• Өнөөдөр 2024-05-06

М.БОЛДСАЙХАН: Элсэлтийн ерөнхий шалгалтыг танхимаар орсон хичээлийн агуулгаар авна

2021-04-13,   691

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг цар тахлын улмаас тавдугаар сарын 5-н хүртэл сунгасан. Мөн шалгалтыг долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. ЭЕШ-ын бүртгэл болон шалгалтыг ямар агуулгаар авах талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.  

-Энэ жил хэчнээн хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх вэ?

-Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 35800 орчим хүүхэд төгсөж байна. Үүн дээр өмнөх онд их сургуульд элсэж чадаагүй хүүхдүүдийг нэмвэл 39000 хүүхэд шалгалт өгөх тооцоо бий. Шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт хаагдах байсан. Харин цар тахлын улмаас тавдугаар сарын 5-н хүртэл хойшлуулсан. Бүртгэл дууссан цагаас хойш нэмэлт бүртгэл хийхгүй. Өмнө ч нэмэлт бүртгэл хийж байгаагүй. Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдийн тоо нэмэгддэг. 2019 онд 28 мянган хүүхэд шалгалт өгч байсан. Өнгөрсөн онд 30 мянган хүүхэд шалгалт өгсөн байна.

-Одоогоор хэчнээн хүүхэд бүртгүүлсэн байна вэ?

-Одоогийн байдлаар 36200 хүүхэд бүртгүүлэхээр хандсан байна. Хандсан гэдэг нь бүрэн баталгаажсан гэсэн үг биш. Бүртгэлд бүрэн хамрагдсан 32000 хүүхэд байна. Үлдсэн 4200 хүүхэд төлбөрөө шилжүүлээгүй, цээж зургаа оруулаагүй байна.

-Цахим хичээл орж байгаатай холбоотойгоор хүүхдүүд шалгалтанд тэнцэхгүй байх магадлалтай. Шалгалтын агуулгад өөрчлөлт орсон уу?

-Танхимаар болон цахимаар үзсэн хичээлийн агуулгыг судалсан. Зөвхөн танхимаар судалсан хичээлийн агуулгаар шалгалтын даалгаврыг боловсруулна. Энэ жилийн төгсөгчид арваннэгдүгээр сар хүртэл танхимаар хичээллэсэн. Өнгөрсөн жил нэгдүгээр сар хүртэл, аравдугаар ангидаа бүтэн жил танхимаар хичээлээ үзсэн. Тэгэхээр аравдугаар ангийн хичээлийн агуулгыг бүтэн хамруулна. Арваннэгдүгээр ангийн хичээлийн агуулгыг 50 хувь, энэ жилийн хичээлийн агуулгыг 30 хувь хамруулна гэсэн үг. Цахимаар судалсан хичээлийн агуулгыг шалгалтад оруулахгүй.

-Монгол хэл, бичгийн босго оноо тогтоодог. Энэ жил босго оноог шинэчлэх үү?

-Монгол хэл, бичгийн шалгалтын тавдугаар сард авахаар төлөвлөж байсан ч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эргэлзээтэй боллоо. Монгол хэл, бичгийн шалгалт босго оноотой байх уу, үгүй юу гэдгийг БШУЯ УОК-той хэлэлцэж тодорхой хариу өгөх байх. Өнгөрсөн жил хорио цээрийн улмаас Засгийн газраас тус шалгалтыг цуцалсан. Монгол хэл, бичгийн шалгалтыг Засгийн газраас шийддэг. 2019 онд шалгалтад хамрагдаж 400-с дээш оноо авсан мөртлөө их, дээд сургуульд элсээгүй хүүхдүүд энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахдаа тухайн шалгалтыг өгөхгүй байж болно.

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг засахдаа шилэн технологи ашиглах уу?

-Шууд засалтын шилэн технологийг 2019 оноос хэрэглэсэн. Шалгалт өгсөн хүүхдийн бүртгэлийн дугаарыг авсан оноотой нь шууд зарлана. Шалгалт авсан сургуулийн пэйж хаягаар  лайв хийнэ.

-Хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ юунд анхаарвал зохих вэ?

-Бүртгэлд хамрагдахын тулд ¾ хэмжээтэй цээж зураг файлаар өгсөн байх ёстой. Бүх төрлийн интернет гүйлгээ хийх цахим карт бэлдсэн байх ёстой. Өөрийнхөө регистрийн дугаарыг зөв оруулбал бүртгэл идэвхжинэ.  Боловсрол, шинжлэх ухааны яаманд байгаа элсэлт мэдээллийн сангаас тухайн хүүхдийн талаарх бүх датаг авна.

-Хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хамрагдахдаа ямар алдаа гаргадаг вэ?

-Шаардлага хангахгүй зураг оруулдаг. Мэйл хаягаа буруу явуулдаг. Мөн бусдын картаар хураамж төлдөг асуудал гардаг. Тэгэхээр журмаа сайтар уншиж, судлах хэрэгтэй. Бүртгэл дууссан үед сонгосон хичээлээ өөрчлөх нь цөөнгүй. Тийм учраас сонирхож буй мэргэжлийн хичээлээ сайтар судлаж, эцсийн байдлаар хичээлээ сонгох хэрэгтэй.

 

 


М.БОЛДСАЙХАН: Элсэлтийн ерөнхий шалгалтыг танхимаар орсон хичээлийн агуулгаар авна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188