• Өнөөдөр 2024-04-19

Н.ЭНХТАЙВАН: 65 жил хүүхдийн зохиол туурвиж байгаа 90 настай хүүхдийн зохиолч Ю.Санжаагончиг ах саяхан СТА боллоо

2020-12-27,   2137

Монголын Хүүхдийн Зохиолчдын холбооны тэргүүн, хүүхдийн зохиолч, найруулагч, дэд профессор Н.Энхтайвантай ярилцлаа.

-Та  Монголын Хүүхдийн Зохиолчдын холбооны тэргүүнээр ажилладаг. Холбооныхоо талаар ярьж өгнө үү?

-Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбоо нь байгуулагдсан цагаасаа өсвөр үеийг оюунлаг, зөв хүн болон төлөвшихөд нь ном, уран зохиолоор дамжуулан хүмүүжүүлж, дэлхийн хүүхдийн утга зохиолын чиг хандлагыг мэдэрч ажиллах, шилдэг  зохиол бүтээлийг олшруулах, сурталчлан таниулах, хүүхдийн ахмад зохиолчдын зохиол бүтээлийг хэвлэн нийтлэх, алдаршуулан таниулах, хүүхдийн зохиолыг бичигч залуу үеийг шинээр төрүүлэн, дэмжих эрхэм зорилготойгоор байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна.

Өсвөр хойч үе маань оюуны цараатай, ухаалаг, зөв хүн болон төлөвшихөд хүүхдийн уран зохиолын ач холбогдол их  билээ. Өнөөгийн хүүхэд багачуудын оюун сэтгэлгээнд нийцүүлэн ном, зохиол бичиж, туурвина гэдэг зохиолч, уран бүтээлч бидэнд нэр төртөй бөгөөд маш хариуцлагатай ажил байдаг. Манай холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхдийн ахмад зохиолчдынхоо зохиол бүтээлийн талаар сурталчилан таниулах зорилгоор “Бага насныхны уран зохиол” Эрдэм шинжилгээний цуврал хурал тогтмол зохион байгуулж, “Монголын Хүүхдийн Уран зохиолын туурвил зүйн асуудал” нэртэй Эрдэм шинжилгээний эмхэтгэл ном гаргасан нь магистр, докторант судлаачдын гарын авлага болсон.

Хамгийн анх хүүхдийн ахмад зохиолч “Ю.Санжаагончиг, З.Далхжав, Г.Ловор  нарын уран бүтээл, онцлог”-ийн талаар МУБИС–ийн багш судлаач, дэд профессор Д.Хүүгийн илтгэл оролцогчдын сонирхлыг татсан. Уг хуралд багш, оюутан, зохиолчид, хэвлэл мэдээллийнхэн оролцож, санал бодлоо солилцсон нь өндөр ач холбогдолтой, үр дүнтэй эрдэм шинжилгээний хурал болж, судалгааны эргэлтэд орсон нь ач холбогдолтой бүтээл болсон юм.

Холбооноос санаачлан ”Болор сарнай” хүүхдийн шилдэг бүтээлийн уралдааныг орон даяар зарлаж, шалгаруулж байлаа. Зохиолч уншигчдын олон уулзалт хийсэн. Хамгийн ахмадаар нь Санжаагончиг ахаасаа л эхэлнэ шүү дээ.  Бидний дунд хүүхдийн ахмад зохиолч олон бий. СГЗ Д.Давааням, З.Далхжав, Чой.Лувсанжав, Мандахсан, Одонхүү, Л.Самбуу гээд дурдаад байвал олон. Манай холбооноос санаачлан 2018 онд хүүхдийн нэрт зохиолч, Монголын орчин үеийн хүүхдийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Дамдинцоогийн Содномдоржийн 90 насны ойг тэмдэглэн өнгөөрөөсөн билээ. Харин энэ онд Хүүхдийн Зохиолчдын Холбооны дээд шагнал Д.Содномдоржийн шагналт, Утга зохиолын төлөө шагналт, Хүүхдийн ахмад зохиолч, Ю.Санжаагончиг ахын мэндэлсний 90 жилийн ойн жил юм. Манай Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооноос хүүхдийн ахмад зохиолч Санжаагончиг ахын 90 насны ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн олон ажил байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хойшлогдсоор өдий хүрчихлээ.

-Монголын хүүхдийн зохиолын хүндэт хойморт заларсан буурал бол Ю.Санжаагончиг гуай билээ. Тэрбээр өдгөө 90 насыг зооглож  байна. Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооны тэргүүний хувьд буурал зохиолчийн талаар та юу хэлэх вэ?

-Ю.Санжаагончиг ахынхаа тухай ярина гэдэг бахархалтай хэрэг. Зохиолч байх, тэр тусмаа хүүхдийн зохиолч байх нь нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай, хүнд хөдөлмөр байдаг. Энэ хариуцлагатай бөгөөд хүнд хүчир уран бүтээлийн урт замыг сонгож, өдгөө ч зохиол бүтээлээ үе үеийн Монголын хүүхэд, багачуудад зориулж яваа бид бүхний бахархал болсон хүүхдийн зохиолч Ю.Санжаагончиг ахдаа юуны өмнө урт удаан нас, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Манай Ю.Санжаагончиг ах Хэнтий аймгийн “Идэрмэг” сумын хүн шүү дээ. Бага ангийн багшаас, хичээлийн эрхлэгч, захирлын алба хүртэл хашиж, хөдөөгийн ард түмэнд соёлын үр тарьж  олон мянган шавиараа хүрээлүүлсэн нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч, багш, хүүхдийн оюуны мэлмийг мялаасан соён гэгээрүүлэгч, хүүхдийн зохиолч, сэтгүүлч, ШУА-ийн Философи социологийн хүрээлэнгийн нарийн бичгийн даргын алба хашиж явсан оюунлаг сэхээтэн, азай буурал юм.

Урт наслах ухааных гэдэг дээ. Ю.Сажаагончиг ах маань “Би 1930 оны зуны эхэн сарын сүүлчээр хээтэн урсах Хэрлэн мөрний зүлэг ногоон дэнж, дундаа бяцхан овоотой Бумбан тохой гэзар аав С.Лувсанжамц, ээж Ю.Дугаржав нарын ууган хүү болон төрсөн. 4-5 наснаасаа хийдэд шавилан сууж, төвд ном заалгаж байсан. Тэр үедээ миний өмсөж байсан ханцуйны эмжээр  нь сэмэрч урагдсан шар жигүүн дээл одоо ч надад байдаг юм.  1937 оны намрын их хэлмэгдүүлэлтээр аав маань баригдаж, мал хөрөнгөө хураалгаад орох орон, оочих аягагүй болж ээж, хоёр жаахан дүүтэйгээ нагац ах лам Юндэнгээ бараадаж амь зууж байлаа.  Сургуульд би 10 настай  орох үед эсэргүү нэр зүүсэн ааваараа овоглож болохгүй гээд нагац ах Юндэнгээрээ овоглож, амьдралын хүнд хэцүүг туулж явсан даа” гэж ярьдаг. Өөрийнхөө амьдрал, уран бүтээлийн талаар “Амьдралын минь дурсамж”  номыг 2015 онд гаргасан.

-Танай холбооноос Д.Содномдорж гуайн нэрэмжит шагнал бий болгосон юм байна. Ямар хүмүүс энэ шагналын эзэд болсон бэ?

-2015 онд миний бие нэрт зохиолч Д.Содномдоржийн нэрэмжит шагналыг санаачлан зохиолчийн дүр бүхий тэмдэг бий болгож, анхны үйл ажиллагааг зохион байгуулсан нь тус холбооноос бий болгосон, нэр хүндтэй хамгийн бахархууштай ажлын нэг болсон юм. Уг шагналыг хүүхдийн уран зохиол дагнан бичиж, үнэтэй хувь нэмэр оруулсан хүүхдийн зохиолчдод гурван жилд нэг удаа олгохоор шийдвэрлэсэн. Манай холбооны гүйцэтгэх захирлаар Д.Содномдорж зохиолчийн том охин, монгол хэлний багш, дэд профессор С.Цэцэгмаа маань сэтгэл нийлэн хамтран ажилладаг юм.

Монголын орчин үеийн хүүхдийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Д.Нацагдоржийн шагналт,  хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдоржийн нэрэмжит шагналыг гардуулах анхны ёслолын үйл ажиллагаа 2015 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд болсон. Уг ёслолын ажиллагаанд тухайн үеийн БСШУ-ны сайд Ж.Батсуурь, яамны Соёл урлагийн газрын дарга Ц.Болд, Хүүхэлдэйн театрын дарга СГЗ Ц.Хулан, СГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, СГЗ Ж.Зандраабайдий нарын хүндтэй зочид оролцож, шагнал гардуулах үйл ажиллагаа болж билээ. Холбооны дээд шагнал болох энэхүү шагналын эзнээр бид хүүхдийн гурван зохиолчоо тодруулсан. Хамгийн анхны нэр хүндтэй Д.Содномдоржийн шагналын эзэн бол Монголын хүүхдийн утга зохиолд 60 жил бүтээл туурвилаа толилуулж яваа  Телевиз, Радио, Оюун түлхүүр сэтгүүлийн  “Зу Зу баатар”  зохиол болон Монголын Хүүхдийн шилдэг уран бүтээл шалгаруулах дөрөвдүгээр уралдааны шилдэг номоор шалгарсан “Цоохор найз” зохиолоороо уншигчдын танил болсон, 85 насны сүүдэр нь тухайн онд тохиосон Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн ахмад зохиолч Ю.Санжаагончиг ах маань.

Дараа нь Д.Содномдорж зохиолчийн гарын шавь нар болох Монгол улсын төрийн соёрхолт, СГЗ, хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог өөрийн болон дэлхийн 30 гаруй оронд “Аав, ээж, би” зэрэг олон шилдэг зохиол бүтээлээрээ, мөн шавь МЗЭ-ийн шагналт, хүүхэд багачуудын дотны танил  зохиолч эмэгтэй Ш.Энхбаяр нар энэхүү шагналыг хүртсэн. Хүүхдийн зохиолч хүний хувьд энэхүү шагналыг санаачлан бий болгож бодит ажил болгосондоо би маш их баяртай байдаг. Учир  нь, Монголын үе үеийн хүүхдүүд тэр тусмаа хүүхдийн зохиолч бид цөм энэхүү Д.Содномдорж зохиолчийн зохиол бүтээлийг уншиж, цээжилж, тоглож, дуулж хүмүүжиж ирсэн түүхтэй. Харин 2018 онд Д.Содномдорж зохиолчийнхоо 90 насны ойгоор түүний шавь өдгөө нас сүүдэр 80 шахаж буй СГЗ Д.Давааням ахдаа гардуулж хүндэтгэл үзүүлсэн дээ.

-Ю.Санжаагончиг зохиолчийн уран бүтээлээс онцолж хэлбэл та ямар бүтээлийг нь нэрлэх вэ?

-1955 оноос хүүхдийн зохиолыг сонирхон оролдож, 1956 онд “Болжмор”,”Найзууд минь суугаад заалгаарай”, зэрэг шүлэг “ Хоньчин хүү” өгүүлэг нь анх удаа Пионерийн үнэн сонинд нийтлэгдсэн цагаас хойш эдүүгээ хүртэл Монголын хүүхдийн уран зохиолын хөгжлийн төлөө тасралтгүй, 65 жил чөмгөө дундартал өөрийгөө зориулж яваа гавьяатай хүн бол Ю.Санжаагончиг ах минь байгаа юм. Тэрбээр Монголын үе үеийн хүүхэд, багачуудын хамгийн хайртай зохиолч өвөө нь болж, уран зохиолын дундаршгүй сайхан ертөнцөөр хүүхэд багачуудаа аялуулсаар бүтээсээр, туурвисаар яваа гавьяатан билээ.

Ю.Санжаагончиг ахын зохиол бүтээлийг жагсаан бичвэл хэдэн арван хуудас болох бөгөөд хүүхдийн уран зохиолын бүх төрлөөр бичсэн байдаг юм. Шүлэг, үлгэр, хүүхэлдэйн жүжиг, драмын жүжиг, хүүхдийн дууны шүлэг ,өгүүлэг тууж гээд тоочоод баршгүй. Нэг жишээг энд дурдья. Монголын Хүүхдийн шилдэг уран бүтээл шалгаруулах IV уралдааны шилдэг номоор шалгарсан  “Цоохор найз” номыг энэ жил  Дэлхийн байгаль хамгаалах сангаас  гурван цуврал комик  ном болон гаргасан байдаг.

 -Ю.Санжаагончиг зохиолч ямар гавьяа шагналтай вэ. Төр засгаас хүүхдийн зохиолчдод тавих анхаарал хэр байдаг гэж та боддог вэ?

-Төр, засгийн зүгээс хүүхдийн зохиолчдод тавих анхааралд миний сэтгэл маш дундуур байдаг. Учир юу гэвэл манай улс хүүхэд залуусын орон. Тухайн үндэстний хэлний хөгжлийг уран зохиолоос нь ангид төсөөлөх  боломжгүй. Уран зохиол нь үндэстний ч, хувь хүний ч хэлийг хөгжүүлдэг, бас уран сайхны сэтгэлгээ буюу хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдгээрээ онцгой үүрэгтэй. Хэл сэтгэлгээ хоёр салшгүй холбоотой. Хэл хөгжиж байж  сэтгэлгээ хөгжинө. Гэтэл хүүхдийн оюун сэтгэлгээнд соёлын үрийг суулгаж яваа хүүхдийн уран зохиолыг нуруундаа үүрч яваа хэдэн цөөхөн зохиолчоо Монголын төр хаячихсан гэж хэлж болно.

Санжаагончиг ахыг ямар шагналтай вэ гэж та асуулаа. Гэтэл хүүхдийн уран зохиолд 1955 оноос өнөөдрийг хүртэл хүүхдийн оюуны талхыг бүтээж байгаа соён гэгээрүүлэгч, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж яваа, үндэсний оюуны баялаг бүтээгч 90 насны сүүдэр тохиож буй хүүхдийн ахмад зохиолч маань дөнгөж сая л Соёлын яамтай болсон энэ сайхан үед "СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр шагнагдлаа. Даанч харамсалтай.  90 насандаа соёлын тэргүүний боллоо шүү дээ.

Гэтэл өнөөдөр хэдхэн дуу дуулсан годгор охид, залуучууд Алтан гадас одон данхайлгаад зүүчихсэн хаа сайгүй л явж байна. Бүр сайн дурын уран сайханчид бараг л бүгдээрээ СГЗ, УГЗ болж. Төр засгаас  саяхны нэг өдөр нэгэн зэрэг 60 хүнд Монгол Улсын  гавьяат цол өглөө.  Төр засаг хүүхдийн уран зохиолыг өөрийнхөө хүсэл зоригоор хөгжүүлж яваа хүүхдийн зохиолчдоо ингэж хандаж байна. Шагнал даанч нүдээ олохгүй 65 жил хүүхдийн уран зохиолд бие сэтгэлээ зориулж яваа 90 настай ахмад буурлыг минь тойрч давхиад байх нь даанч эмгэнэлтэй юм даа. Хөгжингүй орнуудын хүүхдийн зохиол бүтээл туурвигч, зохиолчид нь нэр төртэй, хүндтэй хүмүүс байдаг. Манайд эсэргээрээ хүүхдийн зохиолчид зохиолоо биччихээд хэвлүүлэх мөнгөн дээрээ гацчихна. Тэгээд хүмүүс "Манайд хүүхдийн зохиолч байхгүй хүүхдийн ном байхгүй" гэж ярих жишээтэй. Мал төрийн хамгаалалтад байж болж байгаа юм чинь Монголын өсвөр үе, хүүхэд, багачуудыг соён гэгээрүүлж байгаа үндэсний соёлыг түгээгч, оюуны баялаг бүтээгч хэдхэн хүүхдийн зохиолчоо төр ивээлдээ авах сэтгэлгүй юм байна гэж би бодож явдаг.

Бид бүгд хүүхэд байсан. СГЗ З.Түмэнжаргалын хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэгний тухай гайхамшигтай дуу байдаг даа. Төр засгийн гурван өндөрлөг, та нар хүүхэд насандаа очоод Санжаагончиг ахын минь  сэтгэл зүрхний дуудлага, онгод авьяасаар хөглөгдөн байж бичсэн зохиол бүтээлийг уншдаг ч болоосой. Аав болчихоод, өвөө болчихоод  бяцхан хүүхдүүддээ энэ 90 настай ахмад зохиолчийн 65 жилийн хүч хөдөлмөр хөлсөө дуслуулан байж бичсэн зохиол бүтээлийг  уншиж өгдөг ч болоосой гэж бодлоо.

Монголын Боловсролын яам нь ЕБС-д үзэх уран зохиолынхоо хичээлийн цагийг хасчихсан байхад бидний алтан хөрш  ОХУ ын Ерөнхийлөгч Владимир Путин 2017 оны сүүлчээр нэгэн үйл явдал дээр хэлсэн үгэндээ  “Орос хэл, уран зохиол, соёлоо эрхэмлэн хайрлах нь даяарчлагдсан ертөнцөд өөрийн байр сууриа хадгалах үндэсний аюулгүй байдлын асуудал мөн. Уран зохиол түүгээр олгох боловсрол үнэмлэхүй ач тустай" гэж цохон тэмдэглээд зарлиг гаргаж, ОХУ-ын Ерөнхий боловсролын сургуулиудад Оросын утга зохиол заах цагийг хоёр дахин нэмсэн байдаг.

Уран зохиолын цагийг харьяа яамнаас хасчихсан нөхцөлд хүүхэд, багачууд маань яаж уран зохиолд дурлах вэ дээ. Төрөөс уран зохиолд нэг иймэрхүү л хандаж байх шиг. Эцэст нь хэлэхэд, 90 насны өндөрлөгт  хүрсэн эрхэм  Ю.Санжаагончиг ахыгаа Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооноос Монголын хүүхэд, багачуудыг соён гэгээрүүлж, 65 жил хүүхдийн уран зохиол дагнан бичиж, бүтээж, туурвисныг үнэлж,  Монгол Улсын Соёлын гавьяат шагналд тодорхойлсон байгаа. Уг нь шагнал нүдээ олох юм бол олон хүнийг баярлуулна даа.

 


Н.ЭНХТАЙВАН: 65 жил хүүхдийн зохиол туурвиж байгаа 90 настай хүүхдийн зохиолч Ю.Санжаагончиг ах саяхан СТА боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-01 14:04:59
    Сарнай: Бузар авгай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-29 10:45:14
    Зочин:: Сайн байна, сайхан ярилцлага болжээ. Монголын хүүхдийн зохиолчдын холбоо байгуулдсанаас хойш олон сайхан ажлыг зохион байгуулж, эдгээр арга хэмжээ нь хүүхдийн зохиолч, уран бүтээлчдийн анхаарлыг татаж, эерэг сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа нь нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг Төрийн бус байгууллагуудад үлгэр, жишээ болохуйц гэгээлэг үйл ажиллагаа юм. Хүүхдийн зохиолчид, уран бүтээлчид Та бүхэнд бүтээл, туурвилын арвин их ажлын амжилт хүсье,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-28 18:26:59
    Санжаагончиг Болормаа : Миний Аавыг үнэлж хүндэл хайрлаж ийм сайхан ажил зохион байгуулж зүтгэж байгаа та бүхэндээ баярлалааа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-28 15:46:27
    tsewelmaagiin Munhochir : Soyliin gawyat zutgelten tsol ogohiig demjij baina. Ene bol 90 nastai zohiolchiin hiisen buteeseniig hojuu bolovch tor unelj chadsanii gerch bolno. Ene ni uigagui hodolmor zutgel, tor tumnii haraanaas angud orshdoggui gedgiin batalgaa boloh yumaa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-28 14:33:36
    Зочин : Би галшарын сургуульд 1958онд анх сургуульд орсон хүн.тэгэхээр миний ах нарын багш бсан.сумд нэртэй боловсролтой соёлтой хувцасласан сэхээтэн бас захирал бсан бх.үс нь гялалзсан хойш самнасан инээсэн намхан шар залуу бсан.ийм эрдэмтэй хүн болохсон гэж боддог бсан даа. түүхтэй холбоотой дурсамжууд олоныг бичсэн бсан Эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-28 14:30:47
    Saruul: Arai ch dee odoo soelin terguun ugch ghdaa yahav dee. Er ni yamarvaa negen shagnsl hunii id hiij buteej , tuurvij bh urd ugvul avsan avsan hundee uram zorig erch huchnii tashuur ******** bus uu ? Amid seruun ued ni ugsun ni yamaidaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-28 13:58:07
    Ач хүү төгсөө: Миний өвөө мундаг ийм хүн байдаг юмдаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188