• Өнөөдөр 2021-11-30

ҮГЭЭР АНАГААГЧ

2021-11-25,   97

 “Би чамаас юугаа нуух вэ дээ. Хамаг юмаа ярьж байгаа шүү. Миний үзсэн, туулсан, туулж яваа амьдралд худал зүйл гэж байхгүй” хэмээн хэлэхэд нулимс нь цийлгэнэж ирснээ, дараа нь хэлэх гэж байснаа “тас залгичихав”.

Ярилцлагын маань ээлжит зочин бол МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Т.Дарханхөвсгөл. Тэрбээр яруу найргийн төрлөөр “Сэтгэлээс цааш...”, “Исгэлэн модод”, хүүрнэл зохиолын төрлөөр “Манант хот” номоо хэвлүүлснээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байсныхаа дараа “Тэнгэр дуугаргадаг хүн” өгүүллэгээрээ “Утгын чимэг-2021” наадамд тусгай байр эзэлсэн юм.

-“ТЭНГЭР ДУУГАРГАДАГ ХҮН” ӨГҮҮЛЛЭГЭЭ БИЧИЖ БАЙХДАА ЭЭЖИЙГЭЭ Л ИХ БОДОЖ БАЙЛАА-

-Юун түрүүнд “Утгын чимэг-2021” наадамд тусгай байр эзэлсэнд баяр хүргэе. Энэ жилийн наадам “Урьд өмнөхөөсөө илүү өвөрмөц, залуу уран бүтээлчдийг их дэмжсэн наадам боллоо” гэж уншигчид шагшицгааж байна. Энэ талаар юу гэж бодож байгаа вэ?

          -Баярлалаа. “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам 93 жилийн түүхтэй МЗЭ-ээс зохион байгуулдаг тоотой хэдэн наадмуудын нэг. Хүүрнэл зохиол уншигч, сонирхогчдодоо богино өгүүллэгийн “Болор цом” л гэсэн үг. Энэ жилийн хувьд зохион байгуулалт, шүүгчдийн хувьд онцлог болсон болов уу гэж харж байна. Харин залуу уран бүтээлчдийг дэмжсэн гэвэл зохимжгүй байх. Би 34 настай гэхэд “Утгын чимэг-2021” наадмын шилдэг 10 өгүүллэгт шалгарсан зохиолчдоос хамгийн залуу нь. Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд манай нэгэн үеийн С.Баттулга, Д.Нямдорж нар байсан нь уншигч, үзэгчдэд сонин санагдсан байх.

-Таны хэвлүүлж, олон нийтэд хүргэсэн бүтээлийн олонх нь яруу найргийнх. Гэхдээ яруу найргийн төрлөөр “Болор цом” наадамд ийм дээгүүр “уралдсан” тохиолдол байхгүй. Харин “Утгын чимэг” наадамд анх удаа шилдэг 10-т шалгарсан жилдээ л тусгай байр эзэллээ. Магад яруу найргаас илүүтэй хүүрнэл зохиолын төрөлдөө авьяастай байсан юм болов уу?

          -Би энэ жилийнхтэй нийлээд дөрөв дэх удаагаа “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд бүтээлээ өгсөн. Авьяастай гэхээсээ илүү хүүрнэл зохиолд сонирхолтой болгож, татаж оруулсан  П.Батхуяг багшдаа талархмаар байна. “Утгын чимэг-2021” наадам дээр багштайгаа нэг тайзан дээр зогсож, хамт шагнуулж, багшийгаа тэргүүлэхийг харах сайхан байлаа.

          Оюутан байхад П.Батхуяг багш маань нэг өдөр С.Баттулга бид хоёрыг дуудаж байна. С.Баттулга бид хоёр оюутан ангийн найзууд юм. Тэгээд яваад очтол П.Батхуяг багш миний “Дурлалын тэрлэг”, С.Баттулгын “Амрагийн захидал” гээд хоёр шүлгийг “Энэ хоёр шүлэг биш ээ, өгүүллэг байна. Та хоёр шүлгээ жоохон задалж бичээд өгүүллэг болгоод аваад ир” гэсэн гэрийн даалгавар өгсөн. Хэд хоногийн дараа нь манай С.Баттулга “Амрагийн захидал” шүлгээ өгүүллэг болгоод авчирсан. Түүнээс хойш С.Баттулга маань ч хүүрнэл зохиолоор бичих болсон юм. Харин би бичсэн жоохон юмаа багшдаа үзүүлэхээс эмээгээд “Багш аа, би чадсангүй ээ” гээд хэлчихсэн.

          2019 онд анхны өгүүллэгийн түүвэр “Манант хот” номынхоо нээлтийн үеэр “Багшийнхаа гэрийн даалгаврыг урт хугацааны дараа биелүүллээ” гэж хэлж байлаа. “Манант хот” номонд минь П.Батхуяг багшийн маань “Өгүүллэг болгоод аваад ир” гэсэн “Дурлалын тэрлэг” гэж шүлгийн өгүүллэг бий. Миний өгүүллэг бичих анхны шалтгаан л энэ байсан юм даа.

-“Утгын чимэг-2021” наадамд тусгай байр эзэлсэн “Тэнгэр дуугаргадаг хүн” өгүүллэгийн талаар ярья. “Манант хот” өгүүллэгийн түүвэр номдоо хүний сайхан сэтгэлийн талаар өгүүлж байсан бол энэ удаад хагацлын талаар өгүүлсэн. Анх хэрхэн “Тэнгэр дуугаргадаг хүн” өгүүллэгийг бичих болсон. Өгүүллэгийн төгсгөл дэх хагацлаар уншигчдад юуг харуулахыг хүссэн юм бэ?

          -Би хүний ганц, айлын өргөмөл ганц хүү. Тийм ч учраас “Тэнгэр дуугаргадаг хүн” өгүүллэгт “хүний ганц хүү” гэж тодотгож оруулсан юм. Би “Тэнгэр дуугаргадаг хүн” өгүүллэгийнхээ санааг хоёр жилийн өмнө Завхан аймагт аялж байх үеэрээ олсон.

          Аялж, сууж явах болгондоо байнга нэг эгчийнд очдог юм. Тэр эгч их олон охинтой. Харин тэр жил очиход охидуудтайгаа маргаж, уурлаж байгаад надад хандан “Би ч яах вэ, чаддагаараа тэнгэрээ дуугаргаж дуугаргаж болих юм” гэж хэлдэг байгаа. Ердөө л эх хүн хүүхдэдээ урлаж байгаагаа “Тэнгэр дуугаргана” гэж хэлсэн нь надад салшгүй сайхан сэтгэгдэл шигтгэсэн юм. Түүнээс хойш энэ үг надаас салахгүй явсаар “Тэнгэр дуугаргадаг хүн” өгүүллэг “төрсөн. Өгүүллэгээ бичиж байхдаа ээжийгээ л их бодсон доо. Миний ээж харин ч эсрэгээ тэнгэр багахан шиг дуугаргадаг хүн байгаа юм (инээв).

-ХАГАЦАЛ ГЭДЭГ УХААН СУУХЫН НЭГ ТОМ ШАЛТГААН-

-“Хүний ганц хүү” хэмээн “Тэнгэр дуугаргадаг хүн” өгүүллэгтээ тодотгосон шигээ айлын ганц хүү ээждээ их эрхэлж өссөн байх. Бага насныхаа дурсамжаас уншигчидтай маань хуваалцахгүй юу?

          -Би айлын ганц биш ганц хүү нь. Төрсөн гэвэл дороо нэг эрэгтэй дүүтэй. Өргөсөн гэвэл дээрээ хоёр эгчтэй. Намайг өргөж авсан “муу” ээж минь ес төрж, 10 хүүхэдтэй болсноос наймыгаа алдсан хагацал үзсэн хөгшин байдаг юм. Би долоон настайдаа өсгөсөн аавыгаа алдаж, есөн настайдаа бага эгчийгээ алдсан хүн.

-Таны нэрийг хэн өгч байсан юм бэ. Уншигчид таны нэрний талаар “Олон аймгийн нэрийг нэгтгэсэн бэлгэдэлтэй нэр” гэх юм билээ. Харин Дарханхөвсгөл гэх нэрийг хайрласан нь өөр утга учиртай байж гэж бодлоо?

          -Миний төрсөн аав энэ нэрийг минь хайрласан. Би төрсөн эгч дүүсийн хооронд өргүүлсэн хүүхэд. Намайг өргөж, өсгөсөн ээж маань төрсөн ээжийн минь том эгч нь. Хөөрхий муу төрсөн аав, ээж хоёр минь намайг төрснөөс хойш онош нь тодорхойгүй үхэхээс наагуур байсан намайг аваад Улаанбаатарын бүх эмнэлгээр явсан даа. Тэгээд төрсөн ээж минь том эгч рүүгээ яриад “Эгч ээ, хүүтэй болсон чинь хүүг минь өвчин ороогоод салдаггүй ээ. Яах вэ” гэхэд нь өргөж авсан ээж маань өөдөөс нь “Би ямар үхүүлж үзээгүй биш. Над дээр аваад ир” гэж хэлсэн байгаа юм. Энэ ес төрж, 10 хүүхэд өөрөөс нь унаснаас хоёрхон нь үлдсэн хүний амнаас л гарах үг.

          Харин би Хөвсгөлийн Хатгалд очоод бага багаар эдгэрч эхэлсэн. Намайг төрж байх үеэр Ц.Балдорж агсны “Далай ээж цаазын тавцанд” гэх нийтлэл гарч байсан юм билээ. Тэгээд л төрсөн аав минь Хөвсгөл далайг дархан цаазтай болоосой, Хөвсгөл далай хүүг минь ивээж яваасай хэмээн билгэдэж Дарханхөвсгөл гэх нэрийг надад хайрласан.

-Таныхаар хагацал гэж яг юуг хэлэх вэ?

          -Би хагацлыг хар багаасаа л шилжилт гээд ойлгоод сурчихсан. Хагацал хүнийг гуниг, шаналанд хөтөлж, жаахан ч атугай боддог болгодог юм болов уу. Хүн бодож, шаналж байна гэдэг бага ч болов ухаан суухын нэр. Тэгэхээр хагацал гэдэг ухаан суухын нэг том шалтгаан юм.

-БИ ЧИНЬ ТОМ “АР”-ТАЙ ХҮН ШҮҮ-

-Анх хэрхэн шүлэг, зохиол бичих болсон юм бэ. Багаасаа ямар зохиолч, яруу найрагчийн бүтээлийг шимтэн уншдаг байв?

          -Би багадаа нэг их утга, уран зохиолын ном уншдаггүй байсан юм. Харин намайг уран зохиол руу хөтөлсөн хүн бол “Буурал” Чулуунбаатар гэж багш. Багш маань намайг шүлэг бичдэгийг мэдээд удаан хугацаанд үлгэрийн ном уншуулж, ангийнханд маань үлгэр уншуулж өгдөг байсан. Намайг ерөөс шүлэг бичээтэх гэдэггүй, бичсэн, барьж очсон шүлгийг маань тоож ч хардаггүй байсан хэрнээ ерөөс намайг няцаагаагүй юм. Хэрэв “Буурал” Чулуунбаатар багш намайг няцаасан бол би бичихгүй байсан байх.

-Таныг монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжил эзэмшихээ өмнө өөр мэргэжлээр сурсан, өөр мэргэжилтэй гэх юм билээ. Анх ямар мэргэжил эзэмшээд юунд хөтлөгдөн монгол хэл, уран зохиолын багшийг мэргэжлийг сонгох болсон юм бэ?

          -10 дугаар ангиа төгсөөд эмчилгээний эмч болго гээд химийн хичээлээр конкурс өгсөн юм. Аавыгаа эрт алдаж, хагацал, шаналан үзсэн болоод ч тэр үү, эмч болж, “Аавыгаа, эгчийгээ алдсан өвчинг эмчилж чаддаг эмч болно” гэх мөрөөдөлтэй хүү байлаа. Гэтэл тэр жил АШУҮИС-ийн эмчилгээний эмчийн хувиар манай аймагт хоёрхон ирсэн юм. Харин миний аз дутаж, гуравт жагсдаг байгаа. Магад тэр ангид орж чадаагүй шарандаа “эмчилгээний” гэдэг үгэнд татагдаад ШУТИС-ийн эмчилгээний хоол зүйн ангийн хуваарийг авсан. Тэгээд л муу ээжийнхээ тэтгэврийн зээлээр хувцаслаж аваад оюутан болохоор хотыг зорьж байсан даа.

-Юунд хөтлөгдөж монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжлийг сонгох болсон тухайгаа орхигдуулчих шиг боллоо...

          -Хархан багаасаа шүлэг бичсэн би нэгдүгээр курст ордог жилээ “За одоо шүлэг бичихээ больё. Нэгэнт л сонгосноос хойш энэ мэргэжлээ эзэмшиж, сайн төгсөөд ээжийгээ баярлуулъя” гэж өөртөө хэлсэн юм. Гэхдээ тийм зүйл болоогүй. Хүний амьдралын зурсан зураг байдаг гэдэгт би итгэдэг юм.

          Найз нөхдийнхөө дурсгалын дэвтэрт бичсэн шүлгүүдийг маань сурагч ахуйн нөхөд маань нийлүүлээд МУИС-ийн нэрэмжит яруу найргийн наадамд өгчихөж. Түүнийг нь би мэдээгүй байж байтал над руу гэнэт утас цохиж, эхний шатанд нь шалгарсан тухай мэдээ дуулгав. Найзуудынхаа миний ямар ч шүлгийг өгснийг мэдээгүй хүү тэр наадамд нь очоод гурван шүлэг уншаад тусгай байранд орж байлаа.

          Гэтэл “Болор цом”-ын эзэн А.Баяржаргал тэр наадамд оролцсон долоон хүүхдийг цуглуулж, “Яруу найргийн болзоо” нэртэй яруу найргийн төв байгуулснаар би гэдэг хүн анх удаа МЗЭ-ийн гурван давхар ногоон байр руу орж үзэв ээ. Түүнээс хойш “Шүлэг бичихээ больё” гэх бодлоо орхиж, ШУТИС-ийг төгсөөд уран зохиолтой ойр байх гээд монгол хэл, уран зохиолын багшийн ангид орсон. Сайхан багш нарын буянд “Их Монгол” дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ангид шалгалт өгөөд гуравдугаар курсээс нь орсон. Би гэдэг хүн чинь Төрийн шагналт зохиолч Д.Батбаярын даасан ангийг төгсөж байлаа шүү дээ.

-Оюутан ахуй насны сайхан дурсамж олныг бүтээсэн байх. Төрийн шагналт Д.Батбаяр хэмээх том хүний дэргэд байсан нь ч сурч, мэдэхэд их нөлөөлөв үү?

          -Оюутан залуу насны дэврүүн зан гэж сайхан шүү дээ. Тийм том хүний ангид сурч, хичээлд нь сууж байсан хэрнээ гадуур явахаараа “Б.Лхагвасүрэн, А.Эрдэнэ-Очир ингээд биччихсэн байна. Миний шүлэг ч юу гэж дутах вэ” гээд л нэгэндээ шүлгээ уншиж, онгирч явсан цаг сайхан даа.

          Гэхдээ ШУТИС-ийг төгссөн мэргэжлээрээ ажиллаж чадаагүй, утга зохиолыг сонгосондоо харамсаж үзээгүй. Бас өнөөг хүртэл бусдыг анагааж, эмчилнэ гэдэг мөрөөдөл минь унтраагүй.

-Мөрөөдөл тань унтраагүй бол эмчилгээний эмчийн ангид ч сурах цаг хугацаа зөндөө бий. Гэхдээ туурвиж, бүтээж буй бүтээлээрээ уншигчдаа анагааж, эмчлэх талаар бодож байв уу?

          -Бичсэн зүйлээрээ хүний сэтгэлийг анагаах талаар огт бодож байгаагүй. Харин сүүлийн үед л “Бичиж байгаа зүйлээрээ яагаад бусдад сэтгэлийг дэм өгч, анагааж болохгүй гэж” хэмээн бодож байна. Би гэдэг хүн чинь ерөөсөө л нисэж, буусан хүн байсан даа. Одоо нисэж, буусан хэвээрээ л. Харин энэ бүх зүйлд намайг барьж байсан зүйл гэвэл миний хань, миний гурван охин л байна.

-Таны шүлгүүдэд хайр, энэрлийн талаар их бичсэн байдаг. Тэр сайхан бүтээлүүдийг бичихэд таны гэр бүл таныг “цэнэглэж” байдаг байх?

          -Би хүүхэд байхын л “Олуулаа болох юм сан” гэж боддог байлаа. Бага байхад ээж, эгч маань амттай шимттэй бүхнээ л надад барьж байхад би гэж хүн олон хүүхэдтэй нагацийнх руугаа гүйчихдэг байж. Харин одоо би олуулаа болсон. Миний хань Төв аймгийн Баян-Өнжүүл нутгийн Б.Бямбасүрэн гэж сайхан хүн бий. Бид хоёр ханилаад гурван хөөрхөн охинтой болсон. Би чинь одоо том “ар”-тай хүн шүү (инээв).

-Анх хэрхэн ханьтайгаа танилцаж байв. Их гэгээн түүх байгаа болов уу?

          -Тэр үед би 19 настай, миний хань 16-тай байсан юм. Хорооллын тэнд явж байгаад булан эргэхдээ санамсаргүй мөрлөөд унагаасан нь энэ гэгээн түүхийн эхлэл байх. Би ч сандраад татаж, босгоод уучлалт гуйж байлаа. Тэр үед би гэж хүн хоёрдугаар курстээ орох гээд, манай хүн Төв аймагт 10 дугаар ангидаа сурах гээд хоёул хувцас сэлтээ бэлдэж явж л дээ. Тэгээд харих болохоор нь эхнэрээ тээврийн товчоонд хүргэж өгөөд, тэндээсээ бүр Төв аймаг руу хамт микронд явж хүргэж өгөөд буцаад ирж байлаа. Тэр үед “Хайрын эгшиглэн” гэх дууг ханьдаа гар утасны цаанаас их дуулж өгдөг байсан даа.

 

-ЗОХИОЛЧИД НЬ УРАН ЗОХИОЛДОО БУС, УНШИГЧИДДАА ЗОРИУЛЖ ЗОХИОЛ БИШ БИЧВЭР БИЧДЭГ БОЛСОН БАЙНА-

-Өнөөгийн Монголын уран зохиолын чиг хандлага, хэвлэгдэж байгаа бүтээлийн талаар юу гэж боддог вэ?

          -Ардчилсан улс юм даа. Хэн дуртай нь номоо хэвлүүлж байна шүү дээ. Гэхдээ энэ бол маш сайхан зүйл. Гэхдээ миний бодлоор өнөө цагт зохиолчид нь уран зохиолдоо бус, уншигчиддаа зориулж зохиол биш бичвэр бичдэг болсон гэж харж байгаа.

-Сүүлийн үед шүлгээ бичиж байгаа юу. Аль эсвэл хүүрнэл зохиолдоо их анхаараад байна уу?

          -Одоо ч ер нь тэгээд олсон санаа болгоноо үргэлжилсэн үг болгох гээд байдаг болж дээ. Өмнө нь орж ирсэн санаагаараа шуудхан л шүлэг биччихдэг байсан бол. Сүүлийн үед жаахан ч болов тогтдог болж. Шүлэг тэр бүр бичиж чадахгүй байгаа ч, тасалдуулалгүй бага сагахан бичээд л байна.

-Өдгөө та “Өглөөний сонин”-д сэтгүүлч мэргэжлээр ажиллаж байгаа. Цаг, завгүй сэтгүүлчийн мэргэжлийнхээ завсраар гэр бүлдээ цаг гаргах, бичихдээ ч цаг гаргах гэж их л яарч, сандарч гүйдэг байх. Ер нь хувийн амьдрал, ажил, бичих дадлаа ямар байдлаар зохицуулж байна вэ?

          -Өдөр нь ажлаа хийгээд, орой нь юмаа бичнэ (инээв). Сэтгүүлчийнхээ хувьд шинээр бичих сэдвийн санаатай өглөө сэрэх сайхан байдаг. Харин оройдоо эхнэр, охидоо унтуулчихаад хөнжлөөсөө гулсаад л гал тогооны өрөө рүү орж юмаа бичиж л байна даа. Би бичих гэж нэг их тухлаад байдаггүй. Харин сүүлийн үед яг бичих байх үедээ тамхи их татах гээд байдаг болж.

          Гэхдээ ажил, амьдрал, уран бүтээлийнхээ алийг нь ч орхигдуулалгүй ижил авч явахад гэр бүл минь хамгийн их тусалдаг. Монгол гэрт, ширээний гэрэлгүй бид анх амьдралаа эхлүүлж байлаа. Тэр үеэс л миний юмаа бичих цаг, шөнө болоход эхнэр, охид маань ч түвэгшээлгүй бөх унтаж сурчээ (инээв). Миний бичих дадал бол миний гэр бүл.

 

 

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Т.Дарханхөвсгөлийн "Утгын чимэг-2021" богино өгүүллэгийн наадамд тусгай байр эзэлсэн "ТЭНГЭР ДУУГАРГАДАГ ХҮН" өгүүллэгийг ЭНД дарж уншаарай.

 


ҮГЭЭР АНАГААГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188