• Өнөөдөр 2024-05-10

МУСТА, АБСТРАКТ, МОДЕРН ЗУРААЧ Б.БАТЖИН:Амьдрал тэр чигээрээ ӨНГӨ шүү дээ

2020-12-10,   2363

Азаар миний зурах хүсэл байнга л бадарч, оргилж байдаг

Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө бийртэйгээ хослуулж, олон өнгийг гоёмсогоор зангидан урладаг МҮЭ-ийн гишүүн, зураач Б.Батжинтай ярилцлаа.

-Сайн байна уу. Таны хүүхэд насны дурсамжаас яриагаа эхлүүлье?

-Би Өвөрхангай аймагт мэндэлсэн гэдэг. Намайг хоёр настай байхад Төв аймгийн Зуунмод руу шилжсэн юм билээ. Төв аймагт миний хүүхэд насны дурсамж үлдсэн. Аав маань Монголын нэртэй зураач. Ээж минь багш мэргэжилтэй. Би дээрээ хоёр эгчтэй хүн.  

-Б.Батжин ямар хүсэл, мөрөөдөлтэй хүүхэд байв?

-Би ганцхан мөрөөдөлтэй л хүүхэд байсан.  Тэр бол зураач болох туйлын их хүсэл байлаа. Харин одоо хүсэл мөрөөдөлдөө тодорхой хэмжээнд хүрсэндээ баяртай байдаг.

-Зураач хүний сэтгэлгээ бусдынхаас өөр байдаг шиг санагддаг. Урлаг хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг гэж та боддог вэ?

-Зураач хүний сэтгэлгээ, юмсыг харах өнцөг энгийн хүмүүсээс өөр гэдэгтэй санал нийлнэ. Урлаг хүний мэдрэмж, оюун санааг хязгааргүй тэлдэг. Зураач хүн үргэлж шинийг санаачилж, эрэл хайгуул хийж байж л дахин давтагдашгүй бүтээл төрүүлдэг.

-Зурах хүслийг олон зүйл бадраадаг байх. Та ихэвчлэн юунаас санаа авч бүтээл болгодог вэ?

-Азаар миний зурах хүсэл байнга л бадарч, оргилж байдаг. Би аливааг бүтээх сэдэл санааг баяр баясгалан, аз жаргалтай зүйлсээс авдаг юм шиг санагддаг. Өөрт болон бусдад таашаалтай мэдрэмж төрүүлж, бусдыг соён гэгээрүүлэхүйц зураач байх юм сан гэж хичээдэг.

-Зураач болоход нь гэр бүлийнхэн болон багш нар нь нөлөөлж байсан уу. Хамгийн анх ямар зураг зурж байв?

-Зураач болоход миний аав их нөлөөлсөн. Зураач хүний ахуй, орчинд төрж, өссөн. Гурван настайгаасаа хойш бийр, будагнаас салаагүй л явна. Бас сайн багш нартай учирсандаа олзуурхаж, бахархаж боддог. Хамгийн анх бичгийн цаасан дээр олон морь зурсан гэсэн. Тухайн үед гурван настай л байсан байх.

-Амьдралын олон өнгийг уран зургаар илэрхийлж болдог. Та ямар нэгэн сэдвээр дагнаж зурдаг уу, аль болох олон төрлөөр зурахыг боддог уу?

-Өөрийн эрхгүй дурлаж, татагдаж орсон төрөл бол орчин үеийн абстракт, модерн урсгал. Би юунд ч баригдахгүйгээр мэдрэмж, эмоциороо уран бүтээл хийдэг. Энэ нь надад маш их таалагддаг. Гэхдээ хүмүүсийн хүсэл сонирхол, захиалгаар монгол ахуй, таван хошуу мал, байгаль, хөрөг гэх мэт зураг зурдаг. Зураач хүн аль ч төрлөөр нүүр улайхгүй зурчихдаг байх хэрэгтэй гэж боддог.

Абстракт зураг бол маш гайхамшигтай, юунд ч баригдахгүй эмоциороо хийдэг сэтгэлгээний урлаг юм

-Уран бүтээлч хүнд авьяас, мэдрэмж, ур чадвар хамгийн чухал гэж ярьдаг юм билээ.Таны хувьд аль нь дийлж байж сайн бүтээл гарна гэж боддог вэ?

-Мэдээж бүгд чухал. Авьяас бол хүний бага наснаас илэрдэг ч юм уу, удамшдаг. Эсвэл хожуу ч илэрч болно. Мэдрэмж, ур чадвар гэдэг зүйлд хязгаар байхгүй. Тухайн хүн яаж өөрийгөө хөгжүүлж, хэрхэн сэтгэж чадаж байна тэр чинээгээрээ үргэлж хүрээгээ тэлсээр байдаг.

 -Модерн, абстракт зургийн онцлог нь юу вэ. Манайд хэрхэн хөгжсөн, хөгжиж байгаа вэ?

-Абстракт зураг бол маш гайхамшигтай, юунд ч баригдахгүй эмоциороо хийдэг сэтгэлгээний урлаг юм. Яаж олон өнгөний зохицол, уусал нэгдлийг харуулж болох вэ гэдгийг хайдаг, эрдэг, олдог. Хамгийн гайхамшигтай нь дахин хэзээ ч давтагддаггүй. Манайд энэ төрлийн урлагийг ойлгодог, үнэлдэг хүн маш олон байгаа шүү. Аливаа зургийг хуулж зурна гэж бодох ч хэрэггүй.

-Таниас аливаа бүтээл төрөхөд гаднын зүйл нөлөөлдөг үү. Тухайлбал, улирал, цаг хугацаа, өнгө, нийгмийн асуудал гэх мэт?

-Эргэн тойрны бараг бүх зүйлээс өнгө, уран бүтээлийн санаа авдаг.

Оносон газраа тавигдсан бүх өнгө маш гоё

-Ямар үед хийсэн бүтээл хамгийн тансаг болдог вэ?

-Сэтгэл, ур чадвар шингэсэн зураг тансаг болох байх. Гэхдээ тансаг гэдэг үг хүн хүнийхээр өөр утгатай. Миний үнэхээр тансаг гэж санадаг бүтээл хэн нэгэнд зүгээр будаг нялцан мэт санагдаж болно. Тэгэхээр хоёр талтай гэх юм уу даа.

-Танд зураг зурахад ямар мэдрэмж төрж, хэрхэн өөрчлөгддөг вэ?

-Зураг зурахдаа би хамгийн дээд таашаал, мэдрэмжийг авдаг. Тэгэхээр ямар гэдэг нь ойлгомжтой биз дээ.

-Таны зурсан зургаас хүн ямар мэдрэмж аваасай гэж хүсдэг вэ?

-Миний зургийг авсан зарим хүн “Өглөө бүр сэрээд харахдаа өнгөний мэдрэмж, таашаалыг маш ихээр авдаг” гэж хэлдэг. Зарим нь “Харах тусам  зургандаа улам бүр дуртай болж байна” гэдэг. Эдгээр үгс л надад хангалттай, сайхан санагддаг. 

-Хийсвэр сэтгэлгээний бүтээлүүд бодол, сэтгэлээ нэлээд юүлж, тунгаан бодсоны эцэст гардаг болов уу?

-Хийсвэр сэтгэлгээний бүтээлийг бодохгүйгээр хийнэ гэж байхгүй. Өнгө, зохиомжоо бодож, төлөвлөж түүн дээрээ тухайн үеийн сэтгэл хөдлөл, санаандгүй гарт орж ирсэн техникүүдээ нэмж, хослуулж хийнэ.

-Та цэнхэр, улаан өнгийг түлхүү ашиглах дуртай гэж хэлсэн байна билээ. Өнгөнд хэрхэн ач холбогдол өгдөг вэ. Эсвэл зургийн санааг чухалчилдаг уу?

-Надад дургүй өнгө гэж байхгүй. Гэхдээ улаан, цэнхэр өнгөнд илүү дуртай. Оносон газраа тавигдсан бүх өнгө маш гоё. Би ховор завсрын өнгө гаргах дуртай. Амьдрал тэр чигээрээ өнгө шүү дээ.

-Таны сэтгэл зүйн байдал уран бүтээлд хэрхэн нөлөөлдөг вэ. Онцгой нөлөөлж сайн зураг зурсан тохиолдол бий юү?

-Сэтгэл зүйн байдал маш чухал. Гэхдээ сэтгэл санаа тавгүй өдөр зураг зурдаггүй. Сэтгэлд нар гийсэн сайхан өдөр хийсэн бүтээлүүд минь надад таалагддаг.

-Өөрийгөө хэрхэн төвлөрүүлдэг вэ. Юу таны бясалгал болдог вэ?

-Зургаа зурж эхлэхдээ л төвлөрчихдөг. Бас тухайн орчинд ганцаараа байхыг илүүд үздэг.

-Танд уран бүтээлчийнх нь хувьд үлгэр жишээ авч, хүндэлдэг хүн байгаа байх?

-Мэдээж байлгүй яах вэ. Ааваасаа, багшаасаа мөн уран бүтээлийн үлгэр жишээ, арга техник суралцмаар мундаг ах нар байгаа. Бас залуу үеийн дүү нар ч байна. Хүн хэнээс ч суралцаж болдог. Багш нь шавиасаа ч суралцаж болно шүү дээ.

-Та ямар утга агуулгатай хэчнээн уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан бэ. Урын сандаа хэчнээн бүтээлтэй вэ?

-Би Америк, Герман, Швейцарь, Монголд нийт 10 орчим үзэсгэлэн гаргасан. Хүмүүс худалдаж авахаар нь дахин хийдэг. Өнгөрсөн хугацаанд 500 орчим зураг зурсан байх гэж бодож байна.

-Уран бүтээлчээс гадна гэрийн сайн эзэн, сайн аав байхын тулд юуг баримталж байна вэ. Таны амьдралын үнэт зүйл юу вэ?

-Үр хүүхдэдээ урлагийн гоо сайхныг мэдрүүлж өсгөх юм сан гэж боддог. Хамгийн үнэ цэнтэй зүйл бол гэр бүл, мэргэжил минь юм даа.

 


МУСТА, АБСТРАКТ, МОДЕРН ЗУРААЧ Б.БАТЖИН:Амьдрал тэр чигээрээ ӨНГӨ шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-10 13:19:48
    зочин: үзэсгэлэнг нь үзээд 1 гоё өвөрмөц өнгө аяс олж харсан.өмнө үзэсгэлэнгүүд зөндөө лүзэж байсан тийм мэдрэмж төрж байгаагүй санагдана,Амьралыг өнгөөр зурдаг мундаг зураачид уран бүтээлийн өндөр амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-10 10:58:36
    Улсын хилээр: Батжиндаа амжилт хүсье. Мундаг мундаг
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188