“Голланд сарнай”, “Дэлхийд дурласан сар”, “Тэртээх ертөнцийн хөгжимчин”, “Давхар цохилт”, “Код” “Нийслэл хүүхэн” зэрэг дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн, авьяаслаг, адтай уран бүтээлч Б.Мишээлийг “Уран бүтээлчийн цаг” буландаа урьж ярилцлаа.Тэрбээр эдүгээ Монголын кино урлагийн талбарыг залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ чимж, ур чадвар, авьяасаараа үеийн залуусаа хошуучлан, гялалзаж яваа уран бүтээлч билээ.Тэрбээр өчигдөр "Ардын журамт цэргийн мөрөөр" шоу нэвтрүүлгийн үеэр МУСТА цолоор энгэрээ мялаалаа.
-МУСТА цолоор шагнуулсанд баяр хүргэе. Та уншигч олондоо сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. МУСТА цол, тэмдэг намайг хурцалж, илүү ихийг хийх эрч хүч, урам зориг өглөө. 2011 онд урлагийн салбарт хөл тавихад дэмжиж байсан гэр бүлийнхэн, хайрт багш, найз нөхөддөө маш их баярлалаа. Надад итгэж, хүндэлж, хайрлаж уран бүтээлийг минь хүлээн авдаг үзэгч олондоо маш их баярлалаа.
-Таны гол дүр бүтээсэн “Нийслэл хүүхэн” кино саяхан олны хүртээл болж дууссан шүү дээ. Үзэгчдийн сэтгэгдэл өндөр байх шиг байсан?
-Та дүр бүтээхдээ юуг чухалчилж, анхаардаг вэ?
Би 2012 оноос хойш 21 кинонд тоглосон байна. Бүтээсэн дүрийн маань найм орчим нь туслах дүр байсан. Жүжигчин аливаа дүрд орж, хувирахын тулд судалгаа маш сайн хийх ёстой байдаг. Өөрт ногдсон тухайн дүрийг “Хэрвээ би” хэмээн ургуулан бодож, ажиллах л хамгийн чухал байдаг шүү.
Эмэгтэй уран бүтээлчид жүжиглэхээс гадна сайн ээж, хань байх ёстой. Уран бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулж, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг гэр бүлтэй байна гэдэг хамгийн чухал. Ар гэрийн амьдралдаа санаа зовох юм бол тухайн дүрээ олигтой бүтээж чадахгүй. Мундаг жүжигчдийн ард сайн гэр бүл байдаг юм шүү. Би хамт олон, мэргэжлээсээ үргэлж кайф авдаг. Аз жаргалтайгаар ядарч, аз жаргалтай ажлаа хийдэг. Миний мэргэжил харьцангуй стресс багатай санагддаг.
-Та дүрийн судалгаагаа хэрхэн хийдэг вэ?
-Тухайн кино зохиол болон дүртэй адил төстэй зүйл бусад зохиол, номонд байдаг. Тийм учраас дүр бүтээхдээ харьцуулж бодох, түүнээс үлгэр жишээ авах үе гардаг. Би уран зохиолын ном унших дуртай. Яг л кино үзэж буй мэт мэдрэмж төрдөг. Ажил ихтэй үед ном уншиж амждаггүй. Харин ковидын үед хөл хориог ашиглаад хэд хэдэн ном уншлаа. Хамгийн сүүлд “Босс хүүхэн”, “Бүсгүйн код”-ыг уншсан.
-Та аймшгийн киноноос ямар нэгэн мэдрэмж авах гэж үздэг үү. Эсвэл зохиол, бүтээл гэдэг талаас нь хүлээн авч үздэг үү?
-Надад мэдэхгүй аймшгийн кино бараг байхгүй. Энэ төрлийн кинонд дуртай шүү. Аймшгийн киног зохиол, бүтээл гэхээс илүү киноноос авах мэдрэмж их сонин. Хүн цочихоор эд, эс сэргэдэг мэдрэмж төрдөг гэх үү дээ. Мөн уянгын халилтай, уран сайхны, хайрын сэдэвтэй, уйлуулдаг кино үзэх дуртай.
-Та жүжигчдээс хэнээс үлгэр жишээ авч, тухайн жүжигчний хэмжээнд очихыг хичээдэг вэ?
-Монголын кино урлаг өргөн хүрээтэй болж, тэлж байгаа. Гаднын жүжигчид гэхээс илүүтэй Монголын жүжигчдээс үлгэр жишээ авч, суралцаж, тэднийг хүндэлж, хайрладаг. Тухайлбал, МУГЖ И.Одончимэг, МУАЖ Ж.Лхамхүү багш шигээ болох юм сан гэж хүсэж, хичээдэг. Гэхдээ хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй болохоор холливудын жүжигчин болох юм сан гэж бас боддог доо.
-Та яагаад жүжигчин мэргэжил сонгосон юм бэ. Жүжигчний юу нь таныг татсан талаар ярихгүй юу?
-Багаасаа л урлагийн үзлэгийн бүх номерт оролцдог нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. МУГЖ, дуучин Т.Ариунаа эгчийн бүх CD-г цуглуулдаг, “улаан” фен нь байлаа шүү дээ. Бүх дууг нь одоо хүртэл А, Б-гүй мэддэг гээд бод доо. Тэгээд ахлах ангиа төгсдөг жилээ урлагийн хүн болохоор шийдсэн. Гэхдээ тухайн үедээ сэтгүүлч мэргэжилтэй болох гээд “Шаанс” агентлагт элссэн юм. Гэтэл агентлагийн Нараа багш “Чи сэтгүүлч гэхээс илүү жүжигчин болбол зүгээр юм байна. Чи СУИС-д шалгалт өгөөд үз” гэж хэлсэн. Тэгээд ээж, эгч хоёр минь намайг дэмжиж, шалгалт өгөөд тэнцэж байлаа. Ингэж л жүжигчин гэх мэргэжлийг эзэмших болсон юм. “Шаанс” агентлагт очсондоо үргэлж баярлаж явдаг. Жүжигчин болсон минь буруу сонголт байсан гэж огт боддоггүй.
Хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй болохоор холливудын жүжигчин болох юм сан гэж боддог
-Та гурван охинтой айлын дундах нь юм билээ. Аав, ээж нь охидоо хэрхэн хүмүүжүүлдэг байсан бэ?
-Аав минь хүнс судлаач мэргэжилтэй. Мэргэжлээрээ “Мах импекс” компани болон ХХААХҮЯ-нд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ээж минь “Өдрийн сонин”-д олон жил ажилласан хүн бий. Ижий, аав хоёр минь 60 нас хүрэх гэж байгаа. Би ээж болсноосоо хойш ээж, аавынхаа хэлсэн үг, аливааг ойлгуулахыг хичээдэг бүхнийг ойлгож байгаа. Миний аав, ээж гурван охиноо эрхлүүлж, нандигнаж, алган дээрээ бөмбөрүүлж, юугаар ч дутаахгүй өсгөсөн. Б.Энхтуяа найрагчийн “Охин үрээ хайрла” хэмээх шүлэг манай гэрийн хананд байдаг. Яг л тэр шүлэг шиг охин үр чинь ээж болохоороо бүхнийг ухаарна, аавынхаа гэрт л жаргах ёстой гэдэг агуулгаар биднийг өсгөсөн. Манай гэр бүлийнхэн заримдаа найзууд шиг байдаг. Миний аав, ээж хоёр их зөөлөн хүмүүс бий дээ.
-Аав, ээжийгээ хэрхэн баярлуулахыг хүсдэг вэ?
-Баяр бүрээр ээж, аавдаа гэр бүлээрээ очихыг хүсэж, очиж баярлуулдаг. Бага байхдаа баяр болохоор хайчилбар хийж, зураг зурж, сэтгэлийн үгээ өнгийн цаасан дээр бичиж өгдөг байлаа. Тэр үеийн бүх бэлгийг аав, ээж хоёр минь хадгалсан байдаг юм. Эргэж үзэхэд их сайхан санагддаг даа. Сүүлийн жилүүдэд бэлэг өгөхөөс илүү байнга утсаар ярьж хайртайгаа, баярлаж явдгаа хэлэхийг илүүд үздэг болсон. Үр хүүхэд нь сайн, сайхан явж байвал ижий, аав минь амгалан тайван, аз жаргалтай байна шүү дээ.
МУГЖ И.Одончимэг, МУАЖ Ж.Лхамхүү багш шигээ болох юм сан гэж хүсэж, хичээдэг
-Таны талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цахим орчинд үе үе түгдэг шүү дээ. Хамгийн сүүлд улстөрчтэй гэр бүл болсон гэх мэдээлэл гарсан байсан. Үнэн юм уу?
-Би өөрийнхөө талаар гарсан нэг ч нийтлэлд ямар нэгэн байдлаар тайлбар хийж үзээгүй. Уран бүтээлд хамт тоглосон хүнтэй хүртэл холбож бичдэг болохоор нь нөхрийнхөө зургийг цахим орчинд нийтэлсэн юм. Бид албан ёсны гэр бүл болсон. Тийм ээ, миний нөхөр улстөрч.
-Жүжигчин хүн бүрд дүрийн шунал гэж байдаг шүү дээ. Та ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
-“Орхидос” киноны ээжийн дүр шиг дүрд тоглохыг хүсдэг. Тоглосон уран бүтээлээ харахад зарим дүр нь надтай төстэй, дандаа хайр дурлалын сэдэвтэй, хөнгөн, хөгжилтэй дүрд тоглосон байна. Тэгэхээр өөрийгөө илүү эвдсэн, эсрэг дүрд тоглох юм сан гэж боддог. Жүжигчин хүн ямар ч дүрд хувирдаг байх хэрэгтэй шүү дээ.
-Ойрын хугацаанд дүрийн санал ирсэн үү. Та ямар шалгуураар дүрээ сонгодог вэ?
-Хэд хэдэн санал ирсэн. Тав, долдугаар сарын уран бүтээлийн төлөвлөгөө гарсан байгаа. Гэхдээ цар тахлаас шалтгаалах учраас өөрчлөгдөж магадгүй. Би дүр сонгохдоо зохиол, найруулагч хоёрт ач холбогдол өгдөг. Мөн хамтран ажиллах уран бүтээлчид чухал байдаг.
-Жүжигчин Б.Мишээл ямар эмэгтэй, ээж, эхнэр вэ?
-Би сэтгэл хөдлөл ихтэй хүн. Сэтгэл хөдлөлөө нууж, дарж чаддаггүй. Нулимс ойрхон, амархан гардаг. Онцгүй мэдрэмж төрвөл царай хувьсхийгээд л өөрчлөгддөг гэдэг. Миний нүүрэн дээр сэтгэл доторх бүх зүйл ил явдаг байж мэднэ. Амархан инээж, уйлж, гомддог. Гэхдээ гомдол маш хурдан тайлагддаг, цайлган талдаа. Гэхдээ хэлэх үгээ хэнд ч шууд хэлж чаддаг. Ээжийн хувьд сахилгагүй ээж. Хүүхэдтэйгээ тоглоно, хүүгээ шоглож, цочооно. Үг, үйлдэл, сэтгэл, зүрхээрээ үр хүүхэд, ханиа халамжлахыг хичээдэг.
МУСТА Б.МИШЭЭЛ: Би “Орхидос” киноны ээжийн дүр шиг дүр бүтээхийг хүсдэг |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |