• Өнөөдөр 2024-04-16

“The Voice of Mongolia” шоуны ялагч, дуучин Ц.ЭНГҮҮН: Би дуу, хөгжмөөс амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг авдаг

2021-03-30,   997

-Дөрвөн настайдаа дуулж, анхны цалингаа авч байлаа-

          “The voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн таван настайдаа Хөгжим бүжгийн коллежид элсэж, урлагийн гараагаа эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр 2018 онд 17настайдаа “The Voice of Mongolia” шоуны ялагч болж, үеийн залуусаа байлдан дагуулж байв. Эрч хүчтэй, дайчин, цоглог Ц.Энгүүн анхны уран бүтээлээ “Халуун зүрх” киноны дуугаар эхлүүлсэн. Үүний дараа “Уучлалт гуйх гэж”, “Чи над шиг дурлаж чадах уу”, “Би өөрийнхөөрөө” зэрэг залуусын сонсох дуртай, орчин цагийн хэв маягийг илэрхийлсэн дуунуудыг “амилуулж” чадсан юм. Тэрбээр цомгоо гаргахаар бэлдэж байгаа гэх сайхан мэдээгээр бидний яриа эхэллээ.

-Ойрын үед Ц.Энгүүн юу хийж байна вэ. Уран бүтээлийн сонин дуулгахгүй юу?

-Хөл хорионы үед хүмүүстэй уулзаж чадахгүй, уран бүтээлийн ажлаа ажил хэрэг болгож чадахгүй л байна. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бүтээж, ажлаа амжуулах гэж хичээж байгаа. Өөрөө үг, аяыг нь бичсэн 8-9 дуутай анхны цомгоо гаргахаар дуу, бичлэгийн ажилтай сууна. Хөл хорионы өдрүүдэд дууныхаа үгийг бичсэн. Цомог бэлэн болоход нарийн деталь ажлууд нь үлдээд байгаа. Дуугаа үндэсний хөгжимтэй хослуулсан гэдгээрээ онцлог болно. Харин цомог маань цар тахлын улмаас хэзээ олны хүртээл болох нь тодорхойгүй байна.

-Дууныхаа шүлэг, аяыг өөрөө зохиодог юм уу. Энэ талаараа ярьж өгөөч?

-Би дуулахаас гадна үг, аяндаа маш их ач холбогдол өгдөг. Дууны үг, ая сэтгэлд нийцэхгүй бол дуулмааргүй санагддаг.

Хүнтэй хамтарч дуулахдаа хүртэл өөрийнхөө дуулах хэсгийн аялгууг өөрчилж, эрэгтэй хүний хатуу, захирч байгаа мэт хэлсэн үг, аяыг зөөллөж, эмэгтэйлэг болгох үе бий. Дууны үг бичихдээ сайтар төсөөлдөг. Киноноос ихэвчлэн санаа авдаг.

Тухайлбал, хайрын кино үзээд эрэгтэй нь юу хэлэх гээд байгаа юм бол, эмэгтэй нь яах гээд байсан юм бол гэж бодон, цааш төсөөлж үгээ бичдэг. Анх бичсэн дууны шүлгээ аав, ээждээ үзүүлж, магтуулж байлаа. Тэндээс л урам авч, үг, аяа зохиодог болсон.  

-Өнгөрсөн жил хийлч мэргэжлээр сургуулиа төгссөн юм билээ. Өөр мэргэжлээр сурах уу?

-Би хийл хөгжмийг таван настайгаасаа тоглож эхэлсэн. Өнгөрсөн жил сургуулиа төгсөж, мэргэжлийн хийлч болсон. Одоо олон улсын бизснесийн харилцаа мэргэжлээр сурч байгаа. Өөр мэргэжлээр сурч байгаа болохоор хүмүүс дуу, хөгжмөө орхих гэж байна гэж ойлгоод байгаа. Дуу хөгжим бол миний энэ насны амьдралын салшгүй нэг хэсэг шүү дээ.

-Цомгийн нээлтээ хэрхэн хийхээр төлөвлөж байна вэ?

-Шинэ дуу болон цомогт багтсан дуунуудаасаа цомгийнхоо нээлтэнд дуулна. Мөн хамтарч ажилласан хүмүүс уран бүтээлээ толилуулах байх. “White Rock”-д очиж дуулах надад сайхан санагддаг. Тийм болохоор цомгийнхоо нээлтийг “White Rock”-д хийнэ гэж төлөвлөж байгаа.

-Энгүүн 16 настайдаа  “The voice of Mongolia” шоуны ялагч болсон. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

-Би 2017 оны дөрөвдүгээр сард Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн олон улсын хийлчдийн тэмцээнд түрүүлж байлаа. Тухайн тэмцээнд орохын тулд утсаа нээж харах ч завгүй өдөр, шөнөгүй бэлтгэл хийдэг байсан. Тухайн тэмцээнд түрүүлчихээд хэсэгтээ сэтгэл амарч, тайвширч байх хугацаандаа “The voice of Mongolia” шоу тэмцээнд бүртгүүлж байсан юм. Тухайн үед тэмцээнд түрүүлэх зорилготой ороогүй.

Харин өөрийгөө хөгжүүлж, дуугаа хэрхэн хүнд хүргэж болох вэ гэдгийг мэдэж, мэдрэх гэж орж байлаа. Тэмцээн үргэлжлэх тусам сэтгэл догдолж, хүмүүсийн надад итгэх итгэл, хүлээлт нэмэгдэж байсан. Тэмцээнд түрүүлчихээд өөртөө ч итгээгүй, “Ийм их аз байдаг юм байх даа” гэж бодож байлаа.

-Ука шүүгч багийнхантайгаа хэрхэн хамтарч ажилладаг байсан бэ. Та одоо ч харилцаа, холбоотой байж зөвлөгөө авдаг уу?

-Манай шүүгч оролцогч бүрийнхээ зан араншин, хоолойны онцлог, жүжиглэх чадварт тулгуурлаж юу зааж, сургахаа шийддэг байсан. Шүүгчийн минь хэлж, зөвлөсөн үг бүхэн үнэ цэнтэй байсан учир бид тэмцээндээ амжилттай оролцож, их зүйл сурч авсан. Би одоо ч шүүгчийнхээ хэлсэн үгийг санаж, хэрэгжүүлэхийг хичээдэг. Манай шүүгчийн давуу тал нь цаг үеэ маш сайн мэдэрдэг. Залуус юу хүсч, хүлээж, сонирхож байгааг мэдэрч чаддаг. Би одоо ч Ука шүүгчээсээ үнэтэй зөвлөгөө авч, санал бодлоо хуваалцдаг.

-Хийл хөгжим таны зүрх сэтгэлийг хэрхэн хөглөдөг вэ. Та дуу, хөгжмөөс юу мэдэрдэг вэ?

-Намайг Хөгжим бүжгийн коллежид ороход биеийн хэмжээ, мэдрэмж, эв дүйг шалгаж авдаг байлаа. Хийл хөгжим хүний сонсох чадварыг илүүтэй хөгжүүлдэг. Хийлч болохын тулд багагүй тэвчээр, чамгүй зүтгэл хэрэгтэй. Тухайлбал, нарийн төмөр утсан дээр гараа гулгуулж тоглодог болохоор хурууны өндөг зүсэгдэж, цэврүүтдэг. Түүнийг мэргэжлийн багш нар огт тоогдоггүй, гар дээр дарж байгаад л дасгал хийлгэдэг байсан. Сүүлийн үед хурууны өндөг харлачихсан байхаар л өнөөдөр чамгүй бэлдэж дээ гэж боддог болсон. Хийл хөгжмөө дуутайгаа хослуулах дуртай. Хийл бол маш уянгалаг, эмэгтэй хүнийг илэрхийлсэн хөгжим. Би дуу, хөгжмөөс амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг авдаг. Мөн 6-7 жил төгөлдөр хуур тоглож байна.

-Та багадаа ямар дуунд дуртай хүүхэд байв. Олон уралдаан тэмцээнд оролцож байсан уу?

-Ухаан орсон цагаасаа л дуулсан. Багадаа “Мулан” хүүхэлдэйн киноны дууг дуулах дуртай байсан. Хамгийн анх дөрвөн настайдаа тоглолтод дуулж, анхны цалингаа авч байлаа шүү дээ. Мөн есөн настайдаа 100 гаруй оронд зэрэг цацагддаг дэлхийн дулаарлын эсрэг шоунд оролцож байлаа. Шилжилтийн насанд хоолой өөрчлөгдсөн учраас хэсэг дуулахаа больсон. Тэр хугацаанд хийл хөгжмөө давтаж, хичээлдээ анхаардаг байсан.

-Ээж, аав нь урлагийн хүн болохоыг нь хэр дэмждэг вэ?

-Бид эцэг, эхээс гурвуулаа. Хоёр эрэгтэй дүү минь бас урлагт хайртай. Аав, ээж хоёр биднийг юугаар ч дутаалгүй, сонсож, ойлгож хүмүүжүүлсэн. Намайг ээжийн гэдсэнд байх цагаас л урлагийн хүн болгохоор бэлдсэн гэж ярьдаг. Тэд намайг гэдсэнд байхад дуу сонсгодог байсан юм билээ. Тэр цагаас эхлэн өнөөдрийг хүртэл надад бүхнээ зориулж, дэмжиж, тусалдаг. Миний аав киноны тулааны найруулагч, ээж маань сэтгүүлч мэргэжилтэй. Би аливаа зүйлийг төгс, чанартай болгох гэж хичээдэг шаргуу, дайчин зантай. Үүгээрээ аав, ээж хоёртойгоо ижилхэн юм шиг санагддаг.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа.  


“The Voice of Mongolia” шоуны ялагч, дуучин Ц.ЭНГҮҮН: Би дуу, хөгжмөөс амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг авдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188