• Өнөөдөр 2024-03-29

Ковидын эсрэг ТЭМЦЭЛ буюу монголчуудын ЭМЧИЛГЭЭ

2021-06-18,   1250

    - Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн 0.6 хувь буюу 6595 иргэн вакциныхаа хоёр дахь тунд хамрагдсан ч халдвараар өвчилжээ-

   Бид хоёр тун вакцин тариулчихаад л залбирч сууна. Гэвч бидэнд вакцин тариулчихсан гээд санаа амар суух нөхцөл алга. Өглөө бүр 2000 гаруй хүн коронавирусийн халдвараар өвчилж, 10  иргэн нас барсан гунигт мэдээ сонсож, айдастай амьдарч байна. Манай улсын 3.3 сая иргэний 1.901.009 иргэн вакцины нэгдүгээр тунд, 1.676.911 иргэн хоёрдугаар тунд хамрагджээ. Вакцины хоёр дахь тунд хамрагдсан ч халдвараар өвчилж, нас барах тохиолдол цөөнгүй бий. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа. Тэрбээр "Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн 0.6 хувь буюу 6595 иргэн вакциныхаа хоёр дахь тунд хамрагдсан ч халдвараар өвчилж, нас барж байна. Ихэвчлэн хавсарсан өвчин буюу бөөрний архаг дутагдалтай, хорт хавдартай, эрхтэн шилжүүлэн суулгасан, өдөр бүр аппаратад ордог иргэд нас барж байгаа” гэсэн юм. 

            Монголчуудын тариулж буй дөрвөн вакцины үр нөлөө, халдвараас хамгаалах чадварын талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр болон Эрүүл мэндийн яамны эрдэмтэд “Монгол Улсад хэрэглэж байгаа вакцинуудын аюулгүй байдал, хамгаалах чадвар нь эмнэл зүйн туршилт судалгааны дүнгээр баталгаажсан. Тухайлбал, “Синофарм” үйлдвэрийн вакциныг хүн төрөлхтөн 100 гаруй жил, “Астразенека”, “Спутник-V” вакциныг үйлдвэрлэсэн компаниуд 40 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Вакцины сүүлийн хоёр дахь тунг хийлгэснээс хойш долоогоос дээш хоносон бол бүтэн тун хийлгэсэн гэж үзнэ. Вакцины бүтэн тун хийлгэсэн иргэдэд халдварын шинж тэмдэг илрэхгүй. Хүнд, нэн хүнд хэлбэрээр өвдөх, бусад халдвар дамжуулах эрсдэл буурна. Коранавирусийн эсрэг ямар ч үйлдвэрийн вакцин аюулгүй. Ямар нэгэн өвчин үүсгэхгүй, хүний удмын мэдээлэлд нөлөөлөх үндэслэлгүй. Дээрх вакцинууд 8-90 хувийн үр дүнтэй” хэмээн тайлбарлаж буй. 

МОНГОЛЧУУД КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ 150 МЯНГАН ТУН ВАКЦИН ХҮЛЭЭН АВСАН ТҮҮХЭН ӨДӨР

        Монгол Улс коронавирусийн цар тахлаас сэргийлэх БНЭУ-ын Сэрүм институтэд  үйлдвэрлэсэн “Астразенека” вакцины эхний 150 мянган тунг хоёрдугаар сарын 22-нд хүлээн авч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 23-нд анхны тунгаа тариулсан түүхэн үйл явдал эхэлсэн юм. Мөн тус өдөр БНСУ-аас 125 мянган хүнд хүрэлцэх "Файзер" -ын вакциныг тээвэрлэн авчирсан билээ. Үүний маргааш БНХАУ-аас синофарм компанийн "Веорсел" вакцины 300 мянган тунг хүлээн авсан. Эхний ээлжинд ирсэн вакцинаар улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчид тариулсан юм. 

         Харин хоёрдугаар сарын 27-нд дөрөв дахь  вакцин буюу ОХУ-аас 10 мянган тун “Спутник-V” вакцин хүлээн авсан. Одоогийн байдлаар манай улс "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд 239.160 тун "Астразенека", "Файзер" вакциныг хүлээн аваад байгаа юм. Мөн энэ сарын 16-нд 84000 гаруй тун "Файзер" хүлээн авч, 16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлсэн. Энэ нь Монгол Улсын Засгийн газар ба "Файзер" компанийн хооронд тавдугаар сард байгуулсан гэрээний хүрээнд ирж байгаа юм. Ирэх долоо хоногт хоёр дахь ээлжийн нийлүүлэлт хүлээн авна. Харин үлдсэн тунг нь энэ оны хоёрдугаар хагаст ирэх юм.

-СҮРГИЙН ДАРХЛАА ХЭЗЭЭ ТОГТОХ ВЭ-

           16-17 насны хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрөлтэй вакцинжуулж эхэлсэн. “Файзер” вакцины үйлдвэрлэгчээс 12-15 насынханд вакцин хийх зөвшөөрөл энэ сарын 16-нд вакцины хамт ирсэн байна. Тун удахгүй дээрх насны бүх хүүхэд вакцинд хамрагдах бүрэн боломжтой болжээ. Манай  улсын нийт хүн амын 37 хувийг 0-17 насныхан  эзэлдэг учир тэд бүрэн вакцинд хамрагдсанаар сүргийн дархлаа тогтоно” хэмээн ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлсэн. Энэ сарын 15-наас коронавирусийн халдвараар өвдөх иргэдийн тоо буурах тооцоолол байсан хэдий ч олон хүчин зүйлээс шалтгаалж буурахгүй байгаа гэдгийг мөн онцолсон юм. Тиймээс иргэд хүн хоорондын зай барьж, амны хаалтаа зөв, тогтмол зүүж, олон нийтийн газраар явахгүй байхыг дахин анхаарууллаа. 

-ВАКЦИНЫ ДАРААХ ДАРХЛАА НЬ ӨВДСӨНИЙ ДАРААХ ДАРХЛААНААС ХҮЧТЭЙ ЮУ-

            Вакцин нь дархлааны тогтолцоог өдөөж, байгаль дээрх өвчин үүсгэгчтэй ижил төрлийн дархлааны хариу урвалыг бий болгодог. Ингэхдээ тариулсан хүнийг өвчлүүлэхгүй эсвэл тухайн өвчний хүндрэлийг үүсгэлгүйгээр дархлаа тогтоодог онцлогтой аж. Аливаа вакциныг тарихад хүний биед дархлааны тогтолцоо хариу урвал илэрдэг. Тухайлбал, халуурах, тарьсан хэсэгт хөндүүрлэх, толгой өвдөх, сульдах, бөөлжих, өндөр хэмтэй халуурах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч болдог. Гэтэл коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэдэд дээрх шинж тэмдгээс гадна ухаан алдаж унах, гар, хөл бадайрах, даралт ихсэх, эмэгтэйчүүдийн хэвлийгээр өвдөх, доош цус гарах цаашлаад нас барахад хүргэж байна гэх мэдээлэл бий. “Вакцинд хамрагдсан иргэдийн туслах газар” хэмээх цахим хуудаст иргэд вакцин хийлгэсний дараа өөрт мэдрэгдсэн хариу урвалын талаар сэтгэгдэл үлдээсэн байдаг. Энэ талаар иргэд цахим хуудсаар лайв дамжуулан гомдол, сэтгэгдлээ хэлсээр байна.

-КОРОНАВИРУС ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХЭРЭГЛЭХ ЭМ, БЭЛДМЭЛИЙН НӨӨЦ-

        Одоогоор коронавирусийн халдварын эсрэг өвөрмөц үйлчилгээтэй эм байхгүй хэдий ч дэлхийн улс орнууд халдварыг тогтоон барих, халдвартай өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор зарим вирусийн эсрэг эмийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэж байна.  Онцгой байдлын үед эмийн хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд 2021 онд Хүний эмийн зөвлөлийн гурван удаагийн хурлаас олон улсын нэршлээр “Умифеновир”, “Фавипиравир”, “Ремдесивир” худалдааны нэршлээр 12 нэрийн вирусийн эсрэг эмийг импортлох зөвшөөрлийг 15 эм ханган нийлүүлэх байгууллагад Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/240,  А/276, А/352 дугаар тушаалаа олгосон билээ.

         Дээрх вирусийн эсрэг эмүүд нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны A/318 дугаар тушаалаар батлагдсан Шинэ коронавируст халдварын оношилгоо, эмчилгээний түр зааварт тусгагдсан аж. Манай улс 2021 оны эхний хагас жилийн байдлаар вирусийн эсрэг “Умифеновир” 100мг эмийг 3.0 сая ширхэг шахмалын импортлох зөвшөөрлийг олгосноос 2.1 сая ширхэгийг импортлосон, “Умифеновир” 200мг тунгаар 1.3 сая ширхэгийг импортлох зөвшөөрөл олгосноос 995 мянган ширхэгийг импортлогдсон байна. “Фавипиравир” эмийн хувьд 2.1 сая ширхэгийг импортлох зөвшөөрөл олгосноос 750 мянган ширхэгийг импортлосон байна. Харин “Ремдесивир” эмийг 25.700 ширхэгийг импортлох зөвшөөрөл олгосноос одоогийг байдлаар 12.200 ширхэгийг импортлосон байна.

        Одоогийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад “Умифеновир” (Арбидол) 100 мг эмийн нөөц 306.834 ширхэг 5114 хүний эмчилгээний, 200 мг-тай 239.016 ширхэг 7967 хүний эмчилгээний, “Фавипиравир” буюу /Авиган/ 200 мг эмийн нөөц  287.852 ширхэг 2359 хүний эмчилгээний, “Ремдесивир” 100мг тариа эмийн нөөц 3941 ширхэг 657 хүнд, нэн хүнд хүний эмчилгээний байна. Харин зах зээлд Умифеновир /Арбидол/ эм 100 мг-тай 380.004 ширхэг буюу 6333 хүний эмчилгээний, 200 мг-тай 202.840 ширхэг 6761 хүний эмчилгээний нөөцтэй байна. “Фавипиравир” (Авиган) 200 мг эмийн нөөц 360.800 ширхэг капсул 2957 хүний эмчилгээний  эм байна. Энэ сард  105.000 ширхэг 861 хүний эмчилгээний эм ирэх аж. “Ремдесивир” эм 3490 флакон 582 хүний эмчилгээний нөөцтэй байна. энэ сард 3500 флакон 583 хүний эмчилгээний эм импортлогдоно гэдгийг Эрүүл мэндийн яамны харьяа эмийн агентлагаас мэдээлсэн юм. 

Коронавирусийн эсрэг хэрэглэх эм, бэлдмэлийг ЭМД-аар хөнгөлөхийг уриалж байна

        Коронавирусийн халдвар сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж, эмнэлгүүд ачаалалаа дийлэхээ болилоо. Халдвар авсан иргэд амны хаалт зүүж, эмийн сангаас эм цуглуулж, гэртээ өөрийгөө эмчлэхээс өөр аргагүй байдалтай байна. Гэртээ тусгаарлагдаж, өөрийгөө эмчилж буй иргэд ч олон бий. Тэд вирусийн эсрэг эм бэлдмэл үнэтэй болсон тухай ярьж байна. Иймд эмийн үнийн өсөлтөд хэрхэн хяналт тавьж буй талаар эмийн агентлагаас тодруулахад “Эмийн агентлагийн холбогдох мэргэжилтнүүд НМХ-тай хамтран 7-14 хоногийн турш үнийн эмийн үнийн хөөрөгдөл болон хадгалалтын горимд зэрэг бусад зүйлд хяналт, шалгалт хийж байгаа.  Нэгдсэн дүгнэлт харахаар иргэдэд мэдээлэл өгнө" гэсэн юм. Зарим эмийн санд коронавирусээс урьдчилан сэргийлж, эмчилгээнд уухыг зөвлөсөн эм ямар үнэтэй байгаа талаар тодрууллаа. Тухайлбал,

Коронавирусийн эмчилгээнд уухыг зөвлөсөн эмүүд:

Арбидол, 10 ширхэгтэй нь 30.500 төгрөг

Витамин Д3, 10 ширхэг нь 4.500 төгрөг

Витамин С, 10 ширхэг нь 5.000 төгрөг

Норов-7, есөн уулттай нь 5.000 төгрөг

Мана-4, есөн уулттай нь 5.000 төгрөг

АЦЦ, нэг ширхэг нь 850 төгрөг

Аспирин -81, 7.500 төгрөг байна. Халдварын хүнд, хөнгөн, нэн хүн хэлбэрээс шалтгаалж өвтөн бүрийн уух эм, тунгийн хувьд өөр байгаа. 

ЭМЧИЙН ЗӨВЛӨСӨН ТУНГААР АВАХ ЭМ 

Арбидол, гурван хайрцаг – 91.500

Витамин Д3, 30 ширхэг – 14.500

Витамин С, 30 ширхэг – 15.000

Норов-7, хоёр хайрцаг – 10.000

Мана-4, хоёр хайрцаг – 10.000

АЦЦ, 10 ширхэг – 8.500

Аспирин, нэг савлагаа – 7.500 төгрөг буюу нийт 144.000 төгрөг болж байгаа юм. Мөн PCR шинжилгээ 92.000 төгрөгөөр өгвөл нэг хүн багадаа 236.000 төгрөгөөр өөрийгөө халдвараас хамгаалж, эмчилэх боломжтой гэсэн үг. Харамсалтай нь, цар тахлын үед  хүн бүрд 150-250 мянган төгрөг бэлнээр байхгүй гэдэг нь ойлгомжтой. Ялангуяа гэр бүлээрээ өвдсөн тохиолдолд сэтгэ санаа болон эдийн засгийн хувьд тун хүндрэлтэй тусах байна. Иймд дээрх эмүүдийг  ЭМД-аар хөнгөлж өгөхийг уриалж байна. 


Ковидын эсрэг ТЭМЦЭЛ буюу монголчуудын ЭМЧИЛГЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188