• Өнөөдөр 2024-05-08

Х.Баяр: Хувийн тав тухаа бүрдүүлэх тусам сэтгэлгээ хумигддаг

2021-06-12,   1168

-Бид дотоод ертөнцдөө амьдардаг ч  гадаад ертөнцдөө илэрхийлж байх ёстой-

Хайпперреалист чиглэлийн зураач Х.Баяртай ярилцлаа. Тэрбээр Монголын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, энэ цаг үеийг халуун амь, бүлээн цусаа зориулан  байж, хөлс хүчээрээ авчирсан түүхэн хүмүүсийн хөргийг өөрийн бодол сэтгэмжээр баяжуулж, нэгэн цуврал болгон бүтээж мөнхлөхийг хичээдэг гэнэ.

-Та багадаа хэр мөрөөдөмтгий хүүхэд байсан бэ?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Багадаа од харах дуртай, мөрөөдөмтгий хүүхэд байсан. Зун эмээгийн зусланд гарна. Өдөржин тоглоод шөнө нь эмээгийн хөвөнтэй бор дээлийг нөмрөөд байшингийн өмнө өвсөн дээр хэвтээд яралзах оддыг ширтэж, саран дээр харагддаг гэх туулайг төсөөлж, хиймэл дагуул, сансрын хөлөг хайн, сүүлдээ уншсан үлгэрийн номтойгоо холиод зүүд мөрөөдлийн ертөнцөд автан, элдвийг эргэцүүлдэг байлаа. Однуудаа холбож мөрөөдлөө тархиндаа зурдаг хүүхэд байсан.

-Зураач хүний сэтгэлгээ энгийн хүнийхээс өөр байдаг шиг санагддаг. Урлаг хүний амьдралд хэрхэн нөлөөлж, хүмүүжүүлдэг вэ?

-Зураач, яруу найрагч, зохиолч гурав байгалиасаа этгээд, өвөрмөц төрдөг юм шиг байна билээ. Энгийн хүн шиг амьдарч чаддаггүй ч юм шиг. Сэтгэлгээний хэв маяг нь тэс ондоо санагддаг. Уран бүтээлч хүн төрөлхийн байх нь түгээмэл. Харин эцэг, эхчүүд хүүхдэдээ урлаг ойлгох боловсролыг төлөвшүүлэх нь урлагийн  хүн болгохоос илүү сайн үйл юм.

-Зураач хүний зурах хүслийг олон зүйл бадраадаг байх. Та юунаас мэдрэмж, санаа авч, бүтээл болгодог вэ?

-Сайхан хоол, гэр орон, урлан бол чухал биш юм. Өөрөөр хэлбэл, хүн хувийн тав тухаа бүрдүүлэх тусам сэтгэлгээ хумигдмал болдог шиг санагддаг. Надад зурах хүсэл оргилж байдаг, тэр бол онгод. Бурхан багшийн хэлснээр зуурдын энэ хорвоод үдлээд буцахын хооронд амьдралын жинхэнэ утга учрыг таниад авбал энэ л хамгийн зөв мэдрэмж юм.

-Яагаад зураач болохоор шийдсэн бэ. Гэр бүлийнхэн болон багш нар нөлөөлсөн үү?

-Миний аав зураг сайхан зурдаг, хөгжим дардаг урлагийн хүн байлаа. Идэвх, санаачилгатай, амьдралын төлөө зүтгэсэн сайхан хүн байсан юм. Гэрийн номын санд зургийн ном олон. “Юный художник”, “Миша” хэмээх зурагтай сэтгүүл тогтмол захиалж бидэнд сонирхуулна. Зарим ном сэтгүүл дээрх сонгодог уран зургийг хайчлан гэрийн ханан дээр наадаг байж билээ. Намайг ингэж  л дэлхийн урлагтай танилцуулсан юм. Би тухайн зургуудыг үргэлж харж хэрэндээ л бодлогоширдог  байлаа. Аавыгаа зурахыг харж суух нь миний хувьд төсөөлөмгүй аз жаргал шүү. Намайг зураач болгосон анхны багш минь байж дээ.

-Амьдрал олон өнгөтэй, тэр бүгдийг уран зургаар илэрхийлж болдог гэж боддог. Та ямар нэгэн сэдвээр дагнаж зурдаг уу, эсвэл аль болох олон төрөл жанраар зурахыг хичээдэг үү?

-Би өөрийн дуртай төрлөөр дагнан туурвих нь зөв гэж боддог. Бүх сэдвээр зураад суувал  нэгэн насандаа барахгүй их ажил болох байх.

-Уран бүтээлч хүнд авьяас, мэдрэмж, ур чадвар хамгийн чухал гэж ярьдаг юм билээ. Үүнээс өөр юу чухал гэж боддог вэ?

-Тасралтгүй  ажиллаж, ур чадвараа сайжруулах хэрэгтэй. Мөн дэлхийн бусад улсын зураачтай хөл нийлүүлэн алхах нь чухал. Бид дотоод ертөнцдөө амьдардаг ч  гадаад ертөнцдөө илэрхийлж байх ёстой.

-Хүний дотоод сэтгэлийн илэрхийллийг зургаар гаргах боломжтой юу?

-Хүний дотоод сэтгэлийг зургаар  илэрхийлэх боломжтой гэж боддог. Анх бичиг, хэл яриа үүсэхээс өмнө хүн дотоод сэтгэлээ зургаар илэрхийлж байсан. Үүний нэгэн жишээ нь хадны сүг зураг юм. Тиймээс  зураг бол хамгийн эртний биет өв юм шүү.

-Хайперреализм зургийн онцлог нь юу вэ. Манайд хэрхэн хөгжиж байна вэ?

-Хайперреализм нь чимхлүүр ажиллагаатай буюу хавтгай дахь бүх дүрслэл нь нягт нямбай ажиллагаа шаардсан, реализмийн төрлүүд дотроо хүнд төрөлд орно. Би хайперреалист буюу бодитоос хэтийдсэн  хэв маягаар зурах гэж хичээж буй. Барууны орнуудад хөгжөөд 40 орчим жилийн нүүр үзсэн. Манайд харьцангуй хурдацтай хөгжиж байгаа. 10-аад жил эрэл хайгуул хийсний үр дүнд өнөөдөр энэ арга барилаа олж байна.

-Таниас бүтээл төрөхөд гаднын ямар нэгэн хүчин зүйл нөлөөлдөг үү. Тухайлбал, улирал, цаг хугацаа, өнгө, нийгмийн асуудал ч юм уу?

-Хамгийн их нөлөөлдөг зүйл бол гэр бүлийн харилцаа. Мөн цонхоор харахад цас орж, эсвэл бороотой байвал  ямар ч урлагийн хүний сэтгэлийг хөглөнө дөө. Уйтгар гуниг, баяр баяслаас онгод төрнө. Харин нийгмийн хар бараан мэдээнээс хол байхыг хичээдэг. 

-Ямар бүтээл хамгийн тансаг болж чаддаг вэ?

-Өөрийгөө зовоож, тамлан байж дууссан зураг эргээд өөрт таалагдаж байвал хамгийн тансаг бүтээл болдог. Үүнийг үрээ 10 сар тээж төрүүлээд, хайрлан ширтэх эхийн сэтгэлтэй зүйрлэж болно.

-Танд зураг зурахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Би зураг зурах дуртай. Одоо ч дуртай буйдаа өөрөө баярладаг. Миний салшгүй анд нөхөр минь шүү дээ. Будагтай бийрээ бариад зотон даавуун дээрээ түрхэж эхлэх тэр агшнаас л зүйрлэшгүй их таашаалыг мэдэрдэг дээ.

-Та хэдэн үзэсгэлэн гаргасан бэ. Хамгийн сүүлд хэзээ ямар үзэсгэлэн гаргасан бэ? 

-Бие даасан гурван үзэсгэлэн гаргасан. Саяхан “Хос чавхдас” нэртэй үзэсгэлэнгээ нийтэд дэлгэлээ. Би хайперреализм, фантази арт чиглэлээр зурдаг. Миний хувьд Монгол орны унаган байгаль ,уул ус, говь талыг дүрслэхээс гадна хөрөг зураг ялангуяа Монголын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, энэ цаг үеийг халуун амь, бүлээн цусаа зориулан  байж, хөлс хүчээрээ авчирсан түүхэн хүмүүсийн хөргийг өөрийн бодол сэтгэмжээр баяжуулж, нэгэн цуврал болгон бүтээж мөнхлөхийг хичээдэг. Миний гаргасан гурван үзэсгэлэн нэг зорилготой гэхэд болно.

-Та юуг хамгийн их зурах дуртай вэ?

-Би уйтгартай зураг зурдаггүй. Миний зурсан зургийг хэн нэгэн үзээд сэтгэлийн цэнгэл таашаалыг мэдэрч, аз жаргал, баяр гуниг, урам зоригийг олж, эх орноороо бахархаж байгаасай гэж хүсдэг. 

-Та залуудаа тод өнгөөр зурах дуртай байсан гэсэн. Харин одоо өнгөнд ач холбогдол өгч байна уу?

-Одоо өнгө гэхээс илүү зургийн санааг чухалчилдаг болсон.

-Таны сэтгэл зүйн байдал уран бүтээлд хэрхэн нөлөөлдөг вэ. Онцгой нөлөөлж, төсөөлж байснаас сайн зураг зурсан тохиолдол бий юү?

-Сэтгэл санаа тавгүй  байх эсвэл хэт их аз жаргалд автах нь зургийн явцад сөргөөр нөлөөдөг. Яагаад гэвэл нэг зургийг олон өдөр, сараар зурдаг болохоор зураач хүнд тогтмол хэмнэл чухал. Харин зурагтаа хэрхэн шингэж уусах нь сайн бүтээл болохын эх үндэс юм.

-Харандаагаар зураг зурах ажиллагаа, онцлогийг тайлбарлаж өгөөч?

-Харандаагаар зурах нь Монголд түгээмэл. Харин өнгийн харандаагаар зурах нь харьцангуй шинэ арга хэлбэр юм. Өнгийн харандаа усан будагтай төстэй ч харьцангуй чимхлүүр ажиллагаата, хугацаа их ордог. Өнгийн харандааны бас нэг онцлог нь уран зургийн бусад төрлөө бодвол тусгай орчин шаарддаггүй, зөвхөн зурах эрмэлзэл байхад хангалттай. Та цаас харандаа байхад урлагийн ертөнцөөр амьсгалах боломжтой.

-Тосон балаар зурах нь бусад төрлийн уран зургаас юугаараа онцлог вэ. Зурах арга барил нь өөр үү?

-Тосон балаар зурах нь гар хурууны барилт, амьсгал авах, гаргах, хөдөлгөөн гэх мэт нарийн технологи шаардана. Нэг буруу хөдөлгөөн, буруу  даралт зургийг хормын дотор үгүй болгодог.

-Та өөрийгөө хэрхэн төвлөрүүлдэг вэ. Бясалгал хийдэг үү?

-Зурах орчин аниргүй байх нь анхаарал төвлөрөхөд тохиромжтой. Миний хувьд зурах зургийнхаа тухай бодолд автаж, тухайн дүр үйл явдлыг сэтгэлдээ дүрслэн, зургийн хавтандаа уусан орох мэт болдог нь нэг ёсны бясалгалын хэлбэр юм.

-Та нэг бүтээлийг хэдий хугацаанд дуусгадаг вэ?

-Зургийн зохиомж, цар хүрээнээс хамаарч хэмжээ нь жижиг гэлтгүй удах тохиолдол гардаг. Жишээлбэл, зурах явцад анхны бодож байсан дүр, үйл явцыг өөрчлөх эсвэл нэмэх, хасах олон шалтгаанаас болж “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зургаа гурван жилийн хугацаанд зурсан байдаг. Энэ бол миний хамгийн удаан зурсан зураг.


Х.Баяр: Хувийн тав тухаа бүрдүүлэх тусам сэтгэлгээ хумигддаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 14:26:26
    Ө Хорлоо : Үнэхээр гайхалтай удам дамжсан авьяас Ах маань үнэхээр сайхан зурдаг хүн байсан даа Ах дүү нар нь бүгдээрээ зурдаг шаазан урлалын мастер ахтай сайхан гэр бүл шүү та нарынхаа бүтээлээр хүмүүсийн өмнө бахархаж явдаг Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-30 22:48:38
    Л.Бат Амгалан: Гайхалтай
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188