• Өнөөдөр 2024-04-27

Зураач Д.АНХЦЭЦЭГ: Ээжийгээ төсөөлж “Цалин буусан ээж” зургаа зурсан

2021-03-31,   1245

-Хамгийн сайхан энгийн, эгэл дүрийг ээжээрээ төсөөлж буулгахыг хичээсэн-

“Цалин буусан ээж” нэг л аз жаргалтай, дулаахан, дотно сонсогдож байгаа биз. Гэхдээ энэ үгний цаана хэмжээлшгүй их тэвчээр, зориг, хүч, итгэл найдвар, бидний хэзээ ч мэдэрч үзээгүй, мэдэрч ч чадахгүй хязгааргүй хайр шингэсэн мэт санагдана. “Цалин буусан ээж” гэх ид шидтэй үгийг уран зураг болгон “амилуулж” чадсан залуу уран бүтээлч, зураач Д.Анхцэцэгтэй ярилцлаа.
 
 -Таны “Цалин буусан ээж” хэмээх зураг цахим орчинд цацагдаж, олны сэтгэлийг баясгаж, нүдийг нь хужирлалаа шүү дээ. Тус зургийн санааг хэрхэн гаргав. Зурж байхад танд ямар мэдрэмж төрсөн бэ?
 
-Би ээж, дүүтэйгээ амьдардаг. Аав минь гурван жилийн өмнө бурхан болсон. Би энэ зургийг ээжийгээ бодож зурсан. Миний ээж “Миний охин хүүхэдтэй болж үзээгүй мөртлөө эх хүний сэтгэлийг маш сайн төсөөлж, мэдэрч сурсан байна” гэж урмын үг хэлсэн.
Би зурахаасаа өмнө санаагаа заавал цаасан дээр буулгадаг. Тэр үед “Цалин буусан ээж” гэх нэр өгчихсөн байсан. Ээж минь өнөөдрийг хүртэл дүү бид хоёрын төлөө ажиллаж байгаа. Одоо ч гэсэн ээжийнхээ ирэхийг нь хүлээгээд л сууж байна. Ээж ороод ирэхээр л гэр дүүрэн, дулаахан болдог юм даа.
 
-Ээжээсээ санаа авч зурсан гэлээ. Тус бүтээлээр юу илэрхийлэхийг зорьсон бэ?
 
- Би ээжийн тухай зурах юм сан гэж үргэлж боддог байсан. Хамгийн сайхан энгийн, эгэл дүрийг ээжээрээ төсөөлж буулгахыг хичээсэн.  Эх хүн сэтгэл, зүрхээ зөвхөн гэр бүл, хүүхдүүддээ зориулдаг шүү дээ. Яг л энэ санааг гаргахыг зорьсон. Тус бүтээлийг оройн цагаар 4-5 сарын хугацаанд зурсан.
 
-“Цалин буусан ээж” зургаа дуудлага худалдаагаар худалдаалсан байсан. Энэ зургийг худалдаж авахаар хичээн хүн холбогдсон бэ. Хүнд зургаа өгсний дараа танд ямар санагдсан бэ.
 
-80X100 см хэмжээтэй, Зотон, тосон зураг. Энэ зургийг авахаар 20 гаруй хүн холбогдсон.

Би хамгийн анх холбогдож, өөрийнхөө сэтгэгдлийг илэрхийлсэн хүнд зарсан. Анх зарна гэж зураагүй. Тэгээд миний зургийг миний бодож, төсөөлж, хайрладаг шиг хайрлаасай гэж хүссэн. Зургаа өгчихөөд гарч ирэхэд надад хэсэг хугацаанд хоосон мэдрэмж төрсөн.

Одоо арай гайгүй болж байна.Би өмнө нь захиалгаар болон өөрийнхөө зурсан зургийг худалдаалж байсан. Гэхдээ энэ зураг илүү сэтгэл шингэсэн зураг байжээ.
 
-2018 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургууль төгссөн юм билээ. Өнгөрсөн хугацаанд ямар бүтээл гаргав. Цаашид юу хийхээр зорьж байна вэ?
 
-Би сургуулиа чимэглэх уран зургийн төрлөөр дүүргэсэн. Одоо ч тэрхүү хэв маягаар зурж, өөрийгөө эрж, хайж байна. Хэсэг хугацаанд зургийн багшаар ажилласан. Одоо хүүхэлдэй киноны зураачаар ажиллаж байгаа. Гэрийнхээ нэг өрөөг урлан болгоод түүндээ бүтээлээ туурвиж байна даа.
 
 
-Яагаад зураач мэргэжлийг сонгох болов. Та ямар бүтээлдээ хамгийн их хайртай вэ?
 
-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх жилдээ зурах сонирхолтойгоо мэдсэн. Түүнээс өмнө бусдын л адил зургийн хичээлээ хийдэг байсан. Миний хувьд зурна гэдэг хамгийн сайн бясалгал гэж боддог. Аливааг бодож, тунгаах, өөрийгөө мэдэрч, эргэцүүлэх боломж олгодог. Би зураг зурахдаа амарч чаддаг. Одоо хүүхдийн гэгээн цайлган ертөнцийн талаар зурж байгаа. Энэ бүтээлээ хийж дуусаагүй байгаа ч маш их дурлаж байна.
 
-Таны анхны зураг ямар нэртэй вэ. Ямар сэдэвтэй зураг зурахаар төлөвлөж байна вэ?
 
-Сургуулиа төгссөний дараах анхны бүтээл бол “Зүүд” гээд охины тухай зураг. Би цаашдаа ч амьдралд ойр чин үнэн зүйлийн талаар зурна гэж боддог. Энгийн бүхэн үнэн байдаг гэж боддог. Өөрийнхөө сэтгэлд нийцсэн сайн бүтээл туурвихыг хүсэж байна.
 
Бие даасан үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа. Аливаа бүтээл цор ганц байх ёстой. Тэгвэл илүү үнэ цэнтэй байна. Дахиж зурсан ч тухайн үеийн мэдрэмж, сэтгэлээр зурж чадахгүй.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа. Надтай холбогдож миний уран бүтээлийг сонирхохыг хүсвэл aankaaas инстаграм хаягаар холбогдоорой. 
 
 
 
 

Зураач Д.АНХЦЭЦЭГ: Ээжийгээ төсөөлж “Цалин буусан ээж” зургаа зурсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188