• Өнөөдөр 2024-04-19

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий: Пеонер уулын оройгоос авсан зургууд өнөөдөр ч намайг баярлуулдаг даа

2021-05-22,   3343

Би бусдаас ялгарахыг хүсдэггүй. Харин цор ганц дахин давтагдашгүй зураг авахыг л хүсдэг     

      Хуульч мэргэжилтэй ч гэрэл зурагт дурлаж, байгалийн үзэсгэлэнг гэрэл зургийн дурандаа буулгадаг нэгэн бол Г.Ган-Өлзий юм. Тэрбээр эх орноороо аялж, хэний ч мэддэггүй байгалийн өвөрмөц тогтоцтой, түүхэн дурсгалт газрын зургийг  монголчуудад цувралаар танилцуулахыг хүсдэг гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Монгол ардын намын дарга У. Хүрэлсүхийн гэрэл зургийг 11 дэх жилдээ дарж буй гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзийтэй ярилцлаа.

-Та 2007 оноос гэрэл зураг сонирхож эхэлсэн гэсэн. Анх ямар зураг авч байв?

     -Би 2007 онд “Монголын урлагийн зөвлөл” гэх байгууллагад байхдаа Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр БНСУ-д зургаан сарын хугацаанд суралцсан. Солонгост байхдаа гэрэл зураг сонирхдог болж, камер авч байсан юм. Би анх Сөүл хотын гудамжны зураг авч байлаа. Тухайн үед гэрэл зураг авах маш их сонирхолтой болсон.

-Харин 2010 оноос хойш Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн зурагчин болсон гэж сонссон. Хөрөг зураг, байгалийн зураг хоёр авах юугаараа ялгаатай вэ?

      -Байгалийн зураг, үйл явдал болон хүний зураг авах маш ялгаатай. Байгалийн зураг авахын тулд орчноо тодорхойлж байгаад ямар ч аргаар  яаж ч авч болдог. Харин хүний болон үйл явдлын зураг авахын тулд зурагчны  ур чадвар, хурд, авхаалж самбаа маш чухал шүү. Хүмүүсийн урд, хойно орж үйл явдлын өрнөлөөс зураг дардаг. Үүнд ямар ч зохиомж ордоггүй. Ялангуяа төрийн гурван өндөрлөгийн зургийг авахын тулд “Та наашаа хараад зогсож байгаарай” гэж хэлж болохгүй. Би У.Хүрэлсүх даргын зургийг 11 дэх жилдээ дарж байна. 

-Та анх У.Хүрэлсүх даргатай хэзээ танилцаж, өөрийнх нь зургийг авах болсон юм бэ. Тухайн үедээ айж, эмээж байв уу?

     -2010 онд Ардын намаас “Ард түмнээ сонсъё” аян зохион байгуулсан юм. Тэр үед надад анх үйл явдлын зураг авах санал ирж байсан. Тухайн үед бүх үйл ажиллагааг У.Хүрэлсүх дарга удирдаж байсан болохоор зургийг нь авах шаардлагатай болсон юм. Тэр үед л миний авсан зургууд таалагдсан юм байх. Би 2012, 2016, 2020 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын намын бүх нэр дэвшигчдийн зургийг авч байсан. Мөн урлаг соёлынхны зургийг ч авч байлаа.

-Сүүлийн үед У.Хүрэлсүх даргын гэрэл зургууд олны анхаарал татаж байна. Олон ховор зураг шинээр гарч ирсэн байна лээ. Баянхошууны айлд цуйван идээд сууж байгаа зургийг та дарсан уу?

      -Тиймээ, би дарсан. Тухайн үед иргэдтэй уулзаад явж байхдаа нэг айлд орсон юм. Гэтэл гэрийн эзэгтэй цуйван хийчихсэн. Хүүхдүүдийнхээ хувцсыг угаагаад сууж байсан. Тэгээд би цуйван идэж байхад нь зургийг нь дарчихсан юм. У.Хүрэлсүх даргын цахим орчноор тархаж буй зургуудыг 2020 онд альбом болгож гарсан.  Харин одоо энэ зургуудыг улс төржүүлээд цахим орчноор тараагаад байгаа харагдана лээ. 

-Хүний зураг авахын тулд тухайн хүний онцлог, зан чанар, нүүрний хувирлыг гаргах нь чухал байдаг байх даа?

      -Тухайн үйл явдал дээр энэ хүн баярлаж байна уу, сэтгэл дундуур байна уу, ууртай байна уу, найрсаг байна уу тэр бүгдийг илэрхийлэх нь чухал. Энэ бүхэн хүний харцаар, байгаа байдлаар илэрдэг.

-Таны авсан зургуудаас У.Хүрэлсүх даргад таалагдаж, “Чи энэ зургийг сайн авчээ” гэж хэлж байсан ямар зураг байдаг вэ?

      -Ерөнхий сайд болсных нь дараахан хурлын үеэр шанаагаа тулаад сууж байгаа зургийг нь авсан юм. Тэр зураг өөрт нь таалагддаг юм шиг байна лээ. Тухайн үеийнх нь санаа зовсон байдал, сэтгэгдлийг бүрэн илэрхийлсэн зураг гэж боддог. Мөн коронавирусийн халдвар дотоодод илрээд удаагүй байхад УНТЭ дээр амны хаалттай, цэнхэр халаадтай зургийг нь дарсан юм. Үл ялиг хажуу тийшээ харчихсан энэ зургаас нь түгшүүр мэдрэгддэг. Тийм илт сайн зургуудыг “Сайн болж ээ” гэж хэлдэг дээ.

Тухайн улсыг гаднын улс оронд танилцуулахад гэрэл зураг хамгийн чухал зэвсэг болдог.

-Та жилийн 200 хоногт нь аялж, гэрэл зураг дардаг гэж ярьсан байна лээ. 21 аймагт очиж үзээгүй газар байгаа болов уу?

      -Би 21 аймагт тухайн аймгийнх нь өвөрмөц үзэсгэлэнтэй газрынх нь зургаар үзэсгэлэн гаргасан. Хүмүүсийн мэддэг үзэсгэлэнтэй, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газраар явсан. Харин нутгийн хүн мэддэг өвөрмөц, сонин тогтоцтой газраар явж, гэрэл зураг авах сонирхолтой. Монголчуудыг миний гэрэл зургаас эх орныхоо тухай мэдэрч, мэдэж аваасай гэж хүсдэг. Жилийн 200 гаруй хоногт аялж, гэрэл зураг дардаг нь үнэн. Харин  цар тахлын үед зургуудаа эмхэлж, хоёр альбом гаргасан. Өмнө нь авсан гэрэл зургаа харахаар болчихсон юм шиг санагдах үе бий. Гэвч болоогүй л байдаг.

-21 аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан юм байна. Үүнээс гадна хэчнээн үзэсгэлэн гаргасан бэ?

      -Авсан зургаа болтоолж баршгүй. Би таван гэрэл зургийн альбомтой. Улаанбаатар хотод гэрэл зургийн таван үзэсгэлэн дэлгэсэн. Гадаадад бие даасан хоёр, хамтарсан 4-5 үзэсгэлэн гаргаж байлаа. Тухайн улсыг гаднын улс оронд танилцуулахад гэрэл зураг хамгийн чухал зэвсэг болдог. Байгалийн сайхныг тогтож харах, сонирхох, өөртөө хадгалахад гэрэл зураг нөлөөтэй шүү.

-Дарсан зургууддаа сэтгэл ханах үе бий юү. “Би энэ зургийг л сайн авсан шүү” гэж харах бүрдээ баярладаг зураг байдаг болов уу?

     -Би оны төгсгөлд өөрийнхөө бүтээлээс 20 шилдэг зураг шалгаруулдаг. Гэрэл зураг авахдаа тухайн үеийн мэдрэмж, сэтгэлээ шингээхийг хичээдэг. Гэрэл зураг маш том урлаг. Түүнд зохиомж, гэрэл, сүүдэр, нөхцөл байдал, цаг хугацаа, зурагчны ур чадвар, техникийн хүчин чадал бүгд огтлолцож байж, хүнд сайхан харагдах боломжтой болдог. Чанартай зураг, сайн зураг гэдэг өөр ойлголт. Чанарын хувьд сайн ч хүнд хүрдэггүй зураг их бий шүү дээ.

-Та 2010 онд анхны аялалдаа ганцаараа гарч байсан юм билээ. Тухайн үед ямар бэрхшээл тулгарч байв?

      -2010 оны долдугаар сарын 11-ний орой ганцаараа аялахаар Улаанбаатар хотоос гарч байсан. Өөрт тулгарч болох бүх эрсдэлийг тооцож аюулгүй бэлэн байдлаа хангаж явсан. Анх ганцаараа аялахаар явахад айх, сэтгэл санаа тавгүй болох олон бэрхшээл тулгарч байлаа. Харин сүүлийн үед тохиолдож болох бүх эрсдэлийг даван туулахад сэтгэл зүй бэлэн болчихдог юм  байна. Тухайн үед бие өвдөх, даарч хөрөх, машин эвдрэх зэрэ эрсдэл тулгардаг. Эхэндээ энэ бүхэнд цочирддог байсан. Эрсдэлтэй тулгарах тусам түүнд дасдаг юм билээ.

-Та аль улиралд аялалд гарч, зураг дарах дуртай вэ?

      -Зун, намар, өвөл ихэвчлэн аялдаг. Харин хавар өөрийгөө бэлдэж, авсан зургаадаа боловсруулдаг. Заримдаа мал төллөх үеэр аялдаг. Мөн гаднын 17 улсаар явсан байна лээ.

-Таны гэрэл зургийн нэр, тайлбар өвөрмөц санагдсан. Та асуудал хөндсөн чухал сэдвийг гаргахдаа юунд анхаардаг вэ?

     -Би аялаад явж байхдаа нэг байрандаа гурван зураг авахыг хичээдэг. Монголын байгаль, нүүдэлчин ахуй, соёлыг ихэвчлэн дурандаа буулгахыг хүсдэг. Гуравдугаарт, түүхийн дурсгалт газар, хадны сүг зураг, буган хөшөөг буулгаж, түүх бичиж үлдээхийг хүсдэг. Аливаа нэг зургийг ямар зорилгоор яаж авсан тухай тайлбар бичиж үлдээхийг хүсдэг. Аливаа нэг зургийн тайлбар цаасан дээр байхгүй ч миний зүрх, тархинд байдаг. Гэрэл зураг гэдэг түүх, мэдээллийн сан, дурсамж гэж боддог доо.

-Та монгол орноор 10 гаруй жил аялжээ. Энэ хугацаанд та хэр өөрчлөгдсөн бэ?

      -Би хүүхэд байхдаа аялах дуртай байсан. Аав минь хилийн цэргийн хүн байсан болохоор застав дээр их байдаг байлаа. Аавыгаа дагаж явахдаа л эх орноо бүхэлд нь тойрох юм сан гэж мөрөөдөх болсон. Гэрэл зураг, аялал хоёр хүнийг маш сайн төлөвшүүлдэг. Ялангуяа ганцаараа аялахдаа нийгмийн тухай, өөрийнхөө тухай бодох, өөртэйгөө ажиллах, танилцах боломж гардаг. Хэн ч байсан ганцаараа байхдаа энэ тухай боддог. Харин гэрэл зураг хүнийг бүтээлч, цэгцтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай болгодог юм билээ.

-Таны гэрэл зураг бусдынхаас юугаар ялгардаг вэ?

      -Гэрэл зурагт зурагчны ур чадвар,техникийн хүчин чадал нөлөөлдөг. Би бусдаас ялгарахыг хүсдэггүй. Харин цор ганц дахин давтагдашгүй зураг авахыг л хүсдэг. Хүмүүс “Энэ зургийг Г.Ган-Өлзийгөөс өөр хэн ч дараагүй, дарж чадахгүй” гэх ойлголт төрүүлэхүйц зураг авахыг хичээдэг. Гэрэл зураг авна гэдэг үнэхээр хэцүү. Хэн ч зүгээр сууж байгаад сайн зураг авч чадахгүй шүү дээ.

-Таны хамгийн сайн зураг хаана аялж байхад гарсан бэ. Яагаад?

     -Өндөрт гарахаар аливааг харах өнцөг өөрчлөгддөг юм билээ. Би 2014 оны наймдугаар сарын 1-нд Дэлгэрхаан уул руу гарч үзмээр санагдсан юм. Гэтэл уулаа андуураад Пионер уул руу гарчихсан байсан. Уулын оройд гарчихаад завилаад сууж байхдаа орчлонг өөр өнцгөөс анх харсан гэж боддог. Тэр цагаас хойш уул руу гарч, өндрөөс зураг авахыг хүсдэг болсон. Пионер уулын оройгоос авсан зургууд өнөөдөр ч намайг баярлуулдаг. Маш сайхан зургууд тэр уулын орой дээрээс л гарсан. Тухайн үед хурган үүл нүүчихсэн, нэг тал руу харахаар Дархадын хотгор, нөгөө тал руу харахаар Улаан уулын наад талын хөндий, доошоо харахаар арга Ар босготын гол, хавцал, хорьдол сарьдгууд харагддаг. Тухайн үеийн надад төрсөн бүх мэдрэмж зурагт шингэсэн байдаг. Тийм учраас зурагчин өөрийнхөө гэрэл зургаас таашаал, эрч хүч авдаг.  

-Та цаашид ямар зураг авахаар зорьж байна вэ?

       -Байгалийн зураг авахын хажуугаар ан, амьтны зураг авахаар зорьж байна. Араатан, хөхтөн амьтнаас эхлээд бүх амьтны зургийг авна гэж боддог доо.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

      -Баярлалаа.


Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий: Пеонер уулын оройгоос авсан зургууд өнөөдөр ч намайг баярлуулдаг даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-19 13:50:21
    ыбө: Долдоонч гар л байна.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188