-Алдартай зураач хүмүүсийн намтрыг уншихад зурах авьяас нь ихэвчлэн бага насанд нь илэрсэн байдаг шүү дээ. Тэгэхээр таны бага наснаас ярилцлагаа эхлэх нь зөв байх. Хүүхэд байхдаа зураач болно гэж төсөөлж, мөрөөдөж байв уу?
-Би есдүгээр анги хүртлээ зураач болно гэж бодож байгаагүй. Гэхдээ зурдаг, зурах дуртай байсан. Тэгээд есдүгээр ангидаа Баттулга хэмээх зургийн багшид шавь орсон. Багшийнхаа зурж байгааг хараад зураач болохоор шийдсэн. Баттулга багшаас их зүйл сурсан. Намайг “Чи СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн монгол зургийн ангид орох ёстой” гэж зөвлөж байсан. Багшийнхаа зөвлөснөөр Монгол зургийн ангид ороод мэргэжлийн мундаг багш нараар хичээл заалгасан. Би Соёл урлагийн их сургуулийг 2011 онд М.Чинбат багшийн удирдлага дор төгссөн.
- Тэр цагаас хойш зураач мэргэжилд “дурласан” уу?
-Би 2012 онд Б.Нямхүү багштай цуг хүүхэлдэйн киноны дүрийн зураачаар ажиллахаар хөдөө явсан юм. Тэр цагаас хойш хүүхэлдэйн киноны дүрийн зураг зурах сонирхолтой болсон. Зурах хүсэл сонирхолтой байх нь хамгийн чухал шүү дээ. Зураг зурахад олон зүйл хэрэг болдог. Тухайлбал, зургийн санаа, зохиомж, өнгөний зохицол гэх мэт сурах шаардлагатай зүйл их байдаг. Их сургуульд дэлхийн урлагийн түүх үздэг. Түүхэнд үлдсэн мундаг зураач нар юу, яаж, хэрхэн зурдаг байсан талаар үзэж, уншихад өөрийн эрхгүй дурлаж байсан.
-Монгол хүүхдийн дүрийг хүүхэлдэйн киноны баатарын дүрд хувиргаж зурсан байсан. Тухайн бүтээлийг хийхэд судалгаа чухал байх?
-Оюутан байхад “Угсаатан зүйн судалгаа” хэмээх хичээл ордог байсан. Оюутан бүр хавтсандаа судалгааны талаарх материалаа цуглуулдаг байсан. Тус хичээл бидний суурь мэдлэг болдог. Монгол зураг зурахын тулд монголчуудын хэрэглэж байсан дээл, хувцас сайтар судлах хэрэгтэй.
Дандаа дээлтэй зураг зурдаг болохоор дээлний товч, имжээр зэрэг монголчуудын эдэлж хэрэглэдэг бүхнийг судлах шаардлагатай.
-2016 онд “Өв” хэмээх үзэсгэлэн гаргасан шүү дээ. Тухайн үзэсгэлэн ямар онцлогтой байсан бэ?
-2013-2016 он хүртэл хүний хөргийг хүүхэлдэйн киноны дүрд оруулж уран сэтгэмжтэй зурдаг байсан. Үзэсгэлэн гаргахад найз нөхөд минь их тусалсан. Манайд байгалийн болон абстрат зургийн үзэсгэлэн их гардаг. Тухайн үед миний үзэсгэлэн шинэлэг болж чадсан.
Үзэсгэлэнд минь 30 гаруй бүтээл орж, өдөрт 200-300 хүн ирж үздэг байсан. Сарын турш үзэсгэлэн үргэлжилсэн. Зургийнхаа суурь эсгүүрийг нь сайтар гаргаж чадвал уран сэтгэмжтэй болгоход дөхөм байдаг.
-Үзэсгэлэн гаргахад тань гэр бүл, найз нөхөд, багш нар нь урмын үг их хэлж байсан байх?
-Манай гэрийнхэн урмын үг хэлж, байгаа бүхнээрээ дэмжиж байсан. Тухайн үед манай хадмууд үзэсгэлэнгийн үеэр ширээ засаж, ирсэн хүмүүсийг дайлж байсан. Үүнд нь одоо хүртэл баярладаг. Үзэсгэлэнг минь үзсэн хүмүүс бүгд “Ямар хөөрхөн зураг вэ” хэмээн урмын үг хэлж байсан.
-Танай гэр бүлийнхнээс гарын дүйтэй, авьяастай хүн бий юү?
-Манай аав гарын дүйтэй, сайхан зурдаг. Намайг бага байхад олон сайхан зураг зурдаг байсан. Би түүнийг нь харж бишрээд суудаг байлаа. Би аавтайгаа адилхан. Мөн зурах авьяасыг нь дууриасан гэж боддог.
-Хэрвээ нууц биш бол та үзэсгэлэнд дэлгэсэн зургуудаа хэдэн төгрөгөөр үнэлсэн бэ?
-Үзэсгэлэнд дэлгэсэн бүх зургаа борлуулсан. Тухайн үед 2-3 сая төгрөгийн үнэтэй байсан. Одоо үнэ нь нэмэгдсэн.
-Өнөө цагт монгол зураг хэрхэн хөгжиж байна. Хөгжих боломж нь ямар байна вэ?
-Хамгийн эрчимтэй хөгжиж буй урлаг гэж ойлгодог.
-Та ямар цаг үед сайн төвлөрч бүтээлээ хийдэг вэ?
-Би өглөө сууж зурдаг. Тэр үед утас дуугарахгүй, энд, тэндээс хүн дуудахгүй сул цаг байдаг.
-Цаашид юу хийх зорилготой байна вэ?
-Хийж байгаа бүтээлүүдээ илүү сайжруулна гэж бодож байна. Найзуудтайгаа “Nomadtoys” студи байгуулсан. Жилийн өмнөөс насанд хүрэгчдэд зориулсан цуглуулдаг тоглоом хийж байгаа. Том, жижиг янз бүрийн хэмжээтэй. Хуванцар, модоор хийж болно. Бид шингэн пластикаар ихэвчлэн хийдэг.
Э.ТҮВШИНТӨР: Өвөөгийнхөө чөдөр, хазаар зангидахыг харж, монгол ахуйтай ойр өссөн |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |