• Өнөөдөр 2025-02-13

Э.НАРАНБОЛД: Урлаг миний талхаа олж идэх талбар болсон учраас сайн уран бүтээл хийхийг хичээж байна

2025-02-13,   409

        Тэрбээр 16 насандаа “Modernize entertainment”-ийг үүсгэн байгуулсан хөдөлмөрч, бүтээлч найруулагч билээ. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан контент, кино хийдэг залуу уран бүтээлч Э.Наранболдтой ярилцлаа.

Продакшнаа байгуулж байсан тухай ярихгүй юу?

     -“Төгс хөгжил” продакшнд жүжгийн бэлтгэл хийдэг байлаа. Тэгээд 2016 онд  Б.Тулгабат, Э.Наранбат гэдэг хоёр дүүтэйгээ хамтран цахим сүлжээнд контент хийж эхэлсэн. Анх бид нэгнийхээ гэрт юм уу, гадуур уулзаж бичлэгийнхээ санааг ярилцаж байгаад "Iphone-5" маркийн утсаар бичлэгээ хийгээд, түүн дээрээ засварлаж, янзлаад оруулдаг байлаа.  Бид дөрвөн жил орчим видео контент хийгээд 2020 онд албан ёсоор компаниа байгуулсан.

-Танай контентын санаа, зорилго юуг чиглэдэг вэ?

      -Нийгэмд тэр бүр ил байдаггүй гэр бүлийн хүчирхийлэл болон өсвөр насны хүүхдүүдэд хүндлэл, хайр, найз нөхдийн харилцааг үлгэрлэсэн контент хийхийг зорьдог. Бид энэ чиг шугамаа алдахгүй.

-Цахим сүлжээнд бичлэгээ цацаж эхлэх үед хүмүүс ямар хандлагатай байсан бэ. Сөрөг сэтгэгдэл авч байсан уу?

   -2018 онд “Үхлийн зугаалга” анхны киногоо “YouTube” хуудсаараа цацаж, сөрөг сэтгэгдэлд булуулсан гэж болно. Тухайн үед 17 настай, жаахан хүүхэд байсан учраас сэтгэлээр унаж байсан. Одоо бол сөрөг сэтгэгдлийг тоохоо больж аль болох алдаагаа засах ашигтай хувилбар болгодог болсон.

-Залуу уран бүтээлчийн хувьд урлагийн хэцүү нь юу вэ?

-Анхандаа урлаг миний амьдралын талх биш ч дарс байсан юм шиг санагддаг. Харин одоо урлаг миний амьдралын талх болсон. Залуу уран бүтээлчдэд мөнгө, санхүүгийн асуудал хэцүү байдаг. Энэ салбар өрсөлдөөн ихтэй, золиос шаарддаг. Хайртай учраас цаашдаа илүү сайн уран бүтээл хийхийн тулд хичээж байгаа.

-Урлагийн хүн болоход нь ар гэрийнхэн нь нөлөөлсөн үү?

-Манай гэр бүлийнхэн урлагийн хүмүүс учраас намайг бага байхад тэд тоглолт, кино зураг авалтад байнга явна. Үүнээс нь болоод би урлагийн хүн болохгүй гэж боддог байлаа. Гэсэн ч би одоо урлагийн салбарт хайртай нэгэн болжээ.

 

-Найруулагч мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-Аравдугаар ангид орох хүртлээ эмч болохыг хүсдэг байсан. Тэр жилийн зун сонирхлоороо бичлэг хийж, зохиол бичиж байгаад надад тохирох мэргэжил найруулагч юм байна гэж бодоод мэргэжлээ сонгосон.

 

 -Шантардаг уу?

      -2021 онд бүх сошиал хаягаа хакердуулж, таван жилийн хөдөлмөр нурах үед бууж өгмөөр санагдаж, долоо хоног тарчилсан. Харин хамт олон маань “өнөөдрийг хүртэл хийж чадсан юм чинь цаашдаа ч хийж чадна” гэж надад итгэл өгсөн. Гэхдээ дөнгөж одоо л бүх зүйл жигдэрч, анх байсан шигээ болж байна.

-Хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?

     -Монгол уран бүтээлчдээс “Фантастик” продакшны хамт олноос үлгэр дуурайлал авч, суралцдаг.

-Одоо “Modernize” продакшн ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

      -Өмнөх жил бүтээсэн “17 нас” киноны дараагийн анги болох “18 нас” кино дээр ажиллаж байна. Төгсөх ангийн хүүхдүүдийн хайр дурлал, нөхөрлөлийг харуулсан бүтээл шүү дээ.

-Ирээдүйн зорилго, зорилтоосоо манай уншигчидтай хуваалцаач?

       -Бид “Өдөр бүр өөрийнхөө сайн хувилбар бай” гэдэг уриаг хэрэгжүүлэхийг хичээж ажилладаг. Харин хувь уран бүтээлчийн хувьд би юу чадаж байна тэрийгээ тултал хийж, мартагдахааргүй бүтээлтэй болохыг зорьж байна.

Х.Анаргүл


Э.НАРАНБОЛД: Урлаг миний талхаа олж идэх талбар болсон учраас сайн уран бүтээл хийхийг хичээж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-02-13 15:34:31
    Атараа : Дүү нартаа урлагийн өндөр амжилтыг хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188