• Өнөөдөр 2024-04-26

Орчуулагч Б.УНДРАХ: Олон орны зохиолч, зохиолыг уншигчдад нээж өгөхийг хүсэж байна

2021-01-21,   3318

-Ном орчуулаад суухаар хийж, бүтээж байна гэх дүүрэн мэдрэмж төрдөг-

“Монсудар” хэвлэлийн газрын редактор, орчуулагч Б.Ундрахтай ярилцлаа. Тэрбээр “Шүүх ажиллагаа”, “Алдагдсан зүйлсийн жагсаалт”, "Венец дэх үхэл”, “Амлалт”,  "Сурах гэдэг өөр” зэрэг номыг эх хэлнээ яруу сайхнаар хөрвүүлж, уншигчдын оюун санаанд үнэтэй хувь нэмэр оруулахын чацуу тэдний тархи, сэтгэл зүрхийг цэнэглэдэг эрхэм хүмүүн. Орчуулга хийх явцдаа халширч, хойш тавих үе гардаг ч тэрбээр түүндээ түүртэн, зовлон хураадаггүй. Харин ч асуудлаа даруй шийдэж, орчуулгаа бүр ч “амттай” болгохыг хичээдэг гэнэ.

-Таны сүүлд орчуулсан “Алдагдсан зүйлсийн жагсаалт” номын агуулга, хавтас их өвөрмөц санагдсан. Тус номыг орчуулахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Өрнийн уншигчдын анхаарлыг татсан “Алдагдсан зүйлсийн жагсаалт” номыг 2018 онд Гёте институтээс хэрэгжүүлдэг “Хамтын орчуулга” төслийн хүрээнд орчуулсан. Энэ түүвэр хүн, амьтад, барилга, байшин, арал, урлагийн бүтээлүүд гэх мэтчилэн нэгэн цагт дэлхий дээр оршиж байгаад янз бүрийн шалтгаанаар алдагдан үгүй болсон зүйлсийн тухай 12 өгүүллэгтэй.  Юдит Шаланский зохиолч номынхоо агуулга, гадаад үзэмжийг өөрөө бүтээдэг онцлогтой. “Алдагдсан зүйлийн жагсаалт” түүврийн хувьд хавтас, доторх зургууд, жижиг деталиуд хүртэл номын үндсэн сэдэв болох “Мөнх бус, мөхөл төгсгөл”-ийг илтгэдэг. Өгүүллэгүүдийн хувьд их сонин. Заримыг нь уншаад алмайрна, хачирхана, эргэцүүлнэ. Энэ ном уран зохиолын бүтээл гэдгээсээ гадна маш баялаг мэдээлэл агуулдаг. Тиймээс нэг амьсгаагаар уншаад өнгөрөх ном огт биш. Сэдвийн хувьд ч тэр. “Хүн төрөлхтний түүх тэр чигээрээ алдагдсан зүйлийн жагсаалт” гэж номын өмнөх үгэнд бичсэн байдаг. Манай түүхийг эргээд харвал ч алдсан зүйлийн уртаас урт жагсаалт болно. Газар нутаг, хүн ам, түүх, ном судар, ургамал, амьтан, сүм хийд, соёлын өв болон Улаанбаатар хотоос ч үрэгдэж, үгүй болж байгаа зүйл олон.

-Юдит Шаланскийн “Алдагдсан зүйлсийн жагсаалт” бүтээлийг Азийн таван орны орчуулагч хамтран орчуулсан юм билээ. Тус зохиолч орчуулагч нарт шаардлага тавьсан уу?

-Би “Алдагдсан зүйлсийн жагсаалт” номыг маш удаан орчуулсан. Гётегийн төслөөс орчуулах бүтээлийг сонгохдоо Берлиний утга зохиолын зөвлөлөөс Германы орчин үеийн уран зохиолыг төлөөлөхүйц гурван ном санал болгож, оролцогч хэвлэлийн газруудын саналаар шалгаруулдаг. “Энэ ном шалгарсныг сонсоод гайхсан, орчуулагчид бол хар дарсан зүүд гэмээр ном шүү дээ” гэж төслийн зохицуулагч герман мэргэжилтэн хэлж байсан юм. Өгүүллэгүүд сэдэв, хүүрнэгч, цаг хугацаа, бичлэгийн хэв маягаараа эрс ялгаатай. Зохиолч болон орчуулагч нартай санал бодлоо солилцож, холбоотой ажилласан нь маш тус болсон. Юдит Шаланский хуучирч мартагдсан герман үгс шигтгэж, урт нүсэр өгүүлбэр ашиглаж, уран тансаг бичдэг. "Өгүүлбэрийн урт, богиныг хүртэл тухайн сэдэвтэйгээ уялдуулсан учир аль болох хэвээр нь хадгалаарай" гэж зохиолч хүссэн болохоор аль болох өөрчлөхгүйг хичээсэн. Зарим шүүмжлэгч Юдит Шаланский зохиолчийг бичлэгийн хэв маягаараа Борхестой төстэй гэдэг юм билээ. Борхесын “Даян дэлхийн жигшүүрт түүх” номтой энэ түүвэр зарим талаар төстэй. Бодит үйл явдал, юмс үзэгдлийн суурин дээр өөрийн төсөөлөл, дүрслэл, уран сэтгэмжээ нэмээд уран зохиолын бүтээл болгож хувиргасан. Борхес жигшүүрт явдлыг гол сэдвээ болгосон бол Юдит Шаланский харин мөхөл, сүйрлийг онцолсон.

-Орчуулга хийхэд ерөнхий баримтлах ёстой шаардлага бий. Та ямар зарчим баримтлахыг хичээдэг вэ?

-Орчуулгын тухайд би суралцаж явна. Орчуулагч нарын өгсөн ярилцлага, зөвлөгөөг уншиж, түүнийгээ орчуулга хийхдээ тусгахыг хичээдэг. Нэгдүгээрт, цаад эхийн утга, хэлбэр, уур амьсгалыг алдагдуулахгүй байх, хоёрдугаарт уншихад торохгүй, зөв хэл найруулгатай байх. Энэ хоёр шаардлагын аль алийг алдагдуулахгүй, зохимжийг нь олж тааруулах ёстой гэж ойлгодог. Жишээлбэл, “Венец дэх үхэл” тууж бол 100 гаруй жилийн өмнө гарсан хуучны зохиол.  Сонгодог хэв маягтай, уран тансаг үг хэллэгтэй. Уг шинжийг нь алдагдуулахгүйн тулд хуучны үг хэллэг сонгож, уншихад уянга хэмнэлтэй, уран гоё орчуулахыг хичээсэн. Харин Кафкагийн зохиолыг энгийн, ажил хэрэгч гэмээр хэл найруулгатай орчуулсан. Тухайн зохиолыг эх хэлээр нь уншаагүй хүмүүс сонин, сайхан үг хэллэг ихтэй, уянгалаг найруулгатай юм уу, уншихад амар байвал сайн орчуулга гэж санадаг байж магадгүй. Гэтэл зохиолч зориуд төвөгтэй ээдрээтэй бичсэн, толгойгоо ажиллуулж төвлөрч унших зохиол бичсэн байж болно. Түүнийг уншихад торохгүй эвтэйхэн болгох гээд дур мэдэн хялбарчилж, өөрчлөх нь буруу. Энгийн хэл найруулгатай зохиолд уран сайхны үг хэллэг нэмж чимж, уянгалуулж бас болохгүй.

-Хүн дуртай ажлаа хийхээр төвөгшөөж, уцаарладаггүй юм билээ. Уран зохиолын орчуулга хийхдээ шантарч байв уу?

-Хэлний хичээлд дуртай учир орчуулагч болно гэж боддог байлаа. Ном гэдэг алс холын ертөнц, ном орчуулдаг ажил мэргэжил байдаг ч гэж төсөөлдөггүй байсан үе. Ер нь тэр үеийн хүүхдүүд ажил мэргэжлийн тухай төсөөлөл хомс, мэддэг хэдхэн мэргэжилтэй л байж. Орчуулагч болно гэдгийг гадаад дотоод явсан, бичиг баримт бэлдсэн, их л ажил хэрэгч хүн болно гэж төсөөлж байсан. Ингээд гадаад хэлний мэргэжил эзэмшээд, багш, хөтөч, гадаад харилцаа гэх мэт хэд хэдэн төрлийн ажил хийж үзсэний эцэст хамгийн дуртай ажлаа олсон нь уран зохиолын орчуулга. Уран зохиолын орчуулга хийхдээ би нэг их хэцүүдэж түүртдэггүй. Гацаж тээглэх юм уу, халшрах, хойш тавих үе гарна л даа. Гэхдээ сүртэй зовлон болж хуралдаад байдаггүй юм. Тээглэсэн гацсан асуудал тэгсхийгээд шийдэгддэг болохоор харин ч амттай. Ном орчуулаад суухаар хийж, бүтээж байна гэх дүүрэн мэдрэмж төрөөд сайхан байдаг.

-“Монсудар утга зохиол” цувралд багтах Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа” роман таны орчуулсан анхны ном. Орчуулсан номоо гар дээрээ барих тэр мэдрэмж ямар байсан бол?

-Сонирхлоо дагаад “Монсудар” хэвлэлийн газарт ажилд орсноор ном орчуулах боломж олдсон юм. Анх орчуулсан ном маань “Монсудар утга зохиол” цувралд багтах Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа” роман. Энэ даалгаврыг аваад бөөн баяр бололгүй яах вэ.  Уран зохиол орчуулж үзэх хүсэл төрөөд, бодогдоод явсан бол хийж үзэх боломж олдлоо шүү дээ. Тэр тусмаа энэ цувралд гар бие оролцож, том зохиолчийн чухал бүтээлийг орчуулах болсондоо их л хөөр болсон. Хэвлэгдсэнийх нь дараа номоо гар дээрээ авч үзэх тэр мэдрэмж үнэхээр мартагдамгүй.

-Хэвлэлийн газар ажилладаг болохоор төрөл бүрийн ном орчуулдаг байх. Хамгийн сүүлд ямар ном орчуулсан бэ?

-Хамгийн сүүлд “Сурах гэдэг өөр” хэмээх хүүхдийн хүмүүжлийн сэдэвтэй ном орчуулсан. Томчууд хүүхдийг харах өнцгөө өөрчлөх, хүмүүжлийн тухай хуучин ойлголтоосоо салах ёстой тухай энгийн, ойлгомжтой тайлбарласан ном. Уран зохиолын тухайд “Монсудар утга зохиол” цувралд багтсан “Венец дэх үхэл”, “Шүүх ажиллагаа”, “Амлалт” гээд гурван бүтээлийг орчуулсан. Герман хэл сурсных Нобелийн шагналт Томас Маннын зохиолоос орчуулах юм сан гэж боддог байсан минь өнгөрсөн жил биелсэн дээ. Нийтдээ арваад ном орчуулсны тал нь уран зохиол, үлдсэн нь хүүхдийн болон хүмүүжлийн сэдэвтэй ном. Зарим нь хэвлэгдээгүй байгаа.

-Орчуулагчийн хөдөлмөрийг хар ажилтай зүйрлэх нь бий. Харин таны хувьд орчуулагч, зохиолч хоёрын ялгааг хэрхэн хардаг вэ?

-Зохиолч гадаад хэлтэй бол орчуулга хийж болно байх. Харин орчуулагч болгон зохиолч болохгүй. Зохиол бичих илүү хэцүү. Авьяас, сэтгэлгээ, мэдрэмж, мэдлэг шаардана. Чаддаг бол би ч зохиолч болмоор байна. Гэтэл мянга хүсээд ч сайн зохиол бичих авьяас, чөлөөтэй баялаг сэтгэлгээ надад байхгүй. Дэмий юм бичиж хүний, өөрийн цагийг үрээд хэрэггүй шүү дээ. Харин уран зохиолд дурлах сэтгэл, багахан мэдрэмж, зөв найруулж бичих эв дүй, үгийн баялаг арай илүү байсан болохоор орчуулга хийхээр шийдсэн. Үгийн сан, найруулгын эв дүй бол багадаа ном уншиж, арван жилдээ монгол хэлний суурь дажгүй тавигдсаных гэж боддог. Мэдээж, орчуулагчийн хөдөлмөрийг амар хялбар гэж хэлэхгүй. Хүн цаг хугацаа, анхаарал, тархи оюунаа бүрэн дайчилдаг ажил. Орчуулга хийх дуртай бол тийм ч хэцүү санагдахгүй байх аа.

-Танд орчуулга хийхдээ бий болгосон дадал бий юү?

-Дуу чимээтэй орчинд төвлөрөхөд хэцүү байдаг. Тийм болохоор шөнө сууж ажиллахад амар. Зөв дадал биш л дээ. Ажил дээрээ төвлөрч суухаас өөр аргагүй. Үр дүнгийн хувьд саад болох зүйлгүй орчинд ганцаараа ажиллах нь хавьгүй илүү.

-Залууст ямар ном уншаарай гэж зөвлөх вэ?

-Би монгол, орос зохиолчдын бүтээлүүд, түүнчлэн орос хэлнээс орчуулагдсан Дюма, Майн Рид гэх зохиолчдыг уншиж өссөн. Хүүхэд зугаацах зүйлгүй хөдөө газарт, аймгийн төвд ганц сонирхолтой зүйл ном байсан болохоор тэр биз. Одоо бодоход итгэмээргүй санагдавч аймгийн төвд интернэтгүй, өдөртөө зурагтын нэвтрүүлэг гарахгүй уйдаж өнждөг байсан үе шүү дээ. Тэгэхээр ном уншдаг хүүхэд тэр үед олон байсан. Олдсон бүх номыг сонголтгүй уншдаг байлаа. Гэрийнхээ номуудыг уншиж дуусаад сургууль, аймгийнхаа номын санд сууж уншдаг болсон. Бас айлуудаас авч, солилцож уншина. Сүүлд их сургуулиа төгссөн хойноо арай өөр номууд уншиж эхэлсэн дээ. Одоо бол уншихдаа сонголттой ханддаг болсон. Кафкагийн хэлсэн үг байдаг даа.  “Хүн ер нь хатгаж чимхэх мэт сэтгэгдэл төрүүлэх ном унших ёстой гэж би боддог. Тархин дундуур маань татаад авах шиг цочроож сэргээхгүй л юм бол бид ном унших ямар хэрэгтэй бэ” Тийм л ном уншихыг боддог. Дэмий ном унших одоо үед цагийн гарз. Уйдаж суугаа, цаг нөхцөөх гэж байгаа бол өөр хэрэг л дээ. Бид тэртээ тэргүй маш завгүй болсон шүү дээ. Цаг хугацаагаа зориулах зүйл ч олширсон.

-Та уншиж, орчуулсан номноосоо юу анзаарч, мэдэрдэг вэ?

-Өрнийн зохиолчид өргөн мэдлэгтэй, судалгаа их хийдэг, үзсэн харсан, уншсан дуулсан зүйл ихтэй хүмүүс санагдсан. Түүнийгээ зохиол болгож,  түүхэн үйл явдал, баримтаас сэдэл, санаа авч, төсөөлөл, уран сэтгэмжээрээ баяжуулж бичдэг. Сүүлд ажилласан номууд бүгд ийм онцлогтой байлаа. Зохиол дотор төрөл бүрийн мэдлэг, гүн ухааны үзэл санаа, эргэцүүлэл их таарна. Өөрийгөө ерөнхий мэдлэг дажгүй гэж боддог нь буруу байж гэдгийг орчуулга хийх явцдаа мэдэрдэг. Дэлхий дахины түүх, шашин, соёл, сэтгэл зүй, урлаг, газар зүй, гүн ухааны ойлголтуудтай их таарна. Тэр бүрд эрэл хайгуул хийж, уншина. Цаг их ордог ч өөрт тун өгөөжтэй. Орчин үед уран зохиол өөрчлөгдөж, санаанд оромгүй шинэ өнгө аяс, хэлбэр, төрлөөр баяжиж байгааг сүүлд орчуулсан номноосоо мэдэрлээ. Мэдлэг нэмэх ном их уншиж байвал цочроо авч, шинэ мэдрэмж төрдөг. Цоо шинэ санаа, шинэ боломж, шинэ сэдэв бодогдож ч магадгүй юм.

-Та “Жангар” редакцийнхан “365 өдөр” хэмээх хүүхдийн танин мэдэхүйн ном гаргасан юм билээ. Одоо хүүхдийн зохиол дээр ажиллаж байна уу?

-Редакцаараа хоёр жил шахуу ажиллаж байж “365 өдөр” номыг бүтээсэн. Цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдэд хэрэгтэй бүх сэдвийг агуулсан, сургууль, цэцэрлэг ажиллахгүй үед хэрэгтэй ном. Түүнчлэн хүүхдийн болон уран зохиолын, хүмүүжлийн нэлээд хэдэн номын редактороор ажилласан. Манай хэвлэлийн газар дэлхийн уншигчдын эд уншиж байгаа, цаг үеийн асуудлыг хөндсөн болон нийгэмд, уншигчдад ач холбогдолтой, хэрэгтэй номыг шилж уншигчдын хүртээл болгодог. Тухайлбал, "Нуруун дээрх ертөнц" хэмээх Германд олны анхаарлыг ихэд татсан ном бий. Зохиолч нь сэтгэцийн хоёр туйлт эмгэгээр олон жил шаналж яваа тухайгаа дэлгэрэнгүй хүүрнэсэн намтарчилсан роман. Цаг үе, нийгмээ дагаад хүмүүсийн дунд стресс, сэтгэцийн асуудал ихэссэн. Манай улсад янз бүрийн хаан, хатан, ид шидтэн гэх мэт хүмүүс тодрох болсон. Бид тэднийг нийтээрээ шоолж, харааж зүхэж, бухимдаж, зарим нь итгэж, шүтэж байна. Энэ номыг уншихад тэр хүмүүсийн бодит байдлыг сайн ойлгоно.

-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?             

-Саяхан Албер Камюгийн “Тахал” романы орчуулгын редактороор ажиллаад дууслаа. Хуучны зохиол боловч хуучирдаггүй. Цар тахал гарснаас хойш Франц, Итали, Германд тус зохиолыг эргээд маш их уншиж байгаа. Дэлхий даяар амсаж байгаа энэ мэдрэмж, дийлж давагдашгүй нийтийг хамарсан гай гамшигтай тулахаараа төр засаг, хүмүүсийн гаргаж буй янз бүрийн хандлага, элдэв хариу үйлдлийг энэ номд яг урьдаас харсан юм шиг бичсэн нь сонин. Айдас түгшүүртэй цаг үед уншиж таарсныг хэлэх үү, зохиолын уур амьсгал, үйл явдал бүр ч хүчтэй мэдрэгдсэн шүү. Олон орны зохиолч, зохиолыг уншигчдад нээж өгөхийг хүсэж байна. Орчуулна гэж боддог ганц хоёр зохиол бий. Ер нь уран зохиолын орчуулгыг орхихгүй гэж боддог. Түүнчлэн Швейцарь зохиолч Кристиан Крахтын “Эзэнт гүрэн” гээд улс төрийн сэдэвтэй ёгт роман, “Лотте Луизе хоёр” гээд хүүхдийн зохиол гэх мэт нийтдээ арваад ном орчуулсны тал нь уран зохиол, тал нь хүүхдийн болон хүмүүжлийн ном. Зарим нь хэвлэгдэж гараагүй байгаа.

 

 


Орчуулагч Б.УНДРАХ: Олон орны зохиолч, зохиолыг уншигчдад нээж өгөхийг хүсэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-24 15:35:46
    S.Narantuya: Mash saihan setgegdel turluu.Zaluu hun ulam ihiig buteene ee.Ajild ni ulamih amjilt.husye?Utas 99388585. 88118265
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-21 15:57:27
    Chuka: Yostoi mundag chadvarlag busgui shuu. Yostoi l oyunlag...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-21 13:56:22
    Б. Пүрэвжав: Хөвсгөл нутгийн удам сайтай айлын үргэлжлэл болсон ажилч хичээнгүй мундаг охиндоо баяр хүргэж амжилт хүсэe. Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-21 12:54:43
    Dolgor Tsatsarl : Manai 2000 onii tugsugch veiin ohindoo amjilt hvsie mundag
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-21 12:53:02
    Dolgor Tsatsarl : Manai 2000 onii tugsugch veiin ohindoo amjilt hvsie mundag
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-21 12:32:01
    Зочин: Амжилт хүсье, Хөвсгөл аймагт толгойг нь ашиглавал их хэрэгтэй хүн байсан, даанч дарга нарын явуургүй үйлдлээс болж шилжээд явсан, Ундрахад оносон, Хөвсгөл аймаг хохирсон, гадаад харилцаа энэ хүний үед хөгжсөн, манайх зөвхөн Буриадтай эв модны наадам хийдэг гадаад харилцаатай байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-21 12:12:14
    Narnaa: Мундаг бүсгүй шүү. Хөвсгөл аймгийн ЗДТГ-т гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн байхаас нь мэднэ. Их л зорилготой, тэмүүлэлтэй охин байсан. Мөрөөдлөө биелүүлж яваа дүүдээ амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-21 12:11:49
    Narnaa: Мундаг бүсгүй шүү. Хөвсгөл аймгийн ЗДТГ-т гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн байхаас нь мэднэ. Их л зорилготой, тэмүүлэлтэй охин байсан. Мөрөөдлөө биелүүлж яваа дүүдээ амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-21 11:21:16
    үнэн: нээрээ л бидний бага нас ийм байсан даа. Санаанд орж байна. Номонд дуртай болж өсчээ. Номын санд сууж ном уншаад л хүүхэд байхдаа. Оюунлаг бүсгүйд амжилт хүсье.Ийм оюунлаг бүсгүйчүүд цөөхөн шүү. Хувийн амьдралаа битгий орхигдуулаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-21 11:12:27
    Лхамсvрэн: Нутгийн охин Ундрахдаа уран бvтээлийн амжилт хvcье, Сайн байнаа хvмvvсийг соен гэгээрvvлэх ажил vйлст нь саруул сайхан бvхнийг ероое
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-21 10:58:52
    дуламсүрэн : Ундрахдаа их амжилт хүсэе. Зорьсон зүйлийнхээ оргилд нь хүрээрэй гэж ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-21 10:15:35
    Манлай Х: Амжилт. Ухаантай дүү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188