• Өнөөдөр 2024-04-25

Ая зохиогч, дуучин Д.Бердибек: Би урлагт байгаа өөрийгөө биш, өөртөө байгаа урлагийг хөгжүүлэх зарчим баримталдаг

2020-12-12,   2831

Хүний  сурах зүйл хязгааргүй. Яг л дундаршгүй далай шиг...

Ая зохиогч Д.Бердибек СУИС-ийг 2016 онд найрал дууны удирдаач мэргэжлээр дүүргэсэн. Үзэгчид түүнийг “Авьяаслаг монголчууд” шоу тэмцээний шилдэг оролцогч гэдгээр нь илүүтэй мэдэх биз. Тэрбээр “Монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн өнгө аясаа илэрхийлэх, чадварлаг дуучин, хөгжмийн зохиолч, продюсер болох хүсэл мөрөөдөлтэй”  хэмээн шоуны тайзнаас итгэл дүүрэн хэлж байлаа. Хүсэл, мөрөөдлөө биелүүлэхээр “жигүүрлэж” буй залуу уран бүтээлч, Арумед ХХК-ний “Принцесс” эмнэлгийн ая зохиогч, 141-р сургуулийн багш, дуучин Д.Бердибектэй ярилцлаа.

-Сайн байна уу. Таныг 2018 онд “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцож, финалын шатанд шалгарсан шилдэг арван оролцогчийн нэг гэдгээр нь уншигчид илүү мэднэ. Уран бүтээлч Д.Бердибекийн хүүхэд насны гэгээн дурсамж хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

-Би Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын уугуул. Манай аавыг Хурмааны Даулетбек гэдэг. Сумандаа олон жил нийгмийн даатгалын байцаагчаар ажилласан. Харин ээжийг минь Жаманхараагийн Амалхан гэдэг, сувилагч мэргэжилтэй. Тийм болохоор би өөрийгөө сэхээтэн гэр бүлд өсөж торнисон гэж боддог. “Аавын сургаал алт” гэдэг үг байдаг.  Аав минь надад мал хариулах, түлээ бэлдэх, адуунд явах зэрэг хөдөөний хүүхдийн хийдэг бүх ажлыг даалгаж өсгөсөн. Хөрш айлын хүүхдүүдтэй ч тоглох цаг зав гардаггүй үе бий. Хаврын урь унаж, мал төллөх үед сургуулийн хүүхдүүд амардаг. Би өвөө, эмээтэйгээ хамт мал төллүүлэхээр хөдөө явдаг байв. Төл мал өхөөрдөм хөөрхөн болохоор тэднийг угжиж, хайрлаж, тэдэнтэй тоглодог байлаа. Мөс хайлж айл, саахалтын  ах нар загасчлахаар явахад  хөл нүцгэн ч хамаагүй тэдний моринд сундалж хамт явдаг сан. Энэ ч миний мөн их дуртай  хобби байсан даа. Амралт дуусаж, хичээл орж эхлэхээр өвөө намайг голын гарамаас гаргаж өгч, орой угтан авдаг байж билээ. Тэгээд л лааны гэрэлд даалгавраа хийдэг хүүхэд байлаа. Би амралтын өдрүүдэд эмээтэйгээ хамт аргал түүж, бут саваа цуглуулж өвлийн бэлтгэлээ базаан, намар өвөлжөөндөө буух үеэр сумын төвийн гэртээ аваачиж буулгадаг байсан. Миний хүүхэд насны дурсамж ийм л энгийн өнгөрсөн дөө.  

-Та багаасаа дуучин болох мөрөөдөлтэй байв уу?

-Аав минь их хөдөлмөрч хүн байсан. Тиймээс би яг л аав шигээ хүн болно гэж мөрөөддөг байж билээ. Харин ээж намайг дуулдаг болохоор урлагийн хүн болгох хүсэлтэй байв. Хоёр настайдаа жижиг ширээ түшиж зогсоод дуулдаг байсан гэж эмээ маань өхөөрдөн ярьдаг байсан юм. Энэ бүхэн намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн болов уу.

- Та 2018 онд “Би хөгжмийн зохиолч болохыг мөрөөддөг ая зохиогч” хэмээх ярилцлага өгсөн байсан. Та мөрөөдлийнхөө хэдэн хувийг биелүүлж явна вэ?

-Хүний  сурах зүйл хязгааргүй. Яг л дуусаж, дундаршгүй далай шиг. Би мөрөөдлийнхөө эхлэлийн цэгийг хатгасан гэж  бодож байна. Урлаг миний амьдралын нэгэн хэсэг. Тиймээс би урлагт байгаа өөрийгөө биш, өөртөө байгаа урлагийг хөгжүүлнэ гэх зарчимтай.

-Одоо ямар уран бүтээлчтэй хамтран ажиллаж байна вэ?

-Нийтийн дуучид болон эрстрадын дуучидтай хамтран олон уран бүтээл дээр ажиллаж байна. Шинэ дуунууд удахгүй гарна. Та бүхэн сонсоорой.

 -Та уран бүтээлийнхээ юуг чухалчилдаг вэ. Бүтээл хурдан, эсвэл удаан төрөх үе бий юү?

-Би хамгийн эхэнд дууны сэдвээ чухалчилдаг. Зарим бүтээлийн санаа, ая эгшиг аяндаа л урсаад орж ирдэг. Энэ бүхэн цаанаа л бүтэх хувьтай юм шиг санагддаг. Үргэлж шинийг сэтгэж, дахин давтагдашгүй уран бүтээл олон түмэндээ хүргэх юм сан гэж эрмэлздэг.

-Анхны уран бүтээлийнхээ талаар дурсан яривал. Тухайн үед баярын сэтгэгдлээ хэнтэй хуваалцаж байв?

 -Сэтгэлийн баяр хөөр, уйтгар гуниг, орчин гээд олон зүйл нөлөөлсөн. Яруу найрагч Н.Минжинсайханы шүлэг, миний аялгуу “Аргамж холын бодол” хэмээх дуугаа 2012 оны намар зохиож байсан. Миний найз Д.Баасандорж дуулж олны хүртээл  болгож байлаа. Хамгийн анх аавтайгаа  утсаар ярьж, шинэ уран бүтээл гаргасан тухайгаа дуулгаж баярын сэтгэгдлээ хуваалцаж байв. Утсаа чанга яригч дээр нь тавиад гаргасан уран бүтээлээ  сонсгосон. Аав минь сонсож дуусчихаад “Сайхан дуу болсон байна. Цаашдаа илүү сайхан уран бүтээл гаргаарай миний хүү, аав нь хүүдээ итгэж байна. Хүүдээ амжилт хүсье” гэж намайг урамшуулж байсан юм. Сэтгэлээс гарсан бүх зүйл сэтгэлд хүрдэг гэдэгт би итгэдэг. Шинэ уран бүтээл туурвих бүртээ маш их баярладаг. Энэ л миний амьдралын хамгийн сайхан мөч шүү дээ. Миний дууг сонссон  хүн эерэг, дулаан мэдрэмж авч, баяр баясал төрдөг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Хамгийн чухал нь тууштай зан чанар, хүч хөдөлмөр гэж боддог.

-Казах хүн монгол хэлээр дуу зохиох нь хүмүүст сонирхолтой санагддаг байх. Сонсогчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Монгол дуу зохиох нь надад хэцүү санагддаггүй. Би монголын иргэн. Надад казах, монголоор нь ялгах бодол,сэтгэл байдаггүй. Би ганцхан эх оронтой. Хэрвээ би тийм сэтгэлгүй байсан бол надаас монгол аялгуу гарахгүй. Энэ бол миний зүрхэнд орших эх орон. Тийм  болохоор ээж, эх орон, найз нөхдийн сэдэвтэй дууны шүлгийг ая, эгшигээр хөглөдөг. Дуучин  Д.Отгонжаргал, Э.Чулуунчимэг, Д.Баасандорж, Я.Гэрэлчулуун, Б.Уранзаяа, Б.Чанцалдулам, Э.Төрмандах гээд олон уран бүтээлчид миний дууг дуулж байна. Мөн хамтарч дуу бүтээсэн яруу найрагч ах, эгч нар олон бий. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан ахтай хэд хэдэн дуу хамтарч хийсэн. Намайг анх урлагт хөл тавьж, ая зохиогч болоход минь их туслаж, дэмжлэг байсан. Надад маш их дэм болдог доо.

Би дотоод хүнээ их сонсдог. Тэр хүн юуг хүсэж байна түүнийг нь биелүүлэх гэж оролддог

-Уран бүтээлдээ хэрхэн төвлөрч ажилладаг вэ?

 -Би дотоод хүнээ их сонсдог. Тэр хүн юуг хүсэж байна түүнийг нь биелүүлэх гэж оролддог. Шинэ бүтээл гаргачихаад түүнийгээ ахин дахин сонсох хамгийн сайхан мэдрэмж шүү дээ. Түүнээсээ урам зориг, эрч хүч авч дараагийн уран бүтээлдээ ханцуй шамлан ордог доо.

-Та уран бүтээлчийнх нь хувьд үлгэр жишээ авч, хүндэлдэг хүнээ нэрлэвэл?

 -Олон шүү. Би ихэвчлэн үг үйлдэл нь огтолцдог хүнийг хүндэлж, хайрладаг юм.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Үүнийг цаг хугацаа өгүүлнэ гэж итгэе.

-Удахгүй шинэ цомог гаргаж сонсогч нарынхаа сонорыг мялаах нь ээ.  Цомогт хэчнээн дуу багтах вэ?

-Урын санд минь сонсоход бэлэн 80-иад  дуу байгаа. Түүнээсээ шилж сонгоод шинэ цомгоо 34-36 дуутай хийхээр төлөвлөж байна. Цомогт орох ганц, хоёр дуу сарын дараа бэлэн болно. Нэг нь казах дуу, нөгөө нь монгол дуунаас бүрдэх хос си ди-тэй цомог гаргана. Миний хувьд цомог гаргана гэдэг үнэ цэнтэй санагдаж байна. 2011 оноос хойш гаргасан уран бүтээлээ нэгтгэн олонд хүргэнэ гэдэг миний хувьд нэг шат ахисан амжилт. Цомгоо он гаргаад хэвлэлтэд өгөх төлөвлөгөөтэй байгаа. 10 жилийн турш хөдөлмөрлөж, бүтээснийхээ үр шимийг хүртэх гэж байгаадаа баяртай байна. 

 -Та гэр бүлдээ хэрхэн цаг зав гаргаж, тэднийг анхаардаг вэ?

 -Би мөрөөдлөө биелүүлэхийн тулд үнэнчээр зүтгэж, гэр бүлээ баярлуулахыг хичээдэг. Миний амьдралын үнэт зүйл бол миний гэр бүл. Гэвч бид олон зүйлийг хүсэж, өөр бусдад сатаарч ар гэртээ хайхрамжгүй ханддаг. Элэг бүтэн, энх тунх амьдрал хамгийн чухал учраас чөлөөт цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх дуртай. Эх дэлхийд минь энх цаг удахгүй ирээсэй гэж хүсэж байна.

 


Ая зохиогч, дуучин Д.Бердибек: Би урлагт байгаа өөрийгөө биш, өөртөө байгаа урлагийг хөгжүүлэх зарчим баримталдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-13 23:37:07
    Зочин: Эмнэлэг гэж байгаа байхаа дуудлагаараа бичсэн байх эсвэл шивэлтийн алдаа болов уу ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-13 23:04:24
    Zochin: Эмлэг гэж юу юм бэ?
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188