливааг хэлдэг, хүний ая, эвийг олж чаддаг хүн байсан. 1976 оны үед Монголд Кубын алдарт боксчин ирэхэд Спортын төв ордон хөл гишгэх зайгүй байсан. Түүнийг зөвхөн миний хань л ялсан. Хөндлөнгийн хүмүүс “Одоо ингэ, тэг, бут цохь” гэж хий дэмий хашхирдаг байлаа. Гэтэл манай хүн дэмий дайрч, цохихоос илүү ухаан зарж тоглодог. Харин бусдыг дасгалжуулж байхдаа өөрийгөө их барьдаг. Бүхнийг дарж, нуух хүч хөдөлмөрөөс гадна асар их энерги зарцуулдаг спорт шүү дээ. Нөгөө талын тамирчны алдаа, дутагдлыг маш хурдан харж, 60 секундийн завсарлагаанаар олж харсан зүйлээ тамирчиндаа ойлгуулж, амжилт гаргадаг байсан. Энэ л түүний онцлог, амжилтынх нь нууц гэж боддог юм.

-Та Монголын боксын спортын “од”, эрхэм гавьяат багштай 40-өөд жил амьдарчээ. Тийм болохоор таныг энэ төрлийн спортод дурласан байх гэж бодож байна. Та бокс үзэх дуртай юу?

       -Дуртай, бүр маш их дуртай. Ханийгаа дагаад бэлтгэл, тэмцээнд явж байсан үеэ ч их дурсан, санаж байна. Даанч сайхан байж дээ.  Манай өвгөн намайг “Муухан дасгалжуулагчаас дээр, зодолдохоос бусдыг нь мэднэ” гэж тоглодог байсан юм. Гэхдээ би хэн яаж алдсан, хэний тоглолт зөв, буруу байсан гэдгийг ялгаж чаддаг болжээ. Сүүлийн үед бүр илүү анзаараад байна уу, тамирчид их алдаа гаргаад байна уу. Тамирчид миний ханийг байх үеийнхээс  өөрчлөгдсөн санагдана. 

-Би өөрийнхөө тамирчны эсрэг тамирчин бэлдээд зогсож байх уу. Би биеэ үнэлэгч биш-

-Боксын үндсэн бэлтгэлийн хажуугаар сэтгэл зүйн бэлтгэл чухал юм шиг санагддаг. Таны хань тамирчныхаа сэтгэл зүйг хэрхэн бэлддэг байсан бэ?

       -Миний хань тамирчиндаа бусдыг магтдаггүй, магтаж үзээгүй.

Харин “Зөвхөн миний хэлэхийг сайн сонс. Тэр хэн байх, хэдэн удаагийн аварга байх нь огт хамаагүй” гэдэг байсан. Тэгээд эхний раундад нөгөө тамирчных нь алдаа дутагдал, үйл хөдлөл, сэтгэл зүйн байдлыг нь мэдчихээд тамирчиндаа зөвлөдөг, тооцоо, гүйлгээ ухаан сайтай хүн байлаа шүү дээ. Харин сайн сонсож, зөвлөгөөг нь ойлгосон тамирчин дараагийн хоёр раундад торох юмгүй гараад ирдэг байсан. Тэгээд ялсных нь дараа “Миний хүү сайн байлаа, мундаг” гээд толгойг нь илдэг байв.

    Би олон удаа түүнийг нь дэргэдээс нь харсан даа. Үүнээс л ханийг ямар сайн сэтгэл зүйч, багш, дасгалжуулагч байсан бэ гэдгийг харж болох байх. Гэртээ ирчихээд “Тэр тэгсэн, ингэсэн” гэж огт муулдаггүй, энэ тухай бүр ярьдаггүй, нуудаг байсан гээд бод.

-ХАНЬ МИНЬ 365 ХОНОГИЙН 62-Т НЬ Л ГЭРТЭЭ ХОНОСОН БАЙДАГ-

-Э.Цэндбаатар нэвтрүүлэгт орохдоо “Хэрэв намайг Д.Банди багштай дүйцэх хэмжээний багш дасгалжуулсан бол би магадгүй олимпын медаль хүртэх байсан” гэж ярьсан. Түүнийг сонсоод танд ямар санагдав?

     -Хүн хүнийг амьд сэрүүнд нь анзаардаггүй юм байна даа гэж бодсон. Бурхан болсон хойно нь “Багш минь тэгж хэлсэн, тэгж байсан” гэдгийг хожуу ухаардаг юм байна. Э.Цэндбаатар төрөлхийн босчин. Их дайчин. Харин одоогийн багш нь түүнийг сайн удирдаж, толгойнд нь юм суулгаж өгөх ёстой байж дээ гэж харсан шүү. Түүнээс өөрөөр би ч бодох вэ дээ. Хүний алаг үрийг гоочилж, тэгсэнгүй, ингэсэнгүй гэж хэлэх эрх надад битгий хэл хөндлөнгийн хэнд ч байхгүй. 

-Таны ханийг “Байраа барьцаалаад 2008 оны Бээжингийн олимпод Э.Бадар-Ууганыг дагуулаад явсан” гэх яриа байдаг юм билээ. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

       -Тэгээгүй. Манай байр Э.Бадар-Уугантай ямар ч хамаагүй. 2008 оны Бээжингийн олимпод Б.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, З.Энх зориг нар явсан. Тэдний зардлыг улсаас даасан шүү дээ. Тэгж Б.Бадар-Ууганыг хэлмэгдүүлж болохгүй. Харин манай хүн 1980-аад онд гаднын оронд тэмцээнд явахын тулд зардлын мөнгө олох гэж байраа барьцаанд тавьж байсан. Тухайн үед тамирчин гэлтгүй багш, дасгалжуулагч нарт ч тийм зүйл тохиолддог байсан юм.

-Таны ханьтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан цаг мөч хэзээ байв гэж асуувал та хариулах уу. Үндэсний баяр наадам, цагаан сараа хамт тэмдэглэж чадаж байв уу?

       -Намайг хоёр төрөхөд манай хүн намайг төрөхөөс гаргаж үзээгүй. Дандаа эзгүй байсан. Би бараг өрх толгойлсон эмэгтэй шиг л амьдардаг байлаа. Хэсэг гэртээ байж байгаад явахаа нь гэр эзгүйрээд эвгүй. Сүүлдээ дасчихдаг юм. Хань минь 365 хоногийн 62-т нь л гэртээ хоносон байдаг. Харин азаар хүүхдүүд минь өвдөж намайг зовоогоогүй дээ. Ээлжийн амралтаа аваад амралтад явж байсан үе ч байхгүй дээ. Цагаан сар, наадмаар ихэвчлэн эзэнгүй байсан. Манайх өвгөнийг байхад гурван удаа цагаан сар хийсэн. Ер нь баяр ёслолд ач холбогдол өгдөггүй. Нэг хөгжилтэй үе гэвэл, нэг өдөр “Би сахлаа хусчих уу” гэхээр  нь би “Чамайг сахалтай болохоор чинь суусан шүү дээ. Сахалгүй байсан бол тоохгүй байлаа” гэсэн юм. Түүнээс хойш сахлаа их нямбай хэлбэр гаргаж засдаг болсон. Манай хань  их хөгжилтэй, сайхан хоол хийдэг хүн шүү дээ. Даанч тэр нь цөөхөн л байсан болохоос биш.

-Танд ханьдаа хэлж амжаагүй, хэлэхийг хүссэн зүйл бий юү?

        -Манай хүн тамирчинтайгаа хамт мэргэлдэг хүн дээр очихоор яваад өдөржин болсон юм. Тэгээд юу гэж байна гэхэд “Онц юм хэлсэнгүй. Намайг 70 настай үхнэ гэнэ” гэж ирсэн юм. Тэгээд “Бурханаас 10 жилийн нас гуйж байгаад дахиж олимп, дэлхийн аварга төрүүлнэ” гэж ярьдаг байлаа. Яг 70 настай бурхан болсон. Би тухайн үед яагаад түүнийг нь санаагүй юм бол гэж боддог. Өвгөн минь ярьж, хөдөлж чаддагүй байсан болохоос оюун санаа нь огт эрүүл, намайг дэндүү эрт орхиод явсан даа. Миний өрөөсөн гарыг тасдчихсан юм шиг л байдаг. Гэр эзгүйрч, хүүхдүүдтэйгээ ярих яриа өөрчлөгдөж, хамт өнгөрүүлсэн хором бүрээ дурсан санаж, хамт өтөлсөн бол тэгэх, ингэх байсан гэж элдвийг бодож үймэрч суух юм. Өөр хийж чадах зүйл алга. Бурхан болсноос нь хойш долоо хоног бүр зүүдэлэх юм.

-Та ханийнхаа гэгээн дурсгалд зориулж юу хийж байна вэ?

        -Булган аймгийн төвд хөшөөг нь босгоно. Саяхан Булган явж  газраа сонгоод ирсэн. Аравдугаар сард дуусах байх. Мөн Булганы музейд Бээжингийн олимпод өмссөн хослол, зангиа, бээлий, өөрийнх нь дурсамж хоёр ном, Ардын багш, гавьяатынх нь  үнэмлэхийг хувилж тавьсан.

-Бээжингийн олимпоос аваргууд төрүүлээд ирэхэд таны ханийг монголын ард түмэн  хамгийн гоёор хүлээж авсан. Тэр үед танд ямар санагдсан бэ?

        -Улс орон даяар баярласан, би, бид бүхэн бахархсан. Би Бээжингийн олимпод явахад нь хойноос нь очиж, үзээд хамт ирж байсан юм. Миний хань зүгээр л ажлаа хийсэн. Харин ажлаа хэр сайн хийсэн бэ гэдгийг нь ард түмэн, дэлхий үнэлсэн дээ. Бээжингийн олимпод байхад нь олон газраас дасгалжуулагчаар ажиллах урилга ирсэн. Манай хүүхдүүд аав аа та явахгүй юм уу гэхэд нь Манай хүн “ Би өөрийнхөө тамирчны эсрэг тамирчин бэлдээд зогсож байх уу. Би биеэ үнэлэгч биш” гэсэн. Айхтар хэлсэн байгаа биз.  Тухайн үед спортын салбарынхан бараг урьдчилаад мэдчихсэн байсан. “Д.Банди багш заавал нэг юмтай ирнэ дээ” гэж ярьдаг байсан юм. Боксынхон манайд ирэхээрээ ууж, идэхээсээ илүү гэрт, гадаагүй бокс ярина. Манай хүн унтахаар хэвтэж байснаа гэнэт ямар нэгэн зүйл санасан бололтой босоод тэмдэглэж байдаг юм. Тамирчин, дасгалжуулагч хүний ар гэрийн амьдрал нэг иймэрхүү л байдаг юм даа.

 

 

 


Д.БАНДИ агсны гэргий Д.ДОЛГОРЖАВ: Хань минь шавь нартаа “Рингэд гараад чоно шиг, буугаад хонь шиг бай” гэдэг байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-06 23:46:20
    SEKSY: SEXSDN80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-06 19:56:10
    Зочин: SEXDN80055877
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188