• Өнөөдөр 2024-04-19

Ерөөлч, магтаалч Д.АМАРБАЯР: Морио унаад малд явахад үзэг, цаасны хэрэггүй, цээжиндээ шүлэглэж болдог л юм даа

2022-07-14,   2297

  -Заримдаа огшмоор шүлэг, магтаал биччихээд хээр, хөдөө ганцаараа суухдаа уйлдаг-

 Баянхонгор аймгийн Галуут сумын адуучин, сумын заан, ерөөлч, магтаалч, яруу найрагч Д.Амарбаяртай ярилцлаа.

-Таны ерөөл, магтаалаас олны хүртээл болсон нь 21 аймгийн бөхчүүдийг газар нутагтай нь магтан дуудсан “Монголын бахархал” хэмээх магтаал байдаг шүү дээ. Энэ магтаалыг та хэдий хугацаанд бичсэн бэ?

     -Би анх өөртөө бэлэг баръя гэж бодоод төрсөн нутгаа магтаж бичсэн юм. Дараа нь “Монголын бахархал” магтаалыг бичих болсон. Яагаад гэвэл  би гуравдугаар сарын 24-нд төрсөн. 2012 оны төрсөн өдрөөрөө аав, ээждээ хоол хийж өгчихөөд, хонь хариулж яваад Шандны урд талын өндөр оргил дээр сууж байхдаа тус магтаалыг бичих санаа төрсөн. Тэр оргил дээр сууж байхдаа ээжийн нутаг болох Говь-алтай аймгаас эхлээд монгол орныг бөхчүүдтэй нь хамт бахдан бичиж эхэлсэн юм. Тэгээд тэр өдрөө хонь, малаа хариулж байгаад орой гэрт ирэхэд  Баян-Өлгий, Ховд аймгийн талаар бичих үлдсэн байлаа. Мөн тэр хавар “Монгол цадиг” хэмээх магтаал бичсэн. Миний аав урлагийн мэдрэмжтэй шүлэг бичдэг, нэгдлийн адуу хариулдаг адуучин хүн байсан. Тэгээд аавдаа бичсэн хоёр магтаалаа уншуулж, шалгуулсан. Тэгэхэд аав минь “Монгол цадиг” нь илүү сайхан болжээ”  гэж хэлж байсан. Тэр магтаалаа би цахим орчинд тавьж, олны хүртээл болгоогүй. Харин “Монголын бахархал”-ыг найр, наадамд их уншдаг. Ерөөлч, магтаалчдын улсын IX уралдаанд тус магтаалаар хоёрдугаар байрт шалгарч байлаа.

-Та багаасаа шүлэг бичих сонирхолтой, бичих авьяастай хүүхэд байв уу. Хэчнээн найраг, магтаал бичсэн вэ?

      -Би гуравдугаар ангидаа сургуулиасаа гарсан. Бичиг үсэгт тааруу, ном унших дургүй. Хоёрдугаар ангид байхад ангийн багш “Аав, ээж” хоёр хэмээх дөрвөн мөрт шүлэг бичих даалгавар өгч байсан. Тухайн үед би

“Манант өндөр ууландаа

Малаа хариулдаг аав минь

Уужим сайхан гэртээ

Ундыг нь бэлдсэн ээж минь” хэмээх дөрвөн мөрт бичиж, багшдаа магтуулж байсан. Энэ миний анхны шүлэг. Би 100 хуудастай дөрвөн дэвтэртэй. Тэгэхээр 400-аад шүлэг  байна гэсэн үг. Яруу найрагч, уран бүтээлчдийн яриаг сонсож байхад “Онгод ороод, би энэ шүлгийг бичсэн юм” гэж яриад байх юм. Надад “Миний онгод ороод, энэ шүлгийг бичсэн” гэж хэлэх бүтээл байхгүй. Учир нь, миний онгод орохгүй байлаа гээд бичиж чаддаггүй гэсэн үг биш. Би ямар ч орчин нөхцөлд цаг хугацааг үл харгалзан юу ч бичихэд бэлэн байдаг.

-Та ном унших дургүй гэлээ. Гэтэл ямар нэгэн зүйлийн талаар ерөөж, магтаж бичихийн тулд мэдлэгтэй, судалгаатай байх ёстой болов уу?

      -Би ном, зохиол уншиж судалгаа шинжилгээ хийж магтаал, шүлэг бичдэггүй. Зөвхөн өөрийн мэдрэмж, сэтгэгдлээрээ бүтээлээ туурвидаг. Саяхан ШУА-ын Түүхийн хүрээлэнгээс Чингис хааны тухай магтаал бичих санал ирсэн. Би эхлүүлчихсэн бичиж байгаа. Мөн өмнө нь Монгол банкнаас зоосны талаар магтаал бичүүлж байсан. Тухайн үед надад мөнгө, зоосны тухай ном “Уншиж, судал” хэмээн өгч байсан. Би тэр номыг уншихгүйгээр л биччихсэн. Тэр магтаал Монгол банкны хананд өлгөөтэй байдаг юм билээ.

-Унаган авьяасаараа сайн бүтээл туурвидаг тухай таны яриаг сонсоход цагаахан атаархал төрж байна. Танд өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрнө биз?

      -Заримдаа огшмоор шүлэг, магтаал биччихээд хээр, хөдөө ганцаараа суухдаа уйлдаг. Би эмэгтэй хүн, эх орон хоёроор их бахархдаг. Тэгэхээр ээжийн тухай шүлэг, “Монгол цадиг” зэрэг шүлгээ унших дуртай. Би шүлэг бичих гэж л энэ сайхан оронд төрсөн юм шиг санагддаг.

-Уран бүтээлчээс ямар нэгэн сайн бүтээл төрөхөд төрсөн нутаг их нөлөөлдөг гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?

      -Тэгэлгүй яах вэ. Би санал нийлдэг.

Би Баянхонгор хайрхны өвөрт төрж, Ямбат хайрхны өвөрт хөлд орж байсан юм билээ. 4-5 нас хүртэл хөлд ороогүй, том толгой, цээжтэй хүүхэд байсан гэдэг. Манай Галуут сум Баянхонгор хайрханы өвөрт байдаг. Хайрханы өвөрт алга дарам элс бий. Тэр  элс нь хүний аманд ороод уусдаг, элэг, бөөрөнд сайн, тарнитай гэж ярьдаг юм. Мөн эм савдагтай хайрхан шүү дээ. Харин Ямбат хайрхан эр савдагтай. Холоос дүнхийж харагддаг сайхан уул бий. Манайхыг Ямбатын өвөрт буухаар гэрээ барьж байхад нь би хөлд орсон юм билээ.  Одоо би хоёр хайрханыхаа дунд нутаглаж байгаа. Хоёр хайрхан хоорондоо 80 км-ын зайтай.

      Би монгол оронд төрсөндөө баярладаг, үнэхээр гайхамшигтай шүү. Миний эх орон тэр чигтээ шүлэг. Монгол хүн “Сайн байна уу” гээд мэндлэхэд “Сайн, сайн байна уу” гэж хэлэх нь хүртэл шүлэг. Морио унаад малдаа явахад үзэг, цаасны хэрэггүй, цээжиндээ шүлэг бичиж болдог юм даа.

 

-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ. Та уян зөөлөн сэтгэлтэй. Яруу эгшиглэнт хүн шиг санагдлаа?

      -Би эмээ дээрээ өссөн. Намайг 13 настай байхад эмээ минь бурхан болж, би аав, ээжтэйгээ амьдарч эхэлсэн. Тухайн үед би танихгүй айлд байгаа юм шиг л байдаг байлаа. Манайх эмээгийн минь гэрийг гаднаа барьчихсан, эмээ минь нүдэнд харагдаад надад хэсэгтээ хэцүү байсан шүү. Тэр үед би эмээгээ санаад, эмээгийнхээ тухай дуулдаг байлаа. Тэр үед би шүлгээ тэмдэглэж авч чадаагүй.

Одоо би эмээгээ, эмээгээ санаж дуулж байсан дуугаа санах бүртээ уйлчих гээд байдаг. Би их зөөлөн сэтгэлтэй, уйламтгай, уярамтгай, яруухан хүн дээ. Ээж, аав хоёрыгоо алдчихсан болохоор заримдаа өөрийн эрхгүй уймраад байдаг юм.

-Танд ханийн тухай сайхан найраглал бичиж, сэтгэлээ тайтгаруулах битүүхэн хүсэл байдаг уу?

     -Сайхан ханьтай болж, сайн барилдаад амьдрал тэгширч эхлэхээр л нэг л болж өгдөггүй байсан. Надад сайхан амьдрах чадал бий. Гэхдээ л болдоггүй юм. Чухам яагаад гэдгийг хэлж мэдэхгүй юм даа. Жаахан авьяастай болохоор амьдралд тэнцүүлэх гээд байдаг юм болов уу гэж хааяа боддог. Ханиасаа салж сарниж, бүр хагацаж үзлээ. Миний гурван хүүхэд гурвуулаа өөр эхтэй. Ханийн тухай сайхан найраглал бичмээр санагдах л юм. Гэхдээ сайхан ханьтай учрахаараа нэр, төрийг нь оруулж байгаад сүртэй бичнэ гэж боддог доо.

    Надад алдаж, онож байсан үе мөн ч их дээ. Хэцүү нэртэд суучихаад хүмүүс баясгаж явсан үе ч бий. Би тэнд зургаан сар суухдаа жинхэнэ бичиж байлаа.Тухайлбал, хууль, шүүх, хүний эрх чөлөөний талаар нэлээд юм бичсэн шүү. Тэр үед халхын атаман мануул Өлзий гэж хүн өглөө бүр “Урд шөнө юу бичсэн” гэж орж ирж, миний шүлгийг авдаг байсан. Тэр хүн миний шүлэг, найргаар ном гаргасан байна лээ. Би түүнд нь их баярласан. Тухайн үед надад ном гаргах боломж байгаагүй. Тэр хүн ном болгож гаргаагүй бол миний шүлгүүд өр мөргүй алга болох байсан.

-Танд ном нь байгаа юу. Шүлгүүд нь яг хэвээрээ хэвлэгдсэн байна уу?

      -Надад тэр ном байхгүй. Би ямар нэртэй хэвлэгдсэн байсныг санахгүй байна. Гэхдээ би нэг удаа үзэж байсан. Бүх шүлэг хэвээрээ байна лээ. Эхний нүүрэнд нь миний “Ижий дээ бичсэн захидал” орсон байсан. 12 мянган төгрөгөөр зарагддаг юм шиг байна лээ.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

     -Баярлалаа.


Ерөөлч, магтаалч Д.АМАРБАЯР: Морио унаад малд явахад үзэг, цаасны хэрэггүй, цээжиндээ шүлэглэж болдог л юм даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188