• Өнөөдөр 2024-04-26

ДУУЧИН Н.ОЮУНЧИМЭГ: УРЛАГТ ЗҮРХЭЭ ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ ЗҮТГЭСЭНДЭЭ БАЯРЛАДАГ Ч ЗУРГААН САРТАЙ ХҮҮГЭЭ ЗОЛИОСЛОСОНДОО ХАРАМСДАГ

2022-05-21,   2565

-УРЛАГИЙН ХҮН ГУТАРДАГГҮЙ-

     Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Ярилцагчид ихэвчлэн эхлэлийн тухай ярьдаг бол хоёулаа энэ удаад таныг тайзаа орхих болсон тухай түүхээс ярилцлагаа эхлүүлбэл ямар вэ?

       -Намайг ард түмэнтэй минь уулзуулж байгаа танай сайтын хамт олонд баярлалаа. Би одоогоор хуучин дуунуудаа сэргээж, дүрсжүүлэх ажил хийж байгаа. Монголын радиогийн Алтан фондод би “Баянмонгол” чуулгын хамгийн олон дуутай дуучин нь байсан юм байна. Зарим дуугаа “Би дуулж байсан гэж үү” хэмээн гайхаад бүр мартчихсан байна лээ. Би 2018 онд бие даасан тоглолтоо хийж байсан. Ирэх жил дахин тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Би 10-аад жил тайзаа орхисон. 2015 онд тайзнаа эргэн ирэхэд намайг мэддэг хүмүүс нь санаж, мэддэггүй нь “Ийм дуучин байсан юм байна. Энэ дууг анх дуулж байжээ” гэж  таньж байгаа болов уу. Ер нь монголчууд намайг мартчихсан байсан.

Гэхдээ хийж байсан уран бүтээлүүд минь ард түмний дунд үлдчихсэн, танигдчихсан байсан учир хүмүүс амархан санаж, баяртайгаар хүлээн авч байгаа.

Урлагаас холдсон шалтгаан гэвэл, би 1986 онд Хилийн цэргийн дуу бүжгийн Хилчин хамтлагт байсан. Тухайн үед “Сүүн цагаан хурим”, “Цэрэг чи миний нөхөр” зэрэг дууг анх дуулж байлаа. Дараа нь уран бүтээл хийх оргил үедээ Варита чуулгад орсон. Үнэхээр "тасархай" уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн, сайхан чуулга байсан шүү. Даанч барилгыг нь хурааж аваад уран бүтээлчид нь тарсан. Тухайн үед нийслэлчүүд Варита чуулгыг “Урлагийн түүхэнд байгаагүй өөр өнгө аяс бий болгож чадсан” гэж ярьдаг байсан. 

       Чуулгын уран бүтээлчид хамтаараа гал шиг дүрэлзэж байсан болохоор хувиараа уран бүтээл хийх сонирхолгүй байсан. Ганцаараа дуулна, ганцаараа тайзан дээр гарна гэхээр утгагүй санагдаж,  гадаад явж, наймаа хийхээр шийдсэн. Польшид наймаа хийгээд зогсож байтал нэг залуу “Ээ, халхын дуучин болиоч ээ” гэж хашхирсан тохиолдол бий. Тэгэхээр уран бүтээлч гэдэг хаана ч, юу ч хийж явж байсан уран бүтээлээсээ салдаггүй, дуучин гэдэг автортойгоо мөнхөрдөг юм байна гэдгийг ойлгосон. Тэнд байсан монголчууд нутгаа санадаг болоод ч тэр үү “Оюунаа эгч ээ, ганцхан удаа дуулаад өгөөч, тэгэх үү” гэж маш их гуйдаг байсан. Би нэг хотод ганц, хоёр удаа дуулж гадна, дотнын хүмүүсийг баярлуулж байсан. Одоо дахиж гадаадад амьдрах бодолгүй байна. 

-Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Дуучин болох таны багын мөрөөдөл байв уу?

       -Аав минь Говь-Алтай аймгийн Тонхил сумынх. Ээж минь Бугатынх. Би аавынхаа нутгийн Сутай хайрханы энгэрт төрсөн гэдэг. Тэгээд 1965 онд дөрвөн настайдаа гэрийнхэнтэйгээ Улаанбаатарт ирсэн юм билээ. Манайх хотод ирээд Урлан бүтээх төвийн ард талын хашаанд амьдардаг байсан гэдэг. Аав минь Банкны ерөнхий хороонд нярав, ээж минь таксины жолооч болж, би тухайн үеийн 25 дугаар цэцэрлэгт хүмүүжсэн юм билээ. Намайг зургаа, долоон настай байхад манайх Улаанбаатараас Дархан руу нүүсэн. Тийм болохоор миний хүүхэд насны дурсамж Дархан хотод өнгөрч, дуучин болох хүсэл мөрөөдөл минь тэндээс эхэлсэн.

-Та дуучин болох шийдвэрээ ганцаараа гаргасан уу?

       -Би Дарханы Хөгжимт жүжгийн театрт хүүхэд байхдаа  хичээллэдэг байсан. Тэр театрт маш мундаг хүмүүс ажилладаг байлаа. Алтан үеийн Хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар гуай байсан. Сүхээ багш намайг хүүхдүүдтэй тайзан дээр дуулж байхад миний хоолойг анзаарч, мэдрээд, намайг өрөөндөө дуудаж шалгаж байсан юм. Тэгэхэд нь би нэг ч алдаа гаргаагүй бүгдийг багш нарынхаа заасны дагуу хийсэн. Гэтэл намайг “Чи маш онцгой сонсголтой хүүхэд байна” гээд “Театрт дуулах бол дуулаад, дуулахгүй бол хөгжимдөөд явж бай” гэж шанз зааж өгч байсан. Тэр үед би долдугаар ангийн сурагч байлаа. Тэр үед үнэхээр авьяастай бол хэддүгээр ангийн сурагч байхаас үл хамаарч, урлагийн тухай зааж сургадаг байсан юм билээ. Тэгж л Сүхээ багш миний урлагийн амьдралын суурийг бэлдэж, миний дуучин болох гарааг эхлүүлсэн. Намайг 18, 19 настай байхад Дархан хотын Залуучууд театр ашиглалтад орж, найруулагчаар нь И.Нямгаваа багш ирж байсан. Тэгээд тус театрт орж, Мог Лхагвасүрэн багш намайг мэргэжлийн дуучин болгохын тулд надтай ажиллаж, зааж байсан. Амьсгаа яаж авах, урлагийн хүн ямар байх ёстой, хүмүүсийн дунд хэрхэн биеэ зөв авч ёстой, бусадтай яаж харилцах ёстой зэргийг зааж өгсөн. Тухайн үед урлагийн сургууль тун ховор байлаа. Зөвхөн Хөгжим бүжгийн дунд сургуульд л шалгаж авдаг байв.

Гэхдээ би ямар ч шалгалт өгөөгүй. Албан ёсны сургуульд ороогүй мөртлөө албан ёсны сургууль төгсчихсөн гэхэд болмоор. Яагаад гэвэл, тэд надад А-гаас эхлээд бүхийг зааж өгсөн. Урлагийн хүн энгийн хүнээс соёлоороо, биеэ авч явах байдлаараа, хувцаслалтаараа бусдаас алхмын өмнө явах ёстой гэж заадаг байсан.

Яагаад гэвэл, урлагийн хүнийг бусад хүн дуурайж, үлгэрлэдэг юм билээ. Би яг л багш нарынхаа зааснаар хүмүүжиж, “Хий” гэсэн бүхнийг нь хийдэг байсан. Тэгж л дуучин болж байлаа даа. 

-Таныг дуучин болно гэхэд нь аав, ээж нь дэмжиж байсан уу?

        -Манай гэрийнхэн намайг “Дуучин болгохгүй, өөр сургуульд оруулна. Санхүүч болгоно” гэж шалны модоор зодож байсан. Аав, ээж бүр л хүүхдээ сургуульд оруулж, мэдлэг боловсролтой болгохыг хүснэ шүү дээ. Гэтэл би зөрж, уйлсаар байгаад дуучин болж байлаа. 

-Та “Баянмонгол” чуулгад орж байсан дурсамжаа ярьж өгөөч. Тухайн үед мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллах шаардлага өндөр байв уу?

      -Зөвлөлтийн дуу дуулаачдын улсын уралдаанд би 18, 19 настайдаа Дархан хотыг төлөөлж оролцоод гуравдугаар байрт шалгарч байсан. Тэр үед Ардын жүжигчин Ц.Намсрайжав багш миний сонсгол, ритм бүхнийг шалгаж, дуулуулж байсан. Гэхдээ  би бүх шалгуурт нь  тэнцсэн. Гэтэл Ц.Намсрайжав багш Энэ их юмтай хүүхэд байна. “Баянмонгол” чуулгад авч үлдэнэ” гэтэл зарим нь “Тайзан дээр намдах юм байна” гэж байсан. Харин Ц.Намсрайжав багш “Намхан нурууг тайзан дээр яаж ч янзалж болно” гээд “Баянмонгол” чуулгад дагалдан дуучин болох боломж олгож байсан.

          "Баянмонгол" чуулгат орсон өдрөөс хойш Хөгжим бүжгийн сургуулийн хүүхдүүдэд ордог бүх хичээлийг үзэж, дэлхийн хөгжмийн суутнууд, гоо зүй, хөгжмийн онол зэрэг ном үзэж, хоёр жилийн дотор бүхнийг сурах ёстой даалгавар авч байсан. Тэгээд тоглолтынхоо хажуугаар номоо уншиж, нотоо бичдэг байв. Орон нутаг руу тоглолтоор явахдаа ч номоо тэврээд л явдаг байсан даа.

Тэр үед  Соёлын яаманд шалгалт өгч, мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллах үнэмлэхээ авдаг байсан. Тухайн үеийн шүүгчээр С.Гончигсумлаа гуай, Л.Мөрдорж гуай, Г.Бирваа гуай, Ц.Намсрайжав багш, Н.Жанцанноров гуай, Ц.Пүрэвдорж гуай, Х.Уртнасан гуай гээд л дан томчууд суучихсан шалгалт авдаг байлаа. Шалгалтандаа тэнцэх юм Соёлын сайдын гарын үсэгтэй мэргэжлийн үнэмлэх авдаг байсан. Мэргэжлийн үнэмлэхтэй хүмүүс л мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг байсан үе шүү дээ.

Тэр үнэмлэх бол бидний хувьд диплом гэсэн үг. Тэгж л мэргэжлийн урлагийн байгууллагад буюу “Баянмонгол” чуулгад дуучнаар орж байлаа. Энэ миний хувьд хамгийн сайхан дурсамж шүү. 

-Таныг анх "Эхийн ариун сэтгэл" дуугаараа ард түмэнд танигдсан гэж сонссон. "Эхийн ариун сэтгэл" таны хамгийн хайртай уран бүтээл үү?

           -1983 онд Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч З.Хангал ах “Чиний хоолойнд гоё тохирно” гээд “Эхийн ариун сэтгэл” дууны аяыг зохиож өгч байсан. Тэгээд би радиод бичүүлж, дараа нь хүсэлтийн хариугаар энэ дуу минь их явдаг болсон. Түүний дараа “Чи бидэн хоёр”, “Тэнгэрт суудалтай бүсгүй” гээд намайг үзэгч түмэнтэй танилцуулж, од болгосон сайхан дуунууд бий. Тухайн үеийн дуучдын чанар чансаа хүсэлтийн хариугаар тодорхойлогддог байлаа. Хүсэлтийн хариугаар дуу нь их явдаг бол сайн дуучин гэж үздэг байсан. Сонсогчид, ард түмэн өөрсдөө дүгнэчихдэг байсан болохоор амар байж дээ. Ер нь хамгийн анх “Эхийн ариун сэтгэл” дуугаараа олон түмэнд танигдаж байсан. Намайг олон түмэнд таниулсан уран бүтээл болохоор дуртай гэж ярихаас илүү үг, аянд нь дуртай. Намайг олон сайхан дуу дуулахад нөлөөлсөн сайхан бүтээл гэж боддог. 

-Танд “Дуучин болно” гэхээс өөр мөрөөдөл байв уу?

        -Дуучин болох гэж л төрсөн юм шиг санагддаг байлаа. Бүр цаанаасаа дуртай байсан. Түүнийг тайлбарлах аргагүй. Би "Урлагийн хүн тэр дундаа дуучин болж чадахгүй бол юу ч болохгүй" гэж боддог байлаа. Ээж, аав хоёр намайг дуучин болно гэхэд маш их эсэргүүцдэг байсан. Тэгэх бүрд нь уйлж унжиж бөөн юм болж байж л дуучин болсон доо. Би багадаа радиогоор дуу сонсож, түүнийгээ дагаж дуулдаг байсан. Тэр л миний хүүхэд байхдаа хийдэг байсан ажил, хобби байлаа."Дуучин болно" гэхээс өөр ямар ч хүсэл мөрөөдөл байгаагүй. 

 

-Та уран бүтээлдээ үнэнчээр зүтгэж, өөртөө үнэн байж чаджээ. Гэхдээ танд харамсах зүйл байдаг уу?

         -Хүн аливаа зүйлийн төлөө тууштай зүтгэхэд заавал золиос гардаг гэж боддог. Би амьдралынхаа ямар ч үед зөвхөн урлагаа сонгосон. Мэдээж, залуу байхдаа хайрлаж, дурлана. Амьдрал зохионо. Гэхдээ бүтэлгүйтнэ. Яагаад гэвэл, ямар ч хүн хүүгээ гэрийн бараа хардаггүй эмэгтэйтэй "Гэр бүл болоосой" гэж хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор эцэг, эх нь надад  “Чи миний хүүтэй амьдаръя гэж бодож байвал урлагаа хая” гэж тулгадаг байсан. Тэгэхээр нь би ямар ч эргэлзээгүйгээр, харамсах зүйлгүйгээр “Урлагаа хаяж чадахгүй” гэж хэлээд гэр бүл болох хүнээсээ салж байсан үе бий. Энэ тухайгаа эргээд бодоход тэнэг ч юм шиг. Гэхдээ зорилгодоо, өөртөө үнэхээр үнэнч байсан гэдгийг минь илтгэдэг дээ. 

-Аав, ээж нь таныг гэр бүлтэй болохгүй нь гэж санаа зовдог байсан болов уу?

     -Тэгэлгүй яах вэ. Ээж минь “Чи хэдий болтол гэр бүлгүй байх юм бэ. Чи үргэлж залуу явахгүй шүү дээ” гэж санаа зовдог байсан. Тэгэхээр нь би “Бурхан намайг бусдад үйлчилж, золиос гарга гэж байгаа бол хамаагүй ээ, ээж ээ. Би ингээд л амьдарна” гэхэд ээж минь “Урлагийн төлөө ингэж зүтгэдэг хүн байдаг юм уу, ямар хачин юм бэ” гэж гайхаж, бүр уйлж байсан. Харин одоо намайг бүгд хүлээн зөвшөөрчихсөн болохоор сэтгэл хангалуун сайхан байдаг.  

-Та дуучин болохын тулд амьдралаа золиосолж байсан юм уу?

      -Би гэр бүлтэй байсан. Эхэн үедээ сайхан ойлгож, ойлголцож байгаад би ажилдаа анхаараад эхлэхээр асуудал үүсч эхэлдэг. Тэгээд л гэр бүлийн маргаан үүснэ. Тэр нь надад маш их дарамт болдог байсан. Би нөхөртэйгөө 10-аад  жил тэсэж амьдарсан. Сүүлд нь “Би хүнтэй ханилах ёсгүй юм байна. Урлагтайгаа л насан туршдаа ханилж байгаад дуусах юм байна” гээд нөхрөөсөө тусдаа амьдарсан. Хамгийн харамсалтай нь би зургаахан сартай хүүгээ алдаж байсан. Хүүгээ төрүүлчихээд зургаахан сар болж байхад Д.Ухнаа дарга “Ажилдаа ор. Би чамд хүүхэд битгий гарга гэж хэлсэн биз дээ” гэж загнаж байсан. Тэгээд л би зургаан сартай хүүгээ Дарханд ээж, аавдаа орхиод “Баянмонгол” чуулгад ажилдаа орж байсан. Гэхдээ энэ бүгд миний сонгосон замнал байсан учир хэнд ч буруу өгөх эрхгүй амьдарч байгаа. Хүний амьдрал эрээнтэй бараантай, баяр баясгалантай, гунигтай, хагацалтай, харуусалтай янз бүр байдаг. Энэ бүхэнд урлагийн хүн гутардаггүй. Ямар ч хүнд зүйлээс өөрийгөө авч гарч, ялан дийлж чаддаг байх ёстой гэж бодож, амьдарч ирлээ дээ. 

-Таныг тайзан дээр дуулж байхыг аав, ээж нь үзэж байв уу?

        -Ашгүй аав, ээж минь намайг тайзан дээр дуулж байхыг үзсэн шүү. “Баянмонгол” чуулгынхан Дарханд тоглолтоор очсон юм. Гэтэл математикийн багш гэр бүлийн хүнтэйгээ манай аав, ээж хоёртой хамт манай тоглолтыг үзсэн. Тэр үед аав, ээж, багш нар минь надаар үнэхээр их бахархсан гэж ярьж байсан. Ээж минь Миний охин ямар гоё, яасан сайхан дуулдаг юм. Зөв мэргэжлээ сонгосон байна” гэж байсан. Тэр үед нь би ч бас их баярлаж, урам авч байсан. 

-Аав, ээж нь дуулдаг байв уу?

      -Хоёулаа их сайхан дуулдаг хүмүүс байсан. Уртын дууг янзын дуулдаг байлаа. Аав гитар, ээж мандалин тоглож, бид дагаж дуулдаг байсан. Урлаг, дуу хуурд дуртай хүмүүс байсан. Магадгүй аав, ээж хоёр минь намайг урлагт дуртай болгосон байх гэж боддог. 

-Урлагийн хүнд жинхэнэ фен гэж байдаг. Та тийм хүнтэй таарч байв уу?

        -Фен гэж үнэхээр байдаг юм билээ. Би төрөөд удаагүй байсан болохоор таргалчихсан байлаа л даа, тэр үед. Тэгээд гурван настай охиноо дагуулаад явж байтал миний үеийн эмэгтэй Хүүш ээ, Оюунчимэг мөн үү” гэхээр нь “Сайн байна уу” гэтэл “Би чамайг нүдээр чинь танилаа” гэснээ “Чи ямар муухай юм бэ. Чамд би гомдож байна. Чи яагаад дуулахгүй байгаа юм. Бид чамайг, чиний дуулахыг сонсмоор байна, за юу. Ямар тарган, муухай болчихсон юм. Чи бидний өмнө ингэж явах ёсгүй. Чи ямар арчаагүй юм бэ” гээд бараг уйлах нь халгүй намайг загнасан. Би тэр үед маш их ичиж байсан. Надад хэлэх үг олдоогүй. Багш нарын заасан “Олны өмнө муухай явж болдоггүй” гэдэг үг санаанд орж, буруу зүйл хийснээ мэдэрч байсан. Урлагийн хүнд чин зүрх, сэтгэлээсээ хайрлаж, хүндэлж явдаг фен гэж байдаг юм билээ. Тэгэхээр залуу уран бүтээлчид үүнийг мартах ёсгүй, бусдын өмнө муухай явж болохгүй шүү гэдгийг захимаар байна. 

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

     -Баярлалаа.

      Тэр дүүлэн дүүлэн ниссээр нэг ч удаа газардалгүй мөрөөдөлдөө хүрчээ. Ийм амжилт тийм бахархал хүн бүрд заяахгүй. Зорьсныхоо оргилд хүрчихсэн болохоор юунд ч харамсдаггүй, хэнээс ч буруу хайдаггүй цагаахан сэтгэлт юм билээ, тэр. Зөвхөн өөртөө л үнэнч байж чадсан болохоор дуулж эхэлсэн амьдралаа дуулаад нь дуусгах хувьтай цангинатал дуулсаар л. Түүний дууны ертөнцөд бүтээсэн гавьяаг төр засаг үнэлж амжаагүй байгаа хэдий ч тэр аль хэдийнэ ард түмнийхээ гавьяат, тэднийхээ хайрыг хүртсэн тэнгэрт суудалтай бүсгүй гэдгийг жинхэнэ фенүүд нь гэрчлэх биз ээ. Түүний цангинасан хоолой, авьяас билгийг төр, засаг өндрөөр үнэлж, удахгүй ГАВЬЯАТ болгоно гэдэгт итгэл дүүрэн байна. 


ДУУЧИН Н.ОЮУНЧИМЭГ: УРЛАГТ ЗҮРХЭЭ ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ ЗҮТГЭСЭНДЭЭ БАЯРЛАДАГ Ч ЗУРГААН САРТАЙ ХҮҮГЭЭ ЗОЛИОСЛОСОНДОО ХАРАМСДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188