“Орфей” театрын хамт олон ээлжит бүтээлээрээ Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн “Амьдрахуй” жүжгийг олны хүртээл болгож байна. Анх 1992 онд уншигчдын хүртээл болж, 10 гаруй хэлээр орчуулагдсан эл романаас сэдэвлэсэн анхны “Амьдрахуй” жүжгийн гол баатар Фу Гүйн дүрийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Баттөмөр бүтээж байгаа билээ. “Амьдрахуй” жүжгийн Фу Гүй бол хар багаасаа жаргалдаа ташуурч, онгирч, сагсуурч, эцэстээ өөрт байгаа бүхнээ, хайртай хүмүүсээ ч алдаж, орь ганцаар үлдэж буй гунигт эрийн дүр. Гэсэн ч тэр гунигт эр дайн дажин, эцэс төгсгөл үгүй хар, бор ажил, өлсгөлөн, өвчин, үхэл амьдралыг нь бүрхэн авсан ч зовсоор, уйлсаар, гол нь амьдарсаар байгаа амьдрахуйн үнэний тухай “Амьдрахуй” жүжигт Фу Гүйн дүрийг бүтээж буй Д.Баттөмөртэй ийн ярилцлаа.
-Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн “Амьдрахуй” жүжиг үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацаа өнгөрлөө. Таны хувьд эл жүжгийн гол дүр Фу Гүйн дүрийг бүтээж буй. “Орфей” театрын “Амьдрахуй” жүжгийн гол дүрийг бүтээж, нэг хэсэг нь болж, хамтран ажиллах болсон талаар тань хоёул яриагаа эхлэх үү?
-“Орфей” театрын М.Батболд найруулагч намайг гурав дахиа уран бүтээлдээ тоглуулахаар урьсан юм. Гурав дахь гуйлт дээр нь зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон ч гэж болно. Өмнөх хоёр саналд нь “Трио” киногоо хийгээд, дэлхийгээр аялж явсан учир “Тоглож чадахгүй нь ээ” гэсэн хариу өгч байв. Харин энэ “Амьдрахуй” гэх дэлхийн зохиолчийн, дэлхийн зохиолын гол дүрд уригдана гэдэг надад их хүндэтгэлтэй, сайхан байлаа.
Фу Гүйн дүрд тоглох саналыг “Орфей” театрынхан өнгөрсөн зун тавьсан юм. Би үнэнээ хэлж, “Үнэндээ би нэлээн жин нэмсэн. 100 кг хол давсан. Энэ богино хугацаанд жин хаяж чадах уу”, “Энэ Фу Гүйн дүр чинь яг Батаа мөн үү, сайн бодооч. Сайн бодож үзээд, гүн, бат итгэлтэй болсныхоо дараа надад хэлээрэй” гээд сар хэртэй хугацаанд кино зураг авалтаар явчихсан. Гэтэл хөдөө зураг авалттай байхтай зэрэгцэн баяр наадмын дараахан дахиад яриа, хөөрөө болов оо. Би М.Батболд найруулагчаас “Чи яагаад намайг Фу Гүйн дүрд сонгосон юм бэ” гэж асуутал “Би таныг 2006 онд Ц.Балдорж агсны зохиолоор хийсэн “Хориотой” жүжигт Дэмбээгийн дүрийг бүтээж байхыг чинь хараад жүжигчний хувиар таны авьяас, чадварыг харж биширсэн. Дараа нь “Аянгын бороо” жүжгийн тайзнаас таныг харсан нь үнэхээр зүрхэнд хүрч үлдсэн. Хэдий та инээдмийн төрлөөр дүр бүтээдэг ч таны дотоод ертөнц, жүжигчний дотор чинь драм мэдрэмжтэй. Монголд миний Фу Гүйг танаас өөр бүтээх хүн байхгүй” гэсэн юм. Хэдий найруулагч М.Батболдын санааг ойлгосон ч би гэж хүн саналыг нь хүлээж авах гэж бөөн юм болсон. Тиймээс “Жүжгийн зохиолоо уншиж дуусаад хариу мэдэгдье” гээд жүжгийн зохиолын уншлагадаа орсон. Тэгээд л наймдугаар сарын 20-ноос хойш өөрийгөө бэлдэж, жингээ ч хаяж, “Амьдрахуй”-н Фу Гүйн дүрийг “Орфей” театрын хамт олонтойгоо, жүжгийн зураачтайгаа, хамтран зүтгэгчид, найруулагч, зохиолчидтойгоо хамтарч бий болголоо.
-Жүжгийн гол дүрийн санал ирсэн ч саналыг нь хүлээн авах гэж их зүйл болсон бололтой. Харин тэр хугацаанд эргэлзээ, гайхширал байсан болов уу гэж бодож байна. Хэрэв эргэлзээ, айдас байсан бол тэр нь “Батаа Фу Гүйн дүрийг бүтээж чадах уу, эсвэл “Амьдрахуй” хэрхэн жүжиг болох вэ” гэдэгт байв уу?
-“Амьдрахуй”-н зохиолч Үй Хуа гуай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд ирсэн. Тэгэхдээ Ерөнхий сайд асан С.Баяр гуайтай ярилцсаныг нь үзсэн. Би жүжгийн гол дүрийн санал ирэхээс ч өмнө романыг нь, Жан Имоу найруулагчийн “Амьдрахуй” киног нь үзчихсэн байсан. Мэдээж роман нь гоё, кино нь гоё. Гэхдээ “Яаж жүжиг болох вэ” гэсэн эргэлзээ байсан байх. Харин тэр эргэлзээг минь тайлсан нь “Орфей” театрын хамт олон. Тэд ямар ч эргэлзээгүй гол дүрээ Батаа гэж харсан. Тиймээс л М.Батболд найруулагч “Миний Фу Гүй бол та мөн юм байна” гэж хэлсэн болов уу.
-“Жүжигчинд дүр багаддаггүй. Харин жүжигчин дүрдээ жижигддэг” гэх юм билээ. Шуудхан асуухад, та өөрийн “Дэлхийн зохиол” гэж үнэлсэн “Амьдрахуй”-н гол дүр Фу Гүйн дүрд хэр жижигдсэн бэ?
-Хүмүүсийн дунд “Хошин урлагийн жүжигчид драмын эмгэнэлт дүрд хэр нийцтэй вэ” гэсэн бодол, эргэлзээ бий. Тэр дундаа “Эмгэнэлт жүжгийн гол дүрд нь тоглож байж инээлгээд байх вий” гэсэн эргэлзээ үзэгчдийн дунд битгий хэл, театр судлаач, шүүмжлэгчид дунд байдаг. Гэтэл академик драмын театрын жүжигчид, хошин урлагийн жүжигчид чинь ялгаагүй нэг сургуулийн төгсөгчид, нэг багшийн шавь нар. Тэр багш нар бүгдэд нь адилхан драм, комеди суурийг өгдгөөс биш, ангийн талыг нь онцлоод драм, нөгөө талд нь комеди заана гэж байхгүй шүү дээ. Харин тухайн сургууль төгсөгчид амьдралаа аль тийш авч явах вэ, аль нь өөрт нь хэрэгтэй вэ гэдэг сонголтын асуудал бий.
-“Амьдрахуй” жүжгийн нээлтийн үзвэрүүдийг үзсэн хүмүүс цахим сүлжээнд багагүй санал, шүүмжлэл бичиж байгаа харагдсан. Тэр дунд “Хэдий эмгэнэлт жүжгийн гол дүрд тоглож байгаа ч өнөө л “Банш” Батаа харагдаад байна” гэх сэтгэгдэл ч байсан. Та энэ тухайд ямар хариу өгөх вэ?
-“Трио” кино маань олон улсад гарч, таван тивийн 17 улсаас 22 шагнал хүртсэн. Үүнийг минь төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, тэмдгийг энгэрт минь гялалзууллаа. Өнөөдөр Батаа нийгмийн эмзэг сэдвийг хөндөж, кино зохиол бичээд, найруулаад, өөрөө гол дүрд нь тоглож болж байна. Харин Д.Баттөмөр жүжигчнийхээ хувьд Фу Гүйн дүрийг хэрхэн бүтээж байна вэ гэдэг хоёр талтай. Гэхдээ эргэлзсэн, гайхширсан тэр үзэгчдийн хариултыг би, бид “Амьдрахуй” жүжгээрээ өгч байгаа.
Нөгөөтээгүүр санал, шүүмжлэл хэлж байгаа хүмүүс дунд “Амьдрахуй” жүжгийн эхний өдрийн үзвэрийг үзсэн хүмүүс байгаа байх. Эхний өдрийн тоглолтод техник, технологитой холбоотой саатал, асуудал гарсан. Гэхдээ театр урлаг гэдэг өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл. Хүн үргэлж магтуулаад байна гэж үгүй. Тэр үзэгч, судлаач, шүүмжлэгчид санаа, бодлоо хэлж байж театр улам сайжирна шүү дээ.
Жүжгийн тавдугаар үзэгдэлд комеди хэсэг бий. Эх зохиолоосоо л тэр хэсэг инээдэм байсан. Харин надад таалагдаагүй. Үнэндээ би хүмүүсийг инээлгэх, комеди хэсгээс зугтааж, драмаар нь тоглохыг хүссэн. Гэтэл М.Батболд найруулагч “Фу Гүй угаас тийм хүн. Амьдрал нь баярлаж, гуньсан, сагсуу, онгироо тийм хачирхалтай, сэвсэлзүүр хүн учир тийм байж болно. Тэгээд ч тэр их эмгэнэлт, шаналант амьдралын зэрэгцээ үзэгчдээ амраах өчүүхэн хэсэг өгч байгаа нь тэр. Та миний Фу Гүйг яг үүгээр нь тоглоод өг” гэсэн юм. Гэсэн ч нээлтийн үзвэрүүдийг үзсэн хүмүүс тавдугаар үзэгдлийн комеди хэсэгт огт өөр коммент хэлсэн. Тиймээс ч “Орфей” театр үзэгч, судлаач, шүүмжлэгчдийнхээ үгийг хүлээн авч, тэр үзэгдлийн комеди хэсгийг бүрэн авч хасаж байгаа гэж болох юм.
-Жүжигчин Д.Баттөмөр тайзны урлагийн ээлжит дүр болох Фу Гүйг хэр бүтээсэн гэж үнэлэх вэ. Тэр зовлонт, эмгэнэлтэй амьдрал, хувь тавилантай эрийн дүрд хувирах хэр шаналантай байв. Нөгөөтээгүүр хувь хүн, жүжигчнийхээ хувьд ч өөртөө шинэ зүйлс нээсэн болов уу?
-Жүжгийн бэлтгэл эхлэхээс өмнө найруулагч М.Батболд “Батаа ах аа, хоёулаа амбицаа дараад, буцаад СУИС-ийн найруулагчийн ангийн оюутан, жүжигчний ангийн оюутан болж байгаад эхнээс нь эхэлье” гэсэн юм. Тиймээс ч би “Амьдрахуй” жүжигт урьд өмнөхөөсөө илүү хичээсэн. Буцаад жүжигчний ангийн оюутан болсон. Жүжгийн бэлтгэлдээ хамгийн эхэнд ирж, хамгийн сүүлд явж, жүжигчид үгээ цээжлэхээс урьтаж өөртөө суулгачихаад, дүрийн үр, намтар гэж хэдэн дэвтэр гараар бичиж, өглөө ирээд “оюутан”-ыхаа хувиар шалаа арчиж, угааж, жүжгийн уншлагадаа орж байлаа. Бүхэл бүтэн жүжгийн гол дүр дааж авсан хүн учир хариуцлагаа ихэсгэж, дүрдээ орохын тулд 17 кг жин хаясан. Бүгдэд сэтгэлээ дэвсээд, бусад жүжигчнээс урьтаж гарааны зурхайд гарахад бэлэн зогсож байсан юм.
“Амьдрахуй” жүжиг найман үзэгдэлтэй. Тэр найман үзэгдлийн турш Фу Гүй завсаргүй ярьж, чалчиж байгаа. Ийм жүжгийн бүхэл бүтэн гол дүрийг нуруун дээрээ үүрнэ гэдэг бас ч гэж шандас сорьсон эд. Тэр давааг дааж гарахын тулд бас ч гэж их тэнхээтэй “морь” байх ёстой. Гэсэн ч Фу Гүйн дүр надаас маш их хүч, оюун ухаан, авьяас, мэдрэмж, сэтгэл шаардсан. 100 хувийн гүйцэтгэлтэй тоглохыг шаардсан. Харин чадахаараа хичээж, сэтгэлээ дэвссэнийхээ ард өнөөдөр Фу Гүй бол Батаа, Батаа бол Фу Гүй болоод хувирчихсан байгаа гэдгийг ам бардам хэлэх байна.
-Эргээд СУИС-ийн жүжигчний ангийн оюутан болох сэтгэгдэл ямар байв?
-Үнэхээр өөр, үгээр хэлшгүй сонин юм байдаг юм байна. Өмнө нь би Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайтай “Хориотой” жүжигт хамтарч, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар ахтайгаа “Аянгын бороо” жүжигт аав, хүү хоёр болж тоглож байлаа. Харин Гавьяат жүжигчин Б.Нармандах эгч, Д.Ганцэцэг, Г.Амгаланбаатар хоёр найзтайгаа анх удаа тайзан дээр гарч байна. Бид чинь СУИС-ийн дээд, доод курсийн гурав шүү дээ. Харин энэ удаа залуу гурван Гавьяат болчихоод, нэг тайзан дээр гарч зогсоо нь үнэхээр сайхан байлаа.
-М.Батболд найруулагчтай хамтарч ажиллах ямар санагдав. Өмнө нь хоёр ч саналд нь татгалзсан хариу өгч, хамтран ажиллаж чадаагүй гэж дурдсан даа?
-ОХУ-д театрын сургуульд бэлтгэгдэж ирсэн мэргэжлийн, шинэ цагийн театр урлагийн боловсон хүчин гэдэг өөр байдаг юм байна. Намайг жүжгийнхээ гол дүрд уриагүй, санал тавиагүй байсан ч М.Батболд найруулагчийг холоос харж, ажиж явсан хүнийхээ хувьд Монголын театрын урлаг ийм мундаг мэргэжлийн боловсон хүчинтэй болж буйд баяртай байгаа. Нөгөөтээгүүр сэтгэл зүйч байсан хүнийхээ хувьд найруулагч М.Батболдын бусадтайгаа харилцах харилцаа, хандлага нь огт өөр санагдсан. Хэдийнэ дотроо дүрийг ойлгож, мэдэрчихээд, тэр дүрийг бүтээх жүжигчинд бүрэн дүүрэн ойлгуулахаар тайлбарлаж өгдөг шиг санагдаж байв шүү.
-Д.Баттөмөр, Фу Гүй хоёрын хамгийн том ялгаа юу байсан бэ?
-Фу Гүйн дотоод ертөнц, зан ааш, харилцаа, амьдралыг ойлгож байгаа нь, амьдралын философи нь, гэгээлэг байгаа нь, бадрангуй байгаа нь, хэдий хамаг нандин, үнэтэй бүхнээ алдсан ч амьдралын төлөө зүтгэж, амьд байх чухал юм байна гэдгийг ойлгож байгаа нь надад их дотно, ойр санагдсан. Зарим талаараа “Фу Гүй бид хоёрт ялгаа байхгүй юм байна. Фу Гүй чинь би юм байна” гэж бодсон.
Ийн хариулсных нь дараа ярилцлагаа завсарлахад ярилцагч маань "Батаа, Фу Гүй хоёрт тийм ч их ялгаа байгаагүй дээ. Анх жүжгийн зохиолыг уншаад, уншлагадаа ороод ажиллаж байхад ч Фу Гүй гэдэг дүр яг л над шиг санагдаж байсан. Магад үүнийг мэдэж, мэдэрсэн М.Батболд найруулагч "Миний Фу Гүй та мөн юм байна" гэж хэлсэн байх" гэсэн юм. Ойр ойрхон тамхи асааж, аягатай кофегоо байн байн шимж байгаа харагдах аж. Тэгэхэд л ярилцлагын дундуур "Фу Гүй бол Батаа, Батаа бол Фу Гүй болоод хувирчихсан байгаа гэдгийг ам бардам хэлэх байна" гэж байсны адил өмнөө жүжигчин Д.Баттөмөр биш, Фу Гүй зогсож байх шиг, тэр гунигт амьдрал туулсан эртэй ярилцаж байх шиг санагдсаныг нуух юун. Тэгж санагдсаных ч ярилцлагаа дуусгаад редакц руугаа буцах замдаа жүжигчин Үй Хуагийн бичсэн Фу Гүй болон жүжигчин Батаагийн бүтээсэн Фу Гүйн хоёрын дүрийг харьцуулж бичихийг хүссэн минь энэ.
Хятадын нэрт зохиолч Үй Хуа “Амьдрахуй” романдаа ХХ зууны Хятадын нийгэм, улс төрийн өөрчлөлт, тэр өөрчлөлтүүдийн нөлөөнд өртөж, хувь заяаны хатуу сорилтуудыг даван туулж буй гунигт эрийн амьдралыг өгүүлдэг. Үй Хуагийн бүтээсэн Фу Гүй бол хувь заяаны зохиол болсон хэдий ч хүний асар их тэсвэр, тэвчээр, мөн чанарын хүчийг харуулсан нэгэн тод илэрхийлэл.
Фу Гүй бол баян чинээлэг айлын эрх танхи хүү. Гэсэн ч жаргалдаа ташуурч, мөрийтэй тоглоомд донтож, хамаг хөрөнгөө, гэр бүл, амьдралаа алдаж, энгийн тариачин болж хувирсан нэгэн. Хүнд байж болох хамгийн онгироо, сагсуу нэгнээс бүхнийг тэсэж, тэвчиж, хүлцэж, хүлээж буй нэгэн болж хувирдаг. "Амьдрахуй" зохиолд гоминдан, коммунист хувьсгал, соёлын хувьсгал зэрэг Хятадын нийгэм, улс төрийн томоохон өөрчлөлтүүд Фу Гүйн амьдралыг хэрхэн өөрчилж, Фу Гүй өөрөө хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай харуулдаг бөгөөд гаднын судлаач, шүүмжлэгчид эл зохиолыг хүн төрөлхтний амьдралын асуудал, ертөнцийн "шударга бус" байдлын гүн ухааныг харуулсан бүтээл болсон гэж үздэг.
Үй Хуагийн бүтээсэн Фу Гүйн тэсвэр тэвчээр:
Үй Хуагийн тавьсан саад ба Фу Гүйн хичээл зүтгэл:
Амьдралд нь тоолж барамгүй нийгмийн шударга бус байдал, хувь заяаны хатуу сорилт гарч ирсэн ч тэр зүтгэсээр л байдаг. Фу Гүй бол зөвхөн нэг хувь хүн бус, хорвоо ертөнц, амьдралын хатуу хуулийг давах гэж тэмцэж буй хүн төрөлхтний нэгэн төлөөлөл. Өөрөөр бол, Үй Хуагийн бүтээсэн Фу Гүй цөөн үгээр, хүний амьдрах хүслийн бэлгэ тэмдэг юм.
Харин "Орфей" театрын хамт олны үзэгчдийн хүртээл болгож буй "Амьдрахуй" романаас сэдэвлэсэн "Амьдрахуй" жүжгийн гол баатрын дүрийг бүтээж буй Д.Баттөмөр буюу Батаагийн бүтээсэн Фу Гүй ухаарал, уужуу сэтгэлийг илүүтэй харуулсан дүр болов. Тухайлбал, хошин урлагийн "Банш" Батаа нэр, дүрээрээ олонд танигдсан жүжигчин Д.Баттөмөр драмын тайзанд хүлээлтээс давж, Монголын театрын тайзнаа амилж буй Фу Гүйн дүрийн тунг нь тааруулан бүтээж, "Орфей"-н шинэ нүүр царай болголоо.
Батаагийн тайзнаа амилуулсан дүрийн мөн чанар:
Дүрийн дотоод өөрчлөлт, шилжилт:
Тэсвэр, тэвчээр ба амьдрахуйн ухаарал:
Гэрэл зургийг | Г.Ананд
НЭГ БИЕИЙН ХОЁР ТАЛ БУЮУ БАТАА, ФУ ГҮЙ ХОЁР |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |