• Өнөөдөр 2024-05-06

COLORIST Т.АНХТАМИР: Найруулагчдын төсөөлсөн өнгийг “амилуулж”, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон бүтээлтэй болохыг хүсдэг

2022-11-15,   1060

   - БИ ШАРГАЛ, УЛААВТАР БУЮУ ДУЛААХАН ӨНГӨНД ДУРТАЙ-

      “Гүен” студийн үүсгэн байгуулагч, найруулагч, colorist Т.Анхтамиртай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр “Үргээлэг-2”, “Итгэл”, “Бүхнээс дээгүүр”, “Өнөр бүл өнөө цагт”, “Зура-1” төсөл, “Харих зам”, “Улаан цэцэг”, “Сорил”, “Гаднын нөлөөгүй”, “Сүүдрээр гэтлэгч” зэрэг 10 гаруй уран сайхны киноны өнгийг тавьсан билээ. Мөн түүний сүүлийн үед ажилласан уран бүтээлүүдийн нэг болох “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино “Оскарт” оролцож байгаа аж.

-Таны сүүлийн үед ажилласан уран бүтээлүүдийн нэг болох “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино “Оскарт” оролцож байгаа гэж сонссон. Үүнээс гадна хэчнээн киноны өнгийг хариуцаж ажилласан бэ?

       -2013 онд С.Сэнгэдорж найруулагчийн “Lovers” уран сайхны кинонд анх удаа өнгө тавьж ажилласан. Түүнээс хойш “Үргээлэг-2”, “Итгэл”, “Бүхнээс дээгүүр”, “Өнөр бүл өнөө цагт”, “Зура-1” төсөл, “Харих зам”, “Улаан цэцэг”, “Сорил”, “Гаднын нөлөөгүй”, “Сүүдрээр гэтлэгч” гээд 10 гаруй уран сайхны киноны өнгийг хариуцаж ажилласан байна. Мөн сүүлд америкчуудтай олон улсын төсөл дээр хамтарч ажилласан. Энэ сардаа багтаж тус кино нээлтээ хийнэ. Үүнээс гадна студидээ захиалгаар ирсэн реклам, нэвтрүүлэгт өнгө тавьж ажилладаг даа.

-Дэлгэцийн бүтээлд өнгө тавихын тулд юунд анхаарах ёстой вэ. Мэргэжлийн хүмүүс өнгөний чанар, чансаанд шүүмжлэлтэй ханддаг болов уу?

        -Найруулагч зохиолоо бэлэн болгочихоод ямар төрлийн кино вэ гэдгээ тодорхойлдог. Инээдмийн, уянгын, аймшгийн, адал явдалт, түүхэн гэх мэт. Ингэж тодорхойлчихоод үйлдвэрлэлийн ажлаа эхлүүлдэг. Киноны төрлөөс шалтгаалж тайз, жүжигчдийн хувцас, байршил, нүүр будалт, камерын тохиргооноос эхлээд бүгд чухал. Тэр бүхэнд тохируулж өнгөнийхөө кодыг кадр бүрд оруулж, тохируулдаг гэсэн үг. Ингээд зураг авалт дууссаны дараа би нүүр будалт, тайз, хувцас хэрэглэлийг яаж тааруулж өмссөн байна, гэрэл, сүүдэр, камерын тохиргоо хэрхэн таарсан болох бүх дүрсийг дэлгэцэнд гарах хүртэл нь өнгөлж, тодруулж өгдөг буюу хамгийн сүүлийнх нь ажлыг хийдэг гэсэн үг. Хар цагаан киноны өнгийг хүртэл янзалж болдогоороо бидний ажил онцлогтой. Харин өнгө тавьдаг хүн өөрийнхөө мэдрэмжээр, хүссэнээрээ өнгөө сонгож, янзалдаггүй. Зөвхөн найруулагчийн хүссэн өнгийг программаар "амилуулах" үүрэгтэй. 

-Та 10 гаруй киноны өнгийг хариуцаж ажилласан гэлээ. Киноны төрлөөс хамаарч өнгө тавих шаардлага өөрчлөгддөг үү. Өнгөний кодыг яаж тохируулдаг вэ?

        -Ямар төрлийн кино вэ гэдгээс шалтгаалж өнгөө тодорхойлно. Тус киногоор буюу аль нэг хэсгээр юу илэрхийлэхийг зорьсон бэ гэдэгт өнгө чухал үүрэгтэй. Тэгэхээр бүтээл бүр дээр ярилцаж байгаад өнгөө сонгож тааруулдаг гэсэн үг. Би кино найруулагч болно гэж боддоггүй. Харин аливааг төлөвлөж, тооцоолох, нарийвчлах дуртай. Киноны утга агуулгыг миний тавьсан өнгө илэрхийлж, ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Би хийсэн ажил, кино, нэвтрүүлэг бүрдээ 100 хувь сэтгэл ханамжтай байдаг. Харин хийсэн төслүүдээсээ цаашид хөгжүүлж болох дэвшил болоод алдаагаа олж хардаг. Ижил төрлийн бүтээл хийж үзээгүй болохоор аль нэгийг нь илүү, дутуу болсон гэж үнэлэх цаг нь болоогүй байна. Төрөл бүрийн кино дээр ажиллаж байгаа болохоор сонирхолтой байгаа. Миний ажилласан бүтээл эхнээсээ “Оскарт” оролцож байна шүү дээ.

-Дэлгэцийн бүтээлд өнгө тавьдаг уран бүтээлчдийн хөгжлийн замналыг хэрхэн тодорхойлох вэ?

          -Технологитой холбоотой ажил учраас маш урт хугацаанд үргэлжилж, хөгжинө гэж боддог. Орчин үеийн технологийн шийдэл баг хамт олны ажил учраас салбараараа хөгжих боломжтой. Энэ салбарт олон уран бүтээл зорилго нэгтэй ажиллаасай, гаднын уран бүтээлчид манайд ирж ажилладаг болоосой гэж хүсдэг. Үүнд Соёлын яамны удирдлагууд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Гадаадын хүмүүс олон улсад мундаг ажилладаг гэдэг ойлголтоос салж, өөрсдийнхөө онцлогийг харуулсан чадварлаг уран бүтээлчид бэлдэж, дэлхийд гарах цаг нь болсон. Түүний төлөө бусадтайгаа нэгдэж байгаа. Олон хүнд зааварчилгаа өгч, мэддэг, чаддаг бүхнээ хуваалцаж байсан.

-Та кино багийнхны болон найруулагчдын тавьсан саналаас татгалзаж байв уу?

       -Татгалзаж байсан удаагүй. Кино багийнхан болон найруулагчдын тавьсан саналыг хүлээн авч, ажлаа чанартай хийхийг зорьдог. Хэн надад ажлын санал тавих нь чухал биш. Ажлаа сайн хийхийг илүүд үздэг.

-Таны дэлгэцийн уран бүтээлд өнгө тавьдаг ажлын гараа хаанаас эхлэлтэй вэ?

       -Би олон улсын харилцааны чиглэлээр сурч байгаад сургуулиа орхисон. Тухайн үед надад радиод ажиллах боломж олдсон юм. 1999 онд “ФМ 107”-д хөтлөгчөөр ажиллаж байгаад дараа нь  найруулагч болсон. Тэгээд 2004 оноос “ТВ9” телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаадаа “С1” телевизэд эвлүүлэгчээр, “Gogo.mn” сайтын видео нэвтрүүлгийн албанд хоёр жил ажиллаж, видео, реклам, телевизийн нэвтрүүлэг хийж сурсан. Тэгээд 2007 оноос “Гүен” студиэ байгуулж, сонирхсон мэргэжлээрээ өнөөдрийг хүртэл  ажиллаж байна.

-Одоо студидээ өнгө тавихаас өөр чиглэлээр ажиллаж байгаа юу?

        -Студиэ байгуулчихаад бүгдийг нь өөрөө хийх гэж оролддог байлаа. Олон улсын стандартад нийцүүлнэ гэхээсээ илүү монтаж, найруулга гээд бүгдийг нь өөрсдөө хийдэг байсан. 4-5 хүнтэй байсан ч нэгнийхээ ажлыг нөхөж хийдэг байсан үе зөндөө бий. Тэгээд студи бүр өөрийн гэсэн онцлогтой байх ёстой гэж боддог байлаа. Тэгээд  2013 оноос студийнхээ ажлыг хийж байгаад өнгөний гайхамшгийг мэдэрч, сонирхож, суралцаж эхэлсэн. Одоо хүртэл суралцсаар, сурснаа ажилдаа хэрэгжүүлж байгаа. Би одоо студидээ найруулагч, өнгө засагчаар ажиллаж байгаа.

-Танай студи ямар онцлогтой вэ. Студийнхээ онцлогийг төрөлжүүлж,  хөгжүүлэхийн тулд юу хийж байгаа вэ?

        -Манай студи уран сайхны ямар нэгэн бүтээлд өнгө тавьдгаараа онцлогтой. Манай нийгэмд зах зээл бага учир олон төрлийн видео ажил хийхийг хичээдэг. Тиймээс бусадтайгаа адил харилцагч байгууллагуудтай хамтарч ажилладаг гэсэн үг. Кино, видеоны өнгийг чанартай, стандартад нийцсэн хэмжээнд хийхийг зорихоос гадна дуу, интершумыг тохируулдаг бүрэн хэмжээний студитэй болох мөрөөдөлтэй.

-Та ямар өнгөнд дуртай вэ. Ажлаа хийж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?

        -Би дулаахан буюу шаргал, улаавтар өнгөнд дуртай. Тийм болохоор дулаахан өнгүүд ихэвчлэн сонгочих гээд байдаг. Би дуртай ажлаа хийж байгаа учраас өдөр бүр ажлаасаа сайхан мэдрэмж авдаг. Дуртай ажлаа хийж байгаа болохоор бүх хүч, сэтгэл, мэдрэмжээ зориулахыг хичээдэг дээ. Маш олон жилийн хичээл зүтгэл, судалгааны дараа үр дүн бага багаар гарч байгаа.

-Та дэлгэцийн бүтээлд өнгө тавих ажлаа ямар хэмжээнд хүртэл хөгжүүлье гэж зорьдог вэ?

         -Гадаадын уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад тэд намайг Анхтамир гэдэг өнцгөөр биш Монголын дэлгэцийн уран бүтээлд өнгө тавьдаг залуу гэж хардаг. Тэгэхээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол кинонууд дээр ажиллаж, бусдыгаа, салбараа хөгжүүлж, үнэлэгдэхийг хүсдэг. Гадаадын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах нь цаг хугацааны асуудал. Тэд зөвхөн чадвартай хүмүүстэй хамтарч ажилладаг боловч удахгүй бидэнтэй ажиллана гэж боддог. Миний хийдэг ажил тоотой салшгүй холбоотой. Найруулагч, зурагчлаач нарын төсөөлсөн өнгийг дэлгэцэнд мөнхлөхийн тулд технологийн бүх шийдлийг ашигладаг гэсэн үг дээ.

-Ярилцсанд баярлалаа.

     -Баярлалаа.


COLORIST Т.АНХТАМИР: Найруулагчдын төсөөлсөн өнгийг “амилуулж”, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон бүтээлтэй болохыг хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188