• Өнөөдөр 2024-04-26

ЖҮЖИГЧИН Э.АЛДАР: “Гайхамшигт жижигхэн хүмүүс” шоуны үеэр хүүхдэд гомдож, тэднийг доргиож, юу ч мэдэхгүйд хувирч байна

2022-05-11,   16972

-ЯАГААД БОНДГОР ЦАРАЙТАЙ, БҮЛТГЭР НҮДТЭЙ РОМЕО БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ-

         “Чи ингэдэг үү, чи тэгдэг үү. Энэ юу гэсэн үг билээ. Чи дахиад хэлж өгч болох уу” гээд л гайхамшигт жижигхэн хүмүүсийн ая эвийг олж, уйлчихсан, уурлачихсан, гомдчихсон, айсандаа юу ч дуугарч чадахгүй сандарчихсан тэднийг тайвшруулж, инээлгэж, яриулж чаддаг шидтэй юм аа, Э.Алдар. Тэр шоунд оролцож буй хүүхдүүдийнхээ найз нь болж ярилцахын тулд хоолойны өнгө аяс, үйл хөдлөлөө өөрчилж яг тэдэн шигээ “жижигхэн” болчихоод л хамт хоол хийж, дуулж, бүжиглээд л эелдэг зөөлөн, дөлгөөн зангаараа бусдын хайрыг татаж, яг л хүүхэд шиг гэгээн юм. Бас түүнд баяр хүргэмээр. Гайхамшигт жижигхэн хүмүүсийг аав, ээж, ах, эгч, найзуудтай нь хамт цэнхэр дэлгэцийнх нь  өмнө жаргааж, баярлуулж, хэн бүхэн нээж чаддагүй тэдний ертөнцийг бидэнд таниулж, инээд хөөр, аз жаргалыг харамгүй илгээж буй жүжигчин, хөтлөгч Э.Алдартай ярилцлаа. 

-Гайхамшигт жижигхэн хүмүүстэй хамт монголчуудад инээд бэлэглэж байгаа танд баярлалаа. Та хүүхдийн нэвтрүүлэг хөтөлнө гэж бодож байв уу?

        -“Гайхамшигт жижигхэн хүмүүс” шоуны хөтлөгчөөр ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун, сайхан байна. Бусад улс оронд яг энэ төрлийн ижил форматтай хүүхдийн нэвтрүүлгүүд гардаг. Улс, орнууд өөрсдийнхөө ёс заншил, үзэгчдэдээ зориулж шинэчилж  бэлтгэдэг. Би ийм төрлийн шоу хийх юм сан гэж олон жил бодож байсан. Харин энэ удаад С1 телевизийнхэн ХНХЯ-тай хамтран ажиллаж тус нэвтрүүлгийг бэлтгэн явуулж байгаад баяртай байна. Миний хамгийн баярлаж байгаа зүйл юу вэ гэхээр, монголчууд 45 минут гар утсаа хол тавиад, хүүхдүүдтэйгээ хамт “Гайхамшигт жижигхэн хүмүүс” шоугаа тухлан сууж, хүлээн байж үзэж байгаад баярлаж байгаа. 

-Хүүхдүүдтэй ойлголцож, тэднийг яриулна гэдэг амаргүй шүү дээ. Тэднийг илэн далангүй яриулж, өөрийнхөөр нь байлгахын тулд та ямар аргууд хэрэглэж байна вэ?

        -Би нэг удаагийн дугаар бэлдэхийн тулд цаг гаруй хугацаанд зочинтойгоо ярилцдаг. Тэднийг сайхан яриулахын тулд янз бүрийн арга хэрэглэж байгаа. Гэхдээ миний зөөлөн зан чанар, хувь хүний хүмүүжил хүүхдүүдтэй ойлголцоход дөхөм байгаа болов уу гэж боддог. Мөн би жаахан охинтой болохоор шоунд оролцож байгаа хүүхдүүдтэйгээ өөрийн хүүхэд шиг л харьцдаг. Тийм болохоор тэдэнтэй ойлголцоход дөхөм байдаг. Тэднийг өөрийнхөөр нь байлгахын тулд хүүхдэд гомдож үзлээ, тэдний сэтгэлийг доргиож, юу ч мэдэхгүй царайлж, найз шиг нь байхыг хичээж байгаа. Хүүхдүүдийн мэддэг зүйлийг нь өөрсдөөр нь яриулах нь нэвтрүүлгийн гол зорилго шүү дээ. Тэдний дуу хоолой, үзэл бодлыг сонсож, бид хамдаа суралцах ёстой цаг нь болжээ гэж ойлгож байгаа. Бүр охиноо уйлахаар нь хэрэглэдэг аргаа хүртэл хийж үзсэн гээд л бод. Би  “Гайхамшигт жижигхэн хүмүүс” шоуны хөтлөгчөөр ажиллаж байгаагаа уран бүтээлийн дүр бүтээж байна гэж бодож байгаа. Үзэгчид намайг “Үүнээс хойш эсрэг дүрд битгий тоглоорой” гэж бичсэн байна лээ. Гэхдээ энэ шоуг би насан туршдаа хөтлөхгүйгээс хойш миний уран бүтээлийн амьдрал түүгээр хязгаарлагдахгүй шүү дээ. 

-Хүүхдүүдтэй ярилцаж, тэдний тухай ойлгож эхлэхэд хамгийн эхэнд юу мэдрэгдсэн бэ?

      -Хүүхдүүд ихэвчлэн "Дуучин, бүжигчин, жүжигчин" болно гэж ярьдаг юм байна. Өөр зөндөө сайхан мэргэжил байхад яагаад  урлаг, соёлын хүн болно гэж яриад байгаа юм бол. Магадгүй эцэг, эх, хүрээлэн буй орчинтой нь  хамааралтай байх. Томчууд стрессээ тайлахын тулд янз бүрийн кино, шоу үзэж, дуу сонсдог. Түүнийг нь хүүхдүүд  нь дуурайхаар Энэ яг дуучин болно, жүжигчин болно” гэж таамаглаж, өөрсдийнхөө үзэл бодлыг хүүхддээ автоматаар суулгаж, тулгах хэрэггүй. Магадгүй таны хүүхэд сайн инженер, сайн дизайнер болохыг үгүйсгэхийн аргагүй.

-Хүүхдүүдийн үзэл бодлыг сонсож, тэднээс сурах, суралцах зүйл их байдаг гэж зарим нь ярьдаг шүү дээ. Үнэхээр тэднээс сурах зүйл их байдаг юм байна уу?

         -Хүүхдүүд зарим нь айчихсан, ууртай, уйлчихсан, сандарчихсан орж ирдэг. Анх удаа олны өмнө тайзан дээр гарч байгаа юм чинь аргагүй шүү ээ. Тэгэхээр  аль болох хүүхдүүдийн төрөлх зан, үйлдлийг гаргаж өөрийнхөөрөө байх тав, тухыг бүрдүүлж өгөх ёстой. Хүүхдүүд яг том хүн шиг мөртлөө тэднээс хурдан сэтгэдэг. Хүүхдэд болохгүй гэж ойлгуулахад юм уу загнахад түүнээс амархан холбироод гарчихдаг. Тэгэхээр тэдний шоуг хүүхэд биш том хүн гэдэг талаас нь харж үзээрэй. Тэдний гаргаж буй үйлдэл, ярьж байгаа байдал нь хүүхэд шиг боловч маш том ухагдахуун тэдэнд байдаг. Жишээлбэл, шоуны үеэр үнээ саасан хүүхэд "Би чадахгүй" гээд чадахгүй зүйлээ шууд хэлчихдэг зоригтой, сэтгэл зүйтэй байгаа юм. Мөн өөрийгөө хэцүү байдалд орчихсон гэдгээ мэдээд "Миний хөл өвдөөд байна" гээд байдлаас  ч амархан гарч чадаж байгаа юм. Энэ мэтчилэн тэднээс сурах зүйл их. Харин томчууд чадахгүй гэдгээ мэдсэн ч алдаж оносоор байгаад гарч ирдэг. Түүнийг томчууд мэдэрсэн болов уу. Үгүй юу. Намуун, Нэмүүн хоёр ихэр ч гэлээ өөр үзэл бодолтой. Тэгэхээр тэдний шоуг үзэж байхдаа инээгээд л өнгөрөхөөс илүү өгч буй санаа, илэрхийлэмжийг нь ойлгож үзээсэй гэж хүсдэг. 

-“Гайхамшигт жижигхэн хүмүүс” шоу хэдэн сар хүртэл үргэлжлэх вэ?

           -2-3 сарын өмнө нэвтрүүлгийнхээ зураг авалтыг дуусчихсан. Долдугаар сар хүртэл үргэлжлэнэ. Шоунд оролцсон зарим хүүхдэд рекламанд тоглох санал ирж байгаа. Тэгэхээр нэвтрүүлэг дуустал хүүхдүүдийг рекламанд битгий тоглуулаач гэж хүсэх байна. Яагаад гэвэл, нэвтрүүлэг нь гараагүй байгаа хүүхдүүд өмнө нь гарсан хүүхдүүдийнхээ рекламыг үзчихээд "Би энэ шоунд орсон юм чинь рекламанд тоглох юм байна" гээд буруугаар ойлгочих магадлалтай.Тэгээд "Би энэ шоунд орсон байтал яагаад намайг рекламанд оруулахгүй байгаа юм бэ" гээд аав, ээжээсээ асууж, шалгаах вий дээ гэж бодож байна. Тийм учраас компаниуд болон бусад газрууд шоу гараад дууссаны дараа реклам болон бусад зүйлд тоглуулах хүсэлтэй байгаа хүүхдүүдийнхээ аав, ээжтэй нь холбогдож санал, хүсэлтээ хүргүүлээрэй. Хүүхдүүдээ хүндлээд хэсэгхэн хугацаанд хүлээгээсэй гэж хүсэж байна. 

“ГАЙХАМШИГТ БЯЦХАН ХҮМҮҮС” ШОУНЫ ХӨТЛӨГЧИЙН ДҮР ШИГЭЭ ЦОЙЛОХ СОН

-Шоунд оролцож байгаа хүүхдүүд таныг таньж байна уу. Таны таньдаг хүүхдүүд ямар үйлдэл гаргадаг вэ?

     -Зарим нь таньдаг. Танихгүй байгаа хүүхдүүдтэй харилцах гоё. Харин намайг таньдаг хүүхдүүд улам биеэ бариад, үгээ цэгнээд хувцсаа янзлаад бүр ярьж чадахаа больчихдог. Зарим нь шоконд орчихсон юу ч ярьж чаддаггүй. Тэдний дургүйг хүргэж уурыг хүргэж, дахин дахин асууж байж л яриулна шүү дээ. Тухайлбал,  Намуун, Нэмүүн хоёроос нэг асуултаа ахин дахин асуугаад байхаар “Үгүй ээ. Ингэсэн үг” гээд толгойгоо барьж аваад ингэж байгаа биз дээ гэж дахин тайлбарлаж өгөх үйл хөдлөлийг гаргахын тулд би тэнд гортиг болдог шүү дээ. 

-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Багаасаа жүжигчин болно гэж боддог байв уу?

      -Намайг бага байхад аав минь Дуурийн театрт хийлчээр ажилладаг байсан юм. Тухайн үед аав маань мэргэжил дээшлүүлэх зорилготой ОХУ-ыг зорьж, бид гэр бүлээрээ тэнд амьдрах болсон юм билээ. Тухайн үед би таван настай байсан гэдэг. Яг ардчилал гараад зах зээлд шилжиж байсан үе юм билээ.  Тэгээд аав сургуульдаа явчихна. Харин ээж минь зах дээр наймаа хийдэг байсан. Ээж намайг захаар дагуулж явахгүй гэсэндээ гэрт ганцааранг нь үлдээдэг байсан юм билээ. Тэгээд л ганцаараа хүүхэлдэйн кино үзээд суудаг байсан юм. Нэг удаа ээжийнхээ цамцыг нөмрөөд уйлж байснаа санадаг. Одоо би хүүхдээ гэрт нь ганцааранг нь  үлдээнэ гэхээр айдаг. Тэгэхээр  тэр үеийн аав, ээжийн сэтгэл зүй өөр байсан юм билээ. 

       Тэгээд Оросод сурч байхдаа  би дипломатч болно гэж боддог байсан.  Харин буцаж Монголдоо ирээд 10 жилийн урлагийн үзлэгт орох гэж байхад “ТВ Коктейл”-ийн Цоомоо ах маань бид нарыг бэлтгэж өгч байлаа. Яг урлагийн үзлэгийн өдөр миний гарах хэсэг дээр хөгжим гацаад, тэгээд хүмүүсийг уйдаахгүйн тулд жүжиглэх л хэрэгтэй байх гэж бодоод Цоомоо ахтай шууд тайзан дээр харьцаад, ямар ч алдаагүй  урлагийн үзлэгээ авч гарч байсан юм.

     Урлагийн үзлэг дууссаны дараа Цоомоо ах “Алдар аа, чи СУИС-ийн жүжиг ангид  шалгалт өгөөч” гэж байсан. Тэр үед би наймдугаар анги байсан болохоор дүү нь өөр хүсэл мөрөөдөлтэй гээд тоогоогүй. Ер нь, МУИС-ийн Олон улсын харилцааны ангид сураад, шууд дипломатч болж,  Орос руу буцна гэх бодлоосоо салаагүй байсан гэсэн үг. Тэгээд аравдугаар ангид ордог жилээ өөрөө урлагийн үзлэгээ найруулахад манай ангийнхан ч “Алдар аа, чи жүжигчин болооч” гэж хэлж байлаа. Төгсдөг жилээ МУИС, СУИС хоёрт хоёуланд нь шалгалт өгөөд тэнцсэн.  Яг мэргэжил  сонгох үеээ ер нь жүжигчний мэргэжил гоё юм байна гэдгийг мэдэрчихсэн байсан болохоор цааш өөрийгөө хөгжүүлэх юм бол болох юм шиг санагдаад л жүжигчин  болсон доо. "Жүжигчин болъё" гэж  хожуу шийдсэн дээ.

-Та Оросод байхдаа урлагийн үзлэгт орж байв уу?

        -Би 16 настайдаа Монголд ирсэн. Ирээд "Монген" сургуульд орж, 2003 онд СУИС-ийг төссөн. Тийм учраас өнөөдөр тус шоуг хөтлөх хувь тохиож байгаа байх. Би уран бүтээлдээ чин сэтгэлээ зориулж ханддаг болохоор “Гайхамшигт жижигхэн хүүхдүүд” шоуны хөтлөгчийг өөрийнхөө бүтээж буй нэг дүр гэж бодож байгаа. Тиймээс дараагийн дүрээ бүтээхдээ энэ дүр шигээ цойлох сон гэж боддог. Тэгэхээр надад илүү ихийг, сайныг хийх уран бүтээлийн шунал байна гэсэн үг. 

-“Фантастик” продакшныхан  түүхэн кино хийнэ гэж ярьж байсан. Ойрын төлөвлөгөөнд бий юү?

         -Бид түүхэн кино хийхээр ярьж байгаа. Даанч цар тахлын улмаас хил хаагдсан тул зураг авалтаа хойшлуулсан. Тийм учраас биднийг үзэгчид, манай фенүүд ойлгох байх.

-Сэтгэлд хүрсэн дүүрэн бүтээл хийж чадахгүй, дүрээ санасандаа хүртэл гаргаж чадахгүй байгаа юм шиг санагдах үе бий юү?

         -Байлгүй яах вэ. Миний бүтээсэн ихэнх дүр эерэг. Тухайлбал, “37-р точка” киноны Шизо-д хүмүүс хайртай болсон. Би тэр дүрийг гаргах гэж үнэн сэтгэлээсээ хандаж хийсэн байхгүй юу. Тэгээд киноны буянаар Шизо гэдэг нэртэй болох жишээтэй. Гэхдээ үүнээс л би уран бүтээлийн эрч хүч авдаг.  Миний бүтээсэн дүрийг хайрлаж, ярьж байх юм бол улам гоё дүр бүтээмээр санагддаг. “Гайхамшигт жижигхэн хүмүүс” шоуны дараа ямар нэртэй болохыг хэлж мэдэхгүй л байна. 

-Танд мөрөөдлийн дүр бий юү?

       -Сайн мэдэхгүй байна. Найруулагч надад ямар дүр санал болгохыг мэдэхгүй. Гэхдээ зэвүүн баатарын дүр яагаад байж болохгүй гэж. Яагаад бондгор царайтай, бүлтгэр нүдтэй ромео байж болохгүй гэж. Ромео заавал өндөр гоё биетэй, гоё үстэй байх хуультай юм уу гэж бодож байсан үе бий. Харин одоо сайхан зохиолтой гоё дүрд тоглохыг хүсдэг. Эсрэг, эерэг аль нь ч байсан хамаагүй. 

-Та кино зохиол дээр ажиллаж байна уу. Хүүхдийн кино хийх бодол байна уу?

         -Бясалгаад л яваад байна. Бодож явдаг хэд хэдэн зүйл бий. Хүүхдийн кино хийх хэцүү байх. Энэ шоун дээр ажиллаж байхдаа  их ядарсан. 

-Та хэдүүлээ өссөн бэ?

        -Би эцэг, эхээс гурвуулаа. Хүүхэд байхдаа хааяа их ганцаарддаг байлаа. Ер нь ганцаардаж өссөн. “Ахтай байсан бол надад зөвлөнө дөө, дүүтэйгээ ийм юм хийнэ дээ” гэж бодож, ярих харилцан ойлголцох хүн байгаагүй.Яагаад гэвэл, миний хоёр дүү надаас найм, 16 насаар дүү. Тийм болохоор шууд харилцах боломжгүй байгаа юм. 

-Та хүүхэд байхдаа ганцаарддаг байсан гэлээ. Одоо хэр ганцаардаж байна вэ?

        -Хүмүүс намайг эморохоороо найзуудыгаа блоклочихдог гэдгийг мэдэж байгаа байх. Би их эмоцитой. Найзууддаа гомдсондоо уйлчихаж магадгүй. Блоклох бол энүүхэнд шүү дээ. 

-Та их амархан гомддог байх нь ээ?

      -Би их амархан гомддог. Зөөлөн сэтгэлтэй хүний шинж юм болов уу гэж боддог. Хайртай хүмүүсдээ гомдоно, эрхлэнэ. Сэтгэлээ дэвтээдэг хүмүүстэй байна гэдэг сайхан шүү дээ. Мөнгөтэй, бүх зүйлээр хангалуун амьдрах хэн нэгний аз жаргал мөн үү. Эсвэл найз нөхөдтэйгөө хамт байх, бие биедээ эрхлэх, туних, гомдох, баярлах гэдэг хүний сэтгэлийн жаргал юм болов уу гэж боддог. Би муухай бодол, муу зүйлээ толгойноос гялс арчиж хаяхыг боддог. 

-Таны амьдралын үндсэн зарчим юу вэ?

       -Би “Сайхан амьдралаа даа. Чадах чинээгээрээ амьдралаа аз жаргалтай өнгөрүүллээ гэж  сэтгэл хангалуун, хэдэн сайхан кинонд тоглосон байна, найз нөхөд байна. Хүүхдийн нэвтрүүлэг хийж, тэднийг баярлуулж чадлаа" гэж өөрөө бахархаж үхэх ёстой гэж боддог. Түүнээс биш гоё байшинтай, сайхан автомашинтай болсон доо гэж хэзээ ч бодохгүй, бодсон ч түүндээ баярлахгүй шүү дээ. Энэ нь миний мөн чанар гэж боддог. Би үүнийг ч үр, хүүхдүүддээ захиж үлдээмээр санагддаг. Хүүхдүүддээ өвөө нь, аав нь амьдралдаа муухай зүйл хийж яваагүй. Бусдыг баярлуулах гэж л явсан. Миний хийсэн уран бүтээл хүмүүсийг инээлгэж байсан, зарим нь жаахан уйлуулж байсан, заримд нь үзэн ядуулж байсан, хүүхдүүдийг баярлуулсан гэж бодохоор сайхан гоё энерги ирдэг юм шиг санагддаг. 

 

ЖҮЖИГЧИН Э.АЛДАР: “Гайхамшигт жижигхэн хүмүүс” шоуны үеэр хүүхдэд гомдож, тэднийг доргиож, юу ч мэдэхгүйд хувирч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-28 01:36:56
    Намуун: Хөөрхөн нэртэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-14 16:49:30
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-14 10:18:43
    Золоо: Амжилт мундаг жүжигчин шүү хайр хүрэм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-14 09:36:27
    Зочин: Хөөрхөн сэргэлэн хүүхдийн арга эв сайн олдог мундаг жүжигчин шүү. Үзэх дуртай гоё шоу.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-13 23:42:07
    мөөгий : үнхээр бусад шоунаас үнэхээр гоё нэвтрүүлэг ямар ч засвар байхгүй эгдүүтэй хөөрхөн энэ шоугаа битгий таслаарай жүжигчин Алдар мундаг шүү амжилт энэ нэвтрүүлэгийг тэсэн яадан хүлээдэг болсон миний хамгийн хайртай үзэх дуртай шоу шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-13 10:42:57
    зочин: эгдүүтэй хөөрхөн нэврүүлэг болсон байна лээ Алдраа өөрөө их хөөрхөн яг л хүүхэд шиг амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-12 22:41:26
    zochin: estoi huurhun newtruuleg bna le
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-12 21:45:52
    Туяа : Хөөрхөн нэвтрүүлэг болж бгаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-12 14:58:09
    Tsolmon: Amjilt .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-12 10:18:27
    Zochin: өөрөө л хүүхэд шиг гоёё хөтөлж байна лээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-11 10:35:41
    Зочин: Шизогийн дүр сайн болсон шүү. Энэ шоунд нь амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-11 10:35:40
    Зочин: Шизогийн дүр сайн болсон шүү. Энэ шоунд нь амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188